Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний албаны дарга Б.Батжаргалыг урьж, ярилцлаа.

 

Нислэгийн удирдагчдад эрүүл мэнд, англи хэл болон сэтгэлзүйн асуудал тулгарч байна

 

Блиц

♦ 1992-2002 онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль 

♦ 2002-2006 онд МУИС-ийн олон улсын харилцаа мэргэжлээр баклавар 

♦ 2006-2019 Нислэгийн удирдагчаар ажилласан

♦ 2019-2024 Нислэг хөдөлгөөн үйлчилгээний албаны дарга
 

Онгоцыг удирдан жолоодож хүссэн газарт тань аюулгүй хүргэх үүрэгтэй олон мэргэжил байдгийн нэг нь нислэгийн удирдагч юм. Манай улсын нислэгийн удирдагчийн баг 224 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Нислэгээ удирдаж байгаа нийт удирдагчаас 180 орчим нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт ажиллаж байна. Нисгэгч онгоцыг хөөргөн нисгэж, аюулгүй газардуулж, жолооддог бол нислэгийн удирдагч нь нисгэгчдийн явах газар, хөөрөх өндрийг зааж удирдан чиглүүлэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, агаарт хэдэн зуун км/цагийн хурдтай нисэх онгоцны бүхээгээс алсад яваа бусад онгоцыг харж, аюулгүй зөрж нисэх боломжгүй байдаг. Иймд нисэх онгоцны аюулгүй байдлыг хангаж, чиглүүлэх үүрэгтэй хамгийн хариуцлагатай ажил юм.

Нислэгийн хөдөлгөөн удирдагч нар  А цэгээс Б цэг рүү нисэж байгаа онгоцнуудыг өндрөөр нь хязгаарлаад газраас 3000, 3000-6000, 6000-15000 метрийн өндөрт гэж гурван бүсэд хуваан нисэж буй онгоцуудыг удирддаг. Манайд өнгөрөлтийн хэсэг гэж байгаа тэр нь 6000- аас дээш буюу 15.000 метр хүртэлх зай буюу дээд агаарын зайн нислэгийг удирддаг. Бээжингээс Европын аль нэг хот руу манай агаарын замыг ашиглаж нислэг үйлдэж буй онгоцнуудыг Монгол Улсын урд хилээс хойд хилээр гарах хүртэл  манай нислэгийн удирдагч нар аюулгүй байдлыг нь ханган зохицуулалтын үйлчилгээ үзүүлдэг. Манай улсын хувьд 2019 онд Зүүн өмнөд азийн улсуудаас Европ руу нислэг үйлдэж байгаа үндсэн хамгийн дөт зам байсан. Цар тахал, Орос Украйны мөргөлдөөнөөс үүдэж өнгөрөлтийн нислэг 50-60 хувь хүртэл буурсан. Өдөртөө 400-450 онгоц Монгол Улсын дээгүүр дамжин өнгөрдөг байсан бол одоо 200 гаруй онгоц нисэж байна. Улс хоорондын мөргөлдөөний байдал зогсвол манай нислэгийн урсгал нэмэгдэх боломжтой.

Тэгвэл эдгээрийг зохицуулж буй нислэгийн удирдагчдад эрүүл мэнд, англи хэл, сэтгэлзүйн асуудал тулгамдаж буй гол асуудал болоод байна. Бүсийн удирдагчид ширхэг ч цонхгүй, 16 хэмийн дулаантай өрөөнд ажилладаг. Учир нь радио холбоо, радар, агаарын навигацийн систем, хяналтын төвийн программ хангамж, аюулгүй байдлын систем, байршил тодорхойлох төхөөрөмж зэрэг маш олон төхөөрөмжтэй ажиллах тул халахаас сэргийлэх зорилготойгоор сэрүүн байлгадаг. Удаан битүү орчинд суугаа ажил хийхээр агаарын болон хөдөлгөөний дутагдалд ордог. Үүнээс үүдэж зүрх судас болон  нурууны суулт зэрэг суудлын өвчлөл тусах нь их байна. Тиймээс ажилчдыг дээрх өвчнөөр өвдөхгүй байлгах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар байгууллагын зүгээс спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Гэвч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна.

