Т.САЙХАН

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /11.06/ болох байсан ч арванхоёрдугаар сарын 04-нд болж хойшилжээ.  Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинээр орж буй өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшилсон гэв. Түүнчлэн нэг өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ.  

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.

Эх сурвалж:www.polit.mn