Л.МӨНХНАР

 

“Старт апп”-ын энэ удаагийн зочноор дунд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлж “Greativision” компанийн үүсгэн байгуулагч, МУИС, шинжлэх ухааны сургууль, физикийн тэнхимийн дэд профессор, доктор Т.Бэгзсүрэнг урьж ярилцлаа.

 

-“Greativision” компанийн үүсгэн байгуулсан шалтгаан юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Бид байгалийн ухаан болон технологийн хичээлийн сургалтын тоног төхөөрөмжийг Монголдоо үйлдвэрлэх зорилгоор “Greativision” компанийг үүсгэн байгуулсан. Одоогоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатандаа явж байна.

Манай компанийн хамт олон төслөө хэрэгжүүлэхдээ дунд сургуулийн сургалтын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг гаргахад чиглэсэн.

Дунд сургуулийн сургалтад туршилт хийх тоног төхөөрөмж дутагдалтай учраас хүүхдүүд хичээлдээ төдийлөн дурлаж, сонирхохгүй байгаа нь анзаарагддаг. Түүнээс гадна тодорхой тоног төхөөрөмж байдаг ч түүнийг ашиглах, хэрэглэх зааварчилгаа дутмаг байхаас гадна хэт үнэтэй учраас эвдрэл үүсэхээс сэргийлж сурагчдад хэрэглүүлдэггүй. Тэгэхээр манай компанийнхан гарт баригддаг, туршилт хийсэн, илүү сонирхолтойгоор хичээлээ заах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа.

Саяхан цөм хөтөлбөрийн хүрээнд физикийн хичээлийг хамгийн үр дүнтэй заах аргын талаар санал асуулга авсан. Тэнд 400 гаруй багш оролцсон. Судалгааны үр дүнгээр 55.4 хувь нь туршилтаар дамжуулан эсвэл тоглоом тоглуулах байдлаар заавал сургалтын чанар сайжрахын зэрэгцээ, илүү үр дүнтэй болно гэсэн хариулт гарсан. Мөн энэхүү судалгаанд тулгамдаад байгаа асуудал нь юу вэ гэж асуухад 84 хувь нь багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу гэж хариулсан байдаг.

Энэ асуудал нь дан физикийн хичээл дээр биш хими, биологи, газарзүй технологийн хичээл дээр ч гарсан. Учир нь эдгээр хичээлүүдэд янз бүрийн төхөөрөмжүүд хэрэгтэй байдаг. Тиймээс бид хэдийгээр гарааны компани ч энэ асуудлыг хэрхэн шийдэх гарцыг эрэлхийлсний үр дүнд сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Хамгийн гол нь энэ төрлийн үйлдвэрийг дотооддоо хөгжүүлэх эргэх холбоотой байх боломжтой гэж үзсэн. Тухайлбал, тоног төхөөрөмж эвдрэл гэмтэл гарлаа гэхэд засварын төв нь ойрхон байхын зэрэгцээ цахимаар зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ.

Дунд сургуульд сургалтын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийснээр сургалтын чанар дээшлэнэ, багаж тоног төхөөрөмжийн хүртээмж сайжирна, чанартай хүртээмжтэй боловсролыг бий болгохыг л хичээж байгаа төсөл юм.

Бидний хэрэгжүүлж байгаа төслийг “Жайка”, “Жугамо” Японд төгссөн залуучуудын нэгдэл, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн төв гэдэг газрууд дэмжиж байгаа. Төсөл маань шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан.

-Үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнийг хэрхэн хамгаалж байгаа вэ. Бүтээгдэхүүн борлуулалтын талаар сонирхож болох уу?

-Манай компани хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүддээ бүгдэд нь оюуны өмчийн гэрчилгээ авахыг зорьдог. Учир нь бүтээгдэхүүнийг хувилж зарах тохиолдол байдаг. Гэхдээ бидний хөгжүүлж байгаа сургалтын тоног төхөөрөмжийг хувилж хийхэд амаргүй. Бид өнгөрсөн болон энэ жил хоёр бүтээгдэхүүн дээр патент авсан. Мөн хоёр ашигтай загварын гэрчилгээ мэдүүлсэн байгаа. Ерөнхийдөө патент авахын тулд мэдүүлэг өгөөд 6-10 сар үргэлжилдэг. Харин оюуны өмчийн гэрчилгээ авахад бараг гурван жил болдог.

