Д.ЦЭРЭННАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж нутаг нугаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин энэ дугаараасаа эхлээд 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байхаар боллоо.

Эхний удаа Дундговь аймгийн 100 жилээ тэмдэглэсэн долоон сумын нэг Дэрэн сумын баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн тухай өгүүлье.

-Дэрэн сумын наадамд 128 бөх зодоглосноос улсын харцага Э.Даш түрүүлж улсын начин А.Алтанхуяг үзүүрлэсэн юм. Шөвгийн дөрөвт улсын заан Ц.Одбаяр /Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат/ Д.Баасандорж /Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат/ нар үлдсэн юм.

Улсын начин Эрдэнэбатын Даш, Алтангэрэлийн Алтанхуяг нар хоёул Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат хаа ч, аль наадамд ч хоёулаа очдог. Арга ч үгүй байх. Энэ хоёр бөх нэг нутгийнх төдийгүй улсын баяр наадмаар нэг жил /2015 он/ улсын начин цол хүртэж байсан юм. Э.Даш улсын арслан Б.Ганбаатар дөрөв, улсын харцага П.Баасанхүүгээр тав давсан бол А.Алтанхуяг мөн наадмаар улсын аварга С.Мөнхбатаар тав давсан байдаг.

Э.Даш нэг удаа начин цолоо баталж улсын өсөх идэр начин болсон бол 2023 онд харцага цолонд хүрсэн юм. Бас нэг сонин гэвэл Дэрэн сумын 90 жилийн ойн баяр наадамд энэ хоёр очиж зодоглоод бас Э.Даш түрүүлж А.Алтанхуяг үзүүрлэсэн удаатай. Энэ амжилт 10 жилийн дараа давтагдсан нь Дэрэнгийн 100 жилийн ойн наадам байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)