Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа найруулагч Б.Тулга-Очирыг онцоллоо. Тэрээр шинэ уран бүтээл болох “Арван зургаатай ээж” уран сайхны киногоор үзэгчтэйгээ уулзаж буй.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар яриагаа эхэлье?
-Зохиолч Ж.Бямбасайханы “Арван зургаатай ээж” өгүүллэгээр мелодрам кино хийсэн. Бодит явдлаас сэдэвлэсэн уг киногоороо дамжуулан өнөөгийн нийгэмд төрөлтийн нас залуужиж буйг, цаашлаад эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, анхаарал хандуулахгүй байна гэсэн санааг гаргасан. “Арван зургаатай ээж” кино маань өнөөдрөөс IPTV-гээр цацагдана.
-Та өмнө нь хэд хэдэн аймшгийн киноны найруулагчаар ажилласан. Энэ удаа үзэгчдэд өөр өнцгөөр харагдах нь ээ?
-Хамгийн анхны уран бүтээл маань зохиолч Ж.Бямбасайханы “Хүний хүүхэд” зохиолоор хийсэн сэтгэхүйн аймшгийн кино байсан. Өмнө нь монголд сэтгэхүйн аймшиг жанраар кино гарч байгаагүй. Дараа нь “Гурван булшны тарчлаан” ахуйн аймшгийн уран сайхны кино хийсэн. Харин энэ удаа жанраа сольж үзэхээр шийдэж “Арван зургаатай ээж” мелодрам кино хийлээ.
-Энэ төрлийн кинонд ажиллахад ялгаатай зүйл юу байв?
-Мелодрам кино хүнд хүрэх сургамж нь илүү. Бас жүжигчидтэйгээ ажиллах, санаагаа ойлгуулахад илүү ойр болов уу. Мэдээж жанр өөр ч гэсэн бүх төрлийн уран бүтээлийн процесс адилхан л өрнөнө. Аймшгийн кино бол цочоолт, дүр хувиргалт дээр харин драмын жанр бол жүжигчдийн сэтгэл хөдлөл, текст, үйл хөдлөлөөрөө илүү үзэгчдэд хүрдгээрээ онцлог.
-Найруулагч жүжигчнээ сонгоно гэдэг маш чухал. Дүрийн сонголт дээр хэрхэн анхаардаг вэ?
-Олны танил уран бүтээлч гэхээс илүүтэй шинэ, залуу жүжигчидтэй хамтарч ажиллахыг зорьдог. Учир нь шинэхэн цаасан дээр зохиолч бичихтэй адил шүү дээ.
Ер нь зохиолоо уншиж байх үедээ дүрээ хайдаг. Мэдээж мундаг жүжигчид орж ирнэ. Тэд агуу жүжигчин, миний хайрладаг хүмүүс. Гэхдээ магадгүй өөр ямар жүжигчин тухайн дүр дээр тохирох вэ гэж хайдаг.
-Уран бүтээл бүхэн өөр өөрийн гэсэн өнцөгтэй байдаг. Найруулагчийн хувьд бүтээлүүддээ ямар санаа шингээхийг зорьдог вэ?
-Хэтрүүлэг багатай, амьдралтай зохиол дээр ажиллах дуртай. Уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд болохгүй байгаа асуудлуудыг хөндөж гаргахыг зорьдог.
-Та “”UBS телевизэд киноны дуу оруулагчаар ажиллаж байсан байх аа? Их мэдрэмж шаардсан ажил санагддаг?
-2009 онд Кино урлагийн дээд сургуулийг гавьяат жүжигчин Ш.Цэцэгийн удирдлага дор төгсөж 2010 оноос “”UBS телевизэд киноны дуу оруулагчаар ажилласан. Киноны дуу оруулагч бол мэргэжлийн жүжигчдийн ажил л даа. Дүрсээ харна, жүжигчнийхээ үйл хөдлөл бүрийг мэдэрнэ. Миктэйгээ ажиллана гээд их мэдрэмж шаарддаг.
-Киноны дуу оруулагчаас найруулагчийн ажил руу хөрвөхөд юу нөлөөлөв?
-Мэдээж киноны дуу оруулагч жүжигчний ажил маань сонирхолтой ч яг кинон дээр ажиллаж байгаа шиг мэдрэмжийг авч чаддаггүй. Тиймээс 2021 оноос уран бүтээлдээ илүү төвлөрч ажиллая гэж шийдсэн.
-Таны хамгийн анхны найруулагчаар ажилласан ямар уран бүтээлүүд байв?
Анх “Орохыг хориглоно” гэсэн богино хэмжээний кино хийсэн. Үеийнхэн маань нэлээн туршлагатай болсон байсан. Тийм болохоор найзууд, дүү нартайгаа хамтарч хамгийн анхны уран бүтээлээ хийсэн. Хамтарч ажилласан хүмүүсээсээ их зүйл сурсан.
Харин анхны бие дааж хийсэн кино бол “Үйлийн үрийн дэн буудал”. Багаа бүрдүүлээд натурт гарахаас өмнө зохиолоо сайн судлаад тийм юм хийх ёстой. Энэ зураг авалтыг хийгээд болохгүй бол ийм сцен нэмнэ гэсэн найруулагчийн зохиолыг гаргаад л ажилласан. Мэдээж мэдэхгүй, чадахгүй зүйл байсан. Зураг авалтынхаа группийг амраагаад шөнөжингөө зохиол дээрээ суугаад ажилладаг байлаа.
