МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын намын хорооны болоод нийслэлийн анхны ИТХТ-ийн даргаар ажиллаж байсан Жигжидсүрэнгийн Ядамсүрэнтэй Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Т.Баасансүрэн дэлгэрэнгүй ярилцжээ. Ярилцлагын эхний хэсгийг хүргэж байна.

 

-Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 гаруй жил өнгөрлөө. Өмнөх нийгмийн үеийн зарим үйл явдал мартагдаж эхэлж байна. Хорвоогийн жамаар мэддэг ахмадуудын тоо ч цөөрч эхэллээ. 30-аад жилийн өмнөх зарим үйл явдлын талаар хоёулаа тодруулж хөөрөлдвөл ямар вэ. Тухайлбал, өнгөрсөн зууны 1980-аад онд засгийн эрх баригч МАХН-ыг шинэчлэх “Арван таван эрдэмтэн” санал санаачилга гарч, Монголын нийгмийн анхаарлыг татаж байсан билээ. Тэрхүү хөдөлгөөнд оролцогч нэг эрдэмтэн нь та. Та нар яагаад юуны учир тийм санаачилга гаргасан юм бэ. Ямар үр дүнд хүрэв гэж асуувал өөрөөс чинь сонин хариулт сонсоно гэж бодож байна?

-Сэргээж ярина гэдэг хэцүү л асуудал байна. Гэхдээ ярилцъя.  Бидний хэдэн нөхөд Монголд өөрчлөлт шинэч­лэлт удаан явагдаж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл юуны өмнө тэр үеийн төрийн эрх баригч МАХН-ыг яаралтай шинэчлэх шаардлага тулгарсныг ойлгосон юм. Засгийн эрх баригч МАХН-ыг шинэчлэн өөрчлөх замаар нийгмийг бүхэлд нь шинэчилж болно гэж үзэж, намын онол үзэл баримтлал, бодлого, бүтэц, зохион байгуулалт, үзэл суртал, үйл ажиллагааг шинэчлэхийн төлөө нэгдэцгээсэн гэхүү дээ.

Ингээд төрөл бүрийн мэргэжлийн эрдэмтдийг цуглуулж МАХН-ыг шинэчлэх, үүний тулд түүний программ, дүрмийг үндсээр нь өөрчлөн боловсруулах ажилд орцгоосон.

МАХН-ын үндсэн баримт бичгийг шинээр боловсруулсны дараа бидний ажлыг намын удирдлага хүлээн авч хэрэгжүүлэх, эсэх нь эргэлзээтэй байсан учраас ярилцаж байгаад эхлээд МАХН-ын Төв хороонд ил захидал бичиж нийтэд хандах нь зүйтэй юм гэж шийдэцгээсэн. Захидлынхаа төсөл дээр ажиллаж, хэд хэдэн удаа хэлэлцэж, эцсийн хувилбараа бэлэн болгосон. Энэ нь олон нийтийн зүгээс дэмжлэг авахыг хичээсэн хэрэг. Захидлаа “Үнэн” сонинд хэвлэж өгөх, эсэхийг мэдэхгүй, юуны түрүүнд тус сонины ерөнхий эрхлэгчтэй уулзах нь зөв гэж ярилцсан. Л.Түдэв гуай бидний төлөөллийг уриалгахан хүлээж авсан. Бид “Иж бүрэн шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй” гэж нэрлэсэн ил захидлаа авч очсон. Л.Түдэв гуай биднийг эелдэг, аядуу, илэрхий зөөлөн, сайхан, гэхдээ сониучирхсан байдлаар хүлээн авч, Монгол оронд үүссэн өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж, маргаашийн сонинд тавья гэж хэлсэн. Захидал үнэхээр л маргааш нь буюу 1990 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн “Үнэн” сонинд хэвлэгдсэн л дээ.

-Ингэж санаа бодлоо нийгмийн анхааралд хүргэсэн юм байна. 1980, 1990-ээд онд эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн салхийг монголын сэтгүүлчид, тухайлбал Л.Түдэв тэргүүтэй “Үнэн” сониныхон эхлүүлсэн нь бодит үнэн. Үүнийг сэтгүүл зүйн судлаачийн хувьд би батална. 2009 онд хэвлүүлсэн “1921 оны Ардын хувьсгал ба монголын хэвлэлийн хөгжил /дэд дэвтэр/ номынхоо I бүлгийг энэ сэдвээр бичсэн юм. “Үнэн” сонин өөрчлөлт шинэчлэлийн хөрс суурийг бэлтгэж нийгмээрээ хүлээн авах аятай таатай уур амьсгалыг бүрдүүлсэн билээ. Та нар эхлээд Л.Түдэв ахайтанд хандсан чинь зөв алхам болжээ. Харин боловсруулсан баримт бичгүүд, санал санаачилгыг тухайн цаг үеийн нам, засгийн дээд эрх баригчид ямархуу байдалтай хүлээж авсан бэ?

-Бидний шинээр боловсруулсан намын мөрийн хөтөлбөр, дүрмийн төслийг намын программ, дүрмийг шинэчлэх комисс дээр болон 1990 оны гуравдугаар сарын 6-нд Ж.Батмөнх даргын өрөөнд хийсэн хурлаар тус тус ярилцсан. Багаахан засвар орсон, тэгээд намын их хуралд оруулахаар эрдэмтэд боловсруулсан гэсэн тайлбартайгаар комиссын нэрээр мөрийн хөтөлбөрийг, бидний нэрээр дүрмийн төслийг 1990 оны гуравдугаар сарын 8-ны “Үнэн” сонинд хэлэлцүүлэг байдлаар хэвлэсэн дээ. Намын гишүүд дэмжигчдийн, иргэдийн саналыг авч эхэлсэн. Өргөн олон түмэн талархан дэмжсэн шүү.

