Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалыг урьж, ярилцлаа.

 

-Та заалны барилдаанд тогтмол барилддаг бөхчүүдийн нэг. Заалны барилдаан сайн бэлтгэл болдог уу?

-Бөх хүн давж, унасан барилдаан бүрээсээ туршлага сууж, ахидаг. Монгол бөхийн өргөөнд 14 хоногтоо, цаашлаад сардаа нэг барилдчихдаг. Барилдаанаас барилдааны хооронд тэр хэд хоногийн бэлтгэлээ дүгнэдэг гэж хэлж болно. Зарим бөхчүүд наадам дөхөөд ирэхээр заалны барилдаан өнжих нь бий. Барилдаанаа судлуулах, мэхэнд нь гэрэл зохих талтай гэж үздэг.

Миний хувьд хоёр болон дөрвийн давааны оноолт дээр таарах магадлалтай бөхтэйгөө бодолтой барилдахыг хичээдэг. Гол мэхээ хийлгүй, дараагийн удаа ингэнэ гэсэн тактик баримтална. Би заалны барилдаан алгасах дургүй. Аймаг цэргийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрч явсан үеүд бий. Харин бэртсэнээс хойш сайн болж өгөхгүй байна.

-Бэртэл авсан гэж мэдээгүй юм байна?

-Өнгөрсөн жил наадмын сорилго барилдаанаар мөрөө мулталчихсан юм. Удалгүй улсын наадам боллоо. Мөр болдоггүй. Багш маань өнжчих гэсэн. Гэхдээ Монгол төрийн наадам, зүлэг ногоон дэвжээ, ард түмнээ хүндлээд зодоглоё гэж шийдсэн. Нэг даваад хоёрын даваанд тахимаа өгсөн. Бэртэл одоо 70, 80 хувьтай гайгүй эдгэж байгаа. Бэртэл гэмтэл гэдэг их хэцүү юм байна. Хүний цог золбоо, догшин барилдааныг арилгачихдаг. Барьц аваад шийдэмгий барилдъя гэхээр бэртлээ хөндчих болов уу гэж эмээгээд цог хийморь доройтчихдог санагдсан. Энхбаяр багш маань “Муу тамирчин бэртдэг шүү” гэж анх шавь ороход хэлж байсан юм. Тэр үгийг бодож биеэ сайн халааж барилддаг байсан ч барилдааны явцад гэмтчихсэн. Наадмын өмнө байсан тул багшаас өөр хүнд хэлэлгүй нуусан. Лент ч наагаагүй. Гэвч барилдааны үед хоёр мөр лүү ээлжилж цохиод мэдчихсэн бололтой байсан.

-Монгол бөхийн жудаг төрийн наадмын дэвжээн дээр илүүтэй хөндөгдөх сэдэв болжээ? 

-Бөхийн дэмжээ хагас тулааны спортоос ялгаагүй. Учиргүй цохиж нүдээд байхгүй ч жилд ганц болдог төрийн наадамдаа шийдсэн юм аа хийх нь цөөнгүй. Би чинь улсын наадмаар араасаа хүртэл шидүүлж явсан. Ингэхээр бэртэл рүү зохих хэвийн үзэгдэл болсон юм шиг ээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр “Шагай руу нь битгий цохиорой” гэсэн аавынхаа үгийг санаж барилдсан гэж жудаг зааж байсан. Одоо үед тийм зүйл байхаа больсон юм уу даа.

Бэртлээ бүрэн эдгээчихвэл айдасгүй сайхан барилдах байх. Жилд ганц болдог төрийн наадамдаа бүрэн эдгэсэн гэдэг сэтгэл зүйтэй зодоглоно.

-Цол хүртэнэ гэдэг бөх хүний сайхан мөчүүдийн нэг болов уу. Хүсэж мөрөөдсөн цолоо хүртээд туг тойрох тэр мэдрэмж ямар байдаг вэ?

