Сэлэнгийн УРТНАСАН
“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа “Хар сарнай” үсчин гоо сайхны салоны захирал уужим ухаанаар өөрийгөө урласан бүсгүй Жавын Амартайвантай ярилцлаа. Жавар хургасан өвлийн нэгэн дүнсгэр өдөр Хөвсгөл аймгийн Их уул суманд Жавын тав дахь охин болж Амартайван мэндэлжээ. Аав ээж минь хоёулаа сурган хүмүүжүүлэгч багш хүмүүс болохоор би айлын сайн охин байлаа. Одоо ч хэвээрээ гэх нь түүнийг хэчнээн танхи өссөн хүмүүжилтэй эмэгтэй гэдгийг харуулах шиг.
Ойн инженер бүсгүй гоо сайхны салбар руу “урвасан” түүх
Ж.Амартайваны аав ээж Хөвсгөл аймгийн Их уул, Тариалан сумынх. Хоёулаа ардын багш хүмүүс байжээ. “Би 23 жил хүний нутгаар явсан. Гадаадын хөгжил дэвшлийг нүдээр харах сайхан ч эх оронтой минь зүйрлэж боломгүйг энэ биеэрээ мэдэрсэн” гэж ярих нь түүний сэтгэлд эх орон гэсэн асар том орон зай байсныг илтгэнэ. Тиймдээ ч амьдралынх нь туршид нийтлэлийн баатрын маань нэгэн хэсэг болж хэлхэлдсэн гэлтэй. Харин өдгөө өөрийнхөө мөрөөдлийг биелүүлээд санаж бэтгэртлээ холдсон эх нутагтаа чанад алсын газраас эргэж ирээд сайхан амьдарч байна.
Үндсэн мэргэжил нь ойн инженер, механикч боловч өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдөн үсчин, гоо сайхны салбарт “хүч үзэх”-ээр зорьжээ. “Хар сарнай” үсчин, гоо сайхны салоноо байгуулаад одоог хүртэл амжилттай ажиллуулаад явж буй нь түүний хувьд энэ насных нь нэгэн бахархал ажээ. Зах зээлийн нийгэмд шилжих үе монголчуудад олон зүйлийг сургасан гэдэг. Хүн бүр л ганзагын наймаа сонирхож бас хийж байсан тэр цаг үед Ж.Амартайван мэргэжлийн ажлынхаа хажуугаар хувийн бизнестэй болохоор зориг шулуудсан гэдэг. Ингээд 1994-1998 он хүртэл үсчин, гоо сайхны салонаа ажиллуулж эхэлжээ.
Хүний нутгийг зорьсон нь
Айлын танхи охин Ж.Амартайван алаг үрсийнхээ мэдлэг боловсролд анхаарлаа хандуулж ирсэн тухай бидэнд ярив. “Амьдралын мөр хөөнө гэдэг шиг хүүхдүүддээ мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд Америк, Солонгос орныг зорьж байлаа” хэмээн тэрээр бага залуу насныхаа тухай ярьж байлаа. Хүний нутгийн хүйтнийг хэлэх үү, өвлийн улиралд халаалтгүй байранд амьдарч энэ амьдралын хатууг биеэрээ туулж ирсэн нь түүний амьдралын бас нэг түүх. Гэсэн хэдий ч тэрээр амьдралд нурж, бууж өгч байгаагүй ажээ. “Амьдрал дандаа дардан замаар явдаггүй. Өгсөж, уруудаж бартаа саадыг давж, туулж бардаг юм. Тиймээс би амьдралд тохиолдож болох бэрхшээлийг өөрийн чадлаар аль хэдийн туулаад гарчихсан” хэмээн ярьж суугаа Ж.Амартайван зөв замаар зогсолтгүй урагшлахад амьдралд шагнадаг юм хэмээн бидэнтэй хуучиллаа. Түүний амьдралынх тойрогт сайн муу сүлэлдсэн олон зүйл тохиолдсон ч хэнд ч гомдоллож үзээгүй гэж хэллээ. “Инээмсэглээд л туулаад гардаг юм шүү дээ” гэхдээ өнгөрсөн амьдралын өнгө бүрийг нүднээ гэрэлтүүлэх шиг өөдөөс харан инээмсэглэж суув.
Солонгост очоод амьдралын эрхээр сүүний үйлдвэрт ажиллаж байхдаа нэгдсэн системээр шинжилгээнд оруулахад элэгний хавдартай болсноо Ж.Амартайван мэджээ. Хүний нутагт хайртай бүхнээсээ хол суугаа бүсгүй дааж гарамгүй хүнд цохилтод орох шиг л санагдаж. Гэхдээ бууж өгөхгүй гэдэг бодол түүнийг эрэмгий болгож байсныг бидэнд хэллээ. “Элэгний хорт хавдартайгаа тэмцэхээр сэтгэлд шулууддаг юм билээ. Би чинь үрсээ орхиод яваад өгчхөж болохгүй гэх бодол өдөр бүр л сэтгэлийг ээрнэ. Тиймээс эрүүл байж үр хүүхэдтэйгээ жаргалтай амьдарна. Эх орондоо заавал буцаж очно гэдэг зорилго тавьсан юм” гэв. Мэдээж эргээд ирэхдээ үр хүүхдээ тэжээх, өөрийнхөө эмчилгээнд зарцуулах хөрөнгө зоорьтой байх шаардлага тулгарчээ. Тиймээс Ж.Амартайван өөрт байгаа бүхнээ зарж эмчлүүлснийхээ дараа даатгалын тухай мэдээлэл өгдөг ажил эрхлэхээр сэтгэл шулуудсан гэдэг. Учир нь эрүүл мэндийн даатгал ямар чухал болохыг хавдартай нүүр тулсан хүний хувьд биеэрээ мэдэрчээ. Ингээд л монголчуудыг даатгалын тухай мэдлэгтэй болох хэрэгтэй гэдэг бодлоо ажил хэрэг болгохоор зорьсон ажээ.
Эрүүл мэндээ золин байж цуглуулсан эд хөрөнгө, өөрийн хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан баялаг сайхан хэдий ч өвчний хажууд “хүчгүй” гэдгийг тэрээр ухаарсан учраас хоосон ч гэлээ хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийсэндээ одоо ч харамсдаггүй. Дахиад өвдөхгүй л байвал бүх зүйлээ босгож чадна гэдгээ мэдэж байсан хэмээн бидэнд хуучилсан юм. Маш их сэтгэлийн тэнхээгээр хавдрыг даван туулахдаа монголчууддаа өөрийн чадлын хэрээр, буян болно гэх сэтгэлээр тус хүргэж байсан нь түүний амьдралдаа хийсэн зөв алхам хийгээд бахархал нь ажээ.
Өгөөмөр сэтгэлээр гоёсон бүсгүй
Түүний хамгийн сайхан чанар нь өгөөмөр, нинжин сэтгэл хэмээн түүний найзууд тодорхойлсон. Харин тэрээр “Би олон удаа сайн, муу хүнтэй учирсан ч хэзээ буруу санаж, муухай зан гаргаж байсангүй. Хүмүүс надад сайхан сэтгэл гаргасанд баярлалаа. Чин сэтгэлээсээ тусалсанд баярлалаа гэж дандаа хэлдэг болохоор би ээж, ааваасаа авсан өгөөмөр зан, нинжин сэтгэлийг гээхгүй юмсан гэж хичээдэг дээ” гэж байлаа. Тиймээ тэр сайн, муутай хорвоогийн бүхий л араншныг харж, туулж, тулж байсан ч өгөөмөр, нинжин сэтгэлээр гоёсоор яваа бүсгүй ажээ.
Зүрх сэтгэлдээ үргэлж сайхныг бодож, үйлдэл болгож хийснээр хүний амьдралын хүрд тэр чинээгээр эргэдэг гэж би боддог. Биелэхгүй зүйл гэж бидний амьдралд байхгүй. Тууштай хөдөлмөрч байх хэрэгтэй гэж ярилцсан, уулзсан хэн бүхэнд тэрээр зөвлөх дуртай гэнэ.
“Миний амьдралын олон жил хүний нутагт өнгөрсөн. Тэнд хүмүүс жаргалтай амьдрахаас илүү эргэж буцаад эх орондоо элэг бүтэн амьдрахын тулд цаг хугацаагүй зүтгэдэг” хэмээн ярьж суугаа Ж.Амартайван хүний нутагт хүн эх орон, элгэн саднаа санаанд тун хэцүү байдаг юм шүү хэмээн учирлаж байв.
Ойн инженер мэргэжилтэй хэдий ч харь оронд мэргэжлийн ажлаа хийхгүй хар бор ажил хийдэг байхдаа өөртэйгөө ярьж, өөрийгөө ойлгож хайрлаж сурсан нь тэрээр амьдралаас олж авсан эрдэм гэж онцолсон. “Энэ бүхнийг даван туулахын тулд би өөрийн хийх дуртай зүйлээ олж хийж чадсан. Монгол эмэгтэй хүний ухаан гэдэг бусдыг даган дуурайхад дэндүү харамсалтай хайран санагддаг учраас би шинийг сэтгэж цор ганц гэж нэрлэгдэх зүйлийг хийхээр төлөвлөсөн. Түүний нэг нь 2003 онд хөрөг зураг хатгах патентаа авч хоёр ном гаргасан явдал” гэсэн юм.
