Д.ЦЭРЭННАДМИД
Энэ эмэгтэй хэн юм бэ? хэмээх өмнөтгөл
Т.Цэрэндолгор гуайтай уулзаад ярилцаж суух ахуйд түүний амьдралынх нь үе, агшин бүр сэтгэл хөдөлгөм, баяр бахдал амжилт байх юм билээ.
Өмнө нь жирийн тамирчин олон л хүнтэй уулзаж сурвалжилж байсан.
-Би дал шахам жил спортоор хичээллэж явна. Миний шүтэн биширч явдаг зүйл нь бурхан биш спорт. Спорт намайг хүн болгосон, өдий наслуулчхаад одоо ч хамтдаа байна гэж тэр хэлнэ лээ.
Одоо 87 насыг шүргэж яваа гэхэд Цэрэндолгор гуай залуугийн төрхөө хадгалсаар. Яагаад гэвэл энэ хүн сэтгэл санаа нь залуугаараа байх бөгөөд спортын монголдоо нэгэн онцгой хүн хэвээр байгаа юм л даа.
Гэрэл гэгээтэй юмс ховордсон цаг үед Монголын тамирчид тив, дэлхийд дуурсгах амжилтаараа түмнийхээ сэтгэл оюуныг чимж байгаа.
Тэгвэл тэр олон зуун сайхан тамирчдын тэргүүнд Т.Цэрэндолгор гуай багтдаг. Тэр тусмаа ахмад тамирчин мастеруудын тэргүүн хэсэгт тэр жавхаалаг алхсан хэвээр л.
Энэ эмэгтэй ахмадын төрөлд тамирчин болж жагссан 20-иод жилдээ гайхамшигтай амжилтын эзэн болсон байх юм. Бүр лавхан хэл гэвэл хөнгөн атлетикийн нэг гол цөм болсон шидэлтийн багц төрөлд мастеруудын дэлхийн аваргаар 10 удаа шалгарчээ.
Бас дөрвөн жилд нэг удаа болдог мастеруудын дэлхийн тоглолт /олимп юм л даа/ дөрвөн удаа оролцохдоо таван алтан медаль авсан гэж байна.
Тэгэхээр энэ бүхэн нь Монгол төрийн дууллаа 15 удаа харь нутгийн тэнгэрт эгшиглүүлсэн гэсэн үг.
Ийм амжилтын эзэн хүн Монголд байна даа гэж бодохоор бахархахаас яахав.
Дэлхийн чанартай тэмцээнд тийм олон удаа түрүүлсэн тамирчин өөр бусад оронд ч байдгийг би л дуулаагүй юм байна.
Гэтэл энэ хүнийг Монголын төр, засаг хэрхэн үнэлсэн юм бэ?. Яахав саявтар даа таван жилийн өмнө гавьяат тамирчин цол хүртээж.
Үүнд Цэрэндолгор гуай их баярласнаа хэлж байна лээ. Харин бичигч миний хувьд түүний 70 шахам жилийн хөдөлмөр, дэлхийн 10 удаагийн аварга болсон амжилтыг арай л дутуу үнэлээд байгаа санагдсанаа нуумгүй л байна.
Спортын аль нэг төрлөөр олимп, дэлхийн аварга нэг удаа болсон хүн л хөдөлмөрийн баатар болдог нь жишиг юм шиг. Тэгэхээр ахмад тамирчин энэ эмэгтэй тэр баатар цолны хаагуур нь тойроод байгаа юм бэ? гэдгийг чангын чанга хэлэх гэсэн юм.
Түүний 70,80 насны ангилалд шидэлтээр тогтоосон рекорд амжилтыг хэн ч эвдээгүй л байна. Эвдэхэд ч хэцүү дээ.
Бичигч би Цэрэндолгор гуайг өндөрт нисэж яваа шувуутай зүйрлэн бодлоо.
Ер нь өндөрт яваа шувууг хэн ч зогсоож чаддаггүйтэй адил түүний хүрсэн амжилт, хүсэл мөрөөдлийг хязгаарлашгүй юм.
Яагаад гэхээр жигүүртэн амьтан тэнгэртээ л тэнхээжиж өд сөд нь уртсаж улам өндрийг мөрөөдөж явдаг юм даа.