Манай компани өнгөрсөн жил Хөвсгөл аймагт зохиогдсон улсын физикийн олимпиадад оролцсон. Тэнд оролцох үеэрээ хүмүүст танилцуулсан тоног төхөөрөмжөө сургуулиудад нийлүүлсэн. Мөн Монгол Улсын их сургуулийн лицей сургуулийг улсын хэмжээнд жишиг болгохоор ажиллаж байна. Түүнээс гадна бид төсөл хэрэгжүүлэхдээ анх тавьсан зорилго бол сургалтын тоног төхөөрөмжийг хүртээмжтэй байлгахад чиглэсэн. Тиймээс бүтээгдэхүүний өртөгийг аль болох боломжит түвшинд барьж улсын сургуулиудад нийлүүлэхийг зорьдог.

-Сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг өргөжүүлж хөгжүүлээд улсын хэмжээний эрэлтийг хангах боломж бий юу?

-Тийм боломж байгаа. Бид ЕБС-ын ахлах ангийн сурагчид хэрэглэх сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэхийг зорьж байна. Яагаад гэхээр их сургууль дээр байгуулагдсан лабортор болохоор илүү өндөр түвшинд тоног төхөөрөмжүүдээ хийе гэсэн зорилготой. Манай улсын хульд 858 дунд сургууль байдаг юм билээ. Үүнээс 750 нь ахлах сургуулийн хөтөлбөртэй. Эдгээр сургуулиудад 100 хувь тоног төхөөрөмж нийлүүлнэ гэхээр одоогоор манай байгаа хүчин чадал хүрэхгүй. Бид туршлагаасаа харахад нэг сарын хугацаанд 100 орчим бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Хүчин чадлаа жоохон өргөжүүлээд үзэхээр зах зээлийн 10 орчим хувийг л ойрын гурван жилдээ хангаж чадахаар байна.

Хэрэв төр бодлогоор дэмжээд салбарын яам дэмжвэл хүчин чадлаа огцом нэмэгдүүлснээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломж бий.

-Тэгвэл сургалтын тоног төхөөрөмжийг хийх боловсон хүчин асуудалгүй бэлтгэгдсэн гэж ойлгож болох уу?

-Энд их сургуулийн Сансарын, Биологийн болон биофизикийн, Эсийн болон химийн гэсэн гурван өөр лаборторууд байгаа. Дээрээс нь энэ төсөл маань бүгдийг нь үйлдвэрлэх гэж байгаа биш. Өөр өөр газруудтай хамтардаг. Жишээлбэл бид тоног төхөөрөмжөө цаасан хайрцагтай үйлдвэрлэж байсан. Гэтэл хэрэглээ даах чадавхитай байх шаардлага үүссэн. Учир нь байнгын давтамжтай ашиглаж, буцааж хураахаар гэмтэх асуудал гардаг. Тиймээс “Дэрэм хийц”-тэй хамтарч ажилладаг болсон. Тус компанийнхан модон эдлэл үйлдвэрлэдэг.

Мөн биднийг Монгол Улсын их сургууль дэмжиж ажилладаг. Дээрээс нь Хокодай их сургуультай хамтарч ажиллах боломж бүрдэж байна. Мөн мянган инженер гэж хөтөлбөр байгаа. Энэ нь Японд инженерээр сургаж төгсгөөд Монголдоо буцаж ирж ажилуулдаг. Энэ нь МУИС ийн дэргэдэх гарааны компани учраас ажилчид нь МУИС ын ажилтан гэж авч үзэгдэнэ. Энэ шугамаараа хүний нөөцөө хөгжүүлэх бодлого нь давхар явж байна.

