Хэл бичгийн ухааны доктор (Ph.D) Ү.ХҮРЭЛБААТАР

Монголын хүүхдийн зохиолч О.Сундуй “Алтан ураг өршөө” хүүхдэд зориулсан хөгжимт драмын жүжиг бичиж тайзнаа амилуулан олны хүртээл болгожээ. Тайз дэлгэцийн хүүхдийн чансаатай бүтээл ховор живэр байгаа энэ үед хүүхдийн уран зохиолоор дагнан уран бүтээл туурвиж буй туршлагатай зохиолчид түүхэн сэдэв рүү анхаарлаа хандуулж буй нь сайн хэрэг. Учир нь Монголын өнөөгийн нийгмийн шилжилтийн үйл явц, дэлхий дахины улс төр, үзэл санааны шинэ орон зайн төлөөх тэмцэл түүхэн сэдвийг дахин хүчтэй дэлгэрэхэд хүргэж байна. Үүнийг Монголын залуу үе, хүүхэд багачуудад монголчуудын баатарлаг түүх, үндэсний бахархал, эв нэгдлийг таниулах чухал хөшүүрэг, түүхэн боломж хэмээн угтан авах нь зүйтэй юм.

О.Сундуй энэ эрхэм зорилгын үүднээс эдүгээ хэн бүхний гадарлах болсон түүхийн үйл явдлуудаас Монгол Улсын бага хаадын нэг Батмөнх Даян хааныг онцолж, тэр тусмаа түүний бага насны ээдрээт амьдралыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт таацуулж үйл явдлыг эгэл жирийн амьдрал дунд оршоож дүр, дүрслэлийг туурвин бүтээсэн нь анхаарал татаж байна.

Тайзны бүтээл тэр тусмаа хөгжимт драмын жүжгийн зохиолын онцлог нь харилцан яриа, монолог, дуулалт ярууслын хослолоор дүр бүтээхэд орших бөгөөд энэ нь үйл явдал, зөрчлийн амин зангилааг олж нээх, тайлж тайтгарах замаар тэрхүү уран бүтээлээр хэлэх гэсэн цөм санааг тодлоход оршино. Жүжгийн зохиолын хязгаарлагдмал орон зайд, амьд яриа, аялгуут эгшгээр утга санааг цомнон гаргах онцгой шаардлагуудыг туршлагатай зохиолчийн хувьд эв аяыг нь олж чадсан байна. Учир нь түүхэн сэдэвт хүүхдийн зохиолуудад анзаарагддаг түүхийг хэт махчлан нурших, эсвэл түүхэн үнэнийг илт гуйвуулах хандлагыг “Алтан ураг өршөө” зохиол давтсангүй.

Монгол Улсын хүчирхэг бага хаадын нэг Батмөнх Даян хааны амьдрал тэр аяараа домог юм. Тэр тусмаа түүний өнчин, өлмүүн зэлмүүн бага насны амьдрал өнөөгийн бага балчир насныханд ухаарал өгөх учиртай. Нэг талаас алтан ургийн удам, түүний түүхэн үүргийг нуруундаа тээх хувь заяатан, нөгөө талаас бэтэг өвчинд баригдталаа өнчрөлийн замыг туулж яваа эгэл жирийн монгол хүүгийн амьдрал өнөө цаг үеийнхэнд эрхбиш нэгийг сануулж, хоёрыг бодуулах нь лавтай.

“Алтан ураг өршөө” жүжгийн үйл явдал нь Их Монгол Улсын задрал, XV зууны бага хаадын зөрчил, Ойрд Монголын эвлэршгүй тэмцлийн золиос нь алтан ургийн хувь заяа, эгэл жирийн монголчууд, тэр дундаа хүүхдүүд байсан гэдгийг өгүүлж байна. Тиймээс жүжгийн хамгийн сонирхолтой үйл явдал нь төрийн ордон, язгууртны хүрээлэл дунд бус харин хуучин шавар балгас сахигч Бахай, малчин өвгөн Төмөрхадаг нарын гэрт, хүүхдүүдийн хүрээнд өрнөж байна. Зохиогчийн энэ шийдэл нь ямар ч нийгэмд тулах хүчин нь ард олон, туулах амьдралын эцсийн зогсоол нь энгийн амьдралын амар амгалан мөн болохыг тухайлсан хэрэг байв.

Ойрадууд Монголын алтан ургийг тасалж төрийн жолоог атгах атгаг санаанд автаж Чингисийн удмын Баянмөнх жононгийн ганц хүү Батмөнхийг олж устгах бодлогыг баримталж байсан нь түүхэн үнэн юм. Нялх балчраасаа төрийн их дуулганд өртөж, басхүү тэр их түүхэн үүргийг үүрэх бие сэтгэлийн адармаат сорилтыг туулна гэдэг үнэндээ хувь хүний итгэл үнэмшлээр улбаалж, амь амьдралын туйлын зорилт болтлоо хат сууж гэмээ нь хаан ширээг залгамжлах их үйлийн эзэн болж байна. Энэ нь өнөө цагт нийгэмд бэлтгэгдсэн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдөх манлайлагчийг төрүүлэх замаар улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах үзэл санаанд хүүхэд ахуй цагаасаа ухаарч нэгдэхийг чухалчилсан хэрэг гэж үзэж болно. Энэ санааны уг үндсийг зохиогч их ухаалгаар шийдсэн бөгөөд тэр нь ээжийн бүүвэйн дуу юм. Тиймээс жүжиг Шихэр хатны бүүвэйн дуугаар эхэлж байна. Тэр бүүвэйн дууг “Алтан ургийн амийг тасалъя” хэмээх алсын хашхиралдаан таслах нь жүжгийн зөрчлийг үүсгэнэ.