Тэгвэл Т.Цэрэндолгор гэдэг хүний спортын амьдралын замнал яг түүнтэй адил санагдвай.
Өнгөрсөн намар Шведэд болсон мастеруудын дэлхийн аваргад оролцоод дөрвөн хүрэл медальтай ирж л дээ.
Үүндээ жаахан чамлангуй байна лээ шүү. Дэлхийд эхний гуравтаа бичигдэж байна гэдэг энэ насны хүнд том амжилт гэж сэтгэлийг нь заслаа би.
Одоо сарын дараа дахиад нэг тэмцээнд явахаар онгоцны тийзээ хүртэл авчхаад яарч сууна тэр.
* * *
Т.Цэрэндолгор Монголдоо сарлаг үхэр, сүү, цагаан идээгээрээ алдартай, өндөр уулс, өргөн хөндий гээд хангай, тал хосолсон сайхан нутаг Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн л дээ.
Уянга сум гэхээр өвөрмөц хийцийн гэрийн эрээн модоороо онцгойрдог. Тэр л сайхан бүхний дунд өсөж өндийсөн гэдэг. Өргөн хөндийд нь мал сүрэг налайж өглөө сэрэхүйд үхэр мөөрч, адуу янцгаан, хоточ нохой чимээ өгөн боргох тийм л монголын амар амгалан гэхүйд Т.Цэрэндолгор нэгэн өнөр бүлийн найман хүүхдийн нэгэн болж төрөөд баяр баясгалантайгаар өсөж өндийсөн юм билээ л...
Таац, Онгийн хөндий, Найман нуур, Хятруун Шурангийн улаан цохио гээд үзэсгэлэнт нутгийнх нь охь болсон газруудын дүр төрх түүний нас, насны үед сэтгэлд нь уяатай тэгснээр өөрт нь эрч хүч өгч байдаг аж.
Аав А.Төмөрбат, ижий Б.Насанбаяр нар нь жирийн малчин хүмүүс байж. Тэр дотроос нэг тодруулж хэлэх юм бол аав нь жин тээдэг хүн байсан. Найман хүүхдийн дээрээсээ хоёр дахь Т.Цэрэндолгор Уянгадаа анх сургуульд орсон бол Тарагт суманд долдугаар ангиа төгссөн байна.
Тэгээд хүн эмнэлгийн техникумд хуваарь авч суралцсан юм билээ.
* * *
Хүн хүний спортын замнал янз бүрийн эхлэлтэй байдаг л даа. Т.Цэрэндолгор дунд сургуульд байхдаа гүйлтэд дөнгүүр байж. Ангийнхаа Намжилдулам гэдэг охинтой уралддаг байсан тухай дурсамж хэлнэ лээ.
Техникумын хоёрдугаар курст байхад нь нэг өдөр хоёр хүн орж ирээд хүүхдүүдийг босгож суулгаж үзсэнээ найман охин шилж аваад спортоор хичээллүүлэх болж.
Нэг нь Т.Цэрэндолгор байв. Спортын төв ордонд бэлтгэл хийдэг болов. Бусад нь биеийн хүч шаардсан тэр бэлтгэлээс халширч хасагдсаар байж. Сүүлд нь Т.Цэрэндолгор л бараг ганцаараа үлдэж. Нэрт дасгалжуулагч, багш Ч.Найдангийн шавь нь болов.
Тэгсэн Т.Цэрэндолгор бас бэлтгэлээс зугтах маягтай болдог юм байна. Ер нь болъё гэсэн санаа ч төрж.
Тэгсэн сургуулийнх нь биеийн тамирын багш н.Пүрэвжав
-Чамайг секц, дугуйлан таслаад байх юм бол сургуулиас хасна гэж...
Тэгэхээр тэр эцэг, эхээсээ олж авсан дуулгавартай зангаараа дахиад бэлтгэлдээ орж тамирчин болсон эхлэл нь ердөө тэр.
Тэгээд 1959 оны хавар Монголын оюутан залуучуудын анхдугаар их наадамд зээрэнцгийн төрөлд оролцож 28 метр гаруй шидэж рекорд амжилт тогтоожээ.
Тийнхүү анх оролцсон тэмцээндээ рекорд амжилтын эзэн болсон нь спортоор тууштай явах итгэлийг төрүүлж “би тамирчин” боллоо гэж өөртөө шивнэсэн юм гэдэг.
