Б.БОЛОР
Монгол дахь Монгол-Америкийн Худалдааны танхим (АмЧам) намрын, ээлжит уулзалтаа “Эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдвээр хийсэн байна. Монгол Улсад эрчим хүчний шилжилтийн гол хөдөлгүүр, хөшүүрэг нь сэргээгдэх эрчим хүчний салбар. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаад уулзалтад оролцогчид санал нэгджээ. АХБ-ны суурин төлөөлөгч, улс хариуцсан захирал Шэннон Коулин “Эрчим хүчний эх үүсвэр, нөөц багатай улс орнуудыг бодвол Монгол Улсад аль аль нь байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих боломж бий. Мөн Зүүн өмнөд Азийг хангах зах зээл нь ч бий” гэсэн юм. Хамгийн гол нь энэ салбарыг хөгжүүлэх талаар гарах шийдвэр удаан байгааг тэрээр онцолсон байна. Сэргээгдэх эрчим хүчний салбар Монголд төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаагаар хөгжих боломжтой. Үүний тулд төр, засгийн алсыг харсан бодлого, төлөвлөлт чухал хэмээн нэмж хэлжээ.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийг хөнгөлөлттэй зээлээр дэмжихийн зэрэгцээ Засгийн газрын баталгаа гаргах, ногоон зээлийн зарчмыг хэрэгжүүлэх зэрэг хөшүүрэг хэрэглэвэл энэ салбарт хөрөнгө орох боломжтой гэдэг. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч хөгсөнөөр цаашид цахилгааны үнэ тариф зах зээлийн чөлөөт өрсөлдөөнөөр буурна хэмээн салбарын судлаач, мэргэжилтнүүд хэлдэг.
Мөн энэ уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь захирал Ханнэс Такаш “Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд юуны өмнө энэ салбарын эрх зүйн орчныг тогтвортой бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй хэрэгжих арга. Бид Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулж, санхүүжүүлэхэд бэлэн байна. Яагаад гэвэл, энэ нь эрчим хүчний уламжлалт аргуудыг халж, байгаль орчныг хамгаалах олон талын ач холбогдолтой" гэсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn