“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн зочноор судлаач Б.Батманлайг урилаа.

 

Блиц:

Баярмагнайгийн Батманлай

Боловсрол:

-2008-2012 онд: МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль Социологийн бакалавр

-2016-2017 онд: СЭЗИС-ийн Компанийн засаглалаар мэргэшсэн Бизнесийн удирдлагын магистр

-2019 онд: Сингапурын Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн Компанийн засаглал, нийгмийн хариуцлагын мэргэшүүлэх хөтөлбөр

Ажилласан байдал:

-2012-2020 онд: Bloomberg TV Mongolia телевиз орчуулагч, хөтлөгч, Мэдээний албаны дарга

-2020-2021 онд: Нийслэлийн ЗДТГ-ын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга

-2020-2022 онд: Bloomberg TV Mongolia телевиз Гүйцэтгэх захирал

-2017-2020 онд: Asia Mining Magazine сэтгүүл Гүйцэтгэх захирал

-2022-2024 онд: Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга

 

 

“ХӨГЖИЛ ГЭДЭГ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР ХЭМЖИГДЭХГҮЙ”

 

Хөгжил гэдгийг өргөн утгаар харах хэрэгтэй. Аль өнцгөөс нь тайлбарлах вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Зөвхөн тоо дурдаад л эдийн засаг, мөнгө санхүү талаас харах нь түгээмэл. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн өсөлт гээд бид байнга л сонсож, хардаг. Гэтэл иргэд энэ бүх тоонуудын хөгжлийн илэрхийлэмжийг нь төдийлөн сайн ойлгодоггүй. Иймээс л зөвхөн тоонуудын тухай ярина гэвэл хөгжил нэг талаасаа амархан мэт харагдана гэж байгаа юм.

Гэтэл хөгжлийн талаарх сэдэвт хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт асуудалд төвлөрдөг ногоон хөгжлийн ойлголт тренд болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Энэ бол улс орнууд тооны араас хөөцөлдсөн хөгжлийн явцдаа орхигдуулсан зүйлс ямар байдал хүрч болохыг, тэр нь эргээд хэдий хэмжээний зардал, зарлага, төлөөсийг нэхэж байгааг бүгд анзаарч мэддэг болсноос үүдэлтэй. Нэг ёсондоо хөгжил гэдэг дан ганц тоогоор илэрхийлэгдэхгүй гэдгийг харуулж байгаа хэрэг.

Бид хөгжлийнхөө хэмжүүрийг эдийн засагтай хэт уяж тайлбарласан хэвээр. Гэтэл нийгмийн байдал нь эдийн засгийн үзүүлэлтүүдтэй ижил түвшинд зэрэгцээд “алхаж” чадаж байна уу гэдэг асуудал орхигдоод байгааг хараасай. Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг хурдтай өслөө гэдэг мэдээ сонсоод, уншаад алга ташмаар байгаа ч хувь хүн, нэг гэр бүлийн амьдралд нөлөөлөх нөлөө, мэдрэгдэх үр дүн нь бага мэт учраас л иргэд бухимдаж байгаа нь түлхүү харагддаг.  Товчхондоо хувь хүн Бат, Болд, Цэцэг бодит өсөлтийг, хөгжлийг мэдрэхгүй байгаа хэрэг. Тиймээс л худлаа ярилаа, биднийг хуурч байна, би лав хөгжөөгүй гээд эхэлдэг. Энэ нь явсаар нийгмийн бухимдал болж хувирдаг.

Бидэнд тулгарч байгаа энэ асуудлыг өндөр хөгжилтэй улс орнууд тодорхой цаг хугацаанд туулсан байдаг. Тэгэхдээ хөгжил гэдэг зөвхөн мөнгөний асуудал биш юм байна. Зэрэгцүүлээд нийгмийн асуудлыг хамтад нь авч явах ёстой юм байна. Мөн хүрээлэн буй орчны асуудал байх ёстой юм байна гэдгийг олж харсан учраас тэд  хүртээмжтэй өсөлт, хүртээмжтэй эдийн засаг гэдэг рүү тэмүүлэх болсон.

Тэгэхээр бид нэгэнт алдаа, оноог нь жингийн туухай дээр зэрэгцүүлж тавиад харах боломжтой цаг үед амьдарч байгаа учраас шинэ дугуй бүтээх гээд зүтгээд байх хэрэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөгжсөн улс орнуудын алдаанаас суралцаад оноог нь буюу эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны асуудлыг орхигдуулахгүй, параллель түвшинд авч үздэг “хүртээмжтэй өсөлт” рүү онилох хэрэгтэй гэж хэлмээр байна. Бидэнд харж суралцаж болох сайн жорууд байна. Тиймээс хөгжил гэдэг болбол зөвхөн эдийн засгийн асуудал биш юм байна гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, ойлгох нь энэ бүхний эхлэл болно.

