Д.ЦЭРЭННАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Баянхонгор аймгийн Баянбулаг сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн манлай бөхчүүдийн тухай танилцуулъя.

 

Тус сумын 100 жилийн ойгоор улс, аймгийн алдар цолтон оролцсон 128 бөхөөс бяр чадал уран мэхээрээ шалгаран үлдээд Монгол Улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлсэн бол Монгол Улсын өсөх идэр начин Болдын Эрдэнэхүү үзүүрлэсэн байна. Их шөвөг буюу дөрөвт улсын харцага Д.Батболд, аймгийн арслан Д.Энхбат нар үлджээ.

Түрүү бөх Н.Золбоо хар багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж улмаар улсын шигшээ багийн тамирчин болж залуучуудын улсын хошой аварга "Mongolia open" олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн нь амжилтынх нь зөвхөн эхлэл нь. Мөн Ази тивийн АШТ-ээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер цолтой. Тэгвэл анх 18 настайдаа Дорноговь аймгийн Хөвсгөл сумын баяр наадамд түрүүлж байв. Улсын харцага цолыг Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмаар улсын начин С.Батсууриар дөрөв, улсын харцага С.Бат-Өлзийгөөр тав, улсын харцага Д.Цэрэнтогтохоор зургаа давж авсан байдаг.

Дараа нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав, аймгийн хурц арслан Ө.Батзулаар зургаа давж үнэн зоригт хэмээх чимэг нэмсэн юм. Өмнө нь 2013 онд Баянхонгор аймгийнхаа баяр наадамд үзүүрлэн аймгийн заан болсон бол дараа жил нь түрүүлж аймгийн арслан цол хүртэж байв.

Мөн даншиг наадмаас даншгийн заан цол авч байжээ. "Хүч" спорт хороо мөнхийн үсэг групп, Нэгдэл клуб "Их богд" дэвжээний бөх юм.

Бөхийн өргөөнд болоод төв, хөдөөд болсон барилдаануудад 10 удаа түрүүлсэн. Түүнийг нэг нь Монгол Улсад усны инженерийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд түрүүлж усны элч төлөөлөгч бөхөөр шалгарсан юм билээ. Үзүүрлэсэн Б.Эрдэнэхүү бол Баянбулаг суманд төрсөн. Үндэсний бөхийн улсын өсөх идэр, улам нэмэх начин цолтой бөх. Түүний аав нь Дорждэрэмийн Болд гэж аймгийн арслан хүн байв.

Б.Эрдэнэхүү 2006 оноос үндэсний бөхөөр хичээллэж 2008 онд аймгийн начин, 2009 онд аймгийн арслан болж байсан бол 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар тав давж улсын начин болоод дараа нь 2020, 2022 онд начин цолоо баталж чадсан байна. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх "Хангарьд" спорт клуб "Хонгор" дэвжээний бөх гэж цоллуулан барилддаг юм билээ.

Энд нэгийг хэлэхэд Баянбулаг сум угаас бөх сайтай нутаг. Тиймээс тус сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн манлай бөхчүүд нь бүгд уугуул хүчтнүүд нь байлаа. Шөвгийн дөрөвт үлдсэн улсын харцага Д.Батболд, аймгийн арслан Д.Энхбат нар мөн тус сумын уугуул, ах дүү бөхчүүд ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)