П.АМГАЛАНБАЯР
Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн хоёрдугаар бүрэлдэхүүн гуравдугаар сарын 26-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаас үзэгчдэд хүрэх гэж байна. Уг жүжгийн нэгэн шигтгээ, шинэ өнгө төрх УДЭТ-ын студи ангийн жүжигчин Т.Намсрайг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оороо онцоллоо. Тэрээр эбин кэботын дүрээр үзэгчтэйгээ уулзах юм.
Театрын бүтээл бол амьд харилцааны урлаг. Давтагдашгүй нандин мэдрэмж, догдлол, жүжигчдийнхээ үйл хөдлөл, яриа, алхаа гишгээ бүрийг мэдрэх боломжийг олгодог. Тэгвэл та театрын оргил бүтээлүүдийн нэг болох “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгээс жүжигчдийн дүр бүтээлт, сонирхолтой үйл явдал, өрнөл , театрын гэрэлтүүлэг, орчин, хөгжмийн зохиомжийг мэдрэх боломжтой.
-“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн эбин кэботын дүрд ажиллаж байгаа. Дүрийн мөн чанар, онцлогийг тодотговол?
- Эбин кэбот нь ширүүн ааш зантай, дураараа 25 настай залуу. Жүжиг эхлэхэд их ганцаардсан, зөвхөн эд хөрөнгийн төлөө шунадаг залуу байсан бол гол дүрийн эмэгтэй абби ирснээс хойш хэрхэн өөрчлөгдөж, жүжиг дуусахад бүх зүйлийг ойлгож, ухаарч байгаа залуугийн дүрд ажиллаж байна.
-Анх энэ дүрд сонгогдсоноо мэдээд их л баярласан байх?
-Тэгэлгүй яахав. Бидний ярилцаж байгаа энэ 17 дугаар өрөө бол манай театрын бүх жүжгийн уншлагуудаа хийдэг газар. Бага тайз гэж хэлж болно.
Америкийн зохиолч, Южин О’Нийлийн уг жүжиг нь “Тамын дурлал” нэрээр монгол хэлнээ орчуулагдсан. Уг зохиолын нэр нь “Хайлаас модны доорх хүсэл тачаал” нэртэй зохиол. Энэ удаа Б.Наранбаатар найруулагч “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” гэсэн нэртэйгээр үзэгчдэд хүргэж байгаа.
Жүжгийн уншлага эхлээд хоёр хоног болж байсан. Тухайн үед дүрүүдээ зарлаагүй байсан. Уран бүтээлчид тойрч суугаад жүжгээ шимтэн сонсож уур амьсгалаа мэдэрдэг. Гурав дахь өдрийн уншлага дээр дүрүүдээ зарласан. Тэгээд эбин кэботын дүрд Т.Сэргэлэн, Т.Намсрай гэж дуудсан. Хүмүүс баяр хүргээд алга ташаад их л гоё мэдрэмж төрсөн. Тэгээд жүжгийнхээ уншлага дээр суугаад бэлтгэлээ хийж эхэлсэн.
-Бэлтгэл дээр дүрээ илүү таньж мэдэх цаг хугацаа байдаг болов уу?
- Мэдээж жүжгийн гол хэсэг бол уншлага, ширээний ажил гээд бэлтгэл ажил байдаг. Бэлтгэл дээр маш сайн мэдрэмжтэй байх, мэдрэмжүүдээ олж авах ёстой. Өөрийгөө 100 хувь бүрэн дайчлах хэрэгтэй. Жүжигчин, найруулагч бие биенийгээ хөглөж байж сайн уран бүтээл гарна гэж Б.Наранбаатар багш маань бас СУИС-ийн багш нар маань хэлдэг байсан.
Ах, эгч нар маань бүгд л тусалж дэмжиж байгаа. Тоглолт дээр үзэгчтэйгээ харьцах, өгөлт , авалт жүжигчдийн тал дээр зөвлөгөө өгдөг. Энэ дээр ийм байвал ямар вэ, надад ингэж санагдлаа гээд өөрсдийнхөө саналыг хэлнэ. Түүнийг тусгаж авч тоглолтдоо тусгаад явж байгаа.
