Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” энэ удаагийн амьдралын тойрог буландаа Говь-Алтай аймаг Макс групп, Хан Алтай ресурс, Засагт хан клубийн харваач, улсын мэргэн Баатарын Дашзэвэгийг урьж ярилцлаа.
Одоогоос зургаан жилийн өмнө төр түмний цэнгэл үндэсний их баяр наадмын алтан шар зурхайгаас Говь-Алтай аймгийн анхны эрэгтэй улсын мэргэн төрж, баярын нулимстай сэтгэгдлээ хуваалцаж байсан нь тодхон санагдана. 40 настайдаа анх нум эвшээлгэж байсан тэрээр зургаан жилийн дараа төрийн наадамдаа түрүүлж, энэ спорттой амьдралаа холбосон харваачдын сэтгэл зүрхэнд итгэлийн гал бадрааж байв. Энэхүү ховорхон тохиох хувь заяаны эзэн бол Говь-Алтай аймгийн уугуул Засагт хан клубийн тамирчин, улсын мэргэн Б.Дашзэвэг юм. Тэрээр энэ сард буриад сурын спортын мастер цолны болзол хангаж, үндэсний дөрвөн сурын мастер болсон билээ.
Торгон хилийн зурваст өнгөрүүлсэн бага нас минь
Нийтлэлийн баатар Б.Дашзэвэгийн бага нас торгон хилийн зурвас, хилчний саруул өргөөнд өнгөрсөн гэдэг. Түүний аав Д.Баатар улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хилийн цэргийн хурандаа. Баатар хурандаа нэр шигээ сайхан хүн байжээ. Цэрэг эрсийнхээ бахархал, зургаан хүүхдийнхээ өмөг түшиг болсон түүнийг аль ч дугаар ангид хуваарилагдсан гэр бүлийнхэн нь хамт явна. Улаанбаатарын унаган хүү аавыгаа дагаж, Сүхбаатарын сүлэлдсэн талаас Говь-Алтай аймгийн Алтай отрядад хүрч, дурсамж дүүрэн бага насаа өнгөрүүлжээ. Түүний ээж Р.Бадамгарав үүрэг хүлээсэн нөхрөө дагаж, цэргийн ангийн холбоочноос номын санч болсон нь Б.Дашзэвэгийн амьдралд нэгэн цонхийг нээсэн байна. Тэрээр “Алтай отрядын цэргийн анги хоёр мянга гаруй номтой байсан санагдана. Магадгүй тэрнээс ч олон байсан болов уу. Гуравдугаар ангиас наймдугаар анги хүртэл сурахдаа бараг бүх номыг нь уншсан. Аавын ажил мэргэжилтэй холбоотой болохоор ч юм уу цэрэг дайны холбогдолтой ном илүү сонирхол татдаг байж билээ. Хэрэв одоогийн нийгэм шиг хүссэн сургуульдаа элсэх нээлттэй боломж байгаад хүсэл сонирхлоо дагасан бол магадгүй би аавынхаа мэргэжлийг өвлөх байсан” хэмээн дурсан ярина. Гэвч түүний ахлах ангиа дүүргэсэн Төгрөг суманд таван сургуулийн хуваарь иржээ. Эхний дөрөвт жагсаж байсан тэрээр аавынхаа заавар зөвлөгөөг дагаж Санхүү эдийн засгийн коллежид нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн байна. Сургуулиа төгссөний дараа гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж байсан боловч аавын дуудлагаар эцэг өвгөдийнхөө нутагт очиж ажлын анхны гараагаа эхлүүлж байв. Говь-Алтай аймгийн Бугат сумын “Социализмын зам нэгдэл”-ийн цалин хөлсний нягтлан бодогчоор ажилд орж, есдүгээр сарын 1-нд сургуулийн хүүхдүүдтэй хамт анхны алхмаа хийсэн гэдэг. Удалгүй нийгэм цаг үе зах зээлийн чөлөөт нийгэмд шилжиж Б.Дашзэвэг Улаанбаатар хотыг зорих болов. Мэргэжлийнхээ хүрээнд олон ажил хийсний эцэст өөрийн бизнесийг эхлүүлж, 1998 онд Монголын анхны гар утасны дэлгүүрийн нэг “Моби шоп”-ыг үүсгэн байгуулсан бөгөөд одоо хувиараа бизнес эрхлэгч юм.