-Миний анхны албан ёсны цол сумын начин. 2013 онд авч байлаа. Харин 2010 онд сумын заануудын тойргийн барилдаанд залуу бөх дөрөвт ороход ганцхан залуу бөх байна гээд сумын заан цол өгсөн юм. Тухайн үед би сумын цол боддоггүй байлаа. Миний мөрөөдөл улсын арслан болох. Тиймээс эхлээд аймгийн арслан болох зорилготой. Тэр ч утгаараа 2015 онд сумын заанаас аймгийн арслан болж, хүсэн хүлээж байсан цолоо хүртсэн. Тэр барилдаан, тэр мөч санаанаас гардаггүй юм. Үнэхээр сайхан. 2014 онд МУБИС-ийг төгсөөд, гэр бүлтэй болчихсон байлаа. Эхнэртээ “Чи намайг гурван жил тэжээчих. Би бэлтгэлээ хийгээд цолонд хүрээд амьдралаа авч явна” гэж хэлж байсан юм. Гэтэл нэг жилийн дараа бүтчихсэн. Туг тойроод алхаж байхад нутаг ус нүдэнд харагдаад “Арслан болох чинь ийм амархан юм уу” гэж бодогдож билээ. Аймгийн наадамд хоёр дахиа зодоглосон нь тэр.

Алтанбулаг сумаас 55 жилийн дараа арслан төрсөн гэдэг. Бараг хагас зуун жил. Сайхан хүлээж авсан. Нутагтаа очиход хангай дэлхий сайхан хур хайрласан. Гантай жил бороо орж, их сайхан бэлгэшээлтэй санагдаж билээ. Цол хүртээд хамгийн түрүүнд ижий аав дээрээ очихыг хүссэн.

-Алтан нутгийн дэвжээ тань ээлтэй сайхан байдаг болов уу?

-Тийм ээ. Би төв сайхан нутагтаа барилдах дуртай. Арслан болоод таван жилийн дараа үзүүр түрүүнд үлдэж, зааны чимэг авсан. Дахиад таван жил гэж бодохоор энэ 2025 он болж байна. Би өөрийгөө тав, таван жилийн циклээр Төв аймгийнхаа барилдаан сайхан барилдаад байна уу гэж бодоод байгаа. 2023 онд Дорноговь аймгийн наадамд барилдахаар очтол намайг бүртгээгүй. Би ер нь олон аймгийн барилдаанд хасагдсан. Тэгэхээр нь шөнөдөө Төв аймагтаа давхиж ирээд 100 жилийн ойдоо зодоглосон. Тавын даваанд А.Сүхбат аварга багш маань намайг амлаж, тахимаа өгч шөвгөрсөн.

-А.Сүхбат аварга таны үндэсний бөхийн багш уу?

-Манай Төв аймгийн бөхчүүд А.Сүхбат аваргыг “Аварга багш” гэж хүндэлдэг юм. Бидэнд мэхнээс эхлээд их зүйл заана. Би хадаг барьж ёсолсон хоёр багштай хүн. Монгол Улсын харцага Ө.Даваабаатар, харцага Л.Бадарч хоёр. Их спортын анхны багш гэвэл Л.Энхбаяр. Харин бөхийн гараа, үндэс суурийг анх тавьсан хүн миний аав. Одоо Б.Батмөнх заан дээр бас бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

-Таны аавыг бөх тайлбарлагч гэж сонссон?

-Миний аав Төв аймгийн Алтанбулаг сумын Ц.Пүрэвдорж гэж хүн бий. Олон жил бөх тайлбарлаж байна. Улсын дэд тайлбарлагч. Бөхчүүдийг төрсөн онтой нь бараг андахгүй танина. Наадмаар “UBS”-д бөх тайлбарладаг. Одоо сүмо тайлбарлаж байна. Харин манай өвөө Цэндсүрэн нь Маршал Х.Чойбалсангийн жолооч байсан. Нутагтаа “Бурхан жолооч” гэдгээрээ алдартай. Харин аавын өвөө Даншигийн начин Цэрэн гэж хүн байсан. Аавын төрсөн дүү аймгийн начин Ц.Отгонбаяр гэж ах бий. Намайг хүүхэд байхад аав маань ойтой сумдын наадмыг урилгаар очиж тайлбарладаг байлаа. Аав тайлбарлаж, дүү нь барилдаж, ах нь машиныг нь барина. Тэр үед аавыгаа дагаж явсаар бөхөд дурласан. Арван жилээ төгсөхдөө би морь уядаг байлаа. Гэтэл аав маань “Миний хүү бөх бол. Морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй юм” гэж хэлээд “Барилдах ур” номыг өгч байлаа. Би тэр номоос хутгах мэхийг өөрөө сурч, аав өхийлдөх мэхийг зааж өгсөн. Одоо бөхийн өргөөнд өхийлдөх мэхээрээ олон хүн давж байна.