-Уг жүжгийн зохиолоо уншаад төрсөн мэдрэмж?
-Оюутан байхдаа зохиолоо уншаад ажиллаж үзээд, мэдрэмжээ аваад, зохиолынхоо уур амьсгалыг ойлгосон байсан. Харин дүр дээр ажиллана гэдэг бол ялгаатай. Найруулагчийн задаргаа, задаргаанаас яаж тоглох вэ гээд илүү их ур чадвар, хичээл зүтгэл хөдөлмөр шаардана.
-Удахгүй эбин кэботын дүрээр тайзнаа гарах гэж байна. Шинэ өнгө төрх, эрч хүчийг үзэгчид мэдрэх байх аа?
-Сандарч, догдолж байна. Бас эрч хүч ундарч байна, гал цог байна, улам илүү л шатаж байна даа. УДЭТ-ын тайз бол маш том тайз. Үе үеийн чадварлаг уран бүтээлчид гараагаа эхэлсэн байдаг. Хоёр багш маань хүртэл олон жил ажилласан.
Би 2024 онд СУИС-ийн мюзиклийн ангийг гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, зөвлөх багш ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийнхаа удирдлага дор төгссөн. Хавар нь сургуулиа төгсөөд IX сард УДЭТ-ын орсон. Мэдээж УДЭТ бол жүжигчин мэргэжлээр сурч байгаа хүн бүрийн л ажиллахыг хүсдэг мөрөөдлийн газар. Би оюутан байхаасаа театртаа ажиллахыг мөрөөддөг байсан.
Багаасаа хүндэлж , биширч, уран бүтээлийг нь шимтэн үздэг байсан хүмүүстэй нэг газар хамт ажиллахад сүрдэх мэдрэмж төрж байсан. Бас хүн утсаар ярихаар ажил дээрээ байна гэж хэлэх мэдрэмж нь урамтай , бахархмаар санагддаг.
-Жүжигчин мэргэжилтэй болох нь хүүхэд насных нь мөрөөдөл байв уу?
-Анх хуульч болно гэж боддог байлаа. Нэг удаа театрын тэмцээн болсон юм. Тухайн тэмцээнд хамт оролцож байсан найзууд, ах эгч нар, бас тухайн үеийн орчин мэдрэмж, уур амьсгал нь эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Хуульч болно гэж боддог байсан чинь яг сургуулиа төгсөх үед зорилго маань өөрчлөгдсөн. СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт яваад дахиж ирээд шалгалт өгнө дөө гэж бодсон. Тэгээд л шалгалтдаа тэнцэж СУИС-д орсон доо.
-Мэргэжлийнхээ сайхан бүхнийг мэдрээд уран бүтээл дээр ажиллах ямар байна вэ?
-Би өөрөө хүсэж дурлаж хийж байгаа учраас мэдээж сайхан. Бүх зүйл нь амттай, аз жаргалтай санагддаг. Заримдаа амьдралаас авч байгаа мэдрэмжүүд яг тэр үзэгдлийн мэдрэмж энэ байсан гэж олж авна.
-Жүжигчин хүн бүрд ажиллахыг хүсдэг мөрөөдлийн дүр гэж байдаг. Өөрийнх хувьд ямар дүрүүдэд ажиллаж өөрийгөө сорихыг зорьдог вэ?
- Би яг одоо мөрөөдлийнхөө нэг дүр дээр ажиллаж байна. Хайр дурлалтай дүр дээр ажиллаж үзэхийг хүсдэг байсан. Мэдээж олон дүрд л ажиллаж, хувирч өөрийгөө сорьж, олон талаас харахыг хүсдэг.
Намайг энэ дүр дээр сонгож ажиллуулж итгэл хүлээлгэсэн жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар багш, ажиллаж байгаа бүх жүжигчдээ, тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, ах эгч, багш нар, найз нөх бүгдэд нь баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 51 (7548)