Д.ЦЭРЭННАДМИД

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Завхан аймгийн Сонгино сумын 100 жилийн ойн манлай бөхчүүдийг танилцуулж байна.

-Тус сумын 100 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд улсын цолтон олон бөх очсон байсан боловч Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат “Алдар спорт хороо”, “Эрхэм хүслэн констракшн” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн харцага Батбадралын Ганзолбоо түрүүлж, мөн аймгийн Баянчандмань сумын харьяат “Сүлд” спорт хорооны бөх, улсын шинэхэн харцага Эрдэнэбилэгийн Ууганбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Лха-Очир нар буюу Завхан нутгийн уугуул хоёр хүчтэн шалгарсан юм.

Түрүү бөх Б.Ганзолбоогийн хувьд сүүлийн үед тун гайгүй барилдаан нь өсч яваа залуу бөх.

Төв аймгийн наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртсэн. Түүний богинохон намтарт 2024 оны барилдаан нь сонирхол татаж магадгүй.

Энэ жилийн улсын баяр наадмын хоёрын даваанд уг наадамд өнгөлөх бөхийн нэгд яригдаж байсан улсын залуу заан С.Сүхбатыг давж таавар будилуулсан хүн нь Б.Ганзолбоо байлаа. Ус шалбаагтай байснаас заан сүрхий хальтирсан гэдэг ч унасан бол унаснаар шийдвэрлэгдсэн.

Мөн Б.Ганзолбоо Багахангай дүүргийн баяр наадамд үзүүрлэсэн амжилтын эзэн.

Тэгвэл Сонгино сумын 100 жилийн наадмын үзүүр бөх, улсын харцага Э.Ууганбаяр 2013 оноос аймгийн цолд хүрч барилдсан.

2023 онд Ардын Хувьсгалын 102 жилийн ойн улсын баяр наадмаар улсын харцага Д.Бат-Эрдэнээр дөрөв, улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж улсын цолтны эгнээнд шилжсэн.

Тэгээд өнгөрсөн зун улсын баяр наадамд зодоглохдоо аймгийн хурц арслан Э.Мөнхбаатараар дөрөв, аймгийн арслан П.Хүрэлбаатараар тав даваад зургаагийн даваанд аймгийн арслан /Улсын начны болзол хангачихаад байсан/ Э.Мөнхжаргалтай тунаж барилдаад түүнийг орхиод Монгол Улсын харцага цол хүртсэн юм.

Дороо суурьтай, зоо нурууны бяр сайтайгаараа түүнийг хэнээс дутахгүй бөх гэдэг. Тиймдээ учраа бөхөө голдуу бярдаж хаях нь харагддаг.

Э.Ууганбаярын хадмынх нь Сонгино сумын харьяат учир тэр хүргэн хүүгийн бяр тэнхээгээ үзүүлэхээр тэнд очиж нааджээ. Бас пауэрлифтингийн спортоор хичээллэдэг. Дэлхийн аваргын тэмцээнд нэг удаа суултын төрөлд түрүүлж байсан юм билээ.

Шөвгийн дөрөвт үлдсэн улсын гарьд Ш.Жаргалсайхан, Улсын харцага Л.Лха-Очир нар Завханы уугуул хүчтэнүүд Ш.Жаргалсайхан Идэрийнх бол Л.Лха-Очир Алдархааных юм.

Тиймээс Төв, Завхан аймгийн бөхчүүдийн ширүүхэн өрсөлдөөн Сонгино суманд болсон гэж тус сумын нэгэн уугуул иргэн ярьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)