Д.ЦЭРЭННАДМИД
Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.
Энэ удаа Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулж байна. Тус сумын наадамд 128 бөх зодоглосноос улсын начин Э.Батмагнай түрүүлж, аймгийн арслан Б.Түвшинтөгс үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Д.Бямбасүрэн нар шалгарсан байна.
Түрүүлсэн бөх улсын залуу начин Э.Батмагнайн хувьд өнгөрсөн зун Баянхонгорт болсон хэд хэдэн наадмын түрүүг авсан. Түүний нэг нь Баацагаан сумын 100 жилийн ойн баяр наадамд барилдсан 128 бөхөөс тун торолгүй түрүүлсэн үйл явдал байлаа.
Өмнөх нь Жинст сумын наадамд түрүүлчихээд байв. Түүний тухай давтан өгүүлэх юм бол 2019, 2020 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадамд зодоглохдоо аймгийн начин, заан цол авч байв.
Тэгээд 2022 онд Ардын Хувьсгалын 100,101 жилийн ойн улсын баяр наадамд зодоглосон 2024 бөхийн нэгэн болж барилдахдаа дөрвийн даваанд улсын гарьд М.Бадарчийг өвдөг шороодуулаад тавын даваанд Өвөрхангай аймгийн хурц арслан О.Наранбаатартай тунан хүч үзээд давж, 21 насандаа Монгол улсын начин цолыг хүртэж даага хөтөлсөн юм.
Түүнийг улсын начин П.Нямжанцангийн удмын бөх гэдэг юм билээ. Түүний түрүүлж, үзүүрлэсэн барилдаан олон. Заримыг нэрлэвэл Дархан хот байгуулагдсаны 63 жил, аймгийн БТСГ-ын ойн барилдаан, Булган аймгийн Орхон сумын харьяат “Хөнхөр” хэмээн нэрлэгддэг улсын заан М.Гомбодоржийн нэрэмжит барилдаан гээд л явж өгнө.
“Алдар” спорт хороо, "Эс Си" групп, “Богд” банкны бөх гэж зарлуулж байдаг юм билээ.
Начин Э.Батмагнай хорьсон ч хориогүй ч давхар хамна. Хөлд орох нь бас адтай даа. Аварга, арслангуудыг айлгадаг болоод байгаа. Хойшид ч улам чангарч цолоо ахиулах байх.
Э.Батмагнай Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 16,17,18 насанд гурван жил дараалан түрүүлсэн ховорхон амжилтын эзэн. Мөн чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилтууд нь голдуу алт, мөнгөн медаль хүртсэн гэх тодотголтой байдаг.
Баацагааны 100 жилийн ойн наадмын үзүүр бөх аймгийн арслан Б.Түвшинтөгс өсч яваа залуусын нэг. Тэрээр 2022 онд Баянхонгор аймгийн наадамд одтой сайхан барилдаж түрүүлээд аймгийн арслан болсон бол Монгол бөхийн өргөөнд болдог барилдаануудад зодоглож л харагддаг. Аймгийн цолтнууд дундаа бол өсөх өнгөтэй л бөхийн нэг.
Шөвгийн дөрөвт улсын аатай начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Д.Бямбасүрэн нар шалгарсан юм билээ. Д.Цэрэнтогтох начин энэ наадмын өмнө Заг сумандаа түрүүлчихсэн байв.
Ер нь Баянхонгорынхон бөх сайтайгаа харуулж олон сумын 100 жилд дан уугуул хүчитнүүд нь хүч үзсэн байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)