Д.ЦЭРЭННАДМИД

 

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, доктор Л.Ням Монголын чөлөөт бөхийн хөгжлийн 50 гаруй жилийн түүхийг ярих хүний нэг.

Хүүхэд наснаасаа барилдаж эхэлсэн энэ хүн Монголын чөлөөт бөхийн улсын шигшээ багт арван жил тамирчин байж дараа нь дасгалжуулагчаар мөн олон жил ажилласан юм. Бас Монголын чөлөөт бөхийн хөгжлийн тухай, баг тамирчдын амжилт, алдаа оноог дэнсэлсэн судалгаа, шинжилгээний бүтээл, олон ном бүтээсэн нь түүнд бий. Тиймээс цаг хугацаа улиран одовч Л.Ням гэдэг хүний хэлэх үг бүрт нь чөлөөт бөхөө гэсэн сэтгэл оюуны мөн чанар дэвсээтэй мэт байдаг ажээ.

Түүнтэй төсөрхөн ярилцах зуур спортын зүтгэлтэн хүн чухамхүү ийм байдаг даа гэсэн бодол төрж байлаа.

 

-Аль ч салбарт мартагдах учиргүй хүн цөөнгүй байдаг. Тэдний нэг нь та байх. Тэгэхээр өөрийг чинь дундаас дээш насныхан мэдэх байх. Харин ямар замналтай хүн бэ гэдгийг залуу үеийнхэн сайн мэдэхгүй болов уу. Тун багаасаа бөхийн спортод хөл тавьсан гэдгээсээ эхлээд өөрийгөө танилцуулна уу?

-Би нэг дурсамж хэлье л дээ. Нэгдүгээр ангид ордог жил үеийнхэнтэйгээ бөхийн барилдаанд орж түрүүлээд хоёр савангаар шагнуулж хариад ижийгээ баярлуулж байлаа. Уг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн хүн.

Дорнод аймагт бага сургууль, дараа нь Улаанбаатарт ирж дунд сургуулиа төгсгөсөн. Тэр үеэсээ бөхийн системтэй бэлтгэлд орсон доо.

“Хөдөлмөр” нийгэмлэгийн харьяанд Ц.Чойнхор багшийн шавь байлаа.

Дараа нь улсын шигшээгийн тамирчин болсноор Х.Намшир, С.Магсар гээд аугаа хүмүүсийн гараар орж тамирчин замналаа үргэлжлүүлсэн. 1977 онд социалист орнуудын “Нөхөрлөл” тэмцээнд оролцож анхны алтан медалиа авч байлаа. Түүнээсээ хойш улсын таван удаагийн аварга, Европын орнуудад болдог цөөнгүй тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирсэн. Бага дэлхийн аварга гэгдэх тэмцээнээс 68 кг-д хүрэл медаль хүртсэн гээд яривал нэг үе чөлөөт бөхөд 10 жил тамирчин байв даа.

-Дасгалжуулагч болсон тухайгаа дурсаач...

-Тамирчны замналаа 1987 онд дуусгаад улсын шигшээдээ дасгалжуулагч болсон. Тэр үед бөхийн клубүүд гэж байсангүй. Нэг л шигшээтэй байв. Бүтэн 12 жил улсын шигшээ багийн хувь заяаг атгалцаж явсан гэж болно. Олон шавьтай болсон. Тэднээс таван хүн гавьяат тамирчин цол хүртсэн байдаг юм.

-Өөрөө бас БНЭУ-д дасгалжуулагчаар ажилласан гэдэг билүү?

-Тиймээ, 1993-1995 онд Энэтхэгт зөвлөх мэргэжилтэн, дасгалжуулагчаар ажилласан. Чөлөөт бөхийг хөгжүүлээд удаагүй тус улсад тамирчдынх нь амжилтыг ахиулсан л гэж бодогддог.

Тус улсын багийг зүүн Азийн наадамд авч очоод есөн алт, нэг мөнгөн медальтай буцаж ирсэн. Канадад болсон тэмцээнээс мөн хоёр алтан медаль авч байлаа.

Энэ амжилтад миний хувь нэмэр их байсныг үнэлсэн хэрэг байх Энэтхэгийн ерөнхийлөгч нь намайг урьж уулзаад, зоог барьж хүндэтгэл үзүүлж байв даа. Гадаадаас ирсэн дасгалжуулагчийг улсын ерөнхийлөгч нь урьж хүлээн авна гэдэг урьд нь байгаагүй л үйл явдал байсан гэдэг юм.

-Таныг Монголд чөлөөт бөхийн хөгжилд судалгаа шинжилгээний ажил олон жил хийсний гадна эмэгтэйчүүдийг чөлөөтийн дэвжээнд анх гаргасан хүн гэдгийг сонссон шүү.

-Энэтхэгт ажиллаж байхдаа тус улсын шигшээ багийг авч Минскт бэлтгэлд хамрагдсан. Энэ үед зарим улсын дэвжээнд эмэгтэйчүүд чөлөөтөөр барилдаж эхэлж байсан юм. Эндээс санаа төрж эмэгтэй баг бүрдүүлэх санал гаргасан ч Энэтхэгийн тал зөвшөөрөөгүй юм.

Тэгээд тэндээс ирмэгцээ Монголдоо эмэгтэйчүүдийг дэвжээнд гаргахаар шийдсэн. Зарим дасгалжуулагч хүртэл эсэргүүцсэн л дээ. Гэхдээ 16 охин шилж сонгон авч “Мөнхжин” клуб дээрээ бэлтгэлд хамруулсан.

Эхлээд үзүүлэх тоглолт маягийн тэмцээнээр үзэгчдэд хүргэсэн бол 1999 онд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх зохион байгуулсан. Энэ анхны тэмцээнд 71 бөх оролцож байлаа.

Манай клуб түрүүлсэн дээ. Тэгээд л Монголын чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлтэй болж байлаа.

Шинэ юм эхлээд сүрхий шүүмжлэлтэй тулгарч байсан ч шантраагүйн улмаас манайхан тун удалгүй амжилт нь ахиж тив, дэлхийн тэмцээнд сайн оролцож байлаа.

Ингээд би найз нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар дөрвөн жил эмэгтэй багаа авч явлаа. Гэтэл бас саад тулгарсан.

-Ямар саад байв?

-Тухайн үед би Биеийн тамир, спортын хорооны тамгын хэлтсийн дарга байлаа.

Гэтэл төрийн албаны хүн төрийн бус байгууллагын ажил давхар удирдаж болохгүй гэсэн шийдвэрийн дагуу бүгдийг өгсөн.

Уг нь эмэгтэй шигшээ багийг улсын төсөвтэй, дүрэм журмыг нь шинэчилж тамирчдад цол зэрэг олгохоор болгосон байсан.

Би ер нь цөөнгүй төрийн бус байгууллага санаачлан байгуулсан. Одоо бараг бүгд хөгжин дэвжээд спорт клуб болон өргөжөөд байгаа юм.

Бас тухайн үеийн нэршлээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын клубыг анх байгуулалцаж байлаа. Тэр клубыг бараг найман жил авч явсан.

Одоо параспортын төрөл болон өргөжиж олимпод хүртэл оролцож байна. Парагийн тамирчдын нэг гол онцлог нь зорьсондоо хүрэхийн төлөө чин эрмэлзэлтэй шантрамхай биш, хор шартай тэмцэлддэг нь жирийн тамирчдаас илүүтэй байдаг.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв чинь ямар нэртэй байсан билээ дээ?

-Эхнийх нь тамирчны бэлтгэлийн тогтолцоог янз бүрийн арга замаар судалсан нь гэсэн нэртэй бол удаах нь Монголын өв уламжлалыг спортод ашиглах нь гэсэн сэдэв байлаа.

Тэгээд Биеийн тамир, спортын хорооны эрдэм шинжилгээ судалгааны багт цөөнгүй жил ажиллахдаа чөлөөт бөхийн хөгжлийг хурдасгах арга зам юу байгааг гаргаж тавихыг хичээсэн.

