Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа тусгай замын автобус төслийн ахлах инженер Ж.Лхагвадоржтой ярилцлаа.
Тусгай замын автобустай болсноор түгжрэл 10-20 хувиар буурна
Блиц
2004-2008 онд: ШУТИС-Иргэний ба үйлвэрлэлийн барилгын инженерийн бакалавр
2009-2011 онд: ШУТИС Иргэний ба үйлвэрлэлийн барилгын инженерийн магистр
2019 онд: Мэргэшсэн төсөвчин (Барилга байгууламжийн угсралтын ажил)
2022-2022 онд: Мэргэшсэн Инженер
-Улаанбаатар хотын авто замын түгжрэл хүн бүрийн толгойны өвчин болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс сүүлийн жилүүдэд авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд урт, дунд, богино хугацааны олон ажлыг хийхээр төлөвлөж эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Төслүүд бүгд өөр өөрийн онцлог, давуу тал, ач холбогдолтой. Нэг ч чиглэл давхцахгүй. Авто замын түгжрэлийг бууруулахын тулд ачаалал ихтэй бүсүүдэд тохирсон, иргэдэд хүртээмжтэй, зардал багатай, хурдан хугацаанд хэрэгжиж иргэдийн цагийг хэмнэх төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээ хийж, улмаар ТЭЗҮ боловсруулан магадлуулахаар олон Монгол инженерүүд ажиллаж байна. Миний хувьд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн тусгай замын автобус төслийн ахлах инженерээр 2024 оноос эхлэн ажиллаж байна.Тусгай замын автобус гэдэг нь тусгай замтай автобус гэж ойлгоход болно. Өөрөөр хэлбэл, авто замын гуравдугаар эгнээг бордюраар тусгаарлан зөвхөн автобус болон тусгай зориулалтын автомашин явахаар тусгай замтай болгож байна л гэсэн үг. Тусгай замын автобус төслийн судалгааг 2018 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн байдаг. Энэ төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломж, үр өгөөж ихтэй гэдгийг тогтоож 2023 онд хэрэгжүүлэх захирамж нь гарч 2024 оноос ажлыг эхлүүлсэн байдаг. Энэхүү тусгай замын автобус нь Саппорогын уулзварраас, 3,4 хороолол, Баянбүрдээр тойрч, Сансарын тойргоороо урагшаа Цэцэрлэгт хүрээлэн орох төлөвлөгөөтэй байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх явцад газар доорх инженерийн шугам сүлжээний асуудалтай нүүр тулгарна. Ялангуяа 3, 4 дүгээр хороолол, Сансарын туннель орчмын автобусны замын эгнээнд инженерийн шугам сүлжээ ихтэй. Иймд шугам сүлжээний асуудлыг эхнээс нь төлөвлөн туннелийн системээр шийдүүлэхээр Азийн хөгжлийн банканд хүсэлт тавиад байна. Энэ ажлыг хэрэгжүүлж чадвал автобусны буудал доогуурх шугам сүлжээ гэмтэхэд тухайн орчныг сүйтгэхгүйгээр, автобусны хөдөлгөөнд саад болохгүйгээр инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хийх бүрэн боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх чиглэлийн нийт 12.7 км замд 17 автобусны буудалтай байхаар төлөвлөж байна. Одоогоор тус трассын дагуу 21 чиглэлийн 243 автобус үйлчилгээ үзүүлж байгаа. Бидний төлөвлөснөөр эдгээр 21 чиглэлийн автобусны 16 нь тусгай замаар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харин үлдсэн тав нь богино эргэлт хийгээд замаас гарах тооцоололтой. Цаашид Шархад, Хайлааст, Таван шар болон урагш Яармаг чиглэлд тусгай замыг бий болгох төлөвлөгөө боловсруулж байна. Тусгай замын автобус нь хоёр талдаа хаалгатай байхаар төлөвлөсөн учир иргэдийг автобусны буудлын аль ч талаар нь бууж, суулгах боломжтой. Мөн автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байх болохоор тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээрээ давуу талтай. Өнөөдрийн Улаанбаатарын оргил цагийн хурд 5-7 км/цаг байгаа. Харин тусгай замын автобусыг шийдсэнээр автобусны хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гараад байна. Энэ нь 10-20 хувиар түгжрэлийг бууруулж боломжтой юм.
