Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Завхан аймгийн Тосонцэнгэл сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулья.

 

Тус сумын 100 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Бадамсүрэн, Ө.Батзул нар тэргүүтэй 128 бөх зодоглосон нь сумын наадамд улсын цолтнууд олон оролцсон тохиолдол байлаа. Уг барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул улсын шинэ начин, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, “Кевико” компанийн бөх М.Амарсанаа түрүүлж Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Бадрах өргөө” компанийн бөх Ө.Батзул үзүүрлэжээ. Их шөвөг буюу дөрөвт улсын үнэн зоригт харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо нар шалгаран үлдсэн тухай мэдээлжээ. Түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг найман сая, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр гурван саяар байлжээ.

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн улсын баяр наадамд М.Амарсанаа найм давж улсын начин цол хүртсэн юм.

Тэрбээр анх 2015 онд Хэнтий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин цолд хүрсэн бол 2017 онд Завханыхаа баяр наадамд цолоо бататгасан, 2019 онд мөн аймгийнхаа баяр наадмаар улсын заан М.Лхагвагэрэл (тухайн үед аймгийн заан байв)-ээр найм даван түрүүлж аймгийн арслан болж байв. Түүний улсын начин болсон барилдаанаас сонирхуулбал, аймгийн арслан Б.Баянмөнх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Б.Очирхүү, улсын заан Б.Бат-Өлзий нарыг давсан юм билээ. Үзүүр бөх улсын залуу начин Өлзийсайханы Батзул Орхон аймгаар овоглодог бөх байлаа. Тэрбээр аймгийн цолыг харцагаас эхлэн хүртсэн.

2020 онд Орхон аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон бол Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадамд аймгийн хурц арслан М.Амарсанаагаар дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав давж улсын начин цолтой болсон юм.

Заал танхимын барилдаануудад уран гоё барилдаанаараа тодорч үзэгчдийг шуугиулдаг байсан юм тэр. Даангүй хурдан шуурхай барилддаг, учраагийн хийсэн мэхийг мэдэрдэг талаараа онцгой нэгэн.

Улсын баяр наадмаар учраа бөхдөө биед нь хүрэлгүйгээр өвдөг шороодуулж байсан нэг бичлэг зурагтаар хааяа гардаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)