Хэр баргын аавын хүүгийн чадах зүйл биш шиг санагдсан
Монгол эрчүүдийн нэгэн адил хурдан шандаст ажнай сонирхож, ганц нэгийг уралдуулж явсан тэрээр эр хүний идэрхэн 40 насандаа эрдэмт харваачдын эгнээнд орохоор зориг шулууджээ. Уламжлал ёсоор аав, дүүгийнхээ хамтаар Хүй долоон худгийн торгон дэвжээнээс сурын талбай дээр ирэхэд 2011 оны наадмын шувтарга харваа сэтгэлийг нь татаж, оролдож үзмээр санагдсан гэнэ. Ийнхүү сураг ажиг тавьсаар 2012 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Соёлын гавьяат зүтгэлтэн, хүндэт мэргэн Т.Батмөнхийн шавь болж, амьдралын нэгэн шинэ хуудсаа эхлүүлжээ. Анхны жилээ суралцаж буй туршлага дутмаг харваач хоёр тэмцээнд орохын хажуугаар адуу малдаа анхаарал тавьсаар нэг жилийг үдэв. Дараа жил нь Унгар луу зэвт харвааны олон улсын тэмцээнд явахаар болж дархан мэргэн Ц.Хүдэрчулуунаар чиглүүлэн бэлтгэлээ базааж, багаараа алтан медаль хүртсэн гэдэг. Бага ч гэсэн техникийг зөв эзэмших нь тамирчин хүнд ямар чухлыг ойлгож, тэр цаг үеэс шаргуу хөдөлмөрлөх болсноо ярина. Харваач хүн ганцаарчилсан төрлөөр цэц мэргэнээ сорихоос гадна багт харьяалагдах нь зүйтэй билээ. Түүний хувьд багш нарынхаа зөвлөсний дагуу гарамгай харваач Д.Ганбат, даян мэргэн Д.Эрдэнэтуяа гэх хоёр хүний гар дээр Петровис багт орж, амжилт гаргах дараагийн их үндсээ тавьжээ.
Монгол Улсад сурын харваагаар спортын цол олгох тав, зургаан тэмцээн болдгийн нэг нь төвийн бүсийн чуулга харваа билээ. Тэрээр 2014 оны намар ерөнхий сайдын нэрэмжит төвийн бүсийн чуулга харваанд их сурын төрлөөр 33 оноо авч анхны спортын мастер цолоо хүртэж байв. Тухайн үед үндэсний сур харваагаар хичээллэх хүн харьцангуй цөөн хэдий ч наран ургахаас жаргах хүртэл шаргуу бэлтгэл хийдэг байсныг харваачид дурдана. “Анхны спортын мастерынхаа болзлыг хангасны дараа хэр баргын аавын хүүгийн хийчих зүйл биш юм шиг санагдаж, их баярлаж байлаа. Сэтгэл зүрхээ зориулаад харваач болохоор шийдчихсэн хүн хоёр жилийн хугацаанд цол олгох өчнөөн тэмцээнд орсон. Өнөөдөр бүтэх болов уу гэсэн горьдлого тээгээд л гарна. Гэр бүлийнхэн маань хүртэл спортын мастер цолыг хэн дуртай нь авдаггүй, чанга эд байна гээд бодчихсон байлаа. Бэлтгэл дээр хангалттай болчихмоор байвч тэмцээн дээр нэг болж өгөхгүй явсаар 2014 оны найман сард анхны спортын мастераа хамгаалсан даа” хэмээн сэтгэлээс гардаггүй сайхан түүхээ хуваалцсан юм.