Энэ киногоо IPTV-гээр гаргахаар хийж байсан. Тухайн үед киногоо гаргасны дараа мэдээж сэтгэл хөөрөлтэй байсан. Алдаагүй кино гэж юу байх вэ гэж өөрийгөө зөвтгөдөг байсан ч найзуудын маань зөв байсан. Харин бие дааж ажилласан “Үйлийн үрийн дэн буудал” киногоо үзчихээд “Тулгаа чи болоогүй байна” гэсэн бодол төрсөн. Анхны бие даасан бүтээлээ хийсэн хүн баярладаг бол би их сургамж авч байсан даа. Шинэ уран бүтээл бүхнээсээ суралцаж, туршлага хуримтлуулаад явдаг.
-Уран бүтээл олон хүний хөдөлмөр, цаг хугацаанаас бүтдэг багийн ажил. Ямар арга барилтай ажилладаг найруулагч вэ?
-Би найруулагч гэхээс илүүтэй кино багийнхантайгаа найзууд болохыг хүсдэг. Мэдээж хүн бүрийн хийж байгаа ажил үнэ цэнтэй. Хамгийн эхлээд зураачийн ажил урагшилж байж бидний ажил хурдан явна гэж хардаг. Хүн хүч багатай бол өөрөө очоод тусалчихдаг.
“Абрахам дивиз” продакшны хамт олонтой хоёр дахь уран бүтээл дээрээ хамтарч ажиллалаа. Бас гурав дахь уран бүтээлээ хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Дүү нартайгаа ажиллахад ойлголцож чаддаг. Зураг авалтын үед харцаараа нэгнийхээ юу хэлэх гэж байгааг мэддэг болчихдог юм байна лээ.
Уран бүтээл хийх үед хүн бүрээс шинэ зүйлийг сурч, мэддэг. Ардын жүжигчин Г.Равдан гуайн хүү, Соёлын тэргүүний ажилтан Баттогтох ах, Т.Лхагвадулам эгч, Ариука найз маань дүрдээ маш сайн ажилладаг. Бас УДЭТ-д ажиллаж байсан Бадарч ах маань байна. Зохиол дээрээ маш сайн ажиллана. Орой унтахдаа зохиолоосоо адис аваад, өглөө зураг эхлэхэд түрүүлж сэрээд хувцсаа өмсчихсөн “Зураг хэзээ эхлэх вэ найруулагч аа, миний зүгээс туслах зүйл юу байна” гээд л явж байдаг. Дүү нараасаа ч гэсэн суралцах зүйл их байдаг. Жишээлбэл, Соёлын тэргүүний ажилтан Д.Бямбацогт ахын хүү Балжинням маань хамт олноо нэг баг болгож чаддаг.
-Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Найруулагч мэргэжлийн ажлын онцлог, сайхан тал нь гэвэл та хэрхэн тодотгох вэ?
-Толгойгоо гашилгаад зохиол дээрээ ажиллах л найруулагчийн ажлын маань жаргал байдаг. Нэг шилдэг санаа олоод утасныхаа дуу хураагуур дээрээ тэмдэглээд үлдээчихдэг. Тэр санаагаа уран бүтээлдээ оруулчхаад, түүнийгээ үзээд сууж байх нь хамгийн сайхан мэдрэмж.
“Арван зургаатай ээж” кинон дээр зураг авалт дуусчихсан байсан. Киноны хар монтажийг үзэхэд нэг л юм дутаад байсан. Тэр нь нэг тийм нандин хайрын хэсэг. Ерөөсөө тэр хэсгийг л авахгүй бол болохгүй санагдаад маргааш нь кино багийнхантайгаа холбогдоод “Орой 16:00 цагаас Эрдэнэ сум руу хөдөлнө. Хоёр гол дүрийн хайр дурлалын сцен авна” гэсэн. Тэгээд манай багийнхан үүр цайтал зураг авалтаа хийсэн. Энэ бүхэн л мэргэжлийн маань сайхан нь.
-Шинээр гарч байгаа кинонуудыг үздэг үү. Найруулагчийн өнцгөөс танд хамгийн их таалагдсан ямар кино байна вэ?
-Орчуулгын киноны жүжигчин байсан учраас бусад орны бүх жанрын киног үзсэн. Тиймээс гадаад кино гэхээс илүүтэй Монголын уран бүтээлчдийнхээ хийсэн киног үзэх дуртай. Миний үеийн найруулагчид ийм түвшинд явж байна гэж өөрийгөө харьцуулж, дүгнэлт хийдэг. Сүүлийн үед үзсэн кинонуудаас гэвэл Баатар найруулагчийн зураг авалтын шийдлүүд нь таалагддаг.
-Ярилцлагынхаа төгсгөлд цаашдын уран бүтээлийнх нь богцоос хуваалцмаар байна?
-Төлөвлөж байгаа уран бүтээл их байна. Эмгэнэлт, инээдэм жанр хосолсон шинэ уран бүтээлээ тавдугаар сард гаргахаар ажиллаж байна. Энэ бүтээлийн онцлог нь Монголд эмгэнэлт, инээдэм жанр хосолсон дэлгэцийн уран бүтээл одоохондоо байхгүй. Мөн өөрийн бичсэн Монгол, БНХАУ, ОХУ-ыг холбосон томоохон “Жинчин” төслөө Хятад руу явуулсан, хүлээж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 47 (7543)