Жилийн дөрвөн улиралтай Монгол Улс авто зам дагуух үйлчилгээг хөгжүүлэх шаардлага бий. Тэр дундаа орон нутгийн эрсдэлтэй замын дагуу цасны хаалт байршуулах нь зайлшгүй тулгамдсан асуудал ажээ. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллахаар Япон Улсын “Рикэн Когёо” компанитай Монгол Улсын “Бадрах булаг” ХХК, “Ганхийц” ХК, зөвлөх үйлчилгээний “Саблайм” ХХК-ууд болон ХХК, Монголын Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
“МОНГОЛ ЭКО КОНСТРАКШН” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Тэд хамтран ажиллахдаа “Монгол Эко Констракшн” төслийг хэрэгжүүлэх аж. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 2023 оноос эхлэн ажиллаж эхэлжээ. Төслийн хүрээнд Япон Улсад цасны хаалтын чиглэлээр тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Рикэн Когёо” ХХК-ын патент бүхий цасны хаалтыг монголдоо суурилуулах юм байна.
Манай улс өвлийн улиралд зам даваа хаагдах, цасанд боогдох эрсдэл өндөртэй. Тиймээс авто зам дагуу цасны хаалт тавьснаар замыг цаснаас хамгаалахын зэрэгцээ “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. “Монгол Улсад цас их орсны улмаас зам даваа боогдох, осол гарах, хүний амь эрсдэх, эд хөрөнгөөр хохирох эрсдэл гардаг. Тиймээс бид Японд тэргүүлэгч компанийн үйлдвэрлэсэн цасны хаалтыг суурилуулах ажилд хамтарч ажиллахаар болж байгаа юм” хэмээн Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Батжаргал хэлж байлаа. Тус холбооныхон “Тэрбум мод” төслийн хүрээнд таригдах модны 50 хүртэлх сая модыг зам дагуу тарихаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тарьсан модыг хамгаалах хашааг цасны хашлагаа ашиглан мод тарьж, нөгөө талд нь хаалт хийх байдлаар модоо хамгаалахаар төлөвлөжээ.
ЗАМ ДАГУУХ ЦАСНЫ ХААЛТ БА “ТЭРБУМ МОД”
Төслөөр нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт бага, тэгш оролцоотой нийгмийг бүтээхийг зорьж буй бөгөөд энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тодорхой хэсгийг хэрэгжүүлж, хаалт суурилуулсан хэсгүүдэд мод тарихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн моддыг амьтдаас хамгаалах зорилгоор тэднийг үргээх зориулалттай эсгий үйлдвэрлэх бөгөөд үүгээр эдийн засгийг сэргээж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжийг бүрдүүлж буй. Мөн мал амьтныг зам тээврийн ослоос хамгаалах зорилгоор мэдрэгч дохиоллын системийг цасны хаалтад суурилуулж байгаа юм билээ.
Тарьсан мод 15 жилийн дараа бүрэн ургац гүйцэхэд гаднах хаалтыг авч, ургасан модыг хаалт болгон ашиглах боломжтой аж. Тиймээс тэрхүү хаалтыг дараагийн байрлал руу зөөж ашиглаж болно хэмээн төслийн багийнхан хэлж байлаа. Төслийн зүгээс хийж байгаа ажлууд Тогтвортой хөгжлийн 17 зорилтын долоотой нь шууд уялдаж байгааг тэд онцолж байв.
Яг нэг жилийн өмнө энэхүү төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийж байх үед нь Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж буй Япон улсын “Рикен когёо” компанийн төлөөлөлтэй “Зууны мэдээ” сонины сурвалжлах баг уулзаж байсан юм. Тухайн үед судалгаа болоод бэлтгэл ажил хийж байна хэмээж байсан бол өдгөө төслөө эхлүүлэхээр болжээ.
