Б.БАЯРЖАВХЛАН
Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний сэтгэлд гайхалтай их төсөөлөл, хүсэл мөрөөдөл, авьяас билэг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршдог. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа Багануур дүүргийн “Оюуны-Эрин” сургуулийн дизайн технологийн багш Ч.Ууганбор болон түүний шавь нарын бүтээлийг онцолж байна.
-Танай зургийн дугуйлангийн хүүхдүүд ямар сэдвээр зураг зурдаг вэ?
-Манай сургуулийн зургийн сургалт нь дугуйлан гэхээсээ илүү элсэлтийн ерөнхий шалгалтын ур чадварын шалгалтад бэлтгэх “Хар зургийн сургалт” байдлаар явдаг. Энэ хичээлийн жилээс аравдугаар ангиас эхлэн бэлтгэж байна. Ирээдүйд архитектор, дизайнер болох хүсэл сонирхолтой хүүхдүүд хамрагддаг. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд чиглэсэн сургалтыг явуулдаг гэж болно.
-Та ямар арга барилаар хичээлээ ордог вэ. Өөрийн сургалтын онцлогийн талаар ярьж болох уу?
-Миний хувьд боловсролын байгууллагад ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд зургийн хичээл болон сургалт орж байх явцад сурагчдаасаа олон зүйл ажигласан. Хүүхэд бүрийн мэдрэмж, төсөөлөх байдал, зурж дүрсэлж байгаа хэв маяг нь өөр өөр байдаг. Жишээлбэл, хар зургийн сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн зарим нь маш нягт нямбай байхад зарим нь эмх замбараагүй байх нь бий. Өөрсдийнх нь энэ онцлог шинжийг эвдэхгүйгээр арга барилаа өөрчилж, онцлогт нь тулгуурлаж онолын болон зурах ур чадвар суулгахыг хичээдэг дээ. Мөн зургийн сургалтад хамрагддаг хүүхдүүдээ хариуцлагатай, цаг барьдаг, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэг, итгэл даах чадвартай, хичээл зүтгэлтэй болгож төлөвшүүлэхийг зорьж ажилладаг. Миний онцлог гэвэл хариуцлагатай, хүний итгэлийг алдахгүй, ажлын байран дээрээ хөгжихийг хичээдэг. Мөн мэргэжлийн ур чадварын хувьд компьютерын 2d болон 3d программ, архитектур сонирхдог.
-Бусад хар зургийн хичээлээс танай сургалт юугаараа ялгарах вэ?
-Манай сургалтын ялгарах онцлог нь үндсэн хар зургийн хичээлээс гадна зургийн суурь онол, хар зургийн дадлага хичээлүүд, Photoshop, SketchUp, 3ds Max, AutoCAD программ, Фото болон Video Render хэрхэн хийх, Архитектур төлөвлөлтийн хичээл, ШУТИС-ийн ур чадварын болон онолын шалгалт авдаг учраас хүүхдүүдээ шалгалтад бэлтгэхэд түлхүү анхаарч байна. Мөн хүүхдүүдээс төлбөр авдаггүй. Хувийн бэлтгэлээ сайн хангасан байх шаардлага тавьдаг. Товчхондоо өөрийн мэддэг чаддаг бүх зүйлээ хүүхдүүддээ зааж өгөхийг хүсдэг.
-Дүрслэх урлагийн хичээл нь хүүхдүүдэд ямар арга барилыг суулгадаг вэ?
-Дүрслэх урлагийн хичээлийн нэг зорилго нь хүүхэд өөрийн санаа бодол, сэтгэгдлээ өнгө дүрслэлээр илэрхийлж сурдаг. Ач холбогдлын хувьд яриад байвал олон л доо. Сууж сурна, төвлөрч сурна, сэтгэлгээ хөгжинө гэх мэт. Жишээлбэл, зургийн хичээл дээр хүүхэд бүрийн зурах чадамж харилцан адилгүй байдаг. Тийм учраас заавал гоё зур гэж албадах нь буруу. Харин хүүхэд өөрийн санаа бодлоо хэрхэн илэрхийлэх вэ гэдгийг харж зургийг уншиж ойлгох нь чухал. Миний хувьд хүүхдүүдэд чөлөөт сэдэв өгсөн тохиолдолд хүүхдүүдээр гэрэл гэгээтэй, сайн сайхан, өөдрөг зүйл зурж дүрслүүлэхийг зорьдог.
-Зурах хүсэл сонирхолтой хүүхдүүдэд хандаж юу гэж хэлмээр байна?
-Авьяас сонирхлоо байнга тордож байгаарай. Дан ганц зураг гэхгүйгээр дүрслэх урлагийн төрөл зүйлүүдээр өөрийгөө бас сорьж үзээрэй. Өөрийн түвшнээс давсан сорилт болгон чамайг шинэ зүйлд сургана. Чадахгүй юм байна гэж битгий няцаарай. Оролдлого ихт оройд нь гэж үг байдаг. Хэсэг хугацааны дараа чи чадахгүй байсан зүйлээ “Чадсан” байх болно гэж хэлмээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 51 (7548)