“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ.  Энэ удаа СУИС-ийн ахисан түвшний хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн, соёл судлалын доктор Б.Хоролсүрэнг урьж, ярилцлаа.

 

Газрын хөрснөөс ургаж буй бүх ургамал хөх идээнд багтана

 

-Монголчуудын угсаа гарвал, соёл, зан үйл, утга бэлгэдлийн талаар судалгаа шинжилгээ эрчимжиж, дэлхий нийтээр үүнийг сонирхож байна. Монгол хүн гэхээр мах эсвэл цагаан идээ гэсэн хоёрхон идэх юмтай байсан гэж ойлгоод байдаг. Гэвч өвөг дээдэс маань идээ ундааны эртний соёлтой. Тэр дундаа нарны элч гэрлээр газрын хөрсөнд боловсорч бий болсон хөх идээ нь энэ соёлын чухал хэсэг. Хөх идээ гэдэгт бидний эцэг өвгөдөөс хэрэглэж ирсэн сүйл, цуйлгар, жимс жимсгэнийн бүх төрөл, үр тариа гэх мэтчилэн газрын хөрснөөс ургаж байгаа бүх ургамал багтана. Харин хөх идээ гэж нэрлэсэн учир нь монголчуудын угсаа гарвал, сэтгэлгээтэй холбоотой. Дээд хөх тэнгэр, хаврын хөх ногооны униар, эдийн дээд хадаг гэхчлэн хөх өнгийг шүтэн дээдэлдэг. С.Дулам багш болон бусад эрдэмтэд хөх идээг долоон савд хувааж байгаа бөгөөд түүний нэг хэсэг нь таван зүйлийн тариа юм. Үүнд арвай, буурцагт ургамал, овьёос, бог будаа, улаан буудай орно.

-Хөх идээ гэж нэрлээд байгаа боловч идээ ундааны соёлын  хамгийн анхдагч судалгаа бүтээл юм. Хүн бие бий болсон цагаас амьдрахын тулд байгаль дээрх бэлэн бүтээгдэхүүнийг идэж, ууж эхэлсэн. Харин хөх идээний талаар монголчууд нэлээн эртнээс судалсан байдаг бөгөөд Юань улсын үеийн товчоонд дурдсан байдаг. Энэ сурвалжид дурдсанаас өмнөх үед мөн судалж байсан хэрэг. Тэр товчоонд идээ ундааг хэдийд, яаж боловсруулах, хэрхэн хэрэглэх, хүний биед ямар ач тустай зэрэг сонирхолтой зүйлүүдийг дурдсан байна. Мөн неолетын үеийн хадны зурагт үхэр хөтөлж, анжис чирч, газар хагалж буй хүнийг дүрсэлсэн нь бий. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн хадан дээр байгаа  зургийг н.Сэр-Оджав тэргүүт эрдэмтэд судалж, түүхийн номоо бичсэн байдаг. Ийнхүү түүхийн олон үеийг дамжиж, багаж хэрэгслийн хувьд боловсорсоор ирсэн. Үүнээс гадна Хүннүгийн үеийн Ноён уулын булшнаас их хэмжээний будаа олдсон байна. Орос, Монголын археологичдын хамтарсан судалгаагаар Монгол нутагт ургасан будаа болох нь тогтоогдсон гэдэг. Хүннүгийн үеийн хятад сурвалжуудад Монголын эртний улс, аймгууд тариагаа хурааж хүнсэндээ хэрэглэж, будааны зоориндоо хятад цэргүүдийг түгжиж байсан тухай баримт бий.

 

Хотончууд тариан талбайгаа “тариг” гэж нэрлэнэ

-Утга бэлгэдлийн үүднээс сансар огторгуй, овоо тахилгадаа будаа өргөдөг байж. Мөн одоо ч шинэ гэрийн найр хийхэд тоононоосоо хадаг уяж, байшингийн сууринд арвай будаа хийдэг. Уламжлалт баярын нэг цагаан сарын идээний боовыг улаан буудайгаар хийнэ. Үүнээс гадна цар тавгаа хөх идээгээр ариулдаг. Тодруулбал, арц нь буурцагт ургамлын төрөлд багтдаг юм. Мөн бор идээг цагаан идээгээр хучиж хийсэн бууз, хуушуураар зоог барьдаг гэхчлэн бэлгэдлийн чанартай зүйлс байна. Энэ нь өсөн үржихүйн бэлгэдэлтэй. Учир нь нэг үрээс 2-5 мянган арвай ургадаг аж. Ингэж сагсайгаад нэг түрүүнээс 50-100 идээ гарна. Ийнхүү өсөн үрждэг хөх, халтар, цагаан арвай нь монголчуудын эртний хүнс юм. Дайн тулааны үед гурил, арвайгаа тээрэмдээд шөлөндөө цацаад хэмнэлттэй хэрэглэдэг байж. Түүнийгээ гурван жилийн хүнс гэнэ. Харин орчин үед таван зүйлийн тариа буюу хөх идээг гурван зүйлд хэрэглэж байна.

Нэгдүгээрт, хүнс, идээ ундаа. Хоёрдугаарт, зан үйл, өргөл мөргөл. Гуравдугаарт, энэ соёлыг дагасан аман уламжлал, яруу найраг билээ. Аман яруу найргийг аялгуут ба аялгуут бус гэж ангилна. Тариагаа арвин ургахыг бэлгэдэж “Хар үхрийн хаан чинээ ургаг. Хүрэн үхрийн хүзүүн чинээ ургаг” гэж хэлдэг. Мөн тариа тарихдаа газраа гуйж авдаг. Энэ уламжлал Говь-Алтай аймагт хадгалагдаж байна. Газрын шим шүүсээр ургадаг учир байгаль эздээс нь гуйж авдаг байх нь. Булаг шанд, гол горхины эхэн дээр очиж ерөөлийн сайхан үгээр гуйгаад, ойролцоох уул овоонд өргөл барьдаг.

Хүмүүс газраа хагалчхаад үрээ суулгадаг гэж боддог. Гэвч үрээ түрүүлж цацдаг. Таван хуруугаа газар тавихад алганы хонхорхойд 5-10 үр байх ёстой. Ийнхүү жигд тараасны дараа анжсаа хөллөөд газраа хагална. Газраа хагалж байгаа хүнтэй таарвал “Газар зөөлөн, анжис хурц байг” гэж хэлдэг. Хотончууд тариан талбайгаа “тариг” гэж нэрлэнэ. Таригийн баруун хойд талд долоон хар үр суулгана. Энэ нь муу бүхнийг хаах, хүч чадлыг нь ашиглах, хар муу салхи, хар цагаан мөндрөөс хамгаалдаг домын зан үйл юм.  Ургацын явцад нийт таван янзаар таван удаа усалдаг. Хамгийн сүүлийнхийг хадуур усалгаа гэнэ. Шахсан аарц шиг болцтой болсноос 15-20 хоногийн дараа ургацаа хураадаг. Хурааж авахдаа ч гэсэн цай сүүнийхээ дээжийг өргөөд зан үйлээ хийнэ. Хэрэв тариа хадаж байхтай тааралдвал “хадуур мохог” гэж хэлдэг. Энэ нь хадуураа мохтол арвин ургац хураахыг бэлгэдсэн утгатай. Харин түүхий хариуд “мөр цохиг ээ” гэнэ. Үүний дараа самар цайруулдагтай адил хураасан будаагаа ангилна.

Үүрийн таван жингийн салхинд будаагаа хаяхад хамгийн чанартай нь цаад талд нь буудаг. Түүнийг хөрөнгө, дараа жилийн үр болгон хадгална. Арай наана буусныг өөрсдөө хүнсэндээ, түүний наана буусныг зарна. Харин хамгийн наана унасан будааг малын тэжээлд хэрэглэдэг. Энэ мэтчилэн хүндээсээ хөнгөн рүү унадаг аж. Энэ арга нь олон зуун жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн. Монголчуудын баялаг соёл дотроос тариа будаатай холбоотой зүйр сэцэн үг, оньсого таавар нь тариалахаас хураах хүртэл арвин байдаг.

 

Тариалангийн найрал хөгжимтэй байжээ

 

-Юань улсын сударт тариалангийн найрал хөгжмийн тухай бичсэн байна. Тариа тарих үед энэ хэсгийг нь, ургах үед энийг, хураахад гэх жишээтэй. Түүнийг мэргэжлийн хөгжим судлаачид уншвал илүү ойлгомжтой. Эдгээрээс гадна таван тарианы үүслийн домог байдаг.

-Нэгэн ядуу айл, баян айл хоёр хот айл болон амьдран суудаг байж. Тэд нэг, нэг хоточ нохойтой гэнэ. Ядуу айл нь нохойгоо их хооллодог болохоор тэдний нохой нь  сайхан гилгэр мэлгэр аж. Харин баян айл нь нохойгоо хааяа хооллодог тул  тураалдаа орчихсон юм байна. Гэтэл нэгэн их үер болж, баян айл нөгөө үерээс зугтаад нохойгоо орхиод яваад өгөв. Харин ядуу айл нь нохойгоо аваад нүүв. Буцаад буурин дээрээ ядуу айлынх нь нөхөр  иртэл баян айлынх нь нохой нь уяатай л байж байна гэнэ. Тэгэхээр нь яана аа энэ одоо гуринхдаж үхлээ гэж бодоод жоохон идэж уух авчирч өгөөд хооллож байгаад уяаг нь тавьтал хөдлөхгүй зогсоод л байв. Маргааш нь иртэл мөн л зогсож байна гэнэ. Тэгэхээр нь гайхаад энэ одоо яг яагаад ингээд байгаа юм болоо. Энэ яагаад ийш тийшээ гүйхгүй байгаа юм болоо гэж бодоод ойртоод харсан чинь тавхайн доороо таван  тарианы үрийг таг дарчихсан байжээ. Ингээд ядуу айл нөгөө 5 тарианы үрийг аваад газарт булаад тариа ногоо ургуулаад баян болсон гэж байгаа юм. Таван тариа үүссэн энэ домгийг өвөр монголчуудаас удирдагч багш маань олж өгсөн юм.

 

Мартах өвчин нь үр тариагаа хэтрүүлэн, буруу хэрэглэсэнтэй холбоотой

 

-Хөх идээгээр хийж болох 250 гаруй төрлийн хоол байдаг хэмээн бичсэн байдаг. Одоо төрөл зүйл нь улам нэмэгдэж байгаа. Английн эрдэмтэд хүний биед сөрөг нөлөөтэй будаанууд байна хэмээн 2012 онд ном бичсэн. Тэр нь гурван удаа хэвлэгдсэн. Энэ номд улаан буудай, цагаан будаа буюу хальсгүй тариа нь хүний биед сөрөг нөлөөтэй гэжээ. Харин гурвалжин будаа, шар будаа, овьёос зэрэг нь хальстай учир цардуулгүй. Хүмүүсийн дунд тархаад байгаа мартах өвчин нь буруу үр тариагаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой. Тиймээс энэ үр тариануудыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хоолны сэлгэлт тогтмол явагдаж байгаа энэ үед өөрт тохирох зөв хүнсээ сонгож хэрэглэвэл сайн.

Нийгэмд сэрэмжлүүлээд байгаа боловч цагаан будаа, улаан буудайны тариалалт буурахгүй, улам нэмэгдэж байна. Энэ нь эдийн засгийнхаа хувьд тэр хүмүүсийн гол тэжээл, амин зуулга болсонтой холбоотой. Өдөр тутамдаа хэрэглээд сурчихсан учраас тэр бор будааг муухай гээд идэхгүй байна. Атрын гуравдугаар аян өрнөснөөр Монголд уналтад орчихсон байсан газар тариалангийн систем сэргэж эхэлсэн юм. Тэгээд сэргэж эхэлсэн боловч тэр тариа будааг нь авч байгаа нөгөө гурилын үйлдвэрүүд яг хэдэн төгрөгөөр авч байгаа нь мэдэгддэггүй. Энэ бол эдийн засгийн хувьд бүрхэг, сонин үзэгдэл. Тэгээд тариаланчид дээр очихоор тэдэн тонн буудай өгчихсөн, хэдэн төгрөгөөр авах юм мэдэхгүй. Төр засгаас л үнийг нь тогтоох байх даа гэдэг. Та нар 1 кг-оо хэдээр өгдөг юм гэсэн чинь 700 төгрөгөөр өгдөг байсан гэж байгаа юм. Тэгээд төр засаг л энийг мэднэ гээд сууж байдаг. Бид дэлгүүрээс талх авахдаа мөнгөө заавал өгчхөөд авдаг. Тэгэхэд гурилын үйлдвэрүүдэд тариаланчдад мөнгөө өгөхгүйгээр үнээ тохирохгүйгээр будааг нь авчхаж байгаа юм. Тэгээд хойно нь тэдэн тонныг л өгсөн одоо тэгээд хэдэн төгрөг ирэх нь мэддэггүй. Тариаланчид төр засаг эсвэл тэр гурилын том үйлдвэрүүдээс хараат байдалтай байна. Энэ бол буруу. Монголын газар тариалан бол усалгааны системгүйгээр явахгүй. Яагаад гэвэл манайх чинь байгалиас хараат. Байгаль хэзээ бороо оруулна вэ тэр үед одоо энэ тариа ургана гээд суувал бүгдээрээ өлбөрөөд үхнэ. Тийм учраас тариаланчид тэр голын ай сав дагаж буудаг. Ингэхдээ тариан талбайгаа өөрсдөө бэлтгэж, голын голдирол өөрчилж, шуудуу татаж боохоос эхлээд нарийн ажилтай.

Дээр үед шуудуугаа бэлтгэхдээ газраа ухаад 40, 50 км газар чулуу дэвсэнэ. Ингээд чулуугаар хаалт хийж байгаад тэр дундуураа нөгөө усаа урсгаж тариан талбайнууддаа хүргэдэг. Тэр шуудууг нь болохоор бух гэж нэрлэнэ. Тариан талбайгаар дамжуулаад тагт руугаа оруулаад усалж байгаа тэр жижигхэн хэсгээ чих гэнэ. Энэ мэт дандаа монгол нэртэй. Поль биш тариг гэж нэрлэнэ. Мөн тариа усалгааны даамал гэж байна. Нэг өдөр, нэг айл жижүүр хийн тэр тариан талбай руу үхэр, хонь, мал оруулахгүй харж харгалзаад тэдний талбайг усалсан, тэрний талбайг услаагүй, тэдэн цагт усалсан гээд нарийн хөтөлдөг дэвтэртэй байсан.

Ингэхээр монголчууд нь тариалангийн эртний соёлтой ард түмэн бөгөөд түүнийг дагасан соёл уламжлал, хэл сэтгэлгээ, зан үйл арвин ажээ. Энэ нь өнөө үед ч уламжлан хадгалагдсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 43 (7539)