Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж нутаг нугаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Архангай аймгийн Хайрхан сумын 100 жилийн ойн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн тухай өгүүлье.

 

Архангай нутаг улсын алдар цолтой олон бөхтэйгөөрөө Увс аймгийн дараа ордог. Тэгвэл тус аймгийн Хайрхан сум бас л хүчитнүүдийн өлгий гэхээр нутаг. Энэ сум 2024 онд үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг нижгэрхэн тэмдэглэж сайхан наадам хийсэн юм билээ. Уг наадамд улс, аймаг, цэргийн алдар цолтон оролцсон 128 бөх зодоглоход үзүүр түрүүнд нутгийнх нь хоёр хүчтэн үлдсэн байна. Тэд улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр хоёр байв. Хоёр "Мөнх"-ийн хооронд гал гарсан барилдаан гарч аймгийн арслан Г.Мөнхбаяр түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэсэн байдаг.  Аймгийн залуу арслан Г.Мөнхбаяр цөөн жил барилдаж байгаа ч гоёхон хийгээд догшин барилдаантай бөхийн нэг гэгдэж яваа юм.

Аймгийн харцага цолноос аймгийн арслан цолд хүрсэн энэ залуу бас Даншиг наадамд зодоглохдоо заан цолны болзол хангасан гэж байгаа. Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бөх энэ залууг нутгийнхан найз нөхөд нь "Мөнхүүш" хэмээн өхөөрдөн нэршүүлжээ. Тэгвэл сумын 100 жилийн наадамд үзүүрлэсэн О.Мөнх-Эрдэнийг бөх сонирхогчид "юм дуулгах" хүн гэж ярьдаг. О.Мөнх-Эрдэнэ 2019 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болсон бол 2020 онд Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд аварга С.Мөнхбатаар тав давж улсын начин цол хүртсэн. Дараа нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглохдоо улсын начин Ц.Сандагдоржоор тав, улсын начны болзол хамгачихаад байсан Б.Түмэндэмбэрэлээр зургаа давж улсын харцага болсон бөх. Өндөр Мөнх-Эрдэнэ гэж нэршээд байгаа энэ залуу харцага "Алдар" спорт хороо, Бөх билэгт дэвжээ, "Молор трейд" ХХК басхүү "Вайт Лэйк" ХХК-ний бөх хэмээн цоллуулж байгаа сонсогддог. Хайрхан сумын 100 жилийн манлай бөхчүүдийн тоонд аймгийн заан Д.Мөнхбаяр, аймгийн нэмэх начин О.Баярбаасан нар их шөвгийн дөрөвт үлдсэнээр бичигдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 205 (7449)