Б.БАЯРЖАВХЛАН

 

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд, түүний 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг. Тодруулбал, нийт хүн амын хувьд 18 хувийг охид эзэлдэг гэсэн статистик тоо баримт бий. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" тохиолоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм. Энэ жилийн олон улсын охидын өдрийг “Охидын ирээдүйн төлөөх алсын хараа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, Тэдний эрхийг хамгаалах, Боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, Охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Монгол Улсад охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон таагүй зүйлтэй тулгардаг. Өөрөөр хэлбэл, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор буй. Тэгвэл охидын эрх, тэр дундаа охидын бэлгийн эрх, 19-өөс доош насны ээжүүдэд тусламж үзүүлдэг “Гүнж” төвөөс энэ удаагийн өдрийн сурвалжилгаа бэлдлээ.

Үүдээр нь ороход охид бүрийн хүүхэд насны мөрөөдлийг санагдуулам тохижилт биднийг угтлаа. Ягаан өнгийн хана, гоёл чимэглэл, ягаан өнгийн толь, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, нярай хүүхдийн хувцас, сэтгэгдлээ илэрхийлэх самбар гээд охидын хүсдэг бүх л зүйлээр орчноо бүрдүүлжээ. Энд байгаа гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гоёл чимэглэл нь тус төвийн “Business Girl” хөтөлбөрт хамрагдсан охидын бүтээл ажээ. Тус хөтөлбөр нь бизнес эрхлэх хүсэлтэй хүсэл эрмэлзэлтэй охидыг чадавхжуулах гарааны бизнесээ амжилттай болгоход нь тусалдаг юм байна. Тодруулбал, хятадын табао аппликейшн ашиглан бараа захиалах, трэнд болоод буй ороолт, чихмэл нэхэх, тримасу буюу бялуу хийх, шүрэн урлал, гоо сайхны бүтээгдэхүүн хийх зэргийг заадаг байна. Манай улсад өсвөр насны бизнес эрхлэгчдийг дэмжсэн хөтөлбөр дутмаг байдаг. Хуримтлуулсан туршлагагүй гарааны бизнес эрхэлж байгаа хүүхдүүдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хөгжүүлэх, түгээхээс эхлээд хүндрэлтэй зүйл олон байдаг. Тэгвэл “Гүнж” төвийнхөн эдгээр охидод тусалдаг ажээ.

Тэдний нэг бол Б.Нандин-Эрдэнэ  юм. Тэрээр 19 насандаа өөрийн гэсэн бизнесээ эхлүүлжээ. Б.Нандин-Эрдэнэ сурагч байхдаа нэмэлт орлоготой болохыг хүсэж олон зүйлийг туршиж үзсэн байна. Ковид-19 цар тахлын үеэр өөрийн хийхийг хүсдэг байсан зүйлээ эхлүүлж, үүнийгээ бичил бизнес болгож чаджээ. Энэ тухайгаа тэрээр “Би нүүрний будаг, уруулын будаг хийж үзэхийг хүсдэг байсан. Гэтэл “youtube”-ээс миний үеийн нэг охин нүүрний будаг хийж байгаа бичлэг үзсэн. Ингээд надад бас боломж байгаа юм байна гэж бодоод, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр бизнесээ эхлүүлсэн. Гэвч бараа бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, худалдах зэрэг олон асуудал тулгарсан. Тиймээс надад туслах газар хайж эхэлсэн. Ингээд 2021 онд “Гүнж” төвийн “businessgirl” хөтөлбөрт хамрагдан, өөрийн бизнесээ амжилттай үргэлжлүүлж чадсан” гэсэн юм.

Бизнес хийх хүсэлтэй өсвөр насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь айлын том хүүхдүүд байдаг ажээ. Энэ талаар “Гүнж” төвийн нийгмийн ажилтан Б.Төгөлдөр “Өөрийн гэсэн бизнестэй болохыг хүсэж манай төвд хандаж байгаа охидын 80 гаруй хувь нь айлын том охид байдаг. Тэд гэрээ цэвэрлэх, дүүгээ харах, хичээлээ хийхийн хажуугаар орлогын эх үүсвэртэй болохыг хүсдэг. Өсвөр насны хүүхдүүдийн эрхэлж буй бизнесийг эцэг эх нь байнга дэмжиж, хамтрах боломжгүй байдаг. Мөн яаж туслахаа тэд мэддэггүй. Харин манай төв бизнес хийхэд тулгамдаж буй асуудалд нь гарц гаргалгаа гаргаж өгөх, бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэхэд нь тусалдаг” гэв.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв  2003 онд байгуулагдан, өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, өсвөр үеийг болзошгүй эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Гүнж” төв жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн өсвөр насны охид, мэргэжил, боловсрол, орлогогүй залуу эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болсон охидод үйл ажиллагаагаа чиглүүлэн 21 дэх жилдээ ажиллаж байна. Судалгаанаас харахад 2022 онд 626 өсвөр насны охид, 2023 оны эхний хагасд 435 өсвөр насны охидын үр хөндүүлж байжээ. 2022 онд 10-14 насны 21, 15-19-тэйдээ хүүхэд төрүүлсэн 2370 охин байна. Мөн жил бүр өсвөр насны 7000-8000 охид жирэмсэлдэг. Үүний 60 гаруй хувь нь үр хөндүүлсэн бол хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээ төрүүлж бага насандаа ээж болдог байна.