"Рикен Когёо" компани 68 жилийн түүхтэй бөгөөд салхи, цаснаас хамгаалах хаалтны үйлдвэрлэл, суурилуулалт эрхэлдэг байна. Япон оронд Хоккайдо, Тоохокү, Хокүрикүгийн бүс нутаг цас их унадаг аж. Тиймээс өвлийн улирлын турш замын аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай цасан шуурганаас хамгаалах ган хавтан үйлдвэрлэж эхэлжээ. Тус компанийнхан цаг агаарын судалгаанд үндэслэхийн зэрэгцээ хиймэл салхин хонгил ашиглан туршилтаа явуулдаг аж. Учир нь цасан шуурга болдог газарт хамгийн тохиромжтой, чанартай хашлагыг санал болгохыг зорьдог байна. Түүнчлэн туршилт хийхдээ хиймэл салхин хонгилд цасны хашлага болон тухайн газрын гадаргын загвар гаргаж, үзэгдэх орчны саад, цасан шуурга, цасан хунгар зэргийг зохиомлоор гаргадаг тухай “Рикен когёо” компанийн дэд ерөнхийлөгч Юкихиро Шибао хэлж байсан юм.
Рикэн Когёо ХХК-ийн дэд ерөнхийлөгч Шибао Юүкихиро: ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
-Монголд япон технологийн дагуу хаалтыг суурилуулна гэхэд анх эргэлзэж байсан. Гэхдээ хамтрагч талуудын тусламжтай, урт хугацаанд хийсэн судалгааны үндсэн дээр хэрэгжилтийг биелүүлэхээр шийдвэрлэсэн. Япон Улсад төмрийг зэврүүлэхгүйн тулд тусгай цайраар будах технологи байдаг. Энэ технологи нь Монгол Улсад хараахан нэвтрээгүй байсан. Монголд одоо байгаа технологи нь төмрийг хамгаалалтын будгаар л бүрдэг. Энэ нь 10-аас дээш жил болоход төмөр зэвэрч эхэлдэг. Тиймээс бид Японоос тусгай будгаа оруулж ирэхээр төлөвлөсөн. Тэрхүү будагт ган ордог учраас 10 жил болсон ч зэврэхгүй. Харин ингэж будахын тулд төмрийг маш сайн цэвэрлэсэн байх ёстой. Энэ цэвэрлэгээний технологийг Монгол Улсын “Ганхийц” ХК нэвтрүүлсэн байна. Тэгэхээр бид тус компанитай хамтран ган хийцийн бэлдэцээ авч цаснаас хамгаалах хаалтыг суурилуулах ажлыг амжилттай хийж чадна гэдэгт бид итгэлтэй байна.
Зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга, “Бадрах булаг” ХХК-ийн захирал Ч.Цог-Эрдэнэ: ТӨСЛИЙГ ЗАМЫН ХАШЛАГА ТӨДИЙХНӨӨР ХАРЖ БОЛОХГҮЙ
-Манай улс Японы Хоккайдотой уур амьсгал төстэй. Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Төслийг зөвхөн замын хашлага төдийхнөөр харж болохгүй. Учир нь төсөл олон талын үр өгөөжтэй. Манай төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд нэлээд дэм болно. Учир нь зам дагуух талбайг ашиглан мод тарих нь олон талын ач холбогдолтой. Түүнчлэн хашлага, хаалтаар хамгаалснаар хүн болоод малын аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд ч эерэгээр нөлөөлөх юм. Төслийн эхний ажлыг Дунд аймгаас эхлүүлэхээр төлөвлөсөн. Бид судалгаагаар тодорхой цэгүүдийг тогтоосон байгаа. Энэ төсөл хэрэгжиж эхлэхээр Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх. Эдийн засгийн хувьд өсөлт авчрах болно гэдэгт итгэлтэй байна. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд зам дагуу мод тарихаас гадна цасан болон элсэн шуурга, хүчтэй салхинаас сэргийлэх хашлагыг суурилуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ нь нэг талд хашлага мэт боловч нөгөө талдаа байгаль орчин болоод зам руу мал, амьтан орох эрсдэлээс хамгаалах боломжийг бүрдүүлдэг. Замын хашлага байгуулах төсөл хэрэгжсэнээр цасан шуурганы улмаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Түүнчлэн дахин боловсруулалтад суурилсан нийгмийн бүтцийг бүрдүүлнэ. Байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг тавих юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7445)