“Хаан Чингисийн удам билээ

Харгуцаг тайжийн удам билээ

Алтан ургийн үр нь билээ

Амин хайртай хүү нь билээ” хэмээх энэхүү бүүвэйн дуу ийнхүү уг жүжгийн үйл явдлын нэвтрэн гарах улаан шугам төдийгүй гол дүрийн тодорхойлолт,  агуулгын тайлал болж байна. Ойрдын өширхөл, Монголын ханлигуудын зөрчлийн хайчин дунд хувь заяа нь аюулын ирмэгт ирсэн, ирээдүйн Хамаг Монголын хаан Батмөнх хүүгээ аврахын тулд Баянмөнх хаан тэмцэж их тулаанд амь үрэгдэж, эх Шихэр тайху хатан Ойрдын Исмэл тайжид олзлогдон богтлогдож байна. Энэ бол алтан ураг, алтан үрийнхээ төлөө хийж буй алтан ургийнхан, аав ээжийн эмгэнэлт баатарлаг түүх билээ. Жүжгийн өрнөл дунд нэгэн хуурч өвгөн “Азаргагүй адуу мэт агуу Монгол эзэнгүй. Буургүй тэмээд мэт бутарсан улс хаангүй” хэмээн хуурын татлагадаа өгүүлэх нь тэр үеийн нийгмийн байдлыг дүрсэлсэн хэрэг байлаа. “Халдах дайсныг төөрүүлнэ гээд үлдсэн ээж минь алга. Хаан төрөө аварна гээд мордсон аав минь алга” гэж бачууран худаг руу үсэрч буй хүүгийн шийдэл, “Дэгдээд очиход дэрс л байна. Дээлээн даахгүй цөхрөөд байна” гэх солиорлыг буруутгах аргагүй. Гэвч “Чи алд биеийнхээ төлөө төрөөгүй, ард түмний төлөө төрсөн. Хаан хүний үр мөн юм бол хагацал зовлонг давж сур” гэх Бахай өвгөний хатуурхал, Хамаг Монгол Улсаа аврах хаан заяандаа хөтлөгдөн амьдралын төлөө тууштай тэмцэн босож байна.

“Алтан ураг өршөө” жүжгийн сонирхолтой дүрүүд нь эгэл жирийн ардууд юм. Тухайлбал, хуучин шавар балгас сахигч Бахай өвгөний хувийн хатуу зарчимч зан чанар, төрийн төлөө амиа үл хайрлан зүтгэж буй зүтгэл, Төмөрхадагийн хүү Дүүрэнтөмөрийн барьцамтгай эзэрхүү зан чанар, хэл тултираа Дүүдийн төрх, охин дүү Цэцэнгийн сайхан сэтгэл, ухаалаг байдал энэ жүжгийн чимэг болж байна. Харин Исмэл тайжийн дүр сэтгэлд хүрсэнгүй. “Баянмөнх намайг үргүй эм гээд үнсэнд хаясан шалз мэт орхиод удаж байна” гэх Шихэр тайхугийн үгэнд итгэж, нотолгоо болгон эхнэрээ болгон авч хүүхэд төрүүлж буй нь, жүжгийн төгсгөлд Чингисийн удмыг тодолсон сүнс сүлдээс өршөөл эрж буй дорой байдал зэрэг нь итгэл үнэмшил төрүүлсэнгүй. Мандухай хатны дүр үйл явдлын тайлал бус тайлбар төдий хөнгөн хуумаг болсон байна. Харьцангуй үзэгчдийн дунд өөрийн дүр, төсөөллийг нэгэнт үүсгэн түүхэн дүрийг энэ мэт хөнгөн хуумаг дүрслэх нь яав ч зөв шийдэл биш гэж бодож байна.

Батмөнхийн бага насны тухай жүжиг учраас Мандухай хатан зэргийг холбон дүрслэхэд бэрхшээлтэй байсан нь мэдээж боловч түүний ирээдүйн хаан болох төлөвшил, зан чанарыг илүү тод гаргаж болох байсан. Дүүрэнтөмөртэй хийж буй эрийн гурван наадамд түрүүлж хаан титэм зүүж буй бэлгэдэлт дүрслэл шиг зүйлс энд  нэлээд үгүйлэгдээд байсныг тэмдэглэж байна.

Хүүхдийн зохиолч О.Сундуйн уран бүтээлд тайз, дэлгэцийн бүтээл жин дарж байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тэрээр анх “Долоон хожгор нэг можгор” (1992) хүүхдийн дуурь бичсэн бөгөөд  “Агь хүү Сиддхартагийн аялал” (2004), “Эрх танхил охин эрдэм сурсан нь” (2016), “Мөчрөн хуруут” (2020), “Хүүхэлдэйн чинээ ээж” (2023) жүжиг, “Халиартай бин” (2006), “Зуслангийн чөтгөр” (2007) хүүхэлдэйн кино, “Шарга даага” (2014) уран сайхны кино бүтээсэн туршлагатай зохиолч юм.

Түүний тайз, дэлгэцийн бүтээлийн үргэлжлэл нь Батмөнх Даян хааны мэндэлсний 360 жилийн ойд зориулсан “Алтан ураг өршөө” хэмээх хүүхдэд зориулсан хөгжимт драмын жүжиг болж байна. Тэрээр дэлхийд дайдад алдартай Эзэнт Монгол гүрний түүхийн нэгэн мөчлөгийг алтан ургийн бүүвэйн дуугаар ийнхүү адислав аа.

2024 оны аравдугаар сарын 13-ны өдөр

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)