С.УРТНАСАН

 

Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтныг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нарийвчлан шалгаж байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын онцлог, хууль эрх зүйн орчин, зарим үр дүнгийн талаар ярилцав.

 

-ХОМ-ийг шалгаж байгаа ажил нь үр дүнгээ өгч байна уу. Жил болгон л албан тушаалтнууд ХОМ-ээ гаргадаг, тэдний үүрэг хариуцлага нэмэгдсэн үү?

-Албан тушаалтнаас ХОМ-ийг жил бүр гаргуулан авч хянаж байгаа нь өөрөө авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Энэ асуултад хариулахаасаа өмнө ХОМ-ийг хэзээнээс эхлэн бүртгэж авсан талаар товчхон дурдмаар байна.

 Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдаад 2007 онд анх удаа төрийн албан хаагчдаас ХОМ-ийг гаргуулан авч эхэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд нийгэмд хөрөнгө, орлогын мэдүүлэг, түүний ач холбогдлын талаар ямар ч ойлголтгүй байсан. Зарим улстөрчид болон бусад төрийн албан хаагчдын зүгээс Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байна. Хувь хүний нууцад халдаж байна гэх зэрэг шүүмжлэлүүд гарч байсан. 2007 оны зургаадугаар сарын 15-ны дотор албан тушаалтнуудын ХОМ-ийг улсын хэмжээнд бүртгэн авах үйл ажиллагааг анх удаа зохион байгуулсан. Тухайн үед 1200 орчим мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй, 750 орчим албан хаагчид хугацаа хожимдуулж мэдүүлж байсан. Харин одоо улсын хэмжээнд жил бүр 50.000 орчим мэдүүлэг гаргагчаас 99.5-100 хувьтай цахим системээр бүртгэн авч байна.

Тэгэхээр мэдүүлэг гаргагчдын зүгээс ХОМ-ээ гаргаж бүртгүүлэх үүрэг хариуцлага нь дээшилсэн, хуулийн хугацаанд гаргаж хэвшсэн гэж ойлгож болно. Харин мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх, орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосон эсэх, хөрөнгийн эх үүсвэр нь үндэслэлтэй эсэх, нуугдмал хөрөнгө байгаа эсэхийг хяналт шалгалтын үйл ажиллагаагаар тогтоогддог. Энэхүү хяналт шалгалтыг АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ дашрамд хэлэхэд, албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтын талаарх мэдээллийг АТГ-аас цахим системд байршуулдаг нь иргэд, олон нийтийн хяналтад бас давхар өгч байгаа явдал гэж ойлгож болно. 

-Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ?

-Хамгийн том хяналт бол иргэдийн хяналт, оролцоо. Хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэж, хадгалахаас илүү тухайн жилд олсон орлого, хөрөнгийг нь АТГ-аас нээлттэй, ил тод байршуулж, олон нийтэд мэдээлж байна. Энэ нь нэг талаас  албан тушаалтан өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар ажиллаж байгаа гэдгээ олон нийтэд харуулах баталгаа, нөгөө талаас нийтийн албанд шударга, ил тод, хариуцлагатай  байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу ХОМ-ийг хүлээж аваад тухайн жилийн II улиралд багтаан цахим сайтад нээлттэй байршуулдаг. Энэ жилийн хувьд 2024 оны зургаадугаар сарын 30-нд http://www.xacxom.iaac.mn –д мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийн хураангуйг нээлттэй байршуулсан. Энэ цахим санд нийтийн албан тушаалтнуудын сүүлийн таван жилд мэдүүлсэн ХОМ бүртгэлтэй байх бөгөөд аль онд орлого нь өссөн, хөрөнгө нь хэзээ нэмэгдэж, буурсан гэх зэрэг үзүүлэлтүүд харагддаг. Ингэснээр иргэд, олон нийт албан тушаалтны ХОМ-тэй нэгбүрчлэн танилцах, хяналт тавих, гомдол мэдээлэл гаргах, шалгуулах боломж бүрдэж байгаа. Мөн хэвлэл мэдээлэл болон судалгааны байгууллагууд албан тушаалтнуудын ХОМ-т судалгаа, дүн шинжилгээ хийх боломжтой.

-Авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл эрмэлзэл чухал. Засгийн газраас Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа зохион байгуулсан. Харин ХОМ-ийг бүртгэх, хянах үйл ажиллагаатай холбоотойгоор эрх зүйн орчинд өөрчлөлт орсон уу?

-Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас авлигын эсрэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, удирдах албан тушаалтны хариуцлагыг чангатгах, зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасан зохих хариуцлагыг ногдуулж байх талаар тодорхой зохицуулалтыг оруулж байна.