Олон удаагийн олимп, дэлхийн аваргын тэмцээнд манай тамирчид хэрхэн оролцов. Юунд нь алдав, ямар талд нь онов гэдгийг судалсан. Багц судалгааны цөөнгүй ном гаргасан.

-За тэгвэл судлаач эрдэмтэн хүнтэй уулзсаных Монголын чөлөөт бөхийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд зогсонги болсон нь юуных вэ гэдэг асуулт тавьж байна л даа?

-Уг нь чөлөөт бөх Монголын тэргүүлэх спортын нэг төрөл юм шүү дээ. Гэтэл сүүлийн үед тамирчдын амжилт их буурсан. Эрэгтэйчүүдийн хувьд сүүлийн 50 гаруй жил олимпоос медаль авч чадаагүй байгаа юм.

Энэ нь юунаас болж байнав гэвэл бодлогын чанартай үйл ажил дутмаг байна.

Дасгалжуулалтын чанар ч хангалттай биш байх болсон санагддаг. Зүгээр нэг урьд барилдаж байсан хүн л дасгалжуулагч болох бас учир дутагдалтай байх шиг. Тиймээс дасгалжуулагчийг гадаадад бэлтгэдэг болбол зүгээр болов уу.

Ер нь тамирчдын амжилт буурангуй байгааг дасгалжуулагчийн ур чадвар, бэлтгэлийн чанартай холбож үзэхээс өөр яах ч билээ.

Бас материаллаг баазын хувьд хангалтгүй тал бий. Стандартын шаардлага хангасан заал ч алга.

1980 оноос хойш Спортын төв ордны ганц жижиг зааланд л тамирчид бэлтгэлээ базааж байна. Клубууд ч бэхжилт муутай байгаа.

-Та дасгалжуулалтын чанар тааруу гэлээ. Үүнийгээ жаахан тодруулна уу?

-Дасгалжуулагч нар нэгдсэн бодлоготой, дүрэм журмын дагуу ажиллахгүй байна. Хэн нэгэн хүний бодсон санаснаар сайн тамирчин бэлтгэнэ гэдэг огт байж болохгүй асуудал. Дасгалжуулагч хүн өөр өөрийн онцлог арга барил байж болох ч бэлтгэлийн тогтсон дэг журмаас гажиж болохгүй шүү дээ.

Нөгөө талаар шинэ залуу тамирчдыг гаргаж ирж чадахгүй байна.

Улаанбаатар хотод л хэдэн клуб ажилладаг. Хөдөөд аймгуудад секц, дугуйлан ажиллуулдаг байдал бараг үгүй болчихож. Иймээс шинэ залуу тамирчид төрөхгүй байна.

-Энэ жилийн Парисын олимпоос чөлөөт бөхийн тамирчид медаль авч чадсангүй. Үүнийг та юунаас боллоо гэж хэлэх вэ?

-Чөлөөт бөхийн дүрэм их өөрчлөгдсөн шүү дээ. Одоо маш богино хугацаанд тамирчдаас биеийн хүч чадал, оюуны их чадавх гаргахыг шаардсан дүрэм үйлчилж байна. Гэтэл манай тамирчид барилдааны сүүлчийн 10-30 секундэд л алдаа гаргаж ялагдаж байна. Энэ нь дасгалжуулагч нарын тамирчин нэг бүртэй ажиллах ажил дутмагийнх байх.

Спортын дүрэм журмын шинэчлэл дасгалжуулагч нараас их юм шаардах болсон. Манай тамирчин бэлтгэдэг арга барил Оросын школьтой явж ирсэн. Үүнийг өөрчлөх цаг нь болсон санагдаж байна чөлөөтийнхөн.

Парисын олимпоос гурван медаль авчих боломжоо алдлаа. Яахав дасгалжуулагч нар ч хичээж л байх шиг, тамирчид ч чадлаараа барилдсан. Гэхдээ л манайхан цаг хугацааны шахалттай барилдаанд дасаагүй байгаа нь харагдана лээ.