-Таны дархан мэх гэж хэлж болох уу?

-Одоо дархан болчхоод олон хүн мэддэг болоод байна. Би чинь зүүн хөл авах, гар ачих, хутгах, сугадаж хөнтрөх мэхтэй. Аавын минь ганц зааж өгсөн мэх өхийлдөх. Бас саяхан бусгаа зааж өгсөн. Давтаж байгаад сурчих байх.

-Хүү нь барилдаж, аав нь тайлбарласан наадам тун ховор болов уу. Танд ямар санагддаг вэ?

-Аав тайлбарлаад би барилдана гэхээр биеэ бариад анхандаа их эвгүй байдаг байлаа. Аймгийн арслан цол хүрсэн наадмыг аав минь тайлбарласан юм. Хүү нь үзүүр түрүүнд үлдчихээд байхад аавын хоолой чичирч, зангирч байгаа нь ер ажиглагдаагүй. Аав үзэгчдийг уйдаахгүй гээд бөхийн хууч яриагаар тайлбараа чимдэг онцлогтой. Би хөл авах гэж байтал Дагвасүрэн арслангийн тухай яриад байдаг. Тэгэхээр нь дуустал нь сонсчхоод мэхээ гүйцээгээд түрүүлж билээ. Гэтэл аав маань микрофоноо шидчихээд өөдөөс уйлаад гүйгээд ирсэн. Санаанаас гардаггүй сайхан дурсамж шүү. Хэрэв миний хүүхэд барилдаж байвал би тайлбарлаж чадахгүй байх. Аав тайлбарынхаа дундуур хүүдээ бас үг хэлж байгаа юм. “Жавхлансайхан заан хоёр, гурван удаа шөвгөрч байсан. Харин Эрхэмжаргал аймгийн наадамд анх удаа шөвгөрч байна. Догдлолоо дарж барилдах хэрэгтэй дээ” гэж хэлсэн. Яараад байсан хүн чинь тэр үгийг сонсоод тайвширч байгаа юм. Одоо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Түмэндэмбэрэл найз тэрийг ажигласан байсан.

-Манлай бөх болоод цолоо дуудуулна гэдэг бас сайхан мэдрэмж болов уу? 

-Тэгэлгүй яах вэ. Цолоо дуудуулахаар ганданд очиж хийморийн сан тавиулсантай адил болдог. Б.Цэрэндагва гээд сайхан цоллодог залуугаар бөхийн өргөөнд хоёр, гурав дуудуулж байсан. Нутаг ус, пүүс компани, өөрийгөө дуудуулна гэдэг бас сайхан мэдрэмж. Тэр суманд цугласан 64, 128 бөхийг манлайлаад, манлай бөх болоод гарах тэр мөчийг үнэхээр сайхан гэдэг үгээр л илэрхийлэх байх.

Засуул барилдаанд их чухал нөлөөтэй. Б.Мөнхбаатар  засуул их мундаг засдаг юм билээ. Би Ерөнхийлөгчийн цомоор О.Хангай аваргатай барилдлаа. Аваргыг сугадаж аваад хөнтөртөл хөл алдаад, тэгэхээр нь хутгах гэж байтал “Хөөе наана чинь хутгалаа” гэж орилсон. Тэгээд би сарниад болчихсон. Тэр үед засуул хүн нарийн мэдрэмжтэй байдаг юм байна гэж ойлгосон. Хэрэв хэлээгүй байсан бол юу ч болох байсан юм билээ. Гэхдээ би уналаа гэж уурлах дургүй. Намайг давсан бөх дээгүүр барилдвал харин ч сайхан байдаг.

