П.Лхагважаргал

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд “өвчин намдаах” эмийг заавал жорын дагуу олгоно гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ мэдээлэл үнэн үү?

-Шинэчлэн батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д эмийг жороор олгохтой холбоотой нэмэлт заалт ороогүй. Мөн тушаал журам ч гараагүй. Жороор олгох эмийг заасан стандартаар бичсэн жорын дагуу олгох зохицуулалтыг анх 1998 онд “Эмийн тухай” хуульд тусгаж, 26 жил мөрдөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4110 эм бүртгэлтэй байгаагаас 2878 нэрийн эмийг жороор, 1154 нэрийн эмийг жоргүй олгохоор, 78 нэрийн эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр заасан байна. Жоргүй олгохоор заасан 1154 эмийн дотор халуун бууруулах, өвдөлт намдаах, цэр ховхлох, ханиалга намдаах, үрэвслийн эсрэг, хордлого тайлах болон зарим уламжлалт анагаах ухааны эм тан, аминдэм зэргийг багтаасан 137 нэрийн эм байна.

-Эмийг жороор олгох, үгүйг хэрхэн шийдвэрлэдэг вэ? 

-Эм үйлдвэрлэгч нь тухайн эмийн найрлага, тун хэмжээ зэрэгт үндэслэн олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусгадаг. Үйлдвэрлэгчээс ирүүлсэн бүртгэлийн материалд үндэслэн дэлхийн бүх улс орон эмийг бүртгэж, олгох нөхцөлөө тогтоодог. Одоо мөрдөгдөж байгаа хуульд  “Эмийг улсын бүртгэлд бүртгэхэд мансууруулах эмийн жороор, сэтгэцэд нөлөөт эмийн жороор, энгийн жороор, жоргүй олгох, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх” гэж олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусган заасан байдаг. Энэ зохицуулалт “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” өмнөх хуулиудад байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “эмийн жор” гэж эмчээс тухайн хэрэглэгчид зориулан эмийн нэр, тун, хэмжээ, хэрэглэх аргыг заан эм зүйч, эм найруулагчид хандсан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж заасан байдаг. “Эмийн жорын маягт, жор бичилт” MNS 5376:2016 стандартын дагуу жорыг үнэн зөв бичих нь эмч нарын үүрэг юм. Иймд эмийг жороор олгох асуудал дан ганц эмийн сангаас хамаарахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)