Бас нэгийг хэлэхэд чөлөөтийн нэг жинд гэхэд 10 биш юмаа гэхэд таван өрсөлдөгчтэй байхыг чухалчилбал зөв. Өрсөлдөөн байх тусмаа сайн тамирчин төрөх учиртай байдаг. Гэтэл манайх аль нэг жинд нэгээс хоёрхон өрсөлдөгч байлгаад байна. Зарим жинд нэг л хүнийг өчнөөн жил зүтгүүлж байх жишээний. Доороос шилж сонгон сайн тамирчин гаргаж ирж чадахгүй байна л гэж хэлэх байна.

Би 2008-2016 оны олимпын үед судалгааны ажлыг эрхэлж байлаа.

Энэ үеийн судалгаандаа тулгуурлаж санал бодлоо хэлээд байгаа юм шүү дээ.

Өөр нэг нэмж хэлэх юм гэвэл энэ жилийн олимпын наадамд тухайн төрлийнхөө тэмцээний заалд нэвтрэн орох мандатгүй хүн хүртэл явсан л байх юм билээ. Энэ чинь тамирчнаа сэтгэл зүйн хувьд дэмжих боломжгүй гэсэн үг юм.

-Та шинэ залуу тамирчид сонгон бэлтгэж чадахгүй байна гэж ярилаа.

-Тиймээ! Энэ бол  хамгийн чухал асуудал. Дэлхийн аварга П.Орхон гэдэг тамирчин сэргээшний улмаас бүтэн дөрвөн жил барилдсангүй байхад түүний жинд өрсөлдөгч гаргаж чадалгүй Парист П.Орхоныг оролцууллаа.Уг нь сайн тамирчин юм болохоор медалийн оосроос атгаад алдлаа тэр. Нэг тамирчин олон жил тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөхийн сайн тал нь тамирчин хүнийхээ чанартай холбоотой ч гадаадынхан түүний барилдааныг нэвт судалчихсан байдаг муу талтай юм л даа.

Тамирчныг бэлтгэх явцад хоол хүнсний асуудлыг голлон анхаарах нь учиртай. Түүн дээр тамирчны сэтгэл зүйг тогтвортой сайн байлгахад бүхэл бүтэн баг ажиллах ёстой юм.  Энэ талаар манайхан төдийлөн анхаарахгүй байна гэдгийг хэлье.

Мөн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд шинжлэх ухааны үндэстэй ажил хэрэгтэй. Тухайлбал Японд гэхэд тамирчин хүүхдийг сонгож авахдаа удмыг нь их хардаг болсон гэх юм билээ. Удамшил, генийн асуудал бөхөд нэн чухал юм байна л даа. Монгол бөхөд гэхэд удамтай бөх гэж дандаа хэлэгддэг шүү дээ.

Тиймээс олигтой сайн сонголт хийж чадаагүй бол алсдаа тамирчин төдийгүй дасгалжуулагч ч өөрөө зовно. Басхүү дасгалжуулагч хүний нэг гол анхаарах юм тамирчдаа сэтгэхүйн хурдтай болгох асуудал чухал. Манай чөлөөт бөхийн тамирчдад дутагддаг юм тэр. Ямар нэг мэх хийх гээд боломжгүй бол өөр хувилбарт шилжиж чадахгүй байна.

Японы бөхчүүдийг харахад яаж байна. Мэхээс мэхэнд шилжих нь тун хурдтай гарамгай байгаа нь харагддаг шүү дээ.

Тун ойлгомжтойгоор хэлэх юм бол чөлөөт бөхийнхөн тамирчдынхаа бэлтгэлд тун ерөнхий ханддаг болсныг нуугаад яахав.

Монголын чөлөөт бөхийн холбоо ч сүүлийн жилүүдэд хэрүүл маргаантай муухан ажиллаж ирсэн нь тамирчдын амжилтад нөлөөлсөн байх.

-Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Спортдоо л зүтгэж байна гэж хэлэх үү дээ. Шинэ анагаахын их сургууль гэж бий. Тэнд багшлах болсон. Нийгмийн эрүүл мэнд, спортын анагаах ухаан гэсэн хичээл заадаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 199 (7443)