-Бөх сонирхогчид таныг уран гараа дэвээтэй гэдэг. Энэ тухайгаа хуваалцвал?

-Бөхийн гараа, дэвээг аав маань зааж өгч байлаа. Оюутан байхдаа Монгол Улсын харцага Д.Сэрээтэр багшаараа давхар заалгасан. Миний дэвээ таалагдах хүндээ таалагддаг байх. Таалагдахгүй хүндээ бас шүүмжилмээр санагддаг болов уу гэж боддог юм. Анх А.Сүхбат аваргын нисэж байгаа шувуу шиг дэлж дэвж байгаа нь гоё санагддаг байсан. Засуулаасаа дэлж гарч байгаа тэр санааг аваад бие жижигтэй хүн бусдаас жаахан өөр гараа дэвээтэй байя гэж бодсон. Миний хувьд туг тойрч дэвэхээс илүүтэй, засуулаас гарч байгаа дэлэлт их сайхан мэдрэмж өгдөг. Дүүлж буй арслан бар, элэн хальж буй жигүүртэн мэт санагддаг.

-Уран дэвээд гарахаар барилдаан нь хүртэл урамтай сайхан байдаг болов уу?

-Бэртсэнээс хойш тайван болчхоод байна. Өмнө нь хагас галзуу юм шиг барилддаг байжээ. Дэвжээнээс буугаад даруу төлөв болчихдог. Жижигхэн биетэй хүн чинь өөртөө давуу байдал үүсгэж, хурдан шуурхай барилдана. Багш маань ч хурдтай барилд гэж зөвлөдөг байсан. Бөх хүн мэхэндээ даацтай байхаас гадна мэдрэмжтэй, самбаачилга сайтай байх хэрэгтэй. Үүнд их спорт их чухал нөлөөтэй. Би Архангайн Б.Зоригтбаатар харцагын хурдтай, мэдрэмжтэй барилдааныг үзэх дуртай. Цэнгэлдэх дүүрэн үзэгч Б.Зоригтбаатар гээд уухайлбал төрийн наадамд түрүүлчхэж магадгүй хүн. Үзэгчдийн энергиэр өөрийгөө ирлэж, хурцалж барилддаг нь таалагддаг.

-Тамирчин хүний амжилт гаргах үндсийг юу гэж боддог вэ?

-Тамирчин хүний амжилт гаргах үндэс бол дэмжлэг. Намайг аав, ах, гэр бүлийн хүн маань их сайн дэмждэг. Би одоо зэвсэгт хүчний 119 дүгээр анги, “Янгир хайрхан” компанийн нэр дээрээс барилдаж байна. “Янгир хайрхан” компанийн захирал Ц.Чинзориг ах, Болороо эгч хоёртоо баярлалаа. Хувьдаа тусалдаг “Алтан эрин говь” компанийн захирал Мөнх-Очир ахдаа бас баярлаж явдаг. Өмнө нь дэмждэг байсан “Аж капитал группийн н.Мөнх-Эрдэнэ захирал, “Манлай алдар” компанийн Батсуурь ах, Ооноо эгч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Бусад зүйлд санаа зоволгүй бэлтгэл сургуулилалтаа хийх боломжоор нь хангавал төдий чинээ амжилт сайн гаргах болов уу. Гэхдээ улсын цолонд хүрсэн хойно нь биш. Сумын заанаас амжилт гаргах хүртэл нь дэмжвэл утга учиртай, үр дүнтэй байна байх.

-Та хоёр охинтой гэсэн. Хүү төр­вөл үндэсний бөхөөр барилдуулах уу?

-Үндэсний бөх жижиг биетэй хүнд хэцүү спорт. Манай монголчууд бөхдөө хайртай болохоор гоё сайхан талаас нь хардаг. Би өнөөдөр инээгээд барилдаад байгаа боловч шантарсан, ядарсан, орондоо уйлж байсан үеүд бий. Тэр бүрийг өөртэйгөө ярьж даван туулдаг. Охидоо чөлөөт бөхийн спортоор хичээллүүлье гэсэн бодол бий. Харин хүү маань үндэсний бөхөөр явна гэвэл бодож үзнэ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 55 (7552)