"ТВ9" телевизийн 2024 оны шинэ контент “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” телевизийн зорилтот хөтөлбөр арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс долоо хоног бүрийн лхагва гарагт 20:30 цагаас гарч эхэлнэ.
“Зөвхөн томчуудад л асуудал байдаг гэж боддог юм биш биз...
Бяцхан хүмүүст ч гэсэн том асуудал бий...”
Та манай нэвтрүүлгээс бяцхануудын ертөнцөд юу өгүүлэгдэж, тэдний ертөнцийг юу тайвшруулж тайтгаруулж, амттай, айдастай болгодог тухай мэргэжлийн сэтгэл зүйчээр тайлбарлуулсан жинхэнэ хүүхдийн ертөнцийг танин мэдэх боломжтой. Анхны хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх аргаа мэдэхгүй, айдастай, учраа олохгүй байгаа ээжүүд, аавууд магадгүй ах эгч нар, сурган хүмүүжүүлэгчид та бүхний дэлгэцийн сурах бичиг нь бидний нэвтрүүлэг байх болно. Манай нэвтрүүлэг нь +3, +5 настнуудын сэтгэл зүйн онцлог байдлыг тодоор харуулж, сэтгэл зүйн зөвөлгөөнд тулгуурлан тэдэнтэй хэрхэн харилцах, насны онцлогт нь тохируулан амьдрах орчинд нь сургах зэрэг олон талын мэдлэг, танин мэдэх боловсрол олгох зорилт бүхий хөтөлбөр юм.
Үүний хүрээнд Little one´s Big challenges буюу “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” анхны дугаараа дэлгэцийн хүртээл болгох гэж байна.
Бидний нэвтрүүлэгт Хүүхдийн сэтгэл зүйч, тархи боловсрол судлаач зэрэг дагнасан мэргэжилтнүүд оролцож буйгаараа онцлогтой бөгөөд "ТВ9" телевизтэй хамтран Сингапур хөтөлбөртэй бяцхан лусын арслан хүүхдийн цэцэрлэг хамтран ажиллаж байна. Түүнчлэн Финланд улсын Олон улсын цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтан Диди багш уригдан ирж, тус улсын сургуулийн өмнөх боловсролд тохирсон жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэн бодит үр дүнг харуулсан олон цуврал дугаарыг бэлтгэлээ.
Бага насны хүүхдийн эерэг хүмүүжил төлөвшлийг бий болгох, зөв дадал арга барилд эцэг эх асран хамгаалагч багш сурган хүмүүжүүлэгчдэд үлгэр дуурайлал жишиг болохуйц тус дэлгэцийн бүтээл нь цуврал бүрдээ тодорхой сэдвүүдийг хөндөж та бүхний гэр бүлийн уур амьсгалд эерэг үр дүн үзүүлэх таны дэлгэцийн сурах бичиг байх болно.
“Томчууд бид ч бяцхануудынхаа асуудлыг ойлгоход хялбар боллоо”