Д.ЦЭРЭННАДМИД

 

Энэ удаагийн сурвалжлагын эзэн бол япон судлаач, сэтгүүлч Дэлэгийн Төмөрбаатар л даа. Уншигч түмэн дийлэнх нь хэн бэ гэдгийг санаж байвал гадарлах л болов уу. Хэдэн жилийн өмнө сүмо бөх тайлбарлаж байв даа.

Тэрээр олон жил Японы ард түмний өвөрмөц аж амьдрал, ухаан санааны онцлог, өв уламжлалыг судлан бичиж туурвиж яваа юм. Мөн Монгол-Японы соёл утга зохиолын төвийг байгуулалцаж Монголын Го даамын болон Соробаны холбоодыг үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд идэвхийлэн ажилладаг хүн. Зурагтаар Япон улсыг таниулах "Төмөрбаатартай хамт Япон орноор" нэвтрүүлгийг үзээгүй хүн лав байхгүй биз.

Харин саяхан түүнтэй уулзвал нөгөө л арлын орны тухай яриад "Гайхамшигт жюүдо" гэдэг номоороо бэлэг барив.

Тэгээд ярьж байна аа,

-Би нэг удаа санамсаргүйгээр манайд элчингээр сууж байсан Кабаями Хироюкид танай улсын нэг нүүр царай болсон жүдо бөхийн үүсэл хөгжлийн тухай ном бичмээр санагддаг. Гэхдээ бөхийн энэ төрлийн шинжлэх ухааны үндэслэлийг сайн гаргах санаа байна гэсэн юм. Тэгсэн Элчин сайд тун таатай хүлээн авсан. Сарын дараа дахин уулзахад нөгөө номоо бичиж байна уу гэж намайг шавдуулдаг юм. Би ам алдсандаа бантаж Японд очиж жүдо бөхийн үүсэлтэй холбоотой газруудаар явж, судлаач мэргэдтэй нь уулзаж явлаа. Олз дажгүй. Тэгээд номоо бичсэн.

Энэ номд жюүдо бол Японоос үүсэлтэй тулааны урлаг юм гэдгийг гаргахдаа бөхийн энэ төрөл нь Монголын Үндэсний бөхийн адил өнө эртний түүхтэй, ард түмнийхээ ухаан бодол, уламжлалт ёс заншил, аж төрөхүйн арга ухааныг нэвт шингээсэн их соёл гэж тодорхойлжээ. Япон тооллын Яёоны үед буюу япончууд нүүдэллэн аж төрж байсан цагаасаа хойш суурин амьдралд шилжиж газрын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж ирсэн хүч тамирын тулаанаас гаралтай гээд энэ тулаан нь яваандаа баяр наадам, ахуй соёлын нэг хэсэг болж хөгжсөн тухай өгүүлж байна. Коодоокан жюүдог үүсгэн байгуулж хөгжүүлсэн хүн нь Японы нийтийн биеийн тамир, спортын нэрт зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч "Их багштан" Кано Жигоро юм.

Энэ хүний гавьяаг багцалж хэлбэл эрт үеийн тулааны гэмтэл бэртэлд хүргэж болох аюултай техник, мэхнүүдийг хасаад эрч хүчтэй шинэ төрлийн барилдааныг бий болгосонд оршдог ажээ.

Японы Коодоокан жюүдо гэдэг аугаа спортын биелэлээ олсон нь 1880-аад оны эхэн гэж тэмдэглэсэн байна. Энэ түүхийн явцад жюүдо бөх дэлхийнх болж дэлгэрсэн шинжлэх ухааны үндэслэл нь оршиж байгаа юм билээ.

1889 онд Кано Жигоро баруун Европт аялахдаа бөхийн энэ төрлийг өөрийн биеэр үзүүлэн сурталчилж тэгснээр АНУ, Англи зэрэг оронд дэлгэрч эхэлсэн түүхтэй юм.

Монголд жюүдо бөхийг хөгжүүлээд 50 гаруй жил болохдоо тодорхой өндөрлөгт хүрч тамирчид маань тив дэлхийд нэр алдраа дуурсгаж байна.

-Таны номыг уншихуйд жюүдог урьд нь мэддэг ч манай уншигчдын хувьд анх удаа сонсож буй мэдээлэл зөндөө байх шиг гэсэн асуултад зохиогч хариулахдаа,

-За тиймээ тухайлбал жүдо гэж яриад бичээд хэвшчихжээ. Тэгвэл энэ спортын жинхэнэ зөв нэр нь жюүдо юм л даа. Япон хэлний галигаас үзэхэд "жюү" гэдэг нь уян зөөлөн, эв эвсэл гэсэн санаа байх бол "до" гэдэг нь хүнийг эрдэмд сургах, зөв хүн болгож төлөвшүүлэх үйл, арга зам гэсэн утгатай юм билээ. Иймээс жүдо биш жюүдо гэх нь зөв гэсэн санаа надад байгаа юм.

Энэхүү "Гайхамшигт жюүдо" номдоо зохиолч маань жюүдо бөхийн үүсэл хөгжил, мөн чанар, дүрэм гээд үндсэн ойлголтуудаас гадна сонирхогчдод тус болох санаагаар Японы хэлний энгийн ярианы үг хэллэгийг бас жюүдо бөхийн 100 мэхийг зурагтайгаар багтаажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)