Дэргэдэх жаргалаа хүний нутгаас хайсаар 23 жилийг өнгөрүүлсэн Ж.Амартайван үүрнээсээ ниссэн шувуу эргэж ирэхдээ мөчир зуудаг гэдэг шиг олон сургалтад хамрагдаж сурч боловсорсоор эргээд ирэхдээ эх орондоо багшлах эрхтэй иржээ. Хүний сонирхол гэдэг хязгааргүй гоо сайхнаас гадна оёж шидэх дуртай учраас эгч нартайгаа нийлж “Уран чагт охидууд” ТББ байгуулж уран хатгамлын сургалтыг Монголдоо явуулсан нь түүний амьдралын бас нэгэн түүх билээ.
“Мөрөөдөл биелдэг юм”
Өөрийн мөрөөдөл болсон үсчин гоо сайхны салон, орон гэр гээд бүх зүйлээ нүдээ аниад орхиод явсан бүсгүй нэгэн цагт хүний нутгаас эргэж ирэх сэтгэлийн хүч байсан хэдий ч зориг дутсан гэдэг. Эгч, дүүстэйгээ хамт буцаж чадаагүй ч хөдөлгөөнт дүрс эвлүүлдэг тоглоом тоглож эхлээд тэрнээсээ шинэ мөрөөдөлтэй болсон ажээ. Ингээд түүний шинэ мөрөөдөл энэ онд биелж “Ахмадын хөдөлгөөнт дүрс эвлүүлгийн клуб”-ыг байгуулан тэднийг амраах, тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлж өгчээ.
“Яагаад “Ахмадын хөдөлгөөнт дүрс эвлүүлгийн клуб” байгуулсан бэ гэж хүмүүс надаас асуудаг юм. Би хүний нутагт ажиллаж амьдарч байхдаа ахмад настнуудын амьдралын хэв маягийг нэлээдгүй анзаардаг байсан. Учир нь аав ээж минь өвчний улмаас дэндүү эрт буцчихсан болохоор ахмадуудад илүү анхаарал тавьдаг байсан юм уу даа. Өдийд байсан бол энэ хүн шиг байх байсан болов уу гэх бодол байнга л толгойд эргэлдэнэ. Тэгээд л ахмадуудын клубтэй болно гэж мөрөөдөж эхэлсэн юм шүү дээ” гэж суугаа Ж.Амартайван бүсгүй хэдийгээр аав, ээжийгээ асарч чадаагүйдээ харамсдаг ч ахмадуудын төлөө хийж чадах бүхнээ хийж, зориулж яваа ажээ.
Цаг хугацааны үнэ цэн
Нийтлэлийн баатар маань гэртээ маш олон цагийг байрлуулжээ. Энэ нь түүний хобби биш гэдгийг тэрээр тодотгосон. Учир нь Ж.Амартайван цаг харахгүй болохоор сэтгэл нь давчдаад байдаг тухай хэлэв. Тиймээс л нүд нь тусах газар бүртээ цаг байрлуулсан байлаа.
“Цаг хугацааг юугаар ч үнэлшгүй эрдэнэ. Тиймээс л цагийг үр бүтээлгүй өнгөрөөж болохгүй гэдэг хатуу зарчимтай тэрээр цаг хугацааны үнэ цэнийг бид багаасаа мэдэрч өссөн хүүхдүүд” хэмээхдээ биднийг цэцэг мэт өсгөсөн болохоор үлдсэн амьдралдаа дэлгэрч явахыг хичээдэг тэр бэлгэдлийг бодож гэр бүлийнхээ хүмүүсийн тоогоор цэцэг урласнаа сонирхууллаа.
Хүн хүнээр л дутдаг. Энэ олон жилийн хугацаанд миний эх орон гэр бүл надад дутагдаж байсан. Би өөрт байхгүй орон зайгаа бүгдийг нөхөж чадсан гэж хэлээд тэрээр амьдралын олон шалгуурыг ажрахгүй туулаад монголдоо иржээ. Хил хязгаар хүний эх орон гэдэг ямархан үнэ цэнтэйг бидэнд дахин дахин сануулах шиг. Амьдралд хатуужсан нэгэн бүсгүйн амьдралын тойрог хилийн чанадыг хэд тойрсоор монголдоо эргэж иржээ.
Бүхний нүдэнд илхэн ахуйдаа атаархам гоо нэгний тансагхан он жилүүд хэдий ч өнгийг нь ажваас ганцаардал болоод уй гуниг тээсэн тайтгарал хийгээд амар амгаланг хүсэмжилсэн тэнхээ шаардсан уртаас урт аяллын бас нэгэн салаа зам нь ийнхүү үргэлжилжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 228 (7472)