П.ЛХАГВАЖАРГАЛ

“Зууны мэдээ” сонин энэ удаа “Би номынхоо тухай” буландаа Азийн анхны эмэгтэй Нобелийн шагналт зохиолч Хан Ганы “Цагаан хоолтон” номын орчуулагч П.Номинбилэгийг урьж, ярилцлаа. Тэрээр 2016 онд Пауло Коэльогийн “Тагнуулч” романаар орчуулагчийн замналаа эхлүүлсэн билээ.

 

Монгол хэлээр заавал гарах ёстой ном гэж бодсон

 

Би найман жилийн өмнөөс англи, орос хэлнээс ном орчуулж эхэлсэн. Андрей Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагын түүвэр “Хугацаан доторх хугацаа”, Мишель Де Монтенийн намтрыг өгүүлсэн, Сара Бэйквеллийн “Хэрхэн амьдрах вэ” зэрэг хэд хэдэн номыг редакцын бодлогын хүрээнд  орчуулж байв. Харин анх удаа өөрийн санаачилгаар орчуулсан ном бол “Цагаан хоолтон”. 2024 оны тавдугаар сард номын баяраар “Цагаан хоолтон” нээлтээ хийсэн юм. Гэтэл саяхан сонирхолтой давхцал болж Хан Ган зохиолч Нобелийн шагнал авлаа. Их сонин бөгөөд сайхан мэдрэмж байна. Миний орчуулсан номын зохиолч энэ шагналыг авлаа гэхээс илүүтэй анхны ази эмэгтэй зохиолч авсан нь сайхан санагдсан. Бидэнтэй ойр Солонгосын зохиолч гэж бодохоор, хэзээ нэг өдөр монгол зохиолч авах ч юм билүү гэх итгэл төрлөө.

Гадаадад явж байхдаа “The Vegetarian” буюу “Цагаан хоолтон”-ыг анх уншсан юм. Тухайн үед гүнзгий сэтгэгдэл төрөөгүй ч өнгөрсөн жил номын сангаасаа хараад дахин уншихад заавал монгол хэлээр гарах ёстой ном байна гэх бодол төрсөн.

Миний хувьд ямар ч хэлнээс орчуулсан бай эх зохиолтойгоо аль болох адилхан байх ёстой гэж боддог. Тиймээс орчуулга хийхдээ ч энэ зарчмаа баримталсан. Хэдий би солонгос хэл мэдэхгүй ч  солонгос эхийг нь англи руу хөрвүүлж байгаад бүтэн харьцуулалт хийж ажилласан гэхэд болно.  Энэ ном 2016 онд утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох “International Booker Prize” шагналыг хүртсэн юм. Англи хэлээрх орчуулга нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй орчуулга гэсэн үг.

 

Орчуулагчийн ажлыг  хүсэл тэмүүллээр хийдэг

 

Би номыг хүнд цочроо өгч, нэгийг бодогдуулахуйц байгаасаa гэж хүсдэг. Энэ номд солонгос соёлын нарийн элементийг тусгасан байхаас гадна тэр нь монгол ахуй соёлтой  огтлолцож, сонирхолтой давхцалыг бүрдүүлсэн нь орчуулах хүслийг минь бүр л бадраасан болов уу.  Уншигч үүнийг заавал соёлын талаас  биш метафор, зүйрлэлийн үүднээс ч харж болно. Хүн болгон ижил зүйл мэдрэх боломжгүй.

Ном Ёнхэ бүсгүй хар дарж зүүдэлснээсээ үүдэн цагаан хоолтон болсноор үйл явдал нь эхэлдэг. Түүний гэнэтийн өөрчлөлтийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж байгааг өгүүлэх гурван хэсгээс бүрдэнэ. Хэдийгээр Ёнхэ үйл явдлын эхлэл, зангилаа болж түүний тухай өгүүлж байгаагаараа гол дүр мэт боловч Ёнхэгийн үзэл бодол, мэдрэмж огтоос гардаггүй нь онцлог.

Би сэтгүүлч мэргэжилтэй хүн. Орчуулгын ажил сэтгүүлчийнхтэй төстэй, ашиг орлогын төлөө биш, ажлаа гэх хайр, хүсэл тэмүүлэлд хөтлөгдөж явдаг нь сайхан санагддаг. Шинэхэн Нобелийн шагналтны алдарт бүтээлийг монгол уншигчдадаа хүргэсэндээ баяртай байна. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)