-Хөнгөн атлетикийн гүйлт, харайлт, шидэлт гээд төрлүүд тус тусдаа дасгалжуулагчтай байх ёстой ч миний багш “чемпион” хэмээх Найдан гэдэг бүхнийг өөрөө үлгэрлэн дасгалжуулж байсан мундаг хүн байсан юм гэж Т.Цэрэндолгор гуай дурсаж байна лээ.
Хүн эмнэлгийн техникумаа төгсгөөд Спортын төв ордонд Тарваа гэдэг эмчийн туслах болоод байсан тэр үед “Алдар” нийгэмлэгийн дасгалжуулагч дэд хурандаа Даш
-Чи цэргийн гоё хувцас өмсөөд Ардчилсан орнуудын хэмжээний тэмцээнд яваад ирэхгүй юү гэсэн санал хэлэхэд зөвшөөрчээ. Тэр тэмцээнд хоёрдугаар байр эзэлж ирснээр “Алдар”-ын тамирчин болов. Энэ үед спортоос гадна хувийн амьдралын хүндхэн ачаа Т.Цэрэндолгорт ирсэн гэнэ.
Тарагтад байсан эгч, дүү нараа тэнд байсан хамаг малыг нь нэгдэлд өгч нийгэмчилчхээд гэртэй нь ачаад хотод авчирч тэднийгээ харж ханддаг болжээ.
Тамирчны ажлаа ч хийнэ, тэднийгээ тэжээнэ. Гэхдээ спортоо гээсэнгүй. Харин ч багш, дасгалжуулагчийн хэмжээнд очиж л дээ. 1966 онд спортын мастер болдог юм. Тэгснээр спортын талын эрч хүч нь улам нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ ямар нэг мэргэжил эзэмших нь зөв зам гэсэн үүднээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсжээ. 1975 онд сургуулиа төгсгөөд Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтэн болдог юм гэнэ.
Дараа нь ХААДС-даа эргэн очиж тэндхийн биеийн тамирын танхимд лаборант болж одоогоор бол менежер юм даа.
Ц.Шоовдор ахлагчтай гар бөмбөгийн багт нэг хэсэг тоглов. Үүний зэрэгцээ сургуульдаа хөнгөн атлетикийн тамирчин бэлтгэхийн төлөө ажилласан байна. Тус сургуулиас улсын чанартай уралдаан тэмцээнд оролцдог нь бөх, гар бөмбөг төдий байсан бол нэг хоёр жилийн дараа гэхэд хөнгөн атлетикийн тамирчид төрөн гарсан байдаг.
Хөнгөн атлетикийн нэг нандин төрөл нь 4х100-д ХААДС-ийнхан улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэллээ гэхэд бусад нийгэмлэгийнхэн эвэртэй туулай үзсэн мэт болж байж .
Энэ тухай Цэрэндолгор гуай ярихдаа
-Ямарваа нэгэн ажлын ард зорилгын төлөө тэнд хэн байна амжилт ололт аяндаа ирдэг юм билээ. Нэг үйлсийн төлөө тууштай байна гэдэг сайхан шүү. Тиймдээ би өндөр насаа залууд тооцон спортоо хөөгөөд эрүүл саруул явна шүү дээ гэж ярьсан юм.
Түүнийг ясны тамирчин хүн гэж хэлэхэд ч багадах юм шиг.
Анх зөвхөн зээрэнцэг шидэлтээр олон улсын тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлж байсан түүх одоо хуучирсан санагдана.
Цэрэндолгор гуай 2002 оноос дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд оролцож дэлхийд түрүүлсэн амжилт нь 10-аас хол давсан тухай дээр өгүүлсэн дээ. Тэр том амжилтыг нь өнөөдөр хэн ч ярихгүй, мэдэхгүй байгаад л харамсмаар юм даа.
Дахиад хэлэхэд Улсын баяр наадамд арав илүү түрүүлсэн хүчит бөхчүүд Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарынхтай Т.Цэрэндолгор гуайн амжилтыг дүйцүүлж бодох л учиртай санагддаг юм.
