Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэх “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн” хоёр дахь өдрөө “Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр үргэлжиллээ.

 

Вакцин хийлгэсэн 1000 гаруй охидоос тандалт, судалгаа авчээ

 

Энэ удаагийн зөвлөгөөн Томуугийн үндэсний төв байгуулагдсаны 50 жил, Томуугийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоо үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог аж. Тус зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн газрын эмч, болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод буй папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг хэрхэн хийх талаар салбарынхан санал бодлоо солилцож, илтгэл тавьсан юм. Монголд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүд сүүлийн үед залуужиж байна. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө 23 настай эмэгтэй энэ өвчнөөр оношлогдсон. Энэ бол бэлгийн амьдрал нь эрт эхэлсэнтэй холбоотой. Ихэнх хорт хавдрын шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн халдвар гэдгийг тогтоосон байдаг.  Энэ тухай ХӨСҮТ-ийн судлаач А.Отгонжаргал “Монгол Улс анх 2012 онд “Мянганы сорилтын сан”-гийн санхүүжилттэй төслийн хүрээнд 9-15 насны охидод папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр энэ вакцины талаар сөрөг мэдээллүүд цацагдсанаар эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй тулж, вакцинжуулалтын хөтөлбөр зогссон. Манай улс анх вакцинжуулалтыг эрт эхлүүлсэн орны тоонд орж сайшаагдаж байсан бол өнөөдөр умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөртэй, иргэдээ вакцинжуулдаггүй орон болж хувирсан” гэв. Харин 2012 онд энэхүү вакциныг хийлгэсэн 1000 орчим охидыг вакцин хийлгээгүй мөн тооны охидтой харьцуулсан судалгааг Хавдрын үндэсний төвийн тэргүүн, доктор Б.Цэцэгсайхан хийсэн аж. Энэхүү судалгаагаар нийт дархлаажуулалт хийлгэсэн охидын 92 хувь нь энэхүү өвчнөөс бүрээн хамгаалагдсан гэсэн хариу гарсан аж. Тиймээс энэхүү вакциныг товлолт вакцинд оруулж, энэ удаад 11 настай охидод хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Энэ тухай АШУҮИС-ийн нийгмийн эрүүл мэндийн багш н.Нансалмаа “Дэлхийн нийт хандлагыг харахад дархлаажуулалтын вакциныг 11 наснаас хийж эхлэхийг зөвлөж байна. Учир нь охид насны хувьд харьцангуй эрт бэлгийн харилцаанд орох болсонтой холбож болох юм. Үүнээс гадна папиллома вирусийн гол тээгч нь хөвгүүд байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд дархлаажуулалтын вакциныг зөвхөн охидод бус хоёр хүйсэд хийхийг зөвлөөд байна” гэсэн юм.

 

Охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон

 

ДЭМБ-аас 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг устгая гэсэн зорилт тавьж, өсвөр насны охидынхоо 90 хувийг папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад, 35-45 насны эмэгтэйчүүдээ папиллома вирусийн шинжилгээнд хамруулахыг уриалж байна. Папиллома вирусийн халдвар бэлгийн замаар дамждаг бөгөөд халдвар авснаас хойш 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар болон хүндэрнэ. Тав болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал шинж илэрнэ. Халдвар авсан даруйд өвчлүүлдэггүй учир урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой тавилан сайтай өвчин гэж үздэг юм байна. Монголд уг хавдраар өвчилсөн хүмүүсийн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 96 хувь нь 30-аас дээш насны буюу ид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байна. Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэдэггүгээс бид эгч, ээжүүдээ цэл залуугаар нь алдаж байгаа нь харамсалтай. Энэ тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам “Папиллома вирусийн эсрэг вакцины үр дүн ямар байгааг судлахад охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдсон. Хамгийн гол үр дүн нь вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусийн халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан. Гэтэл вакцин хийлгээгүй охидын дунд халдвар 10 дахин өндөр байгаа ба энэ охид 10-15 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өндөр гэсэн үг. Монголд эмэгтэйчүүдийн байрлалын хавдраар нас барж буй 13 хүний нэг нь умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхидог. Энэ хавдраар оношлогдсоны дараа таван жил амьдрах магадлал 51 хувь, бусад нь нас барах эрсдэлтэй” гэсэн мэдээллийг өгсөн юм. Дархлаажуулалт ирэх сарын сүүлээр орон даяар эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)