Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, Аймгийн заан С.Зээбүргэдийг урилаа.

 

-Та ховор сайхан нэртэй юм. Таны нэрийн түүхээс яриагаа эхэлье?

-Миний нэрийг нагац өвөө минь өгсөн. Манай ээжийн аав багш хүн байсан гэдэг. Бага байхад минь бурхан болсон болохоор өвөөгөө сайн мэддэггүй юм. Нутгийнхан ярихдаа өвөөг маань их зарчимч, ухаалаг хүн байсан гэдэг. Миний ганц ахыг С.Ачбүргэд гэдэг.

Ээж ахыг төрүүлээд өвөөгийн голомтод очиход өвөөгийн зүүдэнд бүргэд орж ирээд байж. Тэгээд ахад маань С.Ачбүргэд нэрийг хайрласан. Дөрвөн жилийн дараа намайг төрөхөд охиноо хос хоёр жигүүртэн, бүргэдтэй байг гэж энэ нэрийг хайрласан гэж ээжээсээ хожим сонссон. Нэр гэдэг их учиртай. Тэнгэрийн энэ амьтан шиг амьдрал ахуй нь өөдөө, амжилттай байхыг бэлгэдсэн болов уу.

-Та Монгол Улсын харцага Ч.Өвгөнхүү гуайн нутаг, Сүхбаатар нутгийн бөх. Таны удамд бөх хүн бий юу?

-Хөдөө нутагт өвөө, эмээ дээрээ бусдын адил адуу малтай ноцолдож, даага үрээ сургасан шигээ бага насаа өнгөрүүлсэн. Зуны гурван сар цагаан идээ, цэвэр агаарт байнгын хөдөлгөөнтэй байхаар биеийн хөгжил, өсөлт хамаагүй илүү байдаг. Миний хувьд барилдахаас гадна дуулчихдаг, бас хичээлдээ шаггүй сайн ангийн дарга ч байлаа. Магадгүй спортоор яваагүй байсан бол урлагийн замыг сонгох байх. Одоо бол гэр бүл, найз нөхдийн хүрээнд найр наадамд дуулах дуртай. Аавын минь тал бөхийн удамтай. Монгол Улсын Зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүү өвөөгийн минь төрсөн дүү. Жаахан байхаас л аав маань Ч.Өвгөнхүү харцагын тухай ярьж өгдөг байсан. Тэр хүн хааяадаа зуны амралтаараа өвөөгийнд ирнэ. Дээл хувцас, малгай, байгаа байдлыг нь хараад л энэ хүн шиг бөх болно доо гэх бодол төрдөг байсан. Ээжийн минь тал ч мөн эртэй бяртай эрчүүд олонтой. Ер нь хоёр талын удамтай гэж болно. Багаасаа ах нартайгаа барилдаж байгаад л энэ спортод дуртай болсон доо.

-Үндэсний бөхөөр хичээллэхээс өмнө ямар нэгэн их спортоор сууриа тавих нь элбэг байдаг. Таны хувьд аль спортоор эхэлж байв. Мөн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Миний үед найман настай сургуульд суудаг байлаа. Найман настай ч тухайн үед арай жижиг байсан болохоор гуравдугаар ангиасаа  биеийн тамирын багш н.Мөнхбаатар, н.Нүрзэд нартаа шавь болж, жүдо бөхөөр сууриа тавьсан. Жүдо бөхийн өсвөр, залуучуудын улсын аваргаас зургаа, долоон медаль хүртэж байсан. 2016 онд самбо бөхийн залуучуудын улсын аваргад түрүүлээд, ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн. Түүнээс хойш тэмцээн уралдаан гэж их яваагүй юм байна. Үндэсний бөхөөр барилдахад их спорт их давуу талтай байдаг. Эхлээд зөв техниктэй унаж сурахыг заадаг. Зөв унаад сурчих нь бэртэл гэмтлээс холуур байж, ирээдүйн амжилтын тулгуур болдог. Миний хувьд “Оюу толгой” компанийн спорт зааланд фитнесийн багшаар ажилладаг. Тиймээс ажлын хуваариас шалтгаалаад 14 хоног хүчний бэлтгэл тэндээ хийчихдэг. Харин хотод байгаа 14 хоногийн хугацаандаа үндэсний болон дэвжээний бэлтгэлээ хийдэг. Ихэвчлэн амралтын өдрөөр заалны барилдаан болдог болохоор барилдаагүй үед ууланд алхаж, кросст гүйдэг. Заалны барилдаан бол чанаргүй бэлтгэлээс хавь илүү үр дүнтэй санагддаг. Одоо бэлтгэл сургуулилт жигдрээд эхэлсэн болохоор заалны барилдаандаа оролцоно гэсэн бодолтой байна. Сүүлийн гурав, дөрвөн жил үндэсний бөхийн бэлтгэлээ Улсын начин А.Алтанхуяг багшийн  заавар зөвлөгөөгөөр хийж байна. Манай А.Алтанхуяг начин хүний төлөө сэтгэлтэй, тайван дөлгөөн хүн. Тамирчин хүн багшгүй бол их хэцүү. Миний хувьд А.Алтанхуяг начиндаа их баярлаж явдаг.

-Сая заалны барилдаан их үр дүн сайтай байдаг гэлээ. Сумын заануудын барилдаан Аймгийн заан цол хүртэхэд хэр түлхэц болсон бэ?

-Манай Уулбаян сум Улсын харцага Ч.Өвгөнхүү, Аймгийн арслан Д.Баярсайхан, Аймгийн заан Б.Бадамдорж гэсэн цөөн хэдэн бөхтэй. 2004 онд сумын заан болсноосоо хойш аймгийн наадамдаа зодоглосон. Тэгээд 2023 онд Аймгийн заан цол хүртэхэд тууштай хичээснийхээ хэргийг гаргасан сайхан мэдрэмж байсан. Нутгийн зон олон минь  их сайхан хүлээж авсан. Энэ хугацаанд сумын зааны барилдаанд сайн барилдсан гэж боддог. 2019 оноос нэлээн олон шөвгөрч байгаад  Аймгийн заан болдог жилээ 256 сумын заанд төрүүлсэн юм. Бас 2023 оны “Өв түгээ” төсөлд хамрагдаад С.Мөнхбат аваргын багт орж хоёр сар гаруй бэлтгэл сургуулилт хийсэн. Үе тэнгийн сайн бөхчүүд, эрчимтэй хийж барилдаад их үр өгөөжтэй байсан. Тэрнээс ер нь өөрийгөө дажгүй сайн байгаа юм байна гэж бодсон. Барилдаанаас барилдааны хооронд сайжирсаар тэр хаврын барилдаан ач тусаа их өгсөн гэж болно. “Өв түгээ” төслийн ихэнх нь аймгийн цол хүртсэн байна. Олон талын ач холбогдол өндөртэй сайн төсөл болсон. Миний хувьд Уулбаян сумаасаа гэлтгүй Сүхбаатар аймгаасаа сумын зааны барилдаанд сайн барилдсан гэж боддог. Үүгээрээ их бахархаж явдаг.

-Залуу бөхөөс Аймгийн заан хүртэл олон бөхтэй зодоглож явсан байх. Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаанаа хуваалцвал?

- Манай нутгийн хувьд улсын цолтон цөөн. Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар ахтай 2014 онд арван жилдээ сумын заан цолтой хүүхэд заалны барилдаанд учраа таарч байлаа. Тухайн үед Ш.Мөнгөнбаатар ах цагаан сарын барилдаанд түрүүлчихсэн, Аймгийн хурц арслан цолтой нутгийнхныхаа хүндлэлийг хүлээсэн бөх байлаа. Хэдий тэр барилдаанд унасан ч сэтгэлд их тод үлдсэн. Өөрийгөө бөх болсноор мэдэрсэн гэж болно. Ер нь хамгийн анх улсын цолтой бөхтэй барилдах их сайхан санагддаг. Улсын цолтой бөхдөө барилдахад бөх хүний нэг хэрэг бүтдэг гэж боддог. Анхандаа барьц авахтай зэрэгцээд унадаг байсан бол яваандаа арай удаашраад хэдэн минут барилддаг болоод ирэхээр залуу бөхчүүд их урам зориг авдаг. Бэлтгэлээ улам сайн хийх хүч болдог.