Дөрвөн сурын мастер болсон нь
Монгол Улсад өргөн цар хүрээтэй дэлгэрсэн их сурын, буриад, урианхай, мөсөн гэсэн дөрвөн төрлийн харваа бий. Энэ спорттой амьдралаа холбосон хэн бүхэн бүх төрлөөр нь амжилт гаргахыг эрмэлздэг. Харвааны үндсэн зарчим ижил боловч, цаг хугацаа, харвах зай, өрж байгаа сурын хэмжээ ялгаатай байдаг. Газрын урианхай сурын тэмцээн хавар эхэлж, намар өндөрлөдөг. Залгаад ес эхлэхээр мөсөн сурын харваа эхэлдэг онцлогтой. Энэ хоёр төрөл нь өтвөг давуулан харваж, чих сурыг цасан юм уу шороон далан давуулан харвадаг ба ур чадвар их шаарддаг. Харин буриад харваа нь 30, 45 метрээс буюу хамгийн ойр зайнаас харвадаг. Их сурын буюу уламжлалт харваа хамгийн хол зайнаас буюу 75 метрээс сум тавьдаг онцлогтой билээ. Тэрээр дөрвөн сурын мастераа харилцан адилгүй хугацаанд авсан ба 2018 онд мөсөн сураар спортын мастер, ноднин урианхай сурын төвийн бүсийн чуулга харваагаар түрүүлж, спортын мастер зэрэг цол хүртсэн билээ. Харин 2014 онд буриад сурын спортын дэд мастер болсноос хойш 10 жилийн дараа 2024 оны отог харваагаар спортын мастерын цол хангасан юм. Ийнхүү дөрвөн сурын мастер болсон нь өв соёл, түүх уламжлалаа тээн, түгээн дэлгэрүүлж, үндэсний сурын харваатай бие сэтгэлээ холбосон түүний бахархууштай нэгэн мөч тохиосон юм.
“Харваачийн амжилтын үндэс бол нум”
Аливаа амжилтын цаана асар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан байдаг билээ. Үндэсний сурын спортод шунан дурлаж, бие сэтгэл, ахуй амьдралаа зориулсан байсан тэрээр анхны мастераа хамгаалсны дараа ажил мэргэжил ихэд цалгардсаныг анзаарч, болих бодол төрж байв. Гэвч жил болгоны наадмаар улсын цолтон төрж, тэр тусмаа ахмад харваачид манлайлж буйг хараад “Би бас нэг зүтгээд үзвэл улсын мэргэн болчих ч юм билүү” гэх туйлын хүсэл төрсөн гэдэг. Мастер болсноос хойш харваа жигдэрч, олон багшийн буянд сэтгэл зүй нь тогтсон байлаа. Улсын мэргэн болох зорилго тавьснаас хойш үндэсний баяр наадмаар хоёр жил дээгүүр амжилт үзүүлсэн боловч хүссэн амжилтаа гаргаж чадсангүй. Харин 2018 оны хур бороо элбэгтэй тэр наадам жил жилээс онцгой байсан гэдэг. Зунжингаа бэлтгэл хийсэн нумаа наадмын өмнөх өдөр солих болж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлд дасан зохицохоос өөр аргагүй болжээ. Эвэр нум нь малын шөрмөс, янгир, үхрийн эвэр, мод, загасан цавуу гэсэн байгалийн түүхий эдээр бүтдэг учир цаг агаарын байдлыг шууд мэдэрдэг. Тиймээс харваач хүн хавар намрын эрс тэс цаг уурт тохирсон олон төрлийн нумтай байх нь зүйтэй. Зуны аагим халуун үед хатуу нумаар харин хүйтэн сэрүүн үед зөөлөн нумаар тохируулж харвадаг байна. Хэдий хүйтэн үед зөөлөн нумаар харвах нь зохимжтой ч мөсөн харвааны тухайд өөр ажээ. Ихэвчлэн -30 градусаас дээш цаг агаарт харвадаг тул сургуулилтын хатуу нумаар харвана. Учир нь бай буюу чихээ онож гаргах ёстой учир хамаагүй зөөлөн байж болдоггүй. Сур харвадаг эрчүүдийн тухайд харвааны төрөл бүрдээ хатуу, зөөлөн олон төрлийн нумтай байж, түүнийгээ зөв “маллах” хэрэгтэйг зөвлөдөг билээ. Наадам болгон эзэнтэй байдгийн адил 2018 оны сурын харваа Б.Дашзэвэгийнх болсон юм. Тэрээр “Хөдөлмөрлөсөн хүнийг аз түшдэг гэж боддог. 