Бид бас гарааны гэдэг тодотгол авах гэж байгаа. Үүнийг авахаар нэмэгдсэн өртөгийн албан татвар, янз бүрийн тендерт орвол үнийн дүнгийн 15 хувийг бууруулах боломж бүрддэг. Бас дээрээс нь бид инновацын бүтээгдэхүүн, өөр хаана ч байхгүй тийм зүйлийг зарж байгаа учраас манайхаас янз бүрийн тендергүй шууд худалдан авалт хийж болдог.

-Танай төсөл үйлдвэрлэлээ кластер маягаар хөгжүүлэх боломж бий юу?

-Кластераар хөгжих боломж бий. Гэхдээ манай улсын зах зээл жижигхэн учир бид зөвхөн физикийн төхөөрөмж хөгжүүлэлтийг хийнэ гээд байж болохгүй. Өөр өөр салбар дээр хөгжүүлэлт хийх шаардлагатай байдаг. Энэ төсөл бол бүх юмыг нь бас нэг газар хийх биш боломжтой үйлдвэрүүд дээр олноор нь үйлдвэрлээд, угсралтыг нь хийгээд, маш сайн заавар бичих ажилаа гүйцэтгээд тэгээд ханган нийлүүлэх компанидаа хүлээлгэж өгөх нь хамгийн зөв систем болоод байгаа юм. Мөн энэ нь дан ганц сургалтын төхөөрөмж биш эмнэлэгийн, электроникийн төхөөрөмж зэрэг хамт бий болгож явбал нэг биш нилээн хэдэн ийм компани байж болохоор магадлалтай. Яваандаа бид Sony, Panasonic гэх мэт алдартай брендүүдтэй адил "NUM TEK" электронокийн брендийг бий болгохыг зорьж байна.

Гэхдээ аж үйлдвэр хөгжөөгүй улс болохоор бидний хийж байгаа зүйлүүд тоног төхөөрөмж, шийдлийн хувьд шилдэг байж чадах ч сав баглаа боодол, загвар хийц болхи байна л даа. Тиймээс энэ чиглэлийг бас хөгжүүлэх шаардлага бий.

СТЕМ гээд төсөл хүүхдүүдэд шинжлэх ухаан, математикийн боловсрол олгож, хэрэгжээд байгаа. Жишээ нь гэхэд нэг электронокийн хавтан байдаг л даа. Тэр нь жижигхээн процессортой, тэрийг компютерт залгаж байгаад программ бичиж болно. Мөн бичил мотортой холбоод робот бүтээдэг ч юм уу иймэрхүү багцуудыг гаргая гэсэн бодол байна. Ер нь бол нэг төслийг хийх замаар маш олон хичээлд ашиглаж болох боломж байгаа үүнийг л зорьж ажиллаж байна.

Бид хэр хэмжээнд хөгжүүлэлт хийгээд ямар ч сургалтын лаборторыг хангаж чадахаар болох вэ гэдгээ тооцоолсон. 50 - 60 багц ажил хийхэд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт хангалттай байх юм байна гэж үзсэн. Одоогоор бид хөгжүүлээд явж байгаа, мөн ихэвчлэн физик, хоёр нь биологи, нэг нь хими талруугаа есөн багц ажилыг хийсэн байна.

Үйлдвэрлэл ялангуяа технологийн үйлдвэрлэл хөгжүүлэлт зэрэг нь их тэвчээр шаардсан байдаг. Яг үнэндээ боловсролын салбартаа мөнгө их бага зарцуулдаг мөн юм хийдэг залуучуудыгаа дэмжих тал дээр тааруу санагддаг. Болдог бол юм хийж бүтээе гэсэн залуусыгаа дэмжиж, санхүүгийн дэмжлэг өгөөсэй гэж хүсдэг. Бид байнга импортлогч улс баймааргүй байна. Явц дундаа бид сайжирна, илүү хийдэг болно тиймээс итгээд ажил өгөөд хамтарч, дэмжиж ажилаач л гэж уриалж, төр засгаасаа хүсэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 200 (7444)