-Хэрэв танд боломж олдвол Монголын бүх цаг үеийн үндэсний бөхчүүдээс хэнтэй нь барилдаж үзэхийг хүсдэг вэ?

-Энэ их сайхан асуулт байна л даа. Зургаан залуу зааныг ид байх үеэс аав маань Г.Өсөхбаяр аваргыг, би Д.Сумъяабазар аваргыг дэмждэг байлаа. Тэр хоёр барилдахаар Г.Өсөхбаяр аварга ихэнхдээ давна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Д.Сумъяабазар аварга шөвгийн дөрөвт үлдэж, Г.Өсөхбаяр аваргыг давж, түрүүлж байсан юм. Цэнгэлдэх дүүрэн үзэгч алга ташиж, шуугиад арслан, аварга хоёр цолны зарлиг уншуулж байв. Тухайн үед 10 настай жаахан хүүхэд их баярлаж, уйлах гээд байгаа юм шиг мэдрэмж төрж байсныг мартдаггүй юм. Тэр хүнтэй барилдахгүй юм гэхэд хажуугаас нь хараад, зодгоос нь бариад хамт бэлтгэл хийгээд үзчих юм сан гэх битүүхэн хүсэл байдаг.

-Бөх хүн жудагтай байх хэрэгтэй гэж их ярьдаг. Таны хувьд юуг баримталдаг вэ?

-Миний хувьд  амьдрал дээр ямар үлгэр дуурайлал үзүүлж байгаагаас эхлээд нийгэмд хандах хандлага, биесээ хүндлэх хүндлэл, эцэг эх, гэр бүлээ хайрлах энгийн зүйл дээр жудаг тогтдог гэж боддог. Энэ спортоор хичээллэснээр хүнийг хүндлэх, хайрлах сэтгэл илүү төрдөг болов уу. Хамгийн түрүүнд хүнтэй зөв мэндлээд сурдаг. Заримдаа хүмүүс бөхийг муухайгаар хэлэх нь бий. Сайн, муу хосолдог хорвоод юм бүхэн хоёр талтай. Наанаа хоёр хүн зүгээр барилдаад зогсож байгаа юм боловч цаанаа асар их тэвчээр, хүч хөдөлмөр, цаг, санхүү шаардсан байдаг. Монгол түмний бахархал, дархлаа болсон эрийн гурван наадмын нэг хэсэг бөхгүйгээр энэ өв соёлыг төсөөлөх боломжгүй. Тухайн бөх бэртэл гэмтэл аваад асуудал үүсэхэд өөрөө л хариуцлагаа хүлээнэ. Харин амжилт гаргахад бүх хүнийх болчихдог. Бүх бөх асуудал үүсгээд байгаа юм шиг нийтээр нь харлуулж бодож болохгүй санагддаг. Энэ спортыг эргэлт буцалтгүйгээр сонгосон бол тууштай зан, хүндлэл хоёрыг гээж болохгүй. Хичээсний эцэст заавал амжилт дагадаг гэж боддог.

-Таны ойрын болон холын зорилго юунд оршиж байна?

-Заал, танхимын барилдаандаа амжилтаа ахиулж, бөхийн өргөөнд шөвгөрч дээшээ барилдах нь ойрын зорилго байна даа. Мэдээж холын зорилго гэвэл улсын цолонд хүрэх байна. Нутгийн уул ус, аав ээжийнхээ нэрийг гаргах эрхэм зорилгыг тээж явна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 219 (7463)