Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Ховд аймгийн Дарви сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн манлай бөхчүүдийг танилцуулья.

Тус сумын 100 жилийн ойн баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос “Алдар” спорт хороо Ховд дэвжээний бөх аймгийн арслан Бальдаржамцын Тайван түрүүлж, тус аймгийн Зэрэг сумын харьяат, улсын хүчит заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Б.Даваадалай, аймгийн начин Б.Доржжүгдэр нар шалгарсан юм билээ.

Аймгийн арслан Б.Тайван Дарви сумын унаган хүчтан юм. Тэр бөхийн хүрээнд нэрээ зарлуулж, бөх сонирхогчдын танил болсоор 10 гаруй жилийг үджээ.

Б.Тайван 2014 онд улсын баяр наадамд гурав даваанд дөрвийн давааны нугалаанд унаж байсан тэр жилээ Ховд аймгийнхаа баяр наадамд улсын харцага Б.Бат-Өлзийг орхин түрүүлж аймгийн арслан болж байв. Тэгээд аймгийн арслан болсноосоо хойш чамгүй сайн барилдаж байгааг нь хөдөө орон нутагт болон “Монгол бөхийн өргөө”-нд болдог барилдаанаас үзэгчид харж байгаа төдийгүй хэзээ ч юм улсын цолд хүрэх болов уу гэсэн итгэл өвөрлүүлж байдаг юм.

Улсын баяр наадамд зодоглсон жилүүддээ Д.Рагчаа гарьд, Амартүвшин, Бэгзсүрэн гээд харцагууд, Лхагвасүрэн начин, Б.Серик начин, Даваа-Очир зэрэг хүчитнүүдийг өвдөг шороодуулаад тавын даваанд хоёр удаа боссон бөх. Төрийн их баяр наадамд улсын начны даваанд хоёр удаа хүрсэн аймгийн цолтнууд тийм ч олон биш шүү дээ. Ховд дэвжээний дасгалжуулагч Монгол Улсын заан Мягмарсүрэн,

-Манай Тайван бэлтгэлээ тун чамбай хийдэг, бөх хүнд цээрлэж явах юм бүхнээс холхон явдаг хүний нэг. Тун удахгүй улсын цол хүртэнэ гэж л харж явдаг д аа гэсэн юм. Нэр шигээ дөлгөөхөн зантай  ч бяр мэх нь аюултай бөх гэж байдаг. Тэрний нэг Б.Тайван ажээ.

Тэгвэл сумын 100 жилийн наадмын үзүүр бөх улсын хүчит заан Б.Бат-Өлзийг дахиад л жаахан “цоллохоос”.

Заан маань урьд нь Б.Тайвантай мөн ч олон наадамд учраа таарсан юм гэдэг. Б.Бат-Өлзий 2013 онд Ховд аймгийн баяр наадамд зургаа давж аймгийн харцага болж байсан бол дараа жил нь мөн аймгийнхаа наадмаар аймгийн харцага Б.Тайванд унаж үзүүрлээд аймгийн заан болж байж. Тэгээд 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар зургаа давж улсын харцага улмаар 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн юм. Бөхийн замналд нь бичигдсэнээр улсын харцага цолтой зургаан жил барилдахдаа хоёр удаа тавын даваанд өвдөг шороодсон гэж бий. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын заан Б.Бат-Өлзий “Бөхийн өргөө”-нд болсон 23 барилдаанд түрүүлээд байгаа. Одоо улсын наадмын түрүү л дутуу байгаа бөх л дөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 213 (7457)