Т.САЙХАН

Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож байна. 

СОР 29 бага хурлын гол арга хэмжээнүүд Баку хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн бүсэд өрнөж байна.  2015 онд нээгдсэн цэнгэлдэх хүрээлэн нь тус бүс нутагтаа хамгийн том бөгөөд орчин үеийнхэд тооцогддог билээ.  Тус байгууламж нь зөвхөн спорт цогцолбор гэхээсээ илүү Азербайжаны амбицын бэлэг тэмдэг, олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах чадлынх нь илэрхийлэл ажээ. Бага хурлын үйл ажиллагааг тасралтгүй хангах үүднээс зохион байгуулагчид цэнгэлдэхийн бүсийг “хөх”, “ногоон” гэсэн хоёр бүсэд хуваажээ.

Хөх бүсэд албан ёсны чуулган, дээд хэмжээний уулзалтууд, яриа хэлэлцээ, хэвлэлийн бага хурал зэрэг албан ёсны арга хэмжээнүүд болно. Ногоон бүс нь олон нийт, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн ажилтнууд, эрдэмтэд, залуус, иргэний нийгмийн төлөөлөлд зориулсан янз бүрийн арга хэмжээ болно. СОР 29 бага хурлын хүрээнд Азербайжаныг сурталчлан таниулах төрөл бүрийг үзэсгэлэн, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцод оролцогч орнуудын павильон зэрэг ажиллаж байгаа юм. 

Төлөөлөгчдийг зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд зочид, төлөөлөгчдөд зориулж 56 шинэ кафе, ресторан нээжээ. Хоол хүнсний хаягдлаар бордоо хийх гэнэ. Үйлчилгээний газрууд нь цагт 6000 гаруй зочдыг нэгэн зэрэг үйлчлэх хүчин чадалтай байна. 

Эх сурвалж:www.polit.mn