 

Ажлын цагийг богиносгосноор олон асуудал шийдэгдэнэ

 

Дараагийн нэг асуудал бол нойргүйдэл түүнээс үүдэлтэй сэтгэлзүйн асуудал байна. Тэгвэл энэ өвчлөлөөр сүүлийн жилүүдэд нислэгийн удирдагчид өвддөг болсон байна гэдэг олон улсын судлагаа гарсан байна. Нислэгийн удирдагч мэргэжлийн хувьд онцлогтой. Манай улсад өнгөрөлтийн нислэг 2019 онд буюу оргил үедээ 133.000 байсан бол энэ жил 60.000 орчим байна. Өглөө Европоос гарсан агаарын хөлөг Ази руу явлаа гэхэд дандаа шөнө манай улсаар дайрч өнгөрдөг. Тэгвэл нислэгийн удирдагчдын ажлын оргил ачааллын үе нь шөнийн 01:00-06:00 цагийн хооронд буюу хүний унтаж амрах цагаар байдаг. Энэ үед нислэгийн удирдагч хамгийн сайнаараа төвлөрч суух ёстой. Тэгвэл олон жил ээлжинд ажилласнаар эрүүл мэнд болон сэтгэлзүйн хувьд тогтворгүй болох шинж тэмдэг илэрч байна. Өөрөөр хэлбэл, ихэнх ажилчид нойргүйдлээс үүдэлтэй санаа зовинолтой болсон. Олон улсын судалгаанд ээлжийн ажилд 0-5 жилд хүн дасан зохицож байдаг. 5-20 жилд зохицоод явдаг. 20 жилээс хойш ядралтад өртдөг. Нэг өдөр шөнө гарч, дараа өдөр нь өглөө гарахаар нойрны асуудалтай болж байна. Энэ нь сэтгэц болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ихэнх ажилчид шөнөдөө 3-4 аяга кофе уудаг. Тиймээс нойр болон ажлын ачааллыг бууруулах тал дээр анхаарах шаардлагтай байна. Мөн ажилчид албан дээрээ сэтгэл зүйчтэй болох саналыг гаргаж байгаа. Байгууллагын эмч гэж бий. Гэхдээ эмч нарын хувьд бие организм талаас нь эмчлээд байдаг болохоос сэтгэлзүйг нь эмчилдэггүй. Тиймээс сэтгэлзүй талаас нь зөвхөн сэтгэл зүйч л эмчлэх юм байна гэдгийг бид сүүлийн үед ихээр ойлгож байна. Бусад улсын нислэгийн удирдагчид амралтын 30 минутандаа сэтгэл зүйчтэй ажилладаг гэсэн. Ингэснээр нислэгийн удирдагчид сэтгэл гутралд орох асуудал буурсан гэсэн судалгаа байна лээ. Тиймээс бид зайлшгүй сэтгэл зүйчтэй болох ёстой байна.

Нислэгийн удирдагчид хоёр өдөр 12 цаг ажиллаад, 72 цаг амардаг. 12 цаг ажиллахдаа хоёр цаг тутамд 30 минут амардаг. Уг нь ээлжинд явж буй хүмүүсийнхээ ядралтыг бага байлгах үүднээс цагийг хамгийн боломжит хувилбараар төлөвлөсөн. Гэхдээ энэ нь үр дүнд хүрэхгүй байгаа тул цаашид дээрх цагийг богиносгох тал дээр анхаарч ажиллана. Үүнийг бид удирдлагын түвшинд хэлэлцэж байгаа. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд цагийг шууд багасгах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Учир нь салбарын хувьд хүний нөөцийн дутагдалд орчихсон байгаа.

Хүний нөөцийн бодлогоо таваас дээш жилээр төлөвлөдөг. Жилдээ 5-15 хүн нэг төгсөлт болж орж ирдэг. Тэтгэвэрт гарах хүний тоо, төгсөж ирсэн хүнийхтэй тэнцдэг. Тиймээс хүний нөөцийн бодлогын хувьд төлөвлөлтийг маш нарийн хийхгүй бол болохгүй байгаа. Нислэгийн удирдагч бэлтгэхэд маш олон шаардлага тавьдаг. Тухайлбал, олон улсын хэмжээний А-3 зэрэглэлийн эрүүл мэндийн шаардлага, Level 4 англи хэлний шаардлагыг тавьдаг. Эдгээр шаардлагуудад нийцсэн хүмүүсийг сонгон шалгаруулж, нислэгийн удирдагч нарыг бэлтгэдэг. Тэгвэл ирэх онд хүний нөөцийн дутагдлыг арилгахын тулд 20 хүний төлбөрийг төрөөс даахаар болсон. Ингэснээр ажлын цагийг багасгах боломж бий болно. Нислэгийн удирдагчаар ажиллах хүсэлтэй хүмүүс байвал Иргэний нисэхийн үндэсний төв цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Мөн дээрх 20 хүний тал хувийг нь Ховд аймгийн нислэгийн төвд ажиллуулах гэрээний нөхцөлтэй байгааг танай сониноор дамжуулан уламжилж байна. Нислэгийн удирдагч болохын тулд тухайн хүн тус ажлын байранд шаардлагад тохирсон ур чадвартай байх ёстой байдаг. Нислэгийн удирдагчид ихэвчлэн стресстэй нөхцөлд нисгэгчид тодорхой, товч зааварчилгаа өгдөг тул харилцааны онцгой ур чадвар бол хамгийн анхны эзэмшсэн байх ёстой байдаг. Мөн сэтгэлзүйн хувьд эрүүл тогтвортой байх ёстой байдаг.

