С.УРТНАСАН, Б.БАЯРЖАВХЛАН

 

Агаар тэнгэрийн уудам орон зайд холын газрыг товчилж, хүмүүний цагийг хэмнэсэн нэгэн гайхамшигт бүтээл бол нисэх онгоц билээ. Тэртээх 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Монголын нисэх хүчний түүх эхэлсэн байдаг. Түүнийг удирдан жолоодож та бидний хүссэн газарт аюулгүй хүргэх үүрэгтэй олон мэргэжил байдгийн нэг нь нислэгийн удирдагч юм. Нисгэгч онгоцыг хөөргөн нисгэж, аюулгүй газардуулж, жолооддог бол нислэгийн удирдагч нь нисгэгчдийн явах газар, хөөрөх өндрийг зааж удирдан чиглүүлэх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Агаарт хэдэн зуун км/цагийн хурдтай нисэх онгоцны бүхээгээс алсад яваа бусад онгоцыг харж, аюулгүй зөрж нисэх боломжгүй. Иймд нисэх онгоцны аюулгүй байдлыг хангаж, чиглүүлэх нислэгийн удирдагчийн ажил хамгийн хариуцлагатай юм.

Тэгвэл өчигдөр Монголын нислэгийн хөдөлгөөн удирдагчдын холбооноос "Mongolian ATM Summit-2024" үйл ажиллагааг зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, түүний гарц гаргалгааны талаар хэлэлцлээ.

Нислэгийн хөдөлгөөн удирдагчдын хувьд хамгийн их тулгамдаж буй асуудал нь англи хэл болон нойргүйдэл, сэтгэлзүйн асуудал ажээ. Тухайлбал, нислэгийн хөдөлгөөн удирдагчдын хувьд англи хэлний Level 3-6 шатны хэлний ур чадварыг эзэмшсэн байх ёстой байдаг. Гэвч тус байгууллагын нийт ажилчдын 83.2 хувь нь дөрөвдүгээр түвшний, 12.9 хувь нь тавдугаар түвшний, гурван хувь нь зургаадугаар түвшний англи хэлтэй юм байна. Тиймээс ажилчдын 67.6 хувь нь тавдугаар түвшин, 20.6 хувь нь зургаадугаар түвшний англи хэлний мэдлэгтэй болохын тулд, сургалт авахыг хүсэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Мөн байгууллагын зүгээс мэргэжлийн англи хэлний сургалтыг маш тааруу хэмжээнд зохион байгуулж байна гэж ажилчдын 52 хувь нь хариулжээ.

Т.Хадбаяр

Энэ талаар Иргэний нисэхийн Үндэсний төвийн харьяа нислэгийн хөдөлгөөний  үйлчилгээний албаны бүсийн удирдлага үйлчилгээний хэсгийн ээлжийн ахлах, нислэгийн удирдагч Т.Хадбаяр “Би 16 дахь жилдээ нислэгийн удирдагчаар ажиллаж байна. Нислэгийн удирдагчид мэргэжлийн боловсрол буюу сургалт дадлага, англи хэлний мэдлэг тулгамдаж буй гол асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, англи хэлний сургалтыг үе шаттай зохион байгуулах хэрэгтэй байна. 2008 оноос эхлэн биднийг олон улсын шаардлага хангасан буюу level 4-6 шатны хэлтэй байхыг шаардах болсон. Энэ түвшин нь нисэх багтай чөлөөтэй ярьж, ойлголцох чадвартай түвшин гэж үздэг. Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилчдын хувьд ихэнх нь дөрөвдүгээр шатны англи хэлтэй. Нисгэгч болон удирдагч энгийн яриагаар ярьж болохгүй тул мэргэжлийн хэллэгээр ярилцдаг. Ингэж ярилцаад байхаар бидний англи хэлний түвшин дээшлэхгүй байна. Тодруулбал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилчид гурван жил тутамд хэлний түвшнээ шалгуулдаг. Гэтэл гурван жилийн дараа хэлний шалгалтдаа тэнцдэггүй. Ингээд шалгалтдаа унаснаас болж ажилдаа гарч чадахгүй болдог. Мөн байгууллагын зүгээс шалгалтад унасан хүнийг л хэлний сургалтад хамруулдаг. Өөрөөр хэлбэл, бүх хүнийг алагчлалгүй түвшин түвшнээр нь сургалтад хамруулж, хэлний чадавхыг сайжруулах шаардлагатай байна. Ингэснээр хүний нөөцөө алдахгүй байх, нислэгийн үеийн аюулгүй байдал илүү хангагдах боломжтой болно.

