Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

 

“Ижий бурхад”-ын хойморт Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Шаравын Сүрэнжавын зээ хүү УИХ-ын гишүүн Сүрэнжавын Лүндэгийг урилаа. Тэрбээр нэрт найрагчийн гал дээр гарсан зээ, гар дээр нь бойжиж, ухаанаар нь хүмүүжиж, үг, үйлдлээр нь үлгэрлэж өссөн нэгэн. Тиймээс найрагчийн гэргийг бурхан ижий минь хэмээн сүслэж өндийсөн нэгэн бөгөөд “Миний эмээ манай гэрийн дарга, оргилуун сэтгэлтэй өвөөгийн минь онгод хийморь байсан юм шүү” хэмээн яриагаа эхэлсэн юм.

 

ДӨНГӨЖ ТӨРӨӨД Л ЭМЭЭГИЙНХЭЭ ГАР ДЭЭР ИРСЭН

Эмээ, зээ хүү хоёр.

-Хүмүүс өвөөг уран бүтээлээр нь сайн танина. Үе үеийнхэн өвөөгийн минь шүлэг, найргийг уншиж өссөн. Тэр их хүний ард аж амьдрал, аливаа зүйлд санаа чилээн сатаарах зав өгөлгүй хайрлаж халамжилж, дутууг нь гүйцээн, дундуурыг нь дүүргэж явсан нь эмээ минь юм.

Би чинь ээжээсээ төрөөд л эмээгийнхээ гар дээр ирсэн хүн шүү дээ. Эмээ, өвөө хоёрынхоо ууган охиноос төрсөн анхны зээ нь. Ээж тэр үед оюутан, хойно Комсомолын сургуульд байсан. Ээжийг төгсөөд ирсэн ч би эмээ, өвөө дээрээ үлдсэн. Тийм болохоор миний бага нас, сургууль соёлоор явж, амьдралд хөл тавьсан жилүүд бүгд хоёр хөгшинтэй  минь ялангуяа хамаг бүгдээ хуваалцдаг хайртай эмээтэй минь холбоотой.

Миний эмээг Л.Цэндээ гэдэг. Эмээ Төв аймгийн Угтаалцайдамаар овоглодог ч тэднийх нялхад нь  нийслэлд ирсэн учраас нутаг усаа тэр бүр сайн мэдэхгүй. Бүр сүүлд өвөө, ээж хоёртой Угтаалцайдамд очиж үзсэн. Мөн ч сайхан нутаг юм аа гэж байсан. Эмээ Лувсангомбо гэж дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь болж 1941 онд төрсөн юм билээ.  Аав нь  эмээг нэгдүгээр ангид ордог жил өөд болж, ээж нь дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөсөн тухай “Цаг хатуу байсан үед ээж минь янз бүрийн ажил хийж өнчин хоцорсон биднийг өсгөж өндийлгөсөн. Улсын прокурорын газарт цэвэрлэгч хийдэг байлаа. Бас нэг хэсэг будаа хуурдаг газарт нормын ажилчин байсныг нь мэднэ. Арай ахиу цалинтай л бол хэцүү, хатуугаас нь бэрхшээлгүй явдаг байж. Ээжийн цалин буусан өдөр ахиу махтай хоол идэж, бусад үед нь боорцог, бинтэй л өнждөг байлаа, манайх. Тэр үед ихэнх айл тийм л байсан байх даа. Муу эгч маань сургууль соёлын мөр ч хөөлгүй ажил хийж, ээжид дэм болсон доо” гэж ярьж байсан.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 72 (7569)