 

ШҮҮМЖЛЭХ, ОРОЛЦОХЫН ЯЛГАА БУЮУ ТОЙРОГ

 

Нийгмийн хөгжил гэдэг талуудын оролцоогоор илэрхийлэгддэг. Хүн бүр нийгмийн нэг хэсэг атлаа оролцоо байхгүй бол тэнд сул орон зай, үл ойлголцол үүссээр байх болно. Тиймээс л бүгд оролцох ёстой. Би энэ амьдарч буй нийгмийнхээ нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь монголчууд асуудал үүсвэл бусад гэх нэг том тойрог зураад түүнийхээ гадна талд өөрийгөө зурчихдаг. Тэгээд шүүмжилж эхэлдэг.  Гэтэл үнэн хэрэгтээ тэр тойрогт би багтаж байгаа гэдгээ ойлгодоггүй эсвэл ойлгохыг хүсдэггүй. Хамгийн гол нь тэр тойрог буюу нийгэмд та бидний ирээдүйд чухал гэсэн бүхий л асуудлууд өрнөж, шийдэгдэж, орхигдож, үргэлжилж байдаг. Тиймээс л тойргийн гаднаас харж шүүмжлэхийн оронд дотор нь ороод оролцоод явах нь илүү үр дүнтэй гэдгийг хөгжсөн орнууд мэдсэн учраас аливаа асуудалд иргэдийн нийтийн оролцоог хангахыг чухалчилдаг болжээ.

Монголчууд дийлэнхдээ нийгмийн үйл явцыг гаднаас нь тайлбарлаж, өөрт хамааралгүй мэтээр хандаж ирсэн. Бодит байдал дээр тойргийг бий болгож, томруулж байгаа магадгүй солонгоруулж байгаа эд эс нь та өөрөө гэдгийг мартаж болохгүй. Учир нь аливаа зүйлийг гадна талаас нь хараад дүгнэх, шүүмжлэх амархан. Харин оролцоогоо хангаад, дотроос нь асуудлыг харахаар нөхцөл байдал өөр байдаг гэдгийг хүмүүс ойлгодог. Гэсэн атлаа л бид том, жижиг тойрог зураад түүнийхээ гадна талд үлдэж бусдыг буруутгахаа урьтал болгосоор байгаа гэхэд буруудахгүй болов уу.

Тэгвэл одоо яах ёстой вэ. Бид гадна талдаа үлдчихээд шүүмжилсээр байгаад хөгжлийн хоцрогдолд орох уу. Өөрийн оролцоог хангаж цааш хөгжих үү гэдэг асуудал тулгарч байна. Тойргийн дотор бүгд багтаж ороод хэлэлцэж, ярилцвал хөгжлийн тухай, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хөгжлийн тухай бүр цаашлаад хүртээмжтэй өсөлтийн тухай ярих эхлэл болох юм. Иймд тойргийн гадна өөрийгөө зурчихдаг муу зуршлаа монголчууд эхлээд гээх хэрэгтэй гэж боддог.

Жишээлбэл, нийслэлийн түгжрэл хүн бүрийг бухимдуулдаг. Алдагдсан боломжийн тухай ярьдаг болсон. Гэтэл тэр түгжрэлд бухимдаад байгаа хүн ч ямарваа нэгэн байдлаар оролцогч нь гэдгээ ойлгох ёстой.  Утаа, агаарын бохирдол бас л нийслэлчүүдийн төдийгүй төвлөрсөн газруудад тулгамдсан асуудал. Гэвч түүнд шүүмжлээд, бухимдаад байгаа хүн бүр өөрөө оролцогч байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээнд би оролцогч тал мөн гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хэрэв бид нийгмийн бүхий л асуудалд тойрог дотор хамтдаа байдаг гэдгээ ойлгочихвол гарц, шийдэл олох, зөв буруугаа мэдэх илүү хялбар шүү дээ. Тэгэхгүй бүгд л тойргоос зугтаад, хэн нэгнээр асуудлаа шийдүүлэхийг хүсч, өөрөөсөө бусдыг буруутгах, шүүмжлэх сэтгэлгээ хэтэрхий түгээмэл болох нь нийгмийнхээ хөгжлийг боомилж байгаа нэг хэлбэр.