Тэгвэл “Гүнж” төв нь 19-өөс доош насны ээжүүдэд үнэ төлбөргүй тусламж үзүүлдэг Монгол Улсын цор ганц байгууллага юм. Тэд жилдээ 60 орчим залуу ээжийг чадавхжуулдаг аж. Энэ талаар “Гүнж” төвийн Үүсгэн байгуулагч, Зөвлөх  Ч.Ундрах “Жилд 3500-4000 өсвөр насны охин хүүхэд төрүүлдэг гэсэн тоо бий. Бид жилдээ 60 орчим залуу ээжүүдтэй ажиллах боломжтой байдаг. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл 1000 орчим залуу ээжүүдэд нийгмийн ажлын урт хугацааны үйлчилгээг  төлөвлөгөөний дагуу үзүүлжээ. 1000 өсвөр насны ээжүүдийг чадваржуулна гэдэг нь хүмүүжүүлж, төлөвшүүлж, цаашид  амьдралд нь тохиолдох аливаа асуудлыг зөв шийдэх арга замаа мэддэг чадварлаг эмэгтэйг бий болгодог. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүний эрх, хувь хүний хөгжил гэх мэт 28 төрлийн сургалт ордог Манай төвөөр үйлчүүлсэн залуу ээжүүдийн хувьд хамгийн бодит өөрчлөлт бол өөрийгөө үнэлэх, ойлгож, таньж мэдэх түвшинд өөрчлөлт гардаг байна. Энэ өөрчлөлт өөртөө хандах хандлагаас илэрдэг. Өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн охидын сэтгэлзүйн болон нийгмийн нөхцөл байдал нь өөрийгөө буруушааж, нийгмээс тусгаарлагдан нуугдаж өөрийгөө хойш тавьж эхэлдэг. Манай төвд ирснээр би ганцаараа биш, над шиг охид байдаг юм байна, энэ нь өөр бусдад тохиолддог юм байна гэдгийг ойлгож, нийгмийн оролцоо нь сайжирч эхэлдэг. Хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, нийгмийн оролцоо нь сайжирч эхлэхээр гадуур гарна, бусадтай найзална улмаар зорилго хүсэл мөрөөдөлтэй болж эхэлдэг. Бид маш олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулж энэ түвшинд гаргаж ирдэг. Таны хэлээд байгаа ажил мэргэжилтэй болох нь хамгийн сүүлийн асуудал. Бүтэн жил бидний ажилласан залуу ээж хамгийн сүүлд ажилтай байх, сурч боловсрох эсэхээ өөрөө шийдээд явах чадамжтай болдог. Сонирхуулахад, манай төвөөр үйлчлүүлж байсан нэг ээж маань сэтгүүлч мэргэжлээр одоо суралцаж байгаа” гэсэн юм.

“Гүнж” төв энэ жилийн охидын өдөртэй холбоотойгоор “Охидын бэлгийн эрх”-тэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Учир нь Монгол Улсад охидын үзлэг хийсээр байгаа юм. Энэ нь охидын бэлгийн эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм. Үүнийг олон улсад охидын эсрэг үйлдэж буй бэлгийн хүчирхийлэл гэж үздэг байна. Тиймээс энэ үйлдлийг таслан зогсоохыг тулд охидод бэлгийн эрхийн талаар мэдээлэл олгохоор төлөвлөжээ. Энэ тухайгаа Гүнж” төвийн Үүсгэн байгуулагч, Зөвлөх  Ч.Ундрах “Охидод бэлгийн эрх гэж юу вэ. Ямар үйлдэл нь чиний бэлгийн эрхийг зөрчиж буй зөрчил болох вэ гэдгийг ойлгуулах зорилт тавьж ажлаа эхлүүлж байна. Ингэхдээ бид 15 сургуулийн 1500 охидод оролцоонд нь тулгуурлан мэдлэг олгоно. Жил бүр бид сургуулиудыг хамруулан бэлгийн эрхтэй холбоотой мэдээлэл, мэдлэг олгоно” гэсэн юм.

Энд байгаа гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гоёл чимэглэл нь тус төвийн “Business Girl” хөтөлбөрт хамрагдсан охидын бүтээл ажээ. Тус хөтөлбөр нь бизнес эрхлэх хүсэлтэй хүсэл эрмэлзэлтэй охидыг чадавхжуулах гарааны бизнесээ амжилттай болгоход нь тусалдаг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)