 

Англи хэлний сургалтын чанарыг сайжруулна

 

2010 оноос Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд оролцож байгаа нислэгийн удирдагч нарт англи хэлний олон улсын А 4-6 түвшний шаардлага албан ёсоор тавигдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Нислэгийн хөдөлгөөн удирдагчдын хувьд англи хэлний А 4-6 шатны хэлний ур чадварыг эзэмшсэн байх ёстой байдаг. Гэвч манай байгууллагын нийт ажилчдын 83.2 хувь нь дөрөвдүгээр түвшний, 12.9 хувь нь тавдугаар түвшний, гурван хувь нь зургаадугаар түвшний англи хэлтэй. Дөрөвдүгээр түвшний англи хэлний хувьд нисэх багтай чөлөөтэй ойлголцох хэмжээний түвшин юм. Харин зургадугаар түвшний англи хэл нь унаган англи хэлтэй хүний түвшнийг хэлдэг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилчид гурван жил тутамд хэлний түвшнээ шалгуулдаг. Гэтэл гурван жилийн дараа хэлний шалгалтдаа тэнцдэггүй. Ингээд шалгалтдаа унаснаас болж ажилдаа гарч чадахгүй болдог. Гурван жилийн өмнө тэнцэж байсан шалгалтдаа яагаад тэнцэхгүй байна гэхээр англи хэлээ бид өдөр тутамдаа ашиглахгүй байна. Хэлийг сайн сурсан байлаа ч ашиглахгүй бол мартагддаг.

Байгууллагын зүгээс шалгалтад унасан ажилчдыг тэнцүүлэхийн төлөө сургалтад хамруулдаг. Тэгвэл шалгалтад унаагүй хэр нь чадвар нь улам муудаж буй хүмүүсийг чадавхжуулах, дараагийн түвшин рүү хүрэхэд нь анхаарах хэрэгтэй байна. Ингэснээр хүний нөөцөө алдахгүй байх, нислэгийн үеийн аюулгүй байдал илүү хангагдах боломжтой болно. Тиймээс цаашид англи хэлний сургалтыг төрөлжүүлж, тогтмол англи хэл дээр арга хэмжээ зохион байгуулах, ажилчдын хэлний түвшинг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тухайлбал, санал асуулгаар нийт ажилчдын 67.6 хувь нь тавдугаар түвшин, 20.6 хувь нь зургаадугаар түвшний англи хэлний мэдлэгтэй болохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байсан. Тиймээс англи хэлийг өдөр тутамдаа ашиглах, төрөлжүүлсэн сургалтад хамруулах, гадаад багштай болгох зэрэг төлөвлөгөөг боловсруулж байна. Ирэх оноос ажилчдаа гадны улсад хэлний сургалтад суулгахаар төлөвлөж байна. 

 

Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна

 

Хүний нөөцийн бодлогын хувьд сүүлийн жилүүдэд нислэгийн удирдагч нарыг гадны улсуудад бэлтгэж байгаа. Ингэхдээ 10 орчим улсуудад нислэгийн удирдагч бэлтгэгдэж байгаа. Сургалтын хувьд бакалаврын буюу дөрвөн жилийн хөтөлбөр, зарим тохиолдолд түргэвчилсэн буюу арван сарын дамжаанд бэлтгэдэг. Нислэгийн удирдагч бэлтгэхэд маш олон шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагуудад нийцсэн хүмүүсийг анх сонгон шалгаруулаад нислэгийн удирдагч нарыг бэлтгээд явдаг гэж ойлгож болно. Ирэх жил 20 хүнийг бэлтгээд явна гэсэн бодлого маань энэ байдлаар үргэлжлээд явна. Төвд болон орон нутагт нислэгийн удирдагч нар ороод явдаг болохоор энэ бодлого үргэлжлээд явах нь зөв. Бид нөөц төв гэж яриад байгаа үүнийг орон нутагт байгуулах төлөвлөгөө зорилготой ажиллаж байгаа. Улаанбаатараас нислэг удирдах боломжгүй үед буюу байгалийн эрсдэлт хүчин зүйл болон тоног төхөөрөмж ажиллах боломжгүй боллоо гэж үзэхэд нөөц ажлын байрнаас нислэгийн хөдөлгөөнийг удирдана гэсэн үг. Хүний нөөцөө тогтвортой үргэлжлүүлэхийн тулд нийгмийн болоод бусад асуудлуудыг шийдвэрлэх бодлогуудыг давхар баримтлахаас өөр аргагүй болоод байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)