Харин бизнес талаас нь харвал өөр дүр зураг харагдана. Бизнес бол ашгийн төлөөх үйл ажиллагаа. Иймдээ ч тэд булангийн цаад талыг түрүүлээд харчихсан байхыг эрмэлздэг.  Гэтэл сүүлийн хагас зуунд булангийн цаана зөвхөн ашиг биш нийтийн эрсдэл байгааг тэд олж харж чадсан. Зөвхөн ашиг хөөцөлдөж болохгүй нь ээ гэдгээ харьцангуй эрт мэдэрсэн гэж болно. Тиймээс нийгмийн болоод байгаль орчинд тулгарч байгаа асуудлыг орхигдуулах ёсгүй гэдгийг ухамсарласан хэрэг. Иймээс олон улсад бизнесүүд хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалд анхаарч, энэ чиглэлд хүчтэй оролцогч тал нь болоод байна.

Харин манай улсын хувьд бизнесийн салбарынхан маань нийгмийн хариуцлага гэх ойлголтоор энэ бүх асуудлыг “нөмгөн хучих” гээд байдаг хандлага одоо ч амь бөх байсаар байна. 20-30 жилийнхээ ойг тэмдэглэж үйл ажиллагаа нь бэхжсэн томоохон групп компаниуд маань эхнээсээ хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын тайлан гаргах болсон нь сайшаалтай. Гэхдээ дүр эсгэх төдий биш, тайлан гаргах ёстой учраас л гаргаж байгаа биш, асуудлыг цогц байдлаар харж, манлайлах цаг нь хэдийнэ болчихсон, бүр өнгөрчихсөн гэдгийг ойлгоосой. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж лоозогнож байгаад сургуулийн танхим тохижуулж, тоглоомын талбай барих төдийхнөөр оролцоогоо хангах нь учир дутагдалтай. Харин ч гол дүр нь байх ёстой.

 

ЗОХИСТОЙ ОРШИХУЙД БИД СУРАЛЦАХ ЁСТОЙ

 

Дэлхий нийтээрээ бид харьцангуй тогтвортой, өсөлтийн эрчим бүх цаг үеийн хамгийн оргил үедээ байна. Мэдээж бөмбөрцгийн тодорхой хэсэгт зөрчил маргаан, дайн тулаан байгаа ч Монгол Улс тайван, аюулгүй тогтвортой хөгжлийн зам дээр явж байгаа. Хөгжлийн тухай ярихаар л болохгүй байна, бүтэхгүй гэх хандлага давамгайлах гээд байдаг талтай. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх хэрээр бид хөгжиж байдаг. Тодорхой эрчмээр бид урагшилж л байгаа. Харин үүнийг хэрхэн тусгаж авах, хүлээж авахын ялгаа гэж бий.

Нийгмийн хөгжилд хувь хүний оролцоо хандлага чухал үүрэгтэй. Үүний тулд зэрэгцэн оршихуй, хамтаар амьдрахуй, зохистой оршихуй зэрэг ойлголтуудыг хүмүүс анзаараасай гэж хүсдэг. Монголчуудын хувьд нийтээр буюу хамтаараа амьдраад нэг их удаагүй гэхэд хилсдэхгүй. Бидний өвөг дээдсийн олон зуунаар туулж, дадаж, бий болгосон нүүдлийн амьдралын хэв маяг, дүрэм журам, соёлоос огт өөр нийгмийн байгуулалт бүхий суурин байдал руу шилжээд удаагүй. Иймдээ ч  хамтаар амьдрахуйн ойлголт бидэн хараахан бэхжээгүй.

Нэг жишээ, Японд машин шүргэлцвэл жолооч нар нь эхлээд бие биеэсээ уучлалт гуйгаад, асуудлыг журам дүрмийн дагуу шийдээд өнгөрөх нь энгийн л үзэгдэл. Гэтэл бидний хувьд үүнтэй ижил жишээ Улаанбаатарт гарвал асуудал хэрхэн буруу тийш эргэж байгааг нийгмийн сүлжээнээс бишгүй л харж байна. Тэгэхээр эхний ээлжинд бид хамтаар амьдрахуйд суралцах ёстой. Үүнд хугацаа хэрэгтэй ч иргэн бүр нийгмийг бүрдүүлэгчийнхээ хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журмыг дагаж хамтаараа амьдарч сурцгаах нь нэн чухал.

