Р.ОЮУН

Түүхч Д.Гонгор 1924 онд Ховд аймгийн Мөст сумын Бооржийн гол хэмээх газар ард Дүгэрийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1936 онд Ховд аймгийн Дарви сумын бага сургуульд элсэн суралцаж байгаад 1938 онд аймгийн төвийн дунд сургуульд шилжин суралцаж, 1941 онд дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод багш нарыг бэлтгэх техникумын дэргэдэх нэг жилийн курст элсэн суралцаж төгсжээ. 1942-1953 онд Хөвсгөл аймгийн Идэр, Ховд аймгийн Цэцэг, Алтай суманд бага сургуулийн багш, дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, Ховд аймгийн гэгээрлийн хэлтсийн сургуулийн зааварлагч, Театрын дарга гэсэн ажил хийж байгаад 1953 онд МУИС-ийн түүхийн ангид элсэн суралцаад 1957 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж төгсөөд төрөлх сургуульдаа багшилснаар түүхийн шинжлэх ухаанд эрдэм ухаанаа зориулах болжээ. 1960-аад оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга хийж явжээ. Тэрээр 1967 онд “Халх монголчуудын Өвөг дээдэс ба Халхын хаант улс /VIII-XVII зуун/ сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний, 1974 онд “Монгол орон овгийн байгууллаас феодалын байгуулалд шилжсэн нь“ сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Түүний эрдэм судлалын үндсэн чиглэл нь халх ястны угсаа түүх, угсаа соёлын судалгаа юм. Тэрээр халх түмний түүхийг товчоолон судалсан “Халх товчоон” нэгдүгээр бүтээлээ 1970 онд нийтлүүлсэн аж. Ховд аймгийн Мөст сумын сургуулийг түүний нэрэмжит болгожээ.

Монголын үе үеийн сэхээтэн, түүхч, эрдэмтдийн дунд "Халх товчооны" хэмээн алдаршсан түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 100 жилийн ой энэ онд зориулсан "Доктор Д.Гонгор ба Монголын дундад үеийн түүхийн судалгаа" эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хамтран зохион байгууллаа.  

Энэ үеэр эрдэмтний мэндэлсний 90 насны ойгоор нь хийсэн "Бүтээлээрээ овоглуулсан эрдэмтэн" телевизийн хөрөг нэвтрүүлгийг сонирхуулсан юм.

Эх сурвалж www.zms.mn