Дараагийн нэг асуудал бол нойргүйдэл, сэтгэлзүйн асуудал байна. Нислэгийн удирдлага мэргэжлийн хувьд онцлогтой. Манай улсад өнгөрөлтийн нислэг 2019 онд буюу оргил үедээ 133.000 байсан бол энэ жил 60.000 орчим байна. Өглөө Европоос гарсан агаарын хөлөг Ази руу явлаа гэхэд дандаа шөнө манай улсаар дайрч өнгөрдөг. Манай улсын оргил ачааллын үе нь шөнийг 01:00-06:00 цагийн хооронд буюу хүний унтаж амрах цагаар байдаг. Энэ үед нислэгийн удирдагч төвлөрч байх ёстой. Олон улсын судалгаанд нойргүйдэл нь 0-5 жилд хүн дасан зохицож байдаг. 5-20 жилд зохицоод явдаг. 20 жилээс хойш ядралтад өртдөг. Нэг өдөр шөнө гарч, дараа өдөр нь өглөө гарахаар нойрны асуудалтай болж байна. Энэ нь сэтгэц болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ихэнх ажилчид шөнөдөө 3-4 аяга кофе уудаг. Тиймээс бидэнд зориулсан ажлын байрны судалгааг хийж өгөөч ээ гэдэг саналыг бид дэвшүүлж байна” гэсэн юм.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтнуудын онолын мэдлэг, туршлага, ур чадварыг хөгжүүлж, мэргэжил, мэдлэгийг дээшлүүлж мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалтыг явуулна. Үүнд, нисэхийн англи хэлний сургалт, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт, багшлах шалгах ур чадвар, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны, дадлагажуурын нисгэгчийг хөгжүүлэх сургалтууд хамаарна гэсэн байдаг аж. Гэвч тус сургалтад нийт ажилчдын 54.3 хувь нь хамрагдаж чаддаггүй байна. Мөн сэтгэлзүйн сургалтыг нэмж оруулах шаардлагатай байгааг ажилчид хэлж байлаа.

Б.Солонго 

Энэ тухай Нислэг хөдөлгөөний үйлчилгээний албаны хоёр талын ашиглалтын удирдаг­чаар 11 дэх жилдээ ажиллаж буй Б.Солонго “Бид нислэ­гийн удирдагч болохын тулд олон давааг давдаг. Би 2014 оноос нислэгийн удирдагчаар ажилласан. Анх орж буй ажилчин хэлний шаардлагыг хангах ёстой байдаг. Дараа нь эрүүл мэнд, сэтгэлзүйн асуудалгүй байх шаардлагатай. Тэгвэл сэтгэлзүйн лицензийг оноог авахад “Та өнөөдөр ажлаа хийхэд бэлэн үү. Сэтгэлзүйн ямар нэгэн эмгэггүй юу” гэх зэрэг асуумжид хариулан өөрийгөө тодорхойлдог. Тиймээс өнөөдрийн хуралдаанд би сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээ авах шаардлагатай байна. Энэ төрлийн сургалт, үйлчилгээг бидэнд нэмж сургалтаар орохыг санал болгосон. Учир нь манай улсын дээгүүр нисэж буй бүх улсын онгоцны нисгэгчдэд бид давхар сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал, цэргийн, иргэний нисэхийн, байлдааны нисгэгч зэрэг олон төрлийн нисгэгчидтэй харьцдаг. Бидний төсөөлдөг шиг онгоц хөөрөөд л газардчихдаг шиг байдаггүй. Гэтэл агаарт бүхээгт явж байгаа нисгэгчийн нэг нь ухаан алдах, нас барах тохиолдолд тухайн нислэгийн онгоцны бүхээгт яваа нэг хүн үргэлжлүүлэх болдог. Энэ хүнд нислэг үйлчилгээний албаны ажилчид зөвлөгөө, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, таны хажууд ийм төхөөрөмж бий. Үүнийг та ингэж ажиллуул. Та ямар өндөрт, хэдэн км цагийн хурдтай явж байгаагаа надад хэлээд өгөөч. Би таныг ажиглаж байна. Та ойр байгаа тэр нисэх буудал руу яв гэх зэргээр бид туслалцаа үзүүлэхийн хажуугаар тайвшруулах зэрэг чадамжтай байх ёстой. Бидний сэтгэл зүй тайван байж тухайн хүнд зааварчилж байгаа ч нөгөө хүнээ хэрхэн тайван байлгаж, туслалцаа үзүүлэхэд дээрх сургалтыг авснаар илүү чадавхжих боломжтой гэж үзэж дээрх саналыг хүргэсэн” гэсэн юм.