Дараагийн ойлголт нь зэрэгцэн оршихуй. Хөгжил гэх ойлголтыг бүрдүүлж буй нэг чухал хэсэг бол хүрээлэн буй орчны асуудал үүнд хамаатай. Нийгмийн тухайд бид хамтаар амьдарч сурсан ч хүрээлэн буй орчинтойгоо зохицох, зэрэгцэн хөгжих нь гарцаагүй гэдгийг бид ойлгоод багагүй хугацаа өнгөрч байна. Бид хамтаараа амьдрахын тулд өөр аргагүй гээд түгжрээд, агаараа бохирдуулаад байх нь өрөөсгөл гэдгийг ухаарсан. Иймээс зэрэгцэн оршихдоо хүрээлэн буй орчин байгаль дэлхийн тогтвортой байдлыг хамтад нь авч үзэх ёстой болж байна.

Харин зохистой оршихуйн тухайд дээрхээс илүү өргөн хүрээний ойлголт болж ирнэ. Хамтаараа амьдарч сураад, хүрээлэн буй орчны асуудалдаа анхаарч зэрэгцэн оршиж буй хэдий ч аливаа хөгжлийн эрч, өгөөж хүртээмжийн ээлтэй, зохистой хэм хэмжээний талаар зайлшгүй бодох ёстой болоод байна. Зохистой оршихуйн гол санаа нь тэнцвэр, зохист хэм хэмжээг ойлгох явдал юм. Бидний тухайд хөгжлийнхөө замналын тодорхой хэсэг дээрээ явж байгаа учраас удахгүй дараагийнхаа үе рүү шилжинэ. Харин энэхүү шилжилтийг хийхдээ нийгмийн оролцогч талуудыг хамтад нь байлгахын сацуу өөр өөрсдийнхөө үүргийг сайн биелүүлж, ухамсарлаж оролцох ёстой гэдгийг ойлгуулах нь чухал юм.

Хөгжилд хувь хүний хандлага, оролцооноос ихээхэн зүйлс хамаардаг. Тиймээс иргэн Болд хувийн амьдралын хэв маягтаа хийсэн өөрчлөлт та бидний хүсээд байгаа хөгжлийн нэг эд эс нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Болд хогоо ангилж хаях шийдвэр гаргаад түүнийгээ ажил хэрэг болгож хэрэгжүүлэх нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ нийгмийн хөгжилд оруулж буй оролцоо нь юм. Нөгөөтээгүүр, хотын түгжрэлийг нийгмийн сүлжээгээрээ шүүмжлэнгээ дугаарын хязгаарлалтад өртөхгүйн үүднээс хоёр дахь машин авах шийдвэр гаргахгүй байх нь өөрөө хувь хүн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй хэрэг. Түүнээс гадна хөгжилд оруулж байгаа эерэг хандлага, үр нөлөө. Энэ бол зөвхөн нөгөө хувь хүний түвшний асуудал.

Тэгвэл нийгмийн бүлгүүд хүсээд байгаа хөгжил рүү илүү хурдан явахын тулд ойлголцож, хамтаар шийдвэрлэх замаар оролцох нь чухал. Бат, Болдод хэрэгцээтэй шаардлага надад ч бас хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр хамтдаа асуудлыг шийдэх нь илүү оновчтой гэдгийг мэдэж байна. Нийгмийн хөгжил талаасаа харвал ирээдүйд бид нэг л цэг дээр бөөндөө очно. Тэрнээс биш нэг улсаараа очихгүй, нэг бүлгээрээ очихгүй, нэг хувь хүнээрээ очихгүй. Дэлхий нийтээр үүнийг ойлгоод, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн 19 зорилтыг дэвшүүлээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Энэ зорилтууд маань ямар явцтай байгааг бид 2030 онд нэг харах, улмаар 2050 онд эцэслэх амлалт өгчихсөн улсын нэг нь Монгол улс. Энэ хугацаа хаяанд ирчихсэн байна.

Монголын нийгэмд хамтаар амьдарч сурах нь яг одоо асуудал байж мэднэ. Гэхдээ ийм гээд зэрэгцэн оршихуйг орхигдуулалгүй эх дэлхий, хүрээлэн буй орчны талаар бүхий л оролцогч талууд одооноос дуугарч, анхаараасай гэж хүсдэг. Алга эргүүлэхийн дайтай хялбар өөрчлөгдөхгүй ч магадгүй хэдхэн жилийн дараа энэ бүхэн тулгамдсан асуудал биш болчихно. Харин тэр үед бид зохистой оршихуйн талаар илүү их ярьж, хөгжлийг илүү цогцоор нь хардаг болох биз ээ. Үүний тулд бид зөвшилцөлд хүрч, өөрсдийнхөө оролцоог хангаж, эхний ээлжид тойргийн гадна өөрийгөө үлдээдэг аминч сэтгэлгээгээ хаях хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)