Д.НАДМИД
Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Ховд аймгийн Алтай сумын 100 жилийн ойн манлай бөхчүүдийг танилцуулж байна.
Тус сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн барилдаанд голдуу нутгийн уугуул хүчтнүүд нь оролцсон 128 бөх зодоглоход улсын хүчит заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж аймгийн арслан Ц.Төмөрцоож үзүүрлэсэн бий. Их шөвөг буюу дөрөвт улсын харцага Н.Батзаяа, аймгийн начин О.Очбат нар шалгарсан юм.
Түрүү бөх Монгол Улсын хүчит заан Б.Бат-Өлзий тун багаасаа бөх болох нь тодорч гарсан юм гэдэг. Бүр 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан болжээ. Түүнээс хойш 2013 онд Ховд аймгийн баяр наадамд зургаа давж аймгийн харцага болсон бол 2014 онд мөн аймгийнхаа баяр наадамд аймгийн заан, мөн тэр жилээ Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байжээ. Тэгээд 2016 онд улсын баяр наадамд анх удаа зодоглоод зургаа давж улсын харцага цолд хүрсэн бол 2020 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд барилдахдаа аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж Монгол Улсын заан цол хүртсэн замналтай. Ой тэмдэглэлт өдрийн нэрэмжит “Бөхийн өргөөнд болдог барилдаанд 23 удаа түрүүлээд байгаа. Өнөөдөр түүнд улсын баяр наадмын түрүү л дутуу байгаа юм.
Б.Бат-Өлзий Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спорт хороо “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Ховд дэвжээний бөх” хэмээн цоллуулж байдаг. Энэ цаг үедээ үнэн хүчтэй бөхийн нэг гэж бөх сонирхогчид үнэлдэг. Хэзээ ч юм улсын наадмын түрүү бөх болох ирээдүйтэй гэж хэлэлцдэг. Дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйн хэлсэн нэг үг бий,
-Өнөө цагийн бөхчүүдээс Монгол бөхийн 32 шинжийг хамгийн ихээр агуулсан бөх гэвэл Бат-Өлзий юм гэж...
Үндэсний бөхийн өхийлдэх мэхийг тун сайн эзэмшиж байгаа бөх. Үндэсний бөхийн лиг гэгддэг “Алтан цом”-ыг өнгөрсөн хавар Ховдын баг өргөсөн. Энд Бат-Өлзий зааны хувь нэмэр өндөр байсан юм билээ. Тэгвэл Алтай сумын 100 жилийн баяр наадмын үзүүр бөх Цэвээнпүрэвийн Төмөрцоож асархан хугацаанд амжилт нь өсч яваа бөх. Мөст сумын харьяат гэж өөрийн ах аймгийн арслан Ц.Адьяатай мөр зэрэгцэн зодоглосоор байна тэр. 2020 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн заан цол хүртсэн хүн. Саяхан Бөхийн өрөөнд болсон Нийслэл Улаанбаатарын 385 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтон оролцсон 224 бөхийн барилдаанд шөвгөрч байгаа харагдсан. Мөн “Алтан цом”-ын барилдаанд ч тун сайн барилдсан даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)