Харин өнөөдрийн арга хэмжээний талаар Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр “Олон улсын нислэгийн удирдагч нарын баярын өдрийг тохиолдуулан АTM Summit буюу агаарын зайн менежментийн хэлэлцүүлгийг хийж байна.  Бид таван төрлийн агаарын навигацийн үйлчилгээ явуулдаг. Үүнд, Заслын хөдөлгөөний үйлчилгээ, агаарын навигацийн техникийн үйлчилгээ, агаарын навигацийн мэдээллийн үйлчилгээ, цаг уурын болон нислэгийн урсгал төлөвлөлтийн үйлчилгээг агаарын навигацийн үйлчилгээгээр дамжуулж олон улс болон орон нутгийн агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг нисэхийн удирдагч нар явуулдаг. Энэ нь А цэгээс Б цэг рүү нисэж байгаа онгоцнуудыг өндрөөр нь хязгаарлаад газраас 3000, 3000-6000, 6000-15000 метрийн өндөрт гэж гурван бүсэд хуваан нислэгийн удирдагч нар онгоцнуудыг удирддаг.

Манайд өнгөрөлтийн хэсэг гэж байгаа тэр нь 6000- аас дээш буюу 15.000 метр хүртэлх зайг дээд агаарын зайн нислэгийн удирдагч нар удирдаж байгаа. Бээжингээс Европын аль нэг хот руу манай агаарын тээврийн үйлчилгээг ашиглаж нислэг үйлдэж буй онгоцнуудыг Монгол Улсын урд хилээс хойд хилээр гарах хүртэл  манай нислэгийн удирдагч нар аюулгүй байдлыг нь ханган зохицуулалтын үйлчилгээ үзүүлдэг.

Манай улсын хувьд 2019 онд Зүүн өмнөд азийн улсуудаас Европ руу нислэг үйлдэж байгаа үндсэн хамгийн дөт зам байсан. Цар тахал, Орос Украйны мөргөлдөөнөөс үүдэж өнгөрөлтийн нислэг 50-60 хувь хүр­тэл буурсан. Өдөртөө 400-450 онгоц Монгол Улсын дээгүүр дамжин өнгөр­дөг байсан бол одоо 200 гаруй онгоц нисэж байна. Улс хоорондын мөр­гөл­дөөний байдал зогсвол манай нис­лэ­гийн урсгал нэмэгдэнэ” гэсэн юм.

Мөн ИНЕГ-аас Нислэгийн хөдөлгөөн удирдагчдын нөөц төвөө орон нутагт байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ тухай Нислэг хөдөлгөөн үйлчилгээний албаны дарга Б.Батжаргал “Манай улсын нислэгийн удирдагч албаны хэмжээнд нийт 224 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Нислэгээ удирдаж байгаа нийт удирдагчаас 180 орчим нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд нислэгийн удирдагч нарыг гадны улсуудад бэлтгэж байна. Тодруулбал, 10 орчим улсад нислэгийн удирдагч бэлтгэгдэж байгаа. Сургалтын хувьд бакалаврын буюу дөрвөн жилийн хөтөлбөр, зарим тохиолдолд түргэвчилсэн буюу арван сарын дамжаанд сургадаг. Бидний үйл ажиллагааны үндсэн гол зорилго нь агаарын хөлгүүд газарт болон агаарт өөр хоорондоо мөргөлдөхөөс сэргийлж ажиллах гол зорилготой. Үүний хажуугаар үр ашигтай үйлчилгээг үзүүлэх бодлогыг давхар баримталж явдаг. Нислэгийн удирдагч нар газраас нисгэгч нартай шууд холбоогоор холбогдож аюулгүй ажиллах заавар зааварчилгааг өгч ажилладаг. хүний нөөцийн бодлогоо таваас дээш жилээр төлөвлөдөг. Жилдээ 5-15 хүн нэг төгсөлт болж орж ирдэг. Тэтгэвэрт гарах хүний тоо, төгсөж ирсэн хүнийхтэй тэнцдэг. Тиймээс хүний нөөцийн бодлогын хувьд төлөвлөлтийг маш нарийн хийхгүй бол болохгүй байгаа. Нислэгийн удирдагч бэлтгэхэд маш олон шаардлага тавьдаг. Тухайлбал, олон улсын хэмжээний А-3 зэрэглэлийн эрүүл мэндийн шаардлага, Level 4 англи хэлний шаардлагыг тавьдаг. Эдгээр шаардлагуудад нийцсэн хүмүүсийг сонгон шалгаруулж, нислэгийн удирдагч нарыг бэлтгэдэг. Цаашид нөөц төвөө орон нутагт байгуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатараас нислэг удирдах боломжгүй байдалд нөөц төвөөсөө удирдана гэсэн үг” гэв.

 

Монголын нислэгийн хөдөлгөөн удирдагчид тулгамдаж буй асуудлаараа ярилцлаа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 204 (7448)