2018 оны улсын аварга наадмын өмнө Хэнтийд болсон. Тэр улсын аварга ширүүн бороотой болж наадамд түрүүлсэн нумаа шинэхнээр нь барьсан юм. Тухайн үед бороотой жихүүн үед энэ нумыг барихад болох юм гэх бодол төрсөн л дөө. Наадмын бэлтгэлийн үеэр нэлээд халж, хатуу хүнд сумаар их бэлтгэл хийгээд гар хуруу цуцах маягтай болсон байлаа. Гэвч наадмын өдөр цаг агаарын байдал өөрчлөгдөж, зөөлөн нумаа барих нь зохисттой бол таарсан. Харваачийн амжилтын үндэс бол нум юм. Аливаа хүнд аргамаг хүлэг, сайхан нум хоёр буян заяа, цаг хугацаа нь болохоор урлаачийн сэтгэлээр заяадаг юм шиг санагддаг” гэж сэтгэлийн үгээ хуваалцав. Харваач болгонд амжилт авчирдаг, ээлтэй нум гэж байдаг. Тэр урлаачийн хийсэн нум л надад зохидог гэсэн бодол ч байдаг гэнэ. Тэр ховор тохиох хайртай нумаа харваачдын хэлж заншсанаар зөв маллаж, арчлах нь чухал ажээ.
Говь-Алтай аймгийн анхны эрэгтэй улсын мэргэн
Улсын цолтон болно гэдэг харваач хүний туйлын мөрөөдөл байдаг. Олон жил тууштай харвасан хүний амжилт түмэн олны нүдэн дээр ил тод байдаг учир хэзээ цолонд хүрэх болдоо гэсэн итгэл, хүлээлт үргэлж байдаг. Тиймдээ түүнийг улсын мэргэн болоход гэр бүл, найз нөхөд, харваачид, цаашлаад зүсээр уулзаагүй ч сургаар таних болсон Монголын ард түмэн ихэд баярласан гэдэг. Мэдэхгүй дугаараас залгаж баяр хүргэхийн сацуу, таныг 40 наснаасаа харвасныг сонсоод урам зориг авч, энэ спортыг сонирхоод үзэхээр шийдлээ гэсэн дуудлага тасрахгүй байжээ. Одоо тэрээр олон сайхан шавийг төрүүлж, энэ спортынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр явна. Алтай нутгийнхны Засагт хан клуб 2016 онд байгуулагдаж, Батмөнх багшийнхаа хамт ерөнхий дасгалжуулагчаар томилогдож, дараа дараагийн мастерыг төрүүлэхийн төлөө хөдөлмөрлөжээ. Хүүхэд байхдаа багш шавийн барилдлагатай болсон харваачид нь 2018 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд орж, эхнээсээ ерөнхийлөгчийн зарлиг дуудуулсан, улсын цолтон болж байна. Тэрээр “Монгол харвааны онцлог гэрийн багшаар тухайн хүний нас, биеийн онцлогт тохируулан зааж зөвлөдөг агуу соёл байдаг. Өрсөлдөгч нь хүртэл харваачийнхаа бууцыг зааж, уухайлан дэмждэг спорт дэлхийн хаана ч байхгүй. Энэ гайхалтай өв соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах нь харваач бүрийн үүрэг. Энэ их өв соёлын нэг хэсэг болж яваадаа талархаж явдаг” хэмээсэн юм. 2018 онд Б.Хүрэлбаатар тэргүүт Засагт хан клубийн харваачид үндэсний сур харваагаа нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Алтайн мянган харваач” төсөл хөтөлбөрийг наадмын дараа хийх тов гарсан байв. Энэ төлөвлөгөөт ажлын өмнөхөн төрийн наадмын алтан шар зурхайд Говь-Алтай аймгийн анхны эрэгтэй улсын мэргэн төрсөн түүхэн явдал тохиож байв. “Алтайн мянган харваач”-аас төрөн гарсан харваачдын нэг бол Алтай нутгийн хоёр дахь эрэгтэй мэргэн С.Сүрэнжав билээ. Энэ бүх харваачаараа Б.Дашзэвэг бахархан ярина. Сурын харваа гэдэг ажил мэргэжил, яс үндэс, нас хүйс харгалзахгүй нөхөрлөдөг, нэг хамт олон болдог өнөр айл билээ. Монгол орны аль ч нутагт очсон харваач хүн байдаг. Түүний хувьд Монгол орны 21 суманд очиж нум эвшээлгэж явсны хүчинд олон сайхан харваачтай танилцаж цол зэрэг, овог нэрийг андахгүй мэдэж, нэг нэгэндээ дэмтэй тустай явж талын чинээ танилуудтай болсондоо үргэлж баярладаг ажээ.
