Д.ЦЭРЭННАДМИД

 

Нийслэлийн өдөрт зориулсан анхны барилдаан 1994 онд болж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж арслан О.Балжинням үзүүрлэж байжээ. Тэр цагаас хойш Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсан өдөрт зориулсан барилдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг бөхийн томоохон баяр болж ирсэн билээ.

Харин 2015-2017 онд барилдааныг өнжсөн байдаг.

Ингээд уламжлалт барилдааныг дахин сэргээсэн 2018 оны барилдаанд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав түрүүлж Булган аймгийн арслан Ө.Сүхбат үзүүрлэж байв.

Тэгвэл нийслэлийн 385 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтон оролцсон ээлжит барилдаан өнгөрсөн ням гарагт “Монгол бөхийн өргөө”-нөө болов.

Энэ барилдаанд улсын аварга Б.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном нараар манлайлуулсан 224 бөх зодоглосон юм. Ийм барилдаан болно гэсэн зөрүүтэй зараас ч болсон уу бөхийн тоо 256-д хүрсэнгүй. Эхлээд 128 бөх барилдана гэж зарласан бол барилдааны өмнөхөн 256 боллоо гэсэн байсан.

За энэ ч яахав. Бөхийн тооноос шалтгаалж барилдааны чанар муу байна гэж байхгүй л дээ. Харин аварга, арслангаас эхлээд том цолтнууд  олон байвал өрсөлдөөн илүүтэй байдаг юм.

Гэхдээ аваргатай бол аваргатай, арслантай бол арслантай л байсан. Гэвч ч дөрвийн давааны нугалаанд аварга Б.Бүрэнтөгс, гарьд Ц.Бямба-Отгон, заан Б.Серик, М.Лхагвагэрэл гээд зүүн, барууныг манлайлж гарсан том цолтнууд дуу дуугаа авалцан унаад өгсөн юм.

Бөх хүн бүдүүн өвсөнд гэсэн үг бий. Тэдний нэг, хоёр нь унаж болох. Гэтэл ярьж хэлэлцсэн мэт “хяргуулаад”дуусдаг нь хачин.

Тэд лав барилдааны бай шагналыг голоогүй байх. Түрүүлсэн бөх 10 сая төгрөг гэж байсан шүү дээ. Босоо үлдсэн нь улсын арслан Р.Пүрэвдагва л байв. Үеийнхэн нь улсын баяр наадмаас өөр цагт бараа нь харагдахаа байсан байхад арслан Р.Пүрэвдагва залуучуудтай ана мана л үзэлцсээр байна.

Ясны бөх юм даа. Бас тэгээд шөвгөрөхгүй байна гэж ховор. Энэ барилдаанд мөн л шөвгийн наймд зогсож байна лээ.

Бас бөхчүүд дундаа бие жижигтэй ч адтай барилддаг нэг бөх бол Булган аймгийн харьяат, улсын начин Д.Амарсайхан юм. Тур дунгуйлдаж татах мэхээрээ давсаар их шөвөгт гараад ирсэн. Бөх сонирхогчид “амаргүй Амраа” гэх. Бөх тайлбарлагчийн үгэнд “бие багатай ч бэлчээр томтой бөх” гэсэн дайвар сонсогддог.

Энэ удаагийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын залуу начин Б.Түвшинтөгс үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Сүхбат нар шалгарсан юм. Начин Ч.Батчулууны хувьд нийслэл Улаанбаатарын ойн барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ юм билээ.

Энэ барилдаанд Баянхонгорын Ч.Даш, Ч.Алтангэрэл гэсэн аймгийн цолтнууд “би хэн бэ” гэдгээ харуулах шиг болно лээ.

 

Тавын даваа

у/арс Р.Пүрэвдагва-гоц мөргөсөн

у/з С.Сүхбат-а/а Ч.Даш

уөин-Ч.Батчулуун-а/а Д.Цогтбаатар

у/н Д.Амарсайхан-а/з Б.Түмэндэмбэрэл

у/н Б.Түвшинтөгс-у/н Даваа-Очир

у/н Л.Энхсаруул-аха Н.Өсөхбаяр

у/н Б.Түмэндэмбэрэл-а/а Ч.Алтангэрэл

аха Д.Алтанцоож-а/а Ц.Төмөрцоож

 

Зургаагийн даваа

у/арс Р.Пүрэвдагва - уөин-Ч.Батчулуун

у/н Д.Амарсайхан - а/а Ч.Даш

у/н Б.Түвшинтөгс - а/а Ч.Алтангэрэл

аха Д.Алтанцоож - аха Н.Өсөхбаяр

 

Долоогийн даваа

уөин-Ч.Батчулуун - у/н Д.Амарсайхан

у/н Б.Түвшинтөгс- аха Н.Өсөхбаяр

 

Наймын даваа

уөин-Ч.Батчулуун- у/н Б.Түвшинтөгс

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)