Яагаад гэхээр Цэрэндолгор гуайг дэлхий аль хэдийнээ мэддэг болсон. Бараг 40-өөд оронд очиж медалийн тавцанд зогсож эх орныхоо нэрийг гаргасан хүн шүү дээ.
Бичигч миний үгэнд үл итгэвэл тэднийд очоод уужимхан хана дүүрэн медалийг нь үзээрэй дээ. Арав гаруй метр урт талбайд медалиудаа байрлуулчхаж.
Бичигч миний хувьд 500-гаас цааш тоо бараг мэдэхгүй хүн. Тиймээс Т.Цэрэндолгор гуайд төдөн медаль байна лээ гэж хэлж чадамгүй.
Тэр олон медалиа дэлхийн аваргынх, дотоодын тэмцээнийх гээд ангилж тайлбарлах юм билээ. Харваас тэнд алт, мөнгөн медалиуд дийлэнх харагдана лээ.
Иймийн учир Т.Цэрэндолгор гуайг дэлхийн данстай тамирчин гэж баттай хэлэх байна.
Энэ хүнийг олон улсын том тэмцээнд очоод бөөрөнцөг түлхэх, зээрэнцэг шидэх төдийд оролцдог гэвэл үгүй юм. Багц таван төрөлд орж нэгдсэн дүнгээр байр эзэлдэг гэх.
Ямар таван төрөл вэ гэвэл бөөрөнцөг, зээрэнцэг, жад, дүүгүүр дээр нь Весть тров гэж бий. Тэгэхээр бас түүнийг нэг хүнтэй биш таван хүнтэй өрсөлддөг гэхэд болно
Т.Цэрэндолгор гуай нэлээд хожуухан дэлхийн 10 удаагийн аварга болсны хойно 2022 онд өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг зохион байгуулав. Уг тэмцээнд нь 200-гаад тамирчин оролцсон байх юм.
Тэдэн дотор спортын зэрэг цолтой болчихсон өөрийнх нь шавь нар ч байв. Өөрөөс нь үлгэр жишээ авч хөнгөн атлетикийн гүйлт, харайлтын ахмадууд шидэлтийн төрөлд ирсэн нь бас цөөнгүй л.
Түүний нэрэмжит тэмцээнээс нь хойш шидэлтийн төрөлд дүүгүүр, бас тэр шинэ төрөл Весть тров сүрхий хөгжиж буй юм билээ.
-Надад гавьяат тамирчин цол хүртээснээс хойш би нэг зүйл бодох, мөрөөдөх болсон. Юманд заавал хариу байх учиртай гэж тэр хэлсээн.
Энэ тухайд нь лавлабал шидэлтийн талбай байгуулах газар хүсдэг гэнэ. Уртаашаа 100 метр, өргөөшөө 50м хэмжээний газар л даа.
Бас үүндээ тайлбар хэлэхдээ
-Дэлхийд миний гаргасан амжилтаас ч болсон уу. Гадаадынхан маань монголд хөнгөн атлетик тэр дотроос шидэлтийн төрөл сүрхий хөгжсөн юм байна гэж ойлгосон шиг байгаа юм.
Тэгээд танайх дэлхийн ч юмуу тивийн аваргын тэмцээн хэзээ авахав гэдэг. Би манайд зориулалтын талбайгүй гэж хэлэлтэй нь биш булзааруулж энэ тэрээ гээд л өнгөрүүлдэг дээ.
Тиймээс миний тэр жаахан газар хүсээд байгаа нь олон улсын стандартад нийцсэн шидэлтийн талбайг байгуулах зорилго юм.
Надад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч юмуу тийм нэг газар олгоодох юм бол техник хэрэгсэл нь надад байна. Хаана нэгтэйгээс төсөв мөнгө ч гэхгүй өөрийн хөрөнгөөр тэр талбайг бий болгох минь туйлын зорилго.
Би тэр газарт хаус бариад амьдрах гээгүй, бас миний хувийн газар ч биш. Монгол улсын хэмжээнд спортын нэг тохижсон байр, талбайтай болно гэсэн үг гэлээ.
Т. Цэрэндолгор гуай энэ хүсэлтээ холбогдох байгууллага, хүмүүст олон удаа гаргаад байгаа ч шийдэж өгдөггүй л бололтой.
