Р.ОЮУН
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя” уриан дор сэтгэцийн эрүүл мэнд чуулган, эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. ДЭМБ-ын 2022 оны тайлангаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь ямар нэгэн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалттай амьдарсан он жилүүдийн 15.6 хувьд сэтгэц болон зан үйлийн эмгэгийн шалтгаант өвчлөл нөлөөлжээ. Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа өгөөд үүнээс 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлж байна. Сэтгэц болон зан үйлийн эмгэгийн тархалтыг авч үзэхэд сэтгэцийн эмгэгийн 31 хувийг сэтгэл түгших эмгэг, 28.9 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байгааг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн тайланд дурджээ. Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд 11746 хүнийг хамруулсан судалгаагаар сэтгэл түгших эмгэг 18.4, органик бус нойрны эмгэг 17.5, архаг ядаргаа 16.2, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9, архинд донтох эмгэг 6.4, сэтгэл гутрах эмгэг 6.2 хувь байна. Улаанбаатар хот нь стрессийн гаралтай зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгээрээ тэргүүлэх хандлагатай байна гэж судалгааны тайланд дурдсан байна.
СЭМҮТ нь сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор 2022 оноос эхлээд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн анхан шатны түвшинд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сэтгэц, мэдрэл, донтолтын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх МhGAP хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд үндэсний сургагч багш, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эмгэгүүд болох тэнэгрэл, сэтгэл гутрал, эпилепси, солиорол, амиа хорлолт, мансууруулах бодис хэрэглэх эмгэг болон зайлшгүй шаардлагатай эмчилгээний чиглэлээр үйл ажиллагааны удирдамж, интервенцийн гарын авлагыг монгол хэл дээр орчуулж хэвлүүлсэн байна. 2022-2023 онд Баянзүрх, Багануур, Налайх, Баянгол дүүрэг, хөдөө орон нутгаас Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн 465 эмч, мэргэжилтэн сургалтад хамрагдсан аж. Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тасралтгүй сайжруулахаас гадна сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг анхаарч ажиллах шаардлагатай байгаатай холбогдуулан энэ чуулганыг, зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж www.zms.mn