Хурц хараа ба харваачийн зэвсэг
Харваачийн гол зэвсэг бол хурц хараа байдаг. Тиймдээ ч “Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай” гэдэг билээ. Мөн булчин шөрмөс уян, гол нуруу эрүүл байх хэрэгтэй. Гэвч өөрийнхөө дотоод сэтгэлийн ялан дийлэх сэтгэл зүйн байдал амжилтын гол үндэс ажээ. Дархан мэргэн Цэвээн гуайн хэлсэн “Сэтгэл, нударга хоёр тогтож байж сайхан ононо” гэсэн үг байдаг. Тиймээс Б.Дашзэвэгийн хувьд шавь нарынхаа сэтгэл зүйтэй нь ажиллах нэн чухал гэнэ. Дараагийн зүйл бол бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах. Тухайн хүний харваа жигдрээд ирэх үеэс нь сунгаж буй морь мэт хэд хэдэн тэмцээнд оруулж сэтгэл зүйг нь тогтоож өгдөг ажээ. Залуу насандаа өөрөө морь уях эрдмийг сонирхож явсан хүн өдгөө шавь нараа алсын замд нь сойж явна. Сурын харвааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан нийт багш дасгалжуулагч мөн харваачдын эд хэрэглэл, нум, сумыг хийдэг урлаач нарт талархаж явдгаа хэлсэн юм. Үүнээс гадна хээрийн бэлтгэлээс эхлэн харваачдын байр, хоол унданд их зардал гардаг. Энэ бүх зүйл дээр нь Засагт хан клубийг сүүлийн гурван жил Макс группийн Хан Алтай ресурс ивээн тэтгэж байгаа ажээ. Энэ дэмжлэг үр шимээ өгч, харваачдын ур чадвар өсөж, шавь Д.Гэрэлмаа тод харваач цол хүртсэн хэмээн Б.Дашзэвэг олзуурхан ярьсан юм.
Харваачийн эрдмийг өвлөсөн том хүү
Тэрээр Алтай сумын наймдугаар ангийн сурагч байхдаа анхны хайр, амьдралын хань Д.Хундагатайгаа учирчээ. Одоо гурван хүүхдийн ижий аав болон аж төрж байна. Том хүү Д.Төгөлдөр нь аавынхаа эрдэм чадлыг өвлөн авч багаасаа нум эвшээлгэж эхэлжээ. Д.Төгөлдөрийг аав нь өөрийн хүсэл сонирхлоо дагахыг зөвлөдөг бөгөөд заавал нум сум харваарай гэж хүчилдэггүй. Хэсэг хугацаанд нум татаагүй байсан 11 дүгээр ангийн хүү нь энэ жил Говь-Алтай аймгийн Бигэр сумын 100 жилийн ойд харваж, гуравдугаар байр эзэлсэнд тэрээр ихэд бахархан сууна. Монгол өв соёл, үндэсний харваагаа түгээн дэлгэрүүлэх удам дамжсан харваачид төрж буй ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)