Дараа нь Намын онц их хурлаар хэлэлцэж батлан, Монгол оронд ардчилал, ил тод байдал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт байдал, өөрчлөлт шинэчлэлийн үйл явц хэрэгжих эхлэлийг тавьж өгсөн юм. Ийнхүү бид хэд эрх баригч намыг хөдөлгөөнд оруулж нийгмийг өөрчлөн шинэчлэх, Монгол эх орондоо ардчилал, ил тод байдал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн. Бидний санал санаачилга, зориглож хийсэн ажил Монгол Улсын улс төрийн тогтолцоог шинэчлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, хүний эрх, эрх чөлөөг хангах, бусдаас хараат бус гадаад бодлого явуулах эрх баригч намын бодлого шийдвэр болж, улмаар төрийн бодлого болон үргэлжилсэн. Үүнд их урамтай явдаг. Гэхдээ тэр үед бид улс орны туулж өнгөрүүлсөн 30 жилийн дараах өнөөгийн өнгө төрхийг бүхэлд нь гүйцэд урьдчилан харж чадаагүйг ч бас хэлэх учиртай. Бид нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд яг тэр үед хүрээгүй байсан, түүнийг урьдчилан хараагүй юм. Түүхийн үйл явц харин бидний төсөөлж байснаас хавьгүй хурдацтай, эрч далайцтай өрнөсөн л дөө.

-Монголын нийгмийг залуу үеийнхэн доргиож эхэлсэн он жилүүд байсан л даа. Нам, улс төрийн хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг ар араасаа төрж гарсан. Нэргүй, Зардыхан гэх зэрэг эрдэмтдийн нэр их тодоор дуулдаж эхэлсэн цаг үе.

- Тиймээ тэр үнэн. Нийгмийг гүн гүнзгий нойрноос сэрээсэн улс бол чухамдаа Монголын Ардчилсан холбооны гишүүд байсан. Залуучуудад анхандаа иргэний зориг л байсан. Тэд ч анхандаа өнөөгийн ийм нийгэмд хүрнэ гэж бодоогүй байсан байх.  Харин “Арван тавын бүлэг” хэмээх бидний эрдэмтдийн хэсэг нийгмийн ардчилсан урсгалд арай өөр замаар татагдан орсон улс. Бид анхандаа цөөн монголчууд, түүний тэнхэлгүй нийгмийг хямралдуулж, ахин бусдын зууш болгочихгүй юмсан гэсэн чин зорилгодоо хөтлөгдөн тэр үедээ төрийн жолоог чанга атгаж байсан МАХН-ыг дотроос нь шинэчлэх замаар нийгмийг аядуу тайвнаар өөрчлөн шинэчилж болно хэмээн найдацгааж, түүндээ итгэж ажилласан. Бид хэдүй цөөн боловч намыг шинэчлэхэд хувь нэмэр оруулах гэж чин сэтгэлээсээ зүтгэцгээсэн минь бодит үнэн билээ. Үүнийг энэ намын үйлс, түүний шударга гишүүдэд үнэнч байгаагийн илэрхийлэл байсан юм гэж зарим нөхдийн бичсэнтэй санал нийлдэг шүү. Ингэснээр ардчилал, шинэчлэлийн үйл явц тайван замаар хурдацтай өрнөх бололцоо бүрдэж, улмаар гүнзгийрэн өргөжиж ардчилсан хувьсгалд хүрсээн. Таны надаас асуусан гол үр дүн энэ л болов уу даа.

-1980-аад онд Монголд эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтийн манлайд эрх баригч МАХН-ын Төв Хорооны нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдээс хэн хэн явж байв. Та нарт яаж хандаж байсан бэ? Тусалж дэмжсэн үү?

 - Юуны өмнө би МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Намсрай гуайг нэрлэнэ л дээ. Түүний ажил хэрэг, үйл ажиллагааг зөв үнэлэх хэрэгтэй Бас улс төрийн товчооны гишүүд хэдийгээр цөөхүүлээ байсан ч гэсэн бүгдээрээ өөрчлөлт шинэчлэлийн төлөө байцгаасан юм шүү гэдгийг хэлье. Ухарч хойш суусан нь үгүй.Бидний 15-ын нууцархуу ажиллаж эхлэх үед намын дээд удирдлагаас эхлээд яах нь мэдэгдэхгүй битүү хатуу, хэцүү байсаан, үнэнийг хэлэхэд бидэнд айдас ч их байсан. Гэтэл удаа ч үгүй байтал бидний үйл ажиллагааны тухайд дэлгэрэнгүй мэдээлэл намын дээд удирдлагын сонорт хүрсэн байсан. Тэд биднийг талархан дэмжиж, бүр ажлаас чөлөө олгож, ажиллах байр хүртэл гаргаж өгсөн. Үнэхээр дэмжсэн, гэхдээ байдал хэцүү л байсан л даа. Тэдэнд бидний хийснээс өөр, тухайн цаг үед таарах боловсруулсан шинжлэх ухааны гүнзгий үндэслэлтэй, баталгаа нотолгоотой баримт бичиг бэлэн байгаагүй юм.

-МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх энэ бүхнийг юу гэж үзэж байв. Та тэр үед дэргэд нь их ойрын албан тушаал хашиж байсан шүү дээ. Ер нь Монголын түүхэнд эзлэх энэ хүний түүхэн байр суурийг та юу гэж бодож байна. Эерэг нь илүү юу, эсвэл сөрөг тал нь давуутай юу. Урьд нь хэн ч мэдэхгүй шахам байсан жирийн нэг л багш хүн шүү дээ. Багшийн хувьд хүнд гологдохгүй багш, муугүй эрдэмтэн байсан байх аа. Харин чадамгай, гарамгай удирдагч байсан гэж би бодохгүй л байна шүү. Ю.Цэдэнбал дарга “нутгархаж” суга татаж гаргаж ирсэн, дээш дээш нь дэвшүүлсэн гэж зарим хүн ярилцдаг. Тэр хүн ачийг нь ачаар хариулж чадсан уу, эсвэл үгүй юу?

-Сүүлчийн хэсэг яасан хүнд асуулт вэ. Энэ бол миний хариулах асуулт биш байна. Ж.Батмөнх дарга Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн үзэл бодол руу сүүл рүүгээ орсон хүн гэдгийг би хэлж чадна. 1990 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 15:00 цагт Төрийн ордоны А танхимд Нам, төрийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн эхэлсэн. Намын Төв Хорооны дарга нар, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга нар, бүх сайд нар цугларсан гэсэн үг л дээ. Уг зөвлөлгөөнийг Ж.Батмөнх дарга хөтлөн явуулсан. “Улаанбаатар хотод нийгмийн хэв журам сахиулах онцгой арга хэмжээний тухай” урьдчилан бэлтгэсэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийн төслийг Ц.Готов гуай цугларагсдад уншиж сонсгосон юм. Хэд хэдэн дарга үг хэлсний дараа Батмөнх дарга агуулгыг зангидан үнэлж дүгнээд зарлигийн төсөлд гарын үсэг зурахгүйгээр уг төслийг хэвээр нь үлдээсэн. Хэрэв зарлигийн төсөлд Батмөнх дарга гарын үзэг зурсан бол эвгүй байдалд орж мэдэх байсан юм гэдгийг хэлэх байна. Батмөнх дарга аядуу зөөлөн хүн шиг мөртөө хүний аяар хүн биш байсан юм шүү.

-Урьдчилж бэлтгэл хангалгүйгээр, Улс төрийн Товчоогоор хэлэлцэж шийдэл гаргалгүйгээр уг нам, төрийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнийг хийлгэсэн болж байна уу. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга зарлигийн төсөл уншиж байгаагаас харахад урьдчилж ярилцаж санал солилцсон нь ойлгомжтой юм биш үү?

-Энэ зөвлөлгөөний яг өмнө нь Улс Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлыг гурав хоногийн дараа эхлэх МАХН-ын Төв Хорооны бүгд хуралд оруулахаар УТТ-ны хурлаас шийдвэрлэчихсэн байсан. Үйл явдал тэр дагуу өрнөж эхэлсэн. Ж.Батмөнх дарга уг асуудлаар нийтэд зориулж мэдээлэхээр Нам төрийн удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гарч шууд албан өрөө рүүгээ орсон. Оройн 19:00 цагаас дарга өрөөнөөсөө мэдэгдэл хийсэн. Яриа товчхон, 20 минут орчим үргэлжилсэн. Түүний мэдээллийн гол санаа нь УТТ огцрох асуудлыг гурав хоногийн дараа болох Төв Хорооны бүгд хуралд оруулах тухай байсан. Ингэж Төрийн ордон дотор нам гүм болж, хэд хоног талбайд бужигнасан хөл хөдөлгөөн тайван байдалд шилжсэн юм.

Улс Төрийн Товчоо огцрох тухай мэдэгдэл хийж, дараагийн дарга нараа олж сонгохыг МАХН-ын Төв Хорооны дарга нарт даалгаж, өөрөө огцрох асуудал оруулах бүгд хуралд тавих илтгэлээ бичиж эхлэхэд нь би хоёр бүтэн өдөр, шөнө яг хажууд нь байсаан. Хувь заяаны эрхээр багшийгаа төр толгойлох том албан тушаалаас буухад дэргэд нь “уяатай байж” таарсан. Тэр үед Төв Хорооны Намын байгууллагын хэлтсийн намын ажил эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан учраас тэр.

Уул нь МАХН-ын Төв Хорооны 1990 оны гуравдугаар сарын бүгд хуралд Ц.Намсрай дарга илтгэл тавихаар урьдчилан шийдвэрлэсэн, илтгэлийн төсөл бэлэн болчихсон байсан юм л даа. Гэвч улс орны улс төрийн нөхцөл байдал ийнхүү гэнэт огцом өөрчлөгдөж, Ж.Батмөнх дарга шаварт унасан шарын эзэн гэгчээр гурав хоногийн дараа болох VIII бүгд хуралд тавих илтгэл дээрээ өөрөө суух болсон. Цаг хугацаа тулчихсан, түүнд туслах хүн байгаагүй. Энэ үйл явдлын дараа тэрээр нэг талаас нуруун дээрх том ачаагаа авч сэтгэл санаа нь амарсан байх, нөгөө талаас бүгд хуралд тавих илтгэл санааг нь ихэд зовоож амраагаагүй байх аа, энэ гурав хоногт. Дарга илтгэлээ хоёр хоног контортоо сууж нухаж бас гэртээ гараараа бичиж, маншиндуулж нийлэх үүргийг надад өгч байсан юм. Манай хэлтсийн зөвлөх Н.Багабанди энэ ажилд надад тусалж хонож байж билээ.  

Ж.Батмөнх дарга уул нь миний эзэмшсэн мэргэжлийн минь багш нарын нэг л дээ. Намайг МУИС-д сурч байхад тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректороор ажиллаж, бидэнд Улс төрийн эдийн засгийн ухааны хичээл заадаг багш нарын нэг байсан юм. Миний курсын ажлыг удирдаж байсан багш минь. 1974 оноос МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, БНМАУ-ын СнЗ-ийн дарга, 1984 оноос МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан, түүхэнд яах ч аргагүй нэр нь бичигдэж үлдэх ёстой нам, төрийн том зүтгэлтэн.

Огцрохоо зарласны дараах мөч сонин, их содон байсан, огт мартагддаггүй юм. Энэ үед Ж.Батмөнх дарга багш хүн учраас мундаг байж билээ. Өндөр албан тушаалаас буух нь гэсэн цочролыг би л лавтай нүүр царайнаас нь олж хараагүй ээ. Багшаа би буруутгаж чадахгүй нь. Буруу нь гэвэл энэ хүн дараагийн замгамжлагчаа нэр цохон сонгож зааж хэлээгүй, төрийн жолоог бусаддаа даатгаж орхисон явдал л байх.

- Багшдаа хир халдаахгүй хамгаалж байна. Гарынх нь итгэмжит шавь байсан бол аргагүй ээ. Энэ бол хүний ёс. Ойлгож байна. Асуултаа цаг хугацааны хувьд бага зэрэг урагш гүйлгэж өөр нэг зүйлийг тодруулья. Өнгөрсөн зууны наяад онд болж өнгөрсөн НТХ-ны нэг Бүгд хурал бий. Төв Хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрай илтгэл тавьсан билүү, яасан билээ. Монгол дахь өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэхэд чиглэсэн хурал байсан, харамсалтай нь хурлаас дэвшүүлсэн зорилт шийдвэр нь сүүлд олигтой хэрэгжээгүй, тэгсхийгээд мартагдах тийшээ хандаж зогсонги байдалд орсон. Учир шалтгаан нь таны бодлоор юунд байв?

 -Би ч Ж.Батмөнх багшийн мундаг итгэлтэй шавь нь байгаагүй л дээ. Надад бусдын адил нэг семестрийн хугацаанд л хичээл зааж дэвшин ажилласан багш нарын минь нэг байсан. Би болсон явдлын үнэн мөнийг л ярьж байгаа юм.

1980-аад оны дундуур ЗХУ болон социалист орнуудад “перестройка”, “гласность” өрнөж эхэлсний нөлөөн дор БНМАУ-д өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал мэдрэгдэж эхэлсэн шүү дээ. Манай оронд перестройка, гласностийн нөлөөг таны хэлдэг 1988 оны арванхоёрдугаар сарын эцсээр хуралдсан МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал улам сэдрээсэн юм. Энэ бүгд хурлаар “Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилтын тухай” нэлээд өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн. Өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санаа өргөн олны дэмжлэгийг ч авсан. Гэхдээ социализмаас татгалзах тухай яриагүй л дээ, улс нийгмийн хөгжлийн байдлын талаарх манай эрдэмтдийн таамаглал төсөөлөл тэр хэмжээнд хараахан хүрч чадаагүй, нийгмийн сэтгэл зүй ч үүнд бэлтгэгдэж амжаагүй байсан цаг үе. ЗХУ дахь өөрчлөлт шинчлэлийн удирдагч М.С.Горбачёв өөрөө хүртэл социализмыг улам боловсронгуй болгож төгөлдөршүүлэх, шинэчилж сайжруулах тухай л ярьж байсан болохоос мухардалд орсон гэж дүгнэх цаг хугацаа нь хараахан болоогүй байсан үе.  НТХ-ны V бүгд хурлаас хойш хөдөлмөрчдийн бүхий л давхаргынхны нийгэм улс төрийн идэвх урьд өмнө байгаагүйгээр оргилон бадарсан нь харин бодит зүйл.

Мөн яг энэ үеэс эхлэн МАХН-ын гишүүн эрдэмтэд-эдийн засагчид, философичид, социологичид, түүхчид өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр шүүмжлэлтэй санааг нийтэд ил гарган зоригтойгоор тавих эхлэл тавигдсан юм. Эхлэл нь МАХН-ын Төв Хорооны дэргэдэх сургалт, судалгааны хоёр байгууллагын зарим эрдэмтдээс үүдэлтэй байсан. Тухайлбал, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтын эрдэмтэн К.Зардыхан, Я.Цэгмид, С.Дашдаваа нарын “Өөрчлөн байгуулалт БНМАУ-ын хөгжлийн зарим асуудал” өгүүлэл “Намын амьдрал” сэтгүүлийн 1988 оны 2 дугаар сард хэвлэгдсэн. Дараа нь1989 оны нэгдүгээр сард К.Зардыхан, Г.Чулуунбаатар бид гурвын бичсэн “БНМАУ дахь социализмын хөгжлийн үзэл баримтлалын асуудалд” өгүүлэл 1989 онд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон. 

Энэ үед мөн хэд хэдэн эрдэм шинжилгээний хурал янз бүрийн төвшинд зохион байгуулагдаж, бид оролцож санаа оноогоо хэлж, заримыг дэмжүүлж, заримд нь гадуурхагдаж өнгөрч байсан удаатай. Бид тэр үеийн зарчмаар МАХН-ын дүрэм, программыг бүрэн хүлээн зөвшөөрч МАХН-ын гишүүний болзлыг хангаж намд элссэн хүмүүс. Та сайн мэднэ. Харин цаг үе зөөлөрч эхэлсэн үед анхлан зориг гаргасан л улс юм. Улс орны хөгжлийн цаашдын төлвийг тодорхойлох талаар ийнхүү МАХН-ын гишүүд эрдэмтэд хүчин чармайлт гаргах явдал тэр үед үнэхээр чухал байсан юмаа.

-Санал нэг байна аа. НТХ-ны V бүгд хурал цаг үеэ олсон чухал асуудлыг буюу намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилтын тухай хэлэлцээд тодорхой удирдамж чиглэл өгчээ. Өөрөөр хэлбэл намын үйл ажиллагаа, үзэл суртлын ажлын арга барилаа өөрчилж шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн. Шийдвэрээ ч гаргажээ, харин хэрэгжилтийг нь хангасангүй. Зохион байгуулсангүй. Яагаад тэгсэн юм бол?

-Харин тиймээ. МАХН-ын Төв Хорооны дараагийн VI (1989), VII (1989) хоёр ч бүгд хурлаар дээрх асуудлыг цаашид гүнзгийрүүлэхгүйгээр аж ахуйн асуудал хэлэлцэж хүмүүсийг гайхшралд хүргэсэн. МАХН-ын Төв Хорооны VII (1989) бүгд хурал эхлэхийн урьд өдөр арванхоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрийг тохиолдуулан хэсэг залуус Нийслэлийн залуучуудын соёлын төвд цуглаан хийж, олон намын систем тогтоох, эрх зүйт төртэй болох, хүний эрхийг эрхэмлэх, хэвлэлийн эрх чөлөөг олгох гэх мэт лоозон барьж, цуглаанаас Ардчилсан холбоо гэх байгууллага үүсэн байгуулагдсаныг зарласан санагдана. Бас Төв Хорооны бүгд хурал, АИХ-ын чуулганд тодорхой шаардлага бүхий өргөх бичиг ирүүлсэн юм.

Энэ үед улс орны удирдлага МАХН-ын удирдах дээд байгууллага гол цөм болох Улс Төрийн Товчоо орлогч гишүүдээс гадна тавхан гишүүнтэй болчихсон, хүч чадавх нь суларчихсан байсан үе гэх үү дээ. 1984-1989 онд чөлөөнд гаргасан долоон гишүүнийг нөхөн сонгож чадаагүй байсан юм.

-Эрх баригч нам өөрийн анхалж гаргасан санаачилгаа алдаж алгуурласан, асуудалд хөшүүн хойрго хандсаар байсан. Товчоор хэлбэл огцом олигтой шинэчлэгдэж чадахгүй дүлэгнэсээр санаачилгаа бусдад алдсан гэж би бодож явдаг юмаа. Тэр үеийнхнээс нэг биш хүн ингэж хэлдэг юм шүү. Удирдагчийн талаарх миний түрүүчийн асуултад өөрөө тойруу замаар бараг хариулчихлаа даа. Ж.Батмөнх дарга аливаа асуудалд яаравчлахгүйгээр ул суурьтай хандаж удаан хугацаагаар бодож боловсруулж байж шийдвэр гаргадаг хашир улс төрч байсан ч түүнээсээ болоод цаг алддаг байсан гэж хамт ажилладаг зарим улстөрчид нь ярьдаг юм билээ.

1980-аад оны өөрчлөн байгуулалт, нийгмийн шинэчлэлийн өрнөлтөд ч энэ нь нөлөөлснийг үгүйсгэхгүй шүү. Санаачилж эхлүүлсэн ажлаа тууштай үргэлжлүүлэлгүй дараа дараагийн НТХ-ны бүгд хурлаар өөр өөр асуудал хэлэлцүүлснээс ч энэ нь харагдаж л байна.

-Өнгөрсөн зууны наяад онд эхлэл нь тавигдаж ерээд онд Монголд олон ургальч үзэл жинхэнээрээ өрнөсөн. Ил тод байдал, ардчиллын давалгаан үүссэн. Хэн юү гэж хэлэх нь, үнэлж дүгнэх нь тэдний эрх чөлөө болж хөгжиж бэхэжсэн шүү дээ.

-Монголд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлд хүчтэй түлхэц үзүүлсэн МАХН-ын ТХ-ны VIII бүгд хурлын (1990 оны) талаар тодруулж ярихгүй юу. Онц их хурал хуралдуулах тухай гэх зэрэг олон хурц асуудал хэлэлцсэн. Үүн дээр тухайн цаг үед хэн юу гэж ярьж байв аа. УТТ-г огцруулах асуудлыг урьдчилан хэлэлцээд ТХ-ны Бүгд хуралд оруулж ирсэн байлгүй дээ.

-МАХН-ын Төв Хорооны VIII Бүгд хурлын хэлэлцэх гол асуудал бол МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоог огцруулах, Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах шийдвэр гаргах асуудал байсан. Энэ бүгд хурлыг хуучин шиг Улс Төрийн Товчооны гишүүдээр удирдуулалгүй Тэргүүлэгчид сонгож удирдуулсан. Энэ хурал бүтэн 3 өдөр шөнө дамнуулан хаалттай хуралдсан юм. Асуудлаа шийдвэрлэж ч чадсан.

Эрх баригч МАХН-ын түүхэнд анх удаа Онц их хурал хуралдуулах шийдвэр гаргаж, онц их хурлаараа МАХН-ыг эрс өөрчлөх баримт бичгийг батлан гаргасан нь хамгийн том, агуулгаараа монголын нийгмийг шинэчлэх, дэлхий дахины нийтлэг хөгжилтэй хөл нийлүүлж хөгжүүлэх бололцоог бий болгосон юм. МАХН өөрийгээ шинэчилж чадснаар 100 жилийн түүхээ ч бүрэн бүтэн үнэнээр нь бүтээх эхлэлийг тавьсан. Нийгмийн хөгжилд өргөн бололцоог бий болгосон юм.

Энэ бүгд хурал дээр тэр хүн тэгж ярьсан, энэ хүн ийм асуудал тавьсан гэж гишүүдийн хэлсэн үгийн тоймыг одоо хэлэх боломжгүй л дээ. Бүгд хурлын баримт бичиг хэвлэгдсэн учраас тэндээс л харах хэрэгтэй.

УТТ-г огцруулах асуудлыг Бүгд хуралд оруулсны дагуу л шийдвэрлэсэн. Намын удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгосон. Асуудал хэлэлцэх явцад УТТ-ны ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн. Энэ асуудлыг Бүгд хурлаас өмнө нь 1990 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас эхлээд гуравдугаар сарын 09-ний өдрийн хурал хүртэлх хугацаанд УТТ-ны болон Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 10-аад хурлаар хэлэлцсэн байдаг, бас УТТ-ны, АИХ-ын Тэргүүлэгчдийн болон БНМАУ-ын СнЗ-ийн хамтарсан хурлаар ч хэлэлцсэн. Тэгж байж бүгд хуралд оруулалгүй яахав.

 -МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурал гэсэн хатуу хавтастай зузаан ном бий. Хэвлүүлснийх нь дараа тус намын ТХ-ны нэгэн дээгүүр албан тушаалтан дургүйцэж уг номыг тараагаагүй гэж сонссон юм байна. Бодвол нийтэд тараалгүй устгалд оруулсан буй заа. Яагаад тэгсэн юм бол. Тэр номыг Таныг хэвлүүлсэн гэж би сонссон, үнэн үү? Эрх баригч намын түүх чинь бичигдэж үлдэж байх ёстой биз дээ. Нууж хаагаад байх ямар хэрэг байна.

 - Энэ ном одоо бараг олдохгүй л болов уу даа. Ганц нэг хүнд бий нь бий л байх. МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлын баримт бичгийг илтгэл, тогтоолын хамт хэвлэж ирсэн практикийн дагуу л эрхэлсэн ажлын хүрээнд хэвлүүлсэн л дээ. Өмнөх бүгд хурлуудын хэвлэгдэж байсан хэмжээтэй харьцуулбал нэлээд зузаан, Төв Хорооны гишүүн бүрийн хэлсэн үг бүрэн эхээрээ орсон, бүр хатуу хавтастай хэвлэсэн юм. Энэ бүгд хуралд Төв Хорооны болон Намын хянан шалгах комиссын гишүүд бараг бүгд үг хэлсэн л дээ, үг хэлээгүй үлдсэн цөөхөн хүмүүс хэлэх үгээ бичгээр өгсөн юм. Бүгдийг оруулж хэвлэсэн. Өмнө нь гишүүдийн хэлсэн үгийг хэвлэдэггүй байсан ч, энэ удаад номонд бүгдийг оруулж хэвлэсэн.

Цаг үе хэцүү, хэлэлцсэн асуудал хүнд, гишүүдийн хэлсэн үг хурц, хурал хаалттай явагдсан болохоор, намын удирдлагад олон жил болсон хүмүүсийн ажлын тухай ярьсан болохоор, цаг хугацааны шалгуураар гаргасан шийдвэр, хүмүүсийн хэлсэн үг удалгүй шүүгдсэн болохоор тэр үед үг хэлсэн хүмүүст хүнд туссан байж мэднэ. Тэр хурал анх удаа ямар нэгэн урьдчилж бэлтгэсэн сценаргүйгээр шийдвэрүүдээ гаргасан юм.

Хаалттай хуралдсан Бүгд хурал дээр хүмүүсийн хэлсэн бүх үг бүрэн бүтнээрээ, бас гаргасан шийдвэрүүдтэйгээ хамт ном болж хэвлэгдсэн юм.

 - Монголын төр, засгийг дөчин жил тэргүүлсэн Ю.Цэдэнбал, түүнийг тойрон хүрээлэгчдийг шүүсэн Төв Хорооны хаалттай энэ бүгд хуралд Та биечлэн оролцсон хүний нэг шүү дээ. Тэр үед ТХ-ны гишүүн болчихсон байсан уу?

Ю.Цэдэнбалыг, түүнийг тойрон хүрээлэгчдийг хамгийн хурцаар, бодитой тодорхой баримт дэлгэн шүүмжилсэн хүмүүс хэн хэн бэ, үзэл бодлоо үнэмшүүлж баталж чадаж байсан уу. Өөрт чинь юу гэж санагдаж байв. Уг бүгд хурлаас 1984 онд Ю.Цэдэнбалыг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөхөд Намын Төв Хорооноос түүний үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлтийг хүртэл хүчингүй болгосон санагдаж байна. Мөн ч сүрхий туйлширсан даа.

 - Энэ бүгд хуралд Төв Хорооны гишүүн биш 4-5 хүн л ажил үүргийн дагуу оролцсон. Төв Хорооны гишүүн болоогүй байсан БНМАУ-ын СнЗ-ийн нэгэн орлогч дарга, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн хоёр эрхлэгч, Нууцын тасгийн дарга, стенографист гэх мэт. Миний бие тэр үед Төв Хорооны гишүүнээр сонгогдоогүй байсан ч эрхлэх ажлын хүрээнд оролцсон.

Ю.Цэдэнбал даргын асуудлыг Бүгд хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж энэ бүгд хурал дээр тусгайлан ярихаар эхлээд төлөвлөж оруулаагүй юмаа.  Бүгд хуралд үг хэлсэн хүмүүсийн ихэнх Ю.Цэдэнбал даргын үйл ажиллагааны талаар хатуу шүүмжлэл өрнүүлсэн. Хурлын явцад санал гаргаж, МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII (1984 оны) Бүгд хурлын шийдвэрт Ю.Цэдэнбал даргын талаар гаргасан эерэг заалтыг шууд хүчингүй болгож, түүнийг МАХН-ын эгнээнээс хөөсөн тогтоол баталсан даа.

Харин Төв Хорооны VIII Бүгд хурал дээр цөөн гишүүн, тухайлж хэлбэл С.Удвал гуай их болгоомжилж, сануулах маягаар жинтэй үг хэлж байсан нь одоо ч миний санаанд байна аа. Тийм хүмүүс цөөхөн, тэгэхдээ байсан шүү.

Сарын дараа МАХН-ын Онц их хурлаар төлөөлөгчдийн гаргасан саналын дагуу энэ тухайд “шуурсан” шүү дээ. 1960-аад оны эхнээс 1984 он хүртэл Цэдэнбал даргатай хамтран ажилласан Улс Төрийн Товчооны гишүүд, орлогч гишүүд, Нарийн бичгийн дарга нар, Сайд нарын зөвлөлийн зарим орлогч дарга нарын үйл ажиллагаанд намын ёс зүй сахилгын үүднээс дүгнэлт өгөх комисс байгуулж ажиллуулсан л даа. Товчоор түүнийг Тойрон хүрээлэгчдийг шалгах комисс гэж нэрлэж байсан. Их юм болсоон болсон.

-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг дээ. Тус бүгд хурлаас /МАХН-ын ТХ-ны ээлжит бус 1984 оны VIII бүгд хурал/ Ю.Цэдэнбал даргын үйл ажиллагаанд өгсөн эерэг үнэлэлт дүгнэлтийг хүчингүй болгож, МАХН-ын гишүүнээс хөөгөөгүй бол сарын дараагаар ингэж хуй салхин эргэлдэж шороон шуурга шуурахгүй л дээ. Эхлэл нь эндээс эхтэй гэж боддог.

Аливаа үйл явдлын буруу, зөв эсэх нь цаг хугацааны шүүлтүүрээр аяндаа шүүгддэг. Цаг хугацаа бүх зүйлийг байр сууринд нь тавьдаг. Ю.Цэдэнбалыг өнөөдөр түүх ч, шүүх ч цагаатгачихсан. Түүнийг МАХН-аас хөөж, бүх одон медалийг нь хурааж авч байх үед дараа нь ийм юм болно гэдэгт хэн ч итгэхгүй л байсан болов уу. Тэгэхдээ С.Удвал гуайгаас эхлээд бас хэлж ярьж анхааруулж байжээ. Тийм хүмүүсийн нэг нь МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Паавангийн Дамдин гэж бодож байна.

Д.Хатанбаатар гэдэг сэтгүүлч тэр хүний тухай “Аж үйлдвэрээр овоглосон төрийн сайд” /УБ. 2010/ ном бичсэн байдаг юм. П.Дамдин түүнд Би 1986 оны 8 дугаар сард Унгарт амраад нутаг буцахдаа Москвад онгоц хүлээж өнжсөн боломжийг ашиглаж өвгөн даргатайгаа гэрт нь очиж уулзсан, 70 насны ой нь удахгүй болох гэж байсан тул баяр хүргэсэн. “Нутагтаа ирсний дараахан УТТ-ны нэг хурал дээр зарим нөхөд Цэдэнбалтай уулзсан байна” гэж зэмлэх өнгө аястай яриа гаргахад нь “Цэдэнбалыг энд дарга байхад нь та бид нар яаж хайрлаж хүндэтгэж байлаа. Одоо болохоор хүний нутагт өвчтэй байхад нь эргэж тойрсны юу нь буруу байгаа юм, надад хэлээд өгөөч гэхэд Ж. Батмөнх жаахан зовсон шинжтэй за за тарцгаая гэж байж билээ”. Ю.Цэдэнбалын “дэмжлэгээр төр засгийн өндөр албанд дэвшсэн цөөнгүй хүн насных нь эцэст эвгүй хандсан даа. Зарим нь уулзахаасаа ч зайлсхийдэг байсан. Тэр бүү хэл энэ хүний ачаар улсын удирдлагад гарсан Ж.Батмөнх, Д.Содном хоёр өвгөн даргын шарилыг /сүүлд/ оршуулахад ч очоогүй нь хачирхалтай” /номын 146-149 дэх тал/ гэж гайхширсан байдаг юм. Өнгөрсөн түүхийн болж өнгөрсөн үйл явдлын талаар илэн далангүй хөөрөлдөж байгаа болохоор би үүнийг хэлмээр санагдчихлаа. Одоо энэ сэдвийг орхиё. Хөөрөлдөөнөө өөр сэдэвт шилжүүлье. Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажилласан он жилүүдийнхээ сонин содон үйл явдлын талаар товч дурсахгүй юу мэдээлэл өгөх зорилгоор. Янз янзийн л юмтай нүүр тулж явсан байлгүй.

-Энэ одоо сонин гэж үү. Миний бие МАХН-ын удирдлагад нийтдээ таван жил орчмын хугацаанд ажилласан юм. Намд сонгогдон ажилласан сүүлчийн албан тушаал нь энэ л дээ. Тэр үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга гэх хоёр даргатай, Удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй ажиллаж байсан. Одоогийнх шиг Намын дарга гэх орон тоо байгаагүй юм.

Намайг намын удирдлагад ажиллахад эхний гурван жил дараалан Намын их хурал, завсар зайгаар нь олон бүгд, бага хурал хуралдсан. Тэр болгоны илтгэл, шийдвэрийн төслийг боловсруулах ажилд оролцсон л доо. Зав чөлөө тун багатай байлаа.

Хамтран ажилласан хүмүүс маань мундаг улс байсаан. Ж.Батмөнх даргын үед түүний даргалсан хуралдааны шийдвэрээр ажилд томилогдож, Г.Очирбат, Б.Даш-Ёндон гэх хоёр даргын дэргэд тэдэнтэй хамтарч ажилласан нь надад их аз завшаан болсон гэх үү дээ. Бас Б.Сумьяа, Л.Түдэв, Ц.Гомбосүрэн, Н.Мишигдорж гээд монголын том сэхээтэн эрдэмтэд ах нарынхаа тухай дурьдахгүй өнгөрвөл алдас болох байх аа. Үе тэнгийн цөөнгүй нөхөд ч мөн МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон хамтран ажиллацгаасан даа. Намын аппаратад ажиллаж байсан нөхөд минь ч нойр хоолоо хасаж, үнэхээр хурдтай сайн ажиллаж байсныг хэлэх байна.

Улс төрийн намуудын тухай хууль батлагдаж Улсын дээд шүүхэд намаа эхлээд бүртгүүлэх гэж их юм болж байлаа. Тэр үеийн Дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегийн хурлаар орж намын өмнөөс, намын туулсан түүхээр бараг л “шүүгдэж” байлаа. Сонин л санагдаж байсан шүү, тэр үед.

Шинэ Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх 1992 оны намын Бүгд хурал тун сонирхолтой, гурван бүтэн өдөр үргэлжилж байлаа. Тэр үеийн хуулиар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж нэр дэвшүүлж, улмаар Ерөнхийлөгч УИХ-д оруулж хэлэлцүүлдэг журамтай байсан. Зөвшилцөж намаас нэр дэвшүүлсэн хүнтэй өрсөлдөхөөр заалаас нэр дэвшүүлж, тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өрсөлдөн дэвшсэн хүнийг эхлээд зөвшөөрөхгүй байсан учир олон хоног гацсан. Янз янзын л юм болж байлаа.

Намайг намын нарийн бичгийн даргаар ажиллаж байхад 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тохиож, Бүгд хурлаараа Лодонгийн Түдэв гуайг Ерөнхийлөгчид дэвшүүлэхэд иргэд сонгогчид яг нүдээ олж зөв хүнээ нэр дэвшүүллээ гэцгээж байв.  Миний удирдсан баг Ю-2 онгоцоор нэр дэвшигчийн хамт эх орноо нар зөв тойрч сурталчилгаа хийж, өдөр шөнөгүй ажилласан ч ялагдал хүлээж, гонсгор хоцорч байлаа. Хэцүү л үе байсан даа.

МАХН-ын хувьд эхний он жилүүдэд орших, эс оршихын шалгуурын үе байсан юм. Социалист гэгдэгч улсуудаас манайхаас бусад орнуудын хуучин намууд бүгд хаагдсан байх. Харин МАХН өөрчлөгдөж шинэчлэгдэж үлдсэн, манай намын гишүүд хүнд хэцүү цагт цэвэр ариун ёс зүйгээ ухамсарлан нам дотроо цул байж, улс төрийн хувьд бие биесээ хардалгүй ажиллаж, аливаа асуудалд хүлээцтэй хандаж, нөхөрсөг шүүмжлэлийг өрнүүлж, алдаагаа олж харан засаж, чадал тэнхээгээ хөвчилж, оюун сэтгэлээ хатамжилж байснаар хүнд бэрхийг даван туулж чадсан гэж би боддог доо.

Миний бие намын янз бүрийн ажилд томилогдож, сонгогдож ажиллахдаа улс орон, ард олныхоо төлөө гэсэн намын бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн эрх ашгаа ямагт хойш нь тавьж ажилласнаа харин баттайгаар хэлж чадна шүү.

-Тэр үнэн байх шүү. Социализмын үеийн он жилүүдэд анх орсон хоёр гурван өрөө орон сууцандаа Та бид хоёр л үлдэж хоцорсон байна лээ. Мэддэг таньдаг улсаас цөөнгүй нь Зайсан тийшээ нүүцгээж нөхцөл байдлаа дээшлүүлсэн байх. Өөрчлөгдөж шинэчлэгдэж, өрнөж дэгжиж явахад юуны нь буруу байхав. Тэгэхдээ хувийн эрх ашгаа ямагт хойш нь тавьж байснаараа бардамнаж бахархах ч бас хайшаа юм. Тэнэг, арчаагүй хүний шинж гэж хэлэх хүн ч гарах л байх. Гэвч өөрийн бодол өөртөө зөв, тийм биз?

-Тиймээ, тэгэхдээ бид эрдэм ном, судалгаа шинжилгээний ажлаа хойш тавиагүй ээ хө. Шаргуу ажиллацгаасан. Олон ном зохиол гаргасан. Өөр өөрсдийн салбарт юм хийцгээсэн гэж бодож байна. Өөрөө бол өч төчнөөн өгүүллэг, тууж, роман хүртэл бичээ биз дээ.

-Тэр ч бас үнэн шүү. Өөрөө Улаанбаатар хотын намын хороог шилжилтийн хүнд үед хэсэг хугацаанд толгойлж ажилласан. Энэ үе өөрчлөлт шинэчлэлтийн давалгаант он жилүүд байсан. Алдаа оноо, амжилт бүтээлээсээ хуваалцахгүй юу. Аль нь илүү байв?

- Миний бие эгзэгтэй үед МАХН-ын тэр үеийн 33 мянган гишүүдийг багтаасан Улаанбаатар хотын намын хороог толгойлж нэг жил найман сар ажилласаан. Үнэхээр хүнд үе байсан. МАХН-ын жирийн гишүүдийг занаж зүхэх, доромжлох, шүүмжлэхээс эхлээд дайрч давшлах үед зарим гишүүд намаа орхиж ч байсан. Гэхдээ бид тэмцэж тэмүүлж намаа бэхжүүлж авч хоцорч чадсан.

Хийсэн ажил гэвэл энэ үед Ардын Их Хурлын болон Орон нутгийн сонгуульд амжилттай оролцож олонх болж чадсан явдал мөн гэж бодож байна.

Намуудын тухай хууль батлагдаж, намаа дан ганц орон нутгийн чиглэлээр ажиллуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. Намын байгууллагууд орон нутгийн чиглэлээр байгуулагдаж ажиллах эхлэлийг тавьсан.

МАХН энэ үед дээд, дунд төвшиндөө өөрийн байргүй байсан. Намын Төв Хороо, түүний аппаратыг Засгийн газрын ордноос нүүлгэх болсон, Хотын намын хороо мөн л өөрийн байргүй байсан. Намаа үнэнч гишүүдийнхээ идэвхтэй дэмжлэгээр бид тэр үед өөрийн гэсэн орон байртай болгосон билээ. Бага юм биш. Аргагүйн эрхэнд намын аппаратаа, орон тоогоо цөөлсөн, гишүүд маань хийж дадсан ажлаасаа салж амьдрал ахуйн хувьд насны сүүлч рүүгээ хүнд байдалд орж байсан цаг үе шүү дээ. Бүгдийг гомдоохгүйн төлөө л ажиллацгаасан даа.

Энэ үеийн нийслэлийн намын байгууллагад алдаа гэхээсээ ололт нь илүү байсан байхаа. Гэхдээ алдаа байлгүй яахав. Алдаж байж л суралцдаг, амжилтад хүрч бэхэждэг шүү дээ.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)