Үүний нэг илрэл нь УИХ-аас 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг АТГ-аар хянуулаагүй шууд томилсон тохиолдолд томилсон эрх бүхий албан тушаалтан буюу байгууллагын удирдлагад нь “хариуцлага тооцох” асуудлыг тусгайлан оруулж өгсөн. Ингэснээр удирдах албан тушаалтны дур зоргоороо томилгоо хийдэг, сонгон шалгаруулалтгүйгээр томилох явдал багасаж байгаа. 2024 он гарсаар хууль зөрчиж, томилгоо хийсэн нийт 31 удирдах албан тушаалтанд АТГ-аас сахилгын арга хэмжээг тооцуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.

Зарим байгууллагын удирдах албан тушаалтан нь хуульд заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэхгүйгээр нэр дэвшигчийг тухайн албан тушаалд шууд томилдог, томилсны дараа мэдүүлгийг хянуулах зөрчлүүд багагүй гарч байна. Тус хэлтсээс цахим систем дээрээ тулгуурлан албан тушаалд томилогдсон байдалд хяналт тавихад өнөөдрийн байдлаар 100 гаруй албан тушаалтан буюу орон нутаг, сумдад анхан шатны нэгжид албан тушаалд шууд томилсон  зөрчлүүд  байна. Бид томилсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтнуудад харицлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар  ажиллаж байна.

Мөн улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавигдах хориглолт, хязгаарлалт буюу УИХ-ын гишүүн болон төрийн өндөр зарим албан тушаалтны эхнэр, нөхөр, хамтран амьдрагч хүүхэд нь төрийн албаны удирдах албан тушаал, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газарт удирдах албан тушаал хашихыг мөн хуулиар хориглож өгсөн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт болон ХАСХОМ, ХАСУМ-ийн маягтыг шинэчлэн баталсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөлт орсон маягтаар мэдүүлэг гаргагчид ХОМ гаргах юм. Энэ хүрээнд шинээр батлагдсан маягтын дагуу мэдүүлгээ хэрхэн гаргах талаар АТГ-аас заавар боловсруулан хүргэхээр ажиллаж байна.

Авлигын эсрэг хууль 2006 оны долоодугаар сарын 6-ны өдөр батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 23 удаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш өдийг хүртэл 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

-Тэгвэл он гараад албан тушаалтнууд ХОМ-ээ шинэ маягтаар гаргах нь ээ?

-Албан тушаалтнууд дан ганц ХОМ гаргадаггүй, хувийн ашиг сонирхлоо давхар мэдүүлдэг буюу ХАСХОМ гаргаж өгдөг. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор ХАСХОМ-ийн маягтыг өөрчилсөн буюу өмнөхөөс бага зэрэг нэмэлтүүд орсон. Жишээлбэл, мэдүүлэг гаргагч нь давхар ажил эрхлэлтийнхээ талаар мэдүүлнэ. Мөн тээврийн хэрэгслээс гадна техник тоног төхөөрөмжүүдийг мэдүүлэхээр болсон. Улмаар таван хошуу малаас гадна ашиг шимийг нь ашиглах болон бусад хэрэгцээнд зориулан үржүүлж байгаа амьтан буюу гахай, тахиа, зөгий, нохой, бусад амьтныг мэдүүлэхээр маягтад өөрчлөлт орсон. Түүнчлэн мэдүүлэг гаргагч, түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд байгаа аливаа хэлбэрийн виртуал хөрөнгө буюу криптовалют, койн, токен зэргийг мэдүүлэхээр байгаа. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшихдээ мэдүүлдэг ХАСУМ-ийн маягтад мөн өөрчлөлт орсон тул АТГ-аас мэдүүлгийг хэрхэн гаргах талаар сургалтын ажлыг тогтмол явуулж байна.

-Иргэд олон нийтийн дунд гарч байгаа нэг шүүмж бол албан ту­шаалтны орлогыг хянаад байдаг, зар­­­лагын асуудлыг хянадаггүй, ца­­лин­гаасаа давсан хэрэглээтэй албан тушаалтнууд байгааг шал­гахгүй байна гэдэг. ХОМ шалгахдаа зар­лагын асуудлыг давхар шалгадаг уу?

-АТГ-аас албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг. 2024 он гараад эхний аравдугаар сарын байдлаар 280 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаснаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгасан.

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 46 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх арга хэмжээг тооцуулсан байна. Харин өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нэр бүхий 27 албан тушаалтныг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж байна.

Албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгахдаа хөрөнгө, орлогыг хэд хэдэн оны байдлаар хооронд нь харьцуулах, нэмэгдэж буй  хөрөнгийн эх үүсвэр нь  хууль ёсны орлого буюу цалин, хөлсний  орлогоор бий болсон эсэх, мөн түүний гэр бүлийн гишүүдийн  ажил эрхлэлтийн байдал, орлогын түвшин, хамт амьдарч байгаа эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүхдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, тэдгээрийн шилжилт хөдөлгөөн, улмаар тухайн эд хөрөнгүүд нь мэдүүлэг гаргагчийг албан тушаал, ажил үүргийг хэрэгжүүлж байх хугацаанд бий болсон эсэх гэх мэт олон хүчин зүйлүүдийг хянан үздэг.

-“Үндэслэлгүй хөрөнгөжих” гэдгийг яг яаж тогтоодог вэ. Жишээ хэлж болох уу?

-Шалгалтаар зарим албан тушаалтнууд албан үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавьж шийдвэр гаргахдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгодог, улмаар бусдад давуу байдал бий болгосны төлөө өөртөө ашигтай нөхцөлийг бүрдүүлж эд хөрөнгө олж авдаг. Мөн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогын түвшин нь худалдан авах эх үүсвэрт хүрэхгүй, худалдан авах чадваргүй байхад хөрөнгө нь жилээс жилд өссөн үзүүлэлттэй, үүнийгээ үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадахгүй байвал хууль бус орлогоор тухайн хөрөнгийг бий болгосон гэж үздэг. Тухайлбал, шинээр худалдан авсан орон сууцны эх үүсвэрийг “бусдаас зээлсэн мөнгөөр авсан” гэж тайлбарладаг боловч зээлийн гэрээ байхгүй, хувь хүн хуулийн этгээд, банкнаас зээл авсан гэх үндэслэл тогтоогддоггүй. Банк болон ББСБ-аас их хэмжээний зээл авсан, тухайн зээлийг богино хугацаанд төлж барагдуулсан боловч энэ нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн  хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хууль ёсны цалин, орлогоос давсан байдаг. авто тээврийн хэрэгсэл байхгүй гэж мэдүүлсэн хэрнээ хувийн хэрэгцээндээ хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг байнга унаж хэрэглэдэг. Гэтэл хамаарал бүхий этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах орлогын эх үүсвэргүй байдаг. Өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг ба уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан гэх мэт хахуулийн шинжтэй үйлдэл болон авлигын гэмт хэргийн шинжүүд илэрдэг. Эдгээр тохиолдлуудад тухайн мэдүүлэг гаргагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэн МШХ-тээ шилжүүлдэг.

-Албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгах ажиллагаа нь өөрөө их нарийн төвөгтэй, хувь хүний эд хөрөнгө рүү орох, цаашлаад гэр бүлийн гишүүдийн орлого,  хөрөнгө гээд хувь хүний нууцтай холбоотой зарим зүйлийг хөнддөг байх. Хяналт шалгалтыг явуулахад хүндрэл бэрхшээл байна уу?

-Мэдээж нэг албан тушаалтны ХОМ-ийг шалгахад маш их цаасан материал цуглуулах,   баримтжуулах, цугларсан баримтуудаа шинжлэх, дүгнэх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн нотолж баримтжуулдаг. Нэг албан тушаалтны ХОМ-ийг шалгах нь багагүй цаг хугацаа шаарддаг ажиллагаа юм.            

ХОМ-ийн хяналт шалгалт явуулахад Банкны тухай хуулиар албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн банкны дансны гүйлгээг авч, хянан шалгах боломжгүй байгаа нь хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрэн дүүрэн шалгах, нуугдмал хөрөнгийг илрүүлэхэд хүндрэлтэй байна.  Харин 2023 онд УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн орлого, зарлага, татвар төлөлтийг хянах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно”, “Орлогоосоо давсан зарлагатай, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлөх, эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” зэрэг зохицуулалт орсон. 

Эрх зүйн орчинг бүрдүүлж хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь арилжааны банкуудаас холбогдох лавлагаа, мэдээллийг цаг алдалгүй гаргуулан авч, хууль бус орлого, хөрөнгийг  илрүүлэх, цаг хугацаа хэмнэх, сэжигтэй, эрсдэлтэй гүйлгээг тогтоох, орлогоос гадна зарлагын асуудлыг нягтлан үзэх, хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох, зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргагчдад хариуцлага тооцуулах, цаашлаад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож байгаа авлигын гэмт хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)