Спортын мөн чанарыг олгодоггүй хүмүүс түүнийг хувьдаа газар хүсээд байна ч гэж өнгөц ойлгодог юм уу. Бас зах зээлийн үед төмөр атгаад зогсож байх хүн олон биш гэдэг ч юм болов уу. Чимээгүй л байгаа гэнэ.
Тэр арга ядахдаа хоёр сууцны голд алгын чинээ газар тохижуулсан болоод хэдэн хүн бэлтгэл хийлгэж тэдэндээ зааж сургаж л байгаа юм билээ.
* * *
Ахмад тамирчин Т. Цэрэндолгор алив бүхэнд маш нарийн тооцоотой ханддаг. Нягт нямбай хүн.
Зөвхөн маргаашийг биш хэдэн жилийн дараа юу хийх, ямар амжилтад хүрэхээ хүртэл бараг тооцсон байх юм билээ.
1990 онд гавьяаныхаа амралтад гарах үедээ булчин агших гэх хүнд өвчинд ээрэгджээ. Системийн өвчин гэнэ. Уг өвчнөөр өвчилсөн хүн эдгэх нь ховор гэдгийг сонсож.
Гэвч гадагшаа ч явж, өвс ургамлын эмчилгээ ч их хэрэглэж. Тэгсээр тэр аюулт өвчнөөс салж чадсан байгаа юм. Энэ тухай мэдсэн эмч нар нь сүүлд уулзаад “Чи амьд байгаа юм уу” гэх нь халаг байсан гэдэг.
Т. Цэрэндолгор гуай хариуд нь спортын хүч л намайг эдгээсэн дээ гэж хэлдэг аж. Ер нь хүний амьдрал гэдэг шув шулуун дардан замаар зовлон зүдгүүр бэрхшээлгүй байх гэж үгүй ээ. Цэрэндолгор гуайн амьдрал ч дардан сайхан байгаагүй л юм билээ.
Хэдэн өнчин эгч дүүсээ тэжээх гэж нэг хэсэг зовсон гэх. Бас эм хүний эдлэх ёстой баяр жаргалыг огоорч зөвхөн спортоо л гэж явсаар өдий хүрсэн гээд яривал ихийг хэлэх бололтой юм билээ.
Тэр нэг удаа хоёр өвдөгнийхөө үеийг солиулж. Гэхдээ Японд очиж 120 сая төгрөг төлж эмчилгээ хийлгэсэн гэнэ.
-Та яагаад тийм өндөр үнэ өртөгтэйг шилдэг юм бэ? Манай Монголд хийгээд байгаа эмчилгээ шүү дээ гэвэл
-Их учиртай. Манайд хийж байгаа нь зөвхөн явдаг алхдаг болоход тустай. Тэгвэл би Японд хийлгэсэн нь хөлдөө маш их ачаалал өгдөг тэмцээний талбараасаа холдохгүй байхын төлөө зорилго байлаа гэж байна лээ.
Бас л ухаалаг, тооцоотой хандлагынх нь нэг нэг илрэл энэ юм даа.
* * *
Энэхүү бяцхан хөрөг нийтлэл маань ахмад тамирчин Т.Цэрэндолгор гэж ер нь хэн бэ? гэдэг асуултад бэсрэгхэн хариулт болох байв уу.
Энэ дотроос дэвшүүлсэн асуудал, шинэ соргог санаануудыг минь уншигч олон түмэн шүүж тунгаана биз.
Т.Цэрэндолгор гуай хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаг хүн юм билээ. Спортын төлөө энэ насны амьдралаа зориулж хар цагаан, хатуу хүтүүг туулж явахдаа сэтгэлийн хат суусан, юманд болгоно бүтээнэ “Би чадна” гэж ханддаг нь өөрт нь аз жаргал бэлэглэдэг аж.
Цаг хугацааг жинхэнэ хөдөлмөрч хүн л эзэгнэдэг гэдэг. Тэгвэл гавьяат тамирчин буурал маань зуунаас зуунд дамжсан он жилүүдийг хичээл зүтгэл, спортын гялалзсан амжилтуудаараа өнгөлж явнам.
Тиймээ цагийг эзэлсэн гайхамшигтай хүмүүний нэг нь Т.Цэрэндолгор гуай мөнөөс мөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)