Хорооллын эцсээс цэцэрлэгт хүрээлэн хүртэл 30 минутад зорчих боломжтой болно
-Анх тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө буюу Таваншараас амгалан хүртэл хийхээр төлөвлөсөн байсан. Гэтэл энэ чиглэлд метро төсөл хэрэгжихээр болсон. BRT, метро төсөл нэг дор хэрэгжихээр үр ашиггүй байсан. Тиймээс төв замын дараа орох ачаалал ихтэй бүс болох их тойрууг сонгосон. Тусгай замын автобус төсөл хэрэгжсэнээр энэ чиглэлд автобусаар 30 минут зорчих боломжтой болно харин одоо тухайн замыг авто машинаар 2-3 цаг явж байна. Одоо бол автобус нэгдүгээр эгнээгээр явж байгаа. Уулзварууд дээр баруун эргэх гэж байгаа автомашинууд автобусны хөдөлгөөнд маш их саад болдог. Автобусны зам гуравдугаар эгнээ рүү шилжсэнээр баруун эргэлт болон хороолол дундаас төв зам руу орох эргэлтүүд нь автобусны хөдөлгөөнд саад болдоггүй болж байгаа юм. Ингэхээр тусгай замын автобус нь буцаж эргэх болон гэрлэн дохио, зогсоол дээр хүнээ буулгахад л хөдөлгөөн саарна. Тухайлбал, хорооллын эцсээс цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 12.7 км зайг тусгай замын автобусаар 30 минутад туулна. Энгийн автобус цагт 9000 хүн тээвэрлэдэг бол тусгай замын автобус нэг чиглэлийн замтай бол цагт 20.000 хүн, хоёр чиглэлтэй бол 40.000 хүн тээвэрлэх боломжтой байдаг. Метро бол 80-100 мянган хүн тээвэрлэх боломжтой гэсэн судалгаа бий. Тэгвэл тусгай замын автобус төслийн өртөг нь тармвай болон метро төслөөс өртгийн хувьд бага хэр нь үр ашиг өндөртэй төсөл юм. Замын хувьд автозамын стандартын дагуу 3.5м өргөнтэй хийнэ. Хөшөө дурсгал, айлын эдэлбэр газар, объект таарсан тохиолдолд замын өргөнийг бага зэрэг өөрчилнө. Одоогийн байдлаар нийт энэ 12,7км замын уртад 2.8 м өргөнтэй болж байгаа нарийссан зурвасууд бий. Энэхүү нарийссан зурвасууд нь осол гарах цэг болж байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр автомашин 3.5м зайд чөлөөтэй зайтай зөрдөг байсан бол нарийсаад ирэхээр хоорондоо мөргөлдөх магадлал ихэсдэг. Тэгвэл энэхүү хэмжээг стандартын дагуу өргөнтэй болсноор ослын цэг байхгүй болно.
2028 онд ашиглалтад оруулна
-Энэхүү төсөл хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байна. Бид төслийг иргэдэд ээлтэй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай байхаар төлөвлөж, үүний хүрээнд олон нийтийн уулзалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна.
Судалгаа дуусч, санхүүжилт шийдэгдсэн тохиолдолд ТЭЗҮ боловсруулж, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил өрнөнө. Энэ ажлыг 2025 ондоо багтаан дуусгаад, 2026 оны гуравдугаар сар гэхэд барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төлөвлөсөн хугацаагаар бол 2028 он гэхэд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар Тусгай замын автобусыг дэлхийн 160 гаруй хотод ашиглаж байна. Бразилын Куритиба, Колумбын Богота хотын BRT нь хамгийн том системд тооцогддог. Богота хотын BRT сүлжээ гэхэд л өдөрт 2.3 сая гаруй зорчигчид үйлчилдэг.
2030 он гэхэд 0 зогсолт гэж байхгүй болно
Нийслэлийн авто замын түгжрэлд ямар ч арга хэмжээ авахгүй байвал юу болох вэ гэдгийг судалсан. 2025 онд дундаж хурд 10 км/ц орчим байна. Тэгвэл 2030 он хүртэл автозамын түгжрэлийн эсрэг ямар ч арга хэмжээ авахгүй бол 6 км/цаг болж буурна. Улаанбаатар хот оргил ачааллын үед 4-6 км/цагийн хурдтай болж байна. Яг үүн шиг зогсоно л гэсэн үг. Явган хүний алхалтын хурд нь 4-6 км/ц байдаг шүү дээ. Түгжрэлтэй хамааралтай төслүүдийг хэрэгжүүлэхгүй бол алхаж байгаа хүн шиг л хурдтай явна гэсэн үг. Харин метро, BRT, дүүжин тээвэр зэрэг төслүүд хэрэгжээд эхэлбэл 2030 он гэхэд 14-15 км/ цагийн хурдтайгаар хөдөлгөөнд оролцох болно. Сурагчдын амралтаар автозамын хурд 16 км/цаг болсон. Тэгвэл яг өнгөрсөн сурагчдын амралтын өдрүүд шиг хурдтай явж болохоор болно. Өөрөөр хэлбэл, замын урсгал сайжирч, 0 зогсолт байхгүй болно. Автозамын түгжрэл ингэж буурснаар иргэдийн түгжрэлд зарцуулж буй алдагдсан боломжууд багасах юм. Судалгаагаар хоёр жилийн хугацаанд түгжрэлд зориулж буй иргэдийн алдагдсан боломж нь нийслэлийн хэрэгжүүлж буй түгжрэлийн эсрэг арга хэмжээний төсөв мөнгөтэй тэнцэхүйц хэмжээний байна гэдгийг тогтоосон. Гэхдээ энэ алдаж буй мөнгө нь иргэнээс гарах төлбөр юм. Жишээлбэл, иргэн Ж.Лхагвадорж ажилдаа ирж очихдоо хоёр цагийг зарцуулдаг байлаа. Тэгвэл нэг цагийн ажлын хөлсөөр тооцоолбол 8’000 төгрөг гэж бодоход 16’000 төгрөгийг түгжрэлд алдаж байна. Тэгвэл энэ зайд 30 минут явдаг болоход 12000 төгрөг хэмнэж байна л гэсэн үг. Ингээд тооцохоор энэ хэмнэлт иргэдийн халаас руу орж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 48 (7544)