Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн шүлгийн түүвэр “Зүймэл улирал” номын тухай хүргэж байна. Энэхүү номын тухай нэгдлийн гишүүн Ц.Төгсбаатартай ярилцлаа.
Хойч үеэ ойлгоход тус болно
Ардын уран зохиолч Т.Галсангийн оюутан ахуй насны дурсамж бүтээж явсан нэгдэл хэмээн бахархан ярих өнө эртний түүхтэй МУИС-ийн Утга зохиолын нэгдэл шижигнэсэн шинэ залуусын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулсаар байна. Шүлэг, яруу найраг, уран зохиолоор биесээ хөглөж байдаг тэр л залуус хүсэл сонирхлоороо нэгдэн цуглажээ. Уран зохиолоор дамжуулан өөрийгөө илэрхийлэх, сэрэл мэдрэмжээ хуваалцах, харилцан ойлголцох, хамтдаа хөгжих гэсэн туурвил зүйн албан бус сургалт, бүтээлч урланд суралцаж байгаа мэргэжил өөр ч зорилго нэг залуус шилмэл шүлгийнхээ түүврээ өлгийдөн авсан байна. МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн зөвлөх багш, утга зохиол судлаач, яруу найрагч, доктор Д.Нямдорж “Энэ удаагийн түүвэрт уран зохиол шимтэн сонирхогч, дурлан бичигч нэр бүхий 17 оюутны бүтээл орлоо. Өмнөх түүврүүдийн хооронд тогтсон хугацаа үгүй, эвлэж бүтсээр, эмхэрч цэгцэрсээр өөрийн зохист хугацаандаа гарсаар ирсэн. Таалагдах, эс таалагдахын тухайд бодоогүй тэдний шүлэг танд залуу хойч үеэ ойлгоход тус дөхөм болно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.
Бид нийгмийнхээ толь болсон шинээрээ байгаа бичээчид
Өнгийн будаг шиг алаглах тэдний зүйж урласан дурсамжаар “Зүймэл улирал” ном бүтжээ. Номын төгсгөл хэсэгт залуу уран бүтээлчдийн танилцуулга бий. Танилцуулга бүрийн дээр залуу насны цог жавхланг дүрсэлсэн таталбар хөрөг байрлана. Тэрхүү хөргийг нэгдлийн гишүүн Б.Бүжмаа бүтээжээ. Харин хавтасны зургийг МУИС-ийн оюутан Н.Халиунаа дарсан байна. 17 залуу найрагчийн захгүй их шүлгээс сонгон эмхэтгэж, ариутган шүүх ажлыг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш Д.Нямдорж, И.Даваадорж нар хийжээ.
Тус нэгдлийн гишүүн, залуу яруу найрагч Ц.Төгсбаатар “Хүн болгонд яруу найргийн хэл, өөрийн дүрслэл бий. Уншигч хүртэл яруу найрагч гэдэг шүү дээ. Хэдийгээр бид өмнөх үеийн агуу зохиолчид шиг гайхалтай уран яруу дүрслэлтэй бичдэггүй ч өөрсдийн мэдэрсэн бүхнээ хуваалцдаг. Яруу найрагч хүн өөрийн амьдарч буй нийгэм цаг үеэ илэрхийлдэг гэж боддог. Бид энэ цаг үеийнхээ хамгийн шинээрээ байгаа бичээчид. Тиймээс энэхүү нийгмийнхээ толь нь юм болов уу” гэж бодлын үзүүрээсээ хуваалцсан юм.
Хатаж шарласан намрын улиралд хаврын яргуй шиг энэ ном өнгө нэмэх болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7444)