Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүхийг урилаа.

 

БҮРТГЭЛИЙН СИСТЕМИЙН НӨЛӨӨ

БЛИЦ:

Боловсрол:

-1999 он Төв аймаг, Баянчандмань сум – ