Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Завхан аймгийн Сантмаргаз сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.

Сантмаргаз сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ш.Уламбаяр, Л.Лха-Очир, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 128 бөх зодоглосноос Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат “Хилчин” спорт хороо, Жем интернейшнл  ХХК-ийн бөх улсын харцага Д.Бат-Эрдэнэ түрүүлж, Алдархаан сумын харьяат, Завхан дэвжээ, Тэргүүн саруул ХХК, Гэгээнтэн корпорацын бөх, улсын харцага Л.Лха-Очир үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин М.Амарсанаа нар үлджээ.

Түрүү бөх Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ харцагын хувьд 2014, 2015 онуудад аймгийн харцага, заан цолыг авч байсан бол 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн улсын баяр наадамд  улсын харцага Д.Азжаргалаар дөрөв, улсын гарьд Ш.Жаргалсайханаар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж начин цолыг хүртсэн юм.

Энэ нь уг наадамд барилдсан аймгийн заан цолтнуудаас ганцаараа улсын цолны босго давсан бөх болжээ.

Тэгвэл Сантмаргазын наадамд үзүүрлэсэн улсын харцага Л.Лха-Очир 2014 онд улсын баяр наадамд зодоглохдоо улсын арслан Д.Ганхуягаар тав давж начин цолны эзэн болж байсан бол 2022 оны улсын баяр наадмаар тун одтой барилдаж аймгийн арслан Х.Оргилболд /начны болзол хангаад байсан/-оор зургаа давж улсын харцага болж байлаа.

Мөн 2022 ондоо Даншиг наадамд түрүүлж даншгийн арслан цол хүртсэн том амжилт түүнийх.

Л.Лха-Очир бие жижиг, чац богино ч учраадаа бярдуулдаггүйн зэрэгцээ хүний мэхийг хариулахдаа хараа сайтай өөрийн гэсэн барилдааны арга барилтай нэгэн юм.

Тэрээр заал танхимын барилдаанд тогтмол барилддаг болохоор байнгын бэлтгэлтэй нь харагддаг.

Нэгийг хэлэхэд энэ сумын наадмын шөвгийн дөрвийн нэг улсын шинэ начин М.Амарсанаа өнгөрсөн зун улсын баяр наадмаар аймгийн арслан Б.Очирхүүгээр дөрөв өнөө цагийн шилдгийн нэг улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж улсын цолтны эгнээнд жагссан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 215 (7459)