Д.НАДМИД
Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Ховд аймгийн Мянгад сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.
Тус сумын 100 жилийн ойн баяр наадамд зодоглосон 128 бөхөөс сумынх нь уугуул бөх, аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан түрүүлж, Дөргөн сумын уугуул, аймгийн арслан Г.Дармаажанцан үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Тайван, улсын начин Б.Сосорбарам нар үлджээ.
Улсын цол горилж олон жил барилдсаар яваа бөхийн нэг Н.Батсайхан 2008 онд аймгийн начин дараа жил нь аймгийн арслан болж байв.
Тэгвэл 2021 онд улсын баяр наадмын нэгэн болсон Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний арван жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-үнэт өв” 512 хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын харцага Д.Анарыг, зураагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарыг даваад долоод улсын өсөх идэр начин Ч.Батчулуунд унасан юм билээ.
Гэтэл тэр түрүү бөх Э.Оюунболдтой адил допингийн шинжилгээнд унасан болохоор тэр бүх амжилт талаар болсон.
Гэвч тэр шийтгэлийн хугацаагаа дуусгаад одоо болж л өгвөл зодоглосоор байна. Бөх сонирхогчид тэр дотроо Ховдынхон түүнийг улсын цолд ойрхон бөхөөр нэрлэдэг хэвээр л.
Мянгад сумын 100 жилийн ойн наадамд өнөөгийн улсын начин Г.Дармаажанцан үзүүрлэсэн байна. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги “Бүрэн Монис Транс” ХХК-ийн бөх энэ залуу 2022 онд Ховд аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол ердөө хоёр жилийн дараа буюу Ардын Хувьсгалын 103 жилийн ойн улсын баяр наадамд зодоглохдоо улсын харцага Г.Бадрахаар дөрөв давж, тавын даваанд цэргийн арслан Г.Жамбалдоржтой тунан барилдаад түүнийг өвдөг шороодуулснаар улсын начин болсон.
Дөргөн сумаас 70 жилийн дараа улсын цолтон бөх төрсөн нь энэхүү Г.Дармаажанцан байлаа.
Ер нь арал чац сайтай, барилдааны арга дүй нь өсч яваа алсдаа юм дуулгах бөх гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг юм билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 214 (7458)