Өглөөний нарантай зэрэгцэн Гандантэгчэнлин хийдийн зүг яаран лам хуврагууд, сүсэгтэн олон алхаж харагдана. Хотын чимээ анир намсаж, хийдийн гаднаас лам хуврагуудын уншлага, хонх тэргүүтний дуу зөөлөн цуурайтна.
Монголчуудын номд шамдан хичээх их соён гэгээрлийн уламжлал, цаг хугацааны урсгалд бүдгэрсэнгүй. Харин ч жилээс жилд арвижин бадрахын бэлэг тэмдэг мэт, энэ цагт бидний үе дамжин дээдэлж ирсэн эрдэм номын уламжлалын илэрхийлэл болсон Бурхан багшийн аман зарлиг Ганжуур их эрдэнийн эш лүнгийн айлдвар нийтээрээ 3 дахь жилдээ хүртэж байгаа нь үндэстний буян заяанд үр нэмэх ховор хувь ерөөл аж.
Түгээмлийн эзэн, Ганжуурва Догдан ринбүчи дээдсийн их ачлал, авшиг увдис дор хүртэж буй нь олон түмэнд гүн хүндэтгэл төрүүлсэн үнэ цэнтэй агшин юм.
Батцагаан дуганд хөл тавих зайгүй болтлоо дүүрч, сүсэгтэн олон хамтдаа найрсан сууж, зарим нь зогссоор ч дуустал нь сонсохыг эрхэмлэнэ. Өнгөрсөн жилийн лүнд өлгийтэй ирж байсан балчир хүүхэд энэ жил хөлд орчихсон, ээжийнхээ дэргэд алга хавсран суугаа нь сэтгэлд онцгой дүр төрх үлдээнэ.
Хоёр сарын турш өдөр бүрийн номын айлдвар нь хүмүүсийн дотоод ертөнц, амьдралын хэв маягтай илүү ойр холбоотой болж, сонссон бүхнээ бодож, өөрийнхөөрөө ойлгож, хэрэгжүүлэх нэгэн завшаан болдог. Энэ нь Монгол хүн бүрт өвлөгдөн ирсэн номын мэлмий , сүсгийн сэтгэл, гэгээрлийн эрэл хайгуул билээ.Тиймээс ч бид мэдлэг, ухамсар, бодол, хандлагын өөрчлөлтөд хүрэх билээ.
Ганжуурын эш лүнг гурвантаа дараалан сонсож, ойлгож, оролцож байгаа нь бидний оюуны соёл, нийгмийн хүмүүжилд эерэг нөлөө өгч буй за.
Эрдэм номын авшигаар оршихуйгаа гэгээрүүлж, энэ ерөөлийн хором мөч бүр бид бүхний оюун санаанд гүн хоногшиж, Монгол түмний буян заяа дэлгэрэх болтугай!
Сэтгүүлч Ч.Бүрэнжаргал