Баатарын НЯМСҮРЭН

 

Өөрийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо “амтлах” үнэ цэнтэй. Жимс, ногоог амттай сайхан ургуулахын тулд байнгын хөдөлмөр хичээл зүтгэл шаарддаг хэмээн ярьж суугаа эмэгтэйг Ж.Наранцэцэг гэдэг. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Хашааны гадна талыг чимж ургасан наран цэцэг хийгээд өнгө өнгөөр алаглах цэцгүүд алсаас нүдэнд содон тусна. Энэ бол нийтлэлийн баатрын Дамбадаржаа дахь “ажлын байр”. Ойртож очиход  дэндүү үзэсгэлэнтэй. Тариалангийн талбайд нүд хужирлах “гоёмсог” нарийн ногоонуудыг харахад Ж.Наранцэцэгийн хөдөлмөр харагдана.  Тариаланч бүсгүй 380 мв талбайтай хашаандаа амтат хүнсний ногоо, цэцэг жимсээ тарьсаар олон жилийг үджээ. Өнгөрсөн хугацаанд том талбайд ногоо тарих боломж гарч байсан талаар тэрээр ярив. Гэвч  өөрийн дасал болсон хашаандаа тариалангаа эрхлэхийг илүүд үзжээ.Түүний хувьд саяхан 30 дахь намрынхаа  арвин  ургацыг хураасаар байна. Ингэхдээ олон жилийн дунджаас дээгүүр ногоо авсан тухайгаа бидэнд хэлэв.

Хөдөлмөрч эмэгтэй өглөө 06:00 цагт ажлаа эхэлнэ. Эхлээд хүлэмжийн зэрлэг өвсийг зулгаана үрсэлгээ гээд шаардлагатай ажлуудаа амжуулдаг. Хашаандаа нийт долоон хүлэмжтэй. Өргөст хэмх, хулуу, чинжүү, эрдэнэ шишээс эхлээд 40-50 нэр төрлийн ногоо тариалдаг юм байна. Мөн  наран цэцэг, мандлын цэцгүүдээс гадна товх, их шүүдэргэнэ, гаа, хэмэл гээд эмийн ургамал, модны төмс, шилмүүст мод, мойл, үхрийн нүд голт бор тарьжээ. Өрхийн тариаланч байна гэдэг гэр бүлийн хөдөлмөр. Ургамал гэдэг амьтай. Иймээс аль сайхан үгийг ургуулж буй тариа, ногоо, цэцэг бүрдээ хэлдэг. Тиймдээ ч миний тариалсан бүхэн сайн ургадаг байх. Тариаланч гэх ажлын цаана эмч, найз, тогооч, манаач  байж болох бүх мэргэжлийг давхар гүйцэтгэдэг ажээ.

 

Хөдөлмөрч эцэг эхийн хүмүүжил

Аварга тариаланч Ж.Наранцэцэг ач нарынхаа хамт.

Ж.Наранцэцэгийн аав Г.Жүгдэр нь Баянхонгор аймгийн Заг суманд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Жолооч мэргэжилтэй бөгөөд насаараа алтан шар замд тоосоо өргөсөн тээврийн жолооч юм. Мөн үр хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаардаг сайн аав байжээ. Тэрээр хорвоогийн жамаар 18 жилийн өмнө нартаас буцжээ. Харин ээж Н.Жигжидсүрэн нь ажилч, цэвэрч нямбай бүсгүй байсан нь Наранцэцэгийн төлөвшилд нөлөөлсөн гэлтэй. Тэд эцэг эхээс гурвуулаа. Хоёр хүү, нэг охинтой. Ж.Наранцэцэг гурав дахь охин нь.  Аав ээжээсээ амьдралын их ухааныг суралцсан нь түүнд өгөөж өгсөн гэдгийг хэлж байлаа. Ж.Наранцэцэг Улаанбаатар хотод төрж, өссөн. Тэрээр  их сургуульд элсэх жилээ хуульч болох хүсэлд хөтлөгдөж шалгалт өгсөн ч хүслээр нь болсонгүй. Оноо нь дутаж барилгын инженерийн анги авсан ч түүний сонирхол  хараахан биш байжээ. Ингээд жолоочийн мэргэжлийг сонгож нэг жилийн дамжаа дүүргэж. Энэ цагаас хойш 20 жилийн турш  37 дугаар авто баазад  даргын жолоочоор ажилласан түүх түүнийх.

 

Газар тариалантай амьдралаа холбосон нь

Тарьж ургуулсан хүнсний болон нарийн ногоогоороо 30-40 төрлийн нөөцөлсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

Алив бүхэн өөрийн гэсэн дахин давтагдашгүй нандин түүхийг агуулдаг. Нийтлэлийн баатар Ж.Наранцэцэг 1995 онд хоббигоо олж хашаандаа төмс, байцай тэргүүтэй ногоо тарьжээ. Энэ цагаас хойш газар тариалантай амьдрал, хөдөлмөрөө холбосон. Ингээд 1998 онд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн Дамбадаржаа ногоожуулах төсөлд хамрагджээ. Төсөлд хамрагдаад ихийг сурч, олон төрлийн ногоо тарив. Тэрээр үргэлж нарийн ногоо тарьдаг. Тарьж ургуулсан хүнсний болон нарийн ногоогоороо 30-40 төрлийн нөөцөлсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сүүлийн 15 жил хавартаа 40-50 нэр төрлийн нарийн ногооны үрсэлгээ хийж байгаа аж. Мөн 20 гаруй мянган төрлийн үрсэлгээг зах зээлд нийлүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн онд 12 аймагт үрсэлгээгээ нийлүүлсэн бол энэ онд 14 аймагт үрсэлгээгээ борлуулсан. Үрслэгээндээ нямбай ханддаг бөгөөд чанарыг эрхэмлэдэг. Түүний үрслэгээний чанарыг  үнэлж, байнгын худалдан авдаг хүн олон бий. Тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө хичээх нь туршлагатай тариаланч Ж.Наранцэцэгийн нэг зорилго. Тэрээр “Ургацын талбайн газар багаддаггүй. Газартай хүн хамгийн баян. Үүнийг үргэлж бодож явдаг. Бага талбайд ногоо тарьсан ч өгөөжөө өгдөг. Газар хүнээс хариу нэхдэггүй. Өөрийн амьдарч байгаа хашаагаа орлоготой газар гэж хэлэх дуртай. Ногоо тарьснаар олон давуу талтай. Наад зах нь хүүхдүүд маань тарьж ургуулж хураасан ногоогоо хүнсэндээ хэрэглэж байна” хэмээн хөдөлмөрийнхөө сайхныг хуваалцав. 

Наранцэцэг хөдөлмөрөө үнэлүүлж Хөдөө аж ахуй яамны тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний тариаланч, Сүхбаатар дүүргийн 13 удаагийн аварга  ногоочноор шалгарчээ. Анх 10 метр  газрыг үр тариа, бордоо зэрэг бүх хэрэгцээтэй зүйлтэй нь надад хариуцуулж өгснөөс хойш гурван жил ногоо тариалсан юм. Тэр хугацаанд хамгийн том гурван кг 600 грамм манжинг ургуулж, мөн 10 мв талбайгаас авахааргүй их ургац хурааж аварга болсон. Харин гурав дахь жилдээ 30 метр газарт тариалан эрхлээд, бүх ногоогоо хурааж авч аварга тариаланчийн болзол хангажээ. Үүнээсээ урам авч  12 хүнтэй бүлгэмийг ахалж ногоо тариалж зургаан жил шилдэг бүлгэмийн ахлагчаар шалгарсан. Тухайн төслөөр хүлэмжийн нарийн ногоо тарьж сурч, монголын лидер багш нараас суралцсан гэнэ лээ. Наранцэцэг олон сайхан чадварлаг, гавьяатай хүмүүсээс суралцаж өөрийгөө бүтээжээ. Үүнээс гадна өөрийн хүсэл сонирхлоороо бусад тариаланчдын ургац, талбайтай танилцаж туршлага судалдаг байжээ.

Багшийн эрдэм шавьд

Сүүлийн 15 жил хавартаа 40-50 нэр төрлийн нарийн ногооны үрсэлгээ хийж байгаа аж. 

Тэрээр өдий хугацаанд өөрийн мэддэг бүхнээ 3700  хүнд  өвлүүлжээ. Шавь нар нь одоог хүртэл түүнийг багшаа гэж дээдэлж холбоотой байдаг. Мэдэхгүй зүйлээ асууж зөвлөгөө авч эргэх холбоотой байдгийг ярьсан юм. Тэрээр шавь нартаа үрслэгээний онцлог, хэрхэн тордож ургуулахыг нь хэлдэг байна. Ж.Наранцэцэг бүхнийг эхнээс нь суралцсан учраас ногоо тарих сонирхолтой хүмүүст хоёргүй сэтгэлээр тусалдаг. Өөрийг нь зориод ирсэн хүн бүрд чин сэтгэлээсээ хандаж,сайн сайхныг ерөөдөг.  Өрхийн үйлдвэрлэлтэй болж өөрсдийн гараар тарьж ургуулсан ногоогоо хүнсэндээ хэрэглээсэй гэсэн чин сэтгэл сэтгэлд нь дараатай явдаг гэнэ.  Мөн ногоо тарихаар шамдсан хүмүүсийн үр хүүхэд нь ажил сурч, хөдөлмөрч болдог.  Түүний хөдөлмөртөө баримталж ирсэн зарчим нь “Миний мэддэг зүйлийг өөр хүн мэдэхгүй. Мэдэхгүй зүйлийг бусад хүмүүс мэднэ” гэдгийг баримталдаг. Энэ байдлыг бүтээхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөж, гаргасан алдаагаа туршлага болгон хуримтлуулсан гэж ойлгож болох нь. Манай улс эрс тэс уур амьсгалтай. Тиймээс алхам тутамдаа эрсдэлээ тооцоолдог. Тиймдээ ч хүнсний ногоонуудаа үрсэлгээгээр тарьдаг. Түүний ажил жилийн дөрвөн улирлын турш үргэлжилнэ. Өвөл зарим төрлийн хүнсний ногооныхоо үрсэлгээг хийнэ. Харин дулааны улиралд ногоогоо тарьж, үржил шим арчилгаанд нь анхаардаг.

 

Сайхан амьдрал хичээл зүтгэлээр бий болдог

 

Олон жилийн өмнө ихэвчлэн настай хүмүүс ногоо тарьдаг байжээ. Нийгэм цаг үе өөрчлөгдөхийн хэрээр одоо цагт залуучууд ногоо тарих нь элбэг . Сүүлийн зургаан жилийн өмнөөс өрхийн тариаланчид залуужжээ. Өөрөөр хэлбэл залуус өөрсдийн хөдөлмөрөөр тарьсан ногоогоо хүнсэндээ хэрэглэх болсныг сайшаав.  Хүн хичээвэл хаана ч сайхан амьдарч чадна. Маш их сэтгэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй байж тариаланч болдог. Газрыг бага гэж голж болддоггүй. Бага зай талбайг хэрхэн ашиглах  ухаан хэрэгтэй. Хэрэв 4х8 харьцаатай хүлэмж хашаанд байвал ганц тэр айлыг биш дөрвөөс таван айлын хүнсний нарийн ногоог хангачихдаг гэдгээ хэлэв. Тэрээр дөрвөн хүүхэдтэй. Тэд  ээжийнхээ ажилд тус тусын үүрэгтэй.  Тухайлбал, том хүү хөрс шорооны ажил, хоёр дахь хүү дуслын усалгааны систем, гурав дахь охин нөөцөлсөн бүтээгдэхүүнийг, бага хүү бол тариалалтыг хийж тус дэм болдог.  Хүүхдүүдээ онцлохдоо хайрлаж, талархсан харцаар “Яагаад ч тэр юм бага хүүгийн минь тарьсан төрөл бүрийн ургац хурдан хугацаанд, хамгийн сайн ургадаг. Мөн ач, зээ нар маань өөрт ноогдсон ажил, үүргийг хуваарилалтаараа ажиллаж надад тусалдаг. Тариалан эрхлэлтээр ач, зээ нараа хүмүүжүүлж, амьдрах ухаанд сургахыг зорьдог. Хуруу хөдөлж байж ам хөдөлдөг гэж  үргэлж хэлдэг. Амьдралын амтыг мэдрэхийн тулд хөдөлмөрлөх нь хамгийн чухал гэдгийг үр хойчдоо үргэлж сануулдаг. Би бүх л төрлийн ногоо, ургамал тарих дуртай. Ер нь би их сониуч, эрэл хайгуулч зантай” гэлээ.

Хүний амьдрал баялаг. Нэгэн үе Ж.Наранцэцэг  шантарч, сэтгэлээр унаж  сөхөрсөн, сард гурван удаа эмнэлгийн орноос холддоггүй үе тулгарчээ. Тухайн үедээ  хэдхэн минут илүү хөдөлгөөн хийж, хүчний ажил хийхээр амьсгаа нь боогдож, зүрх савалдаг байж. Гэхдээ газар тариалангийн үр шимийг хүртсэн цагаасаа сэтгэлгээ, үзэл бодол нь өөрчлөгдөж, амьдралыг илүү сайхнаар төсөөлсөн байна. Одоо хашаандаа хамгийн багадаа дөрвөн цаг тасралтгүй ажиллахад урьд өмнөх шиг амьсгал давчдах, зүрх савлах зэрэг зовуурьгүй болсон тухайгаа хуучлав. Хүний ажил үйлс, бодол сэтгэлтэй холбоотой гэдгийг нийтлэлийн баатар маань хэлэв. Учир нь бодол биелдэг учраас ухамсраа сэтгэлгээгээ зөв байлгах дадлыг  амьдралынхаа явцад ойлгож авчээ. Үүнээс  гадна хүн сэтгэлтэй байх хамгийн чухал болохыг учирласан юм. Гадаад үзэмж харагдах байдал болохоос биш тэр хүнийг бүрэн илэрхийлдэггүй.  Хүнийг чимдэг зүйл гэвэл ухаан, зөөлөн сэтгэл, эерэг хандлага гэдгийг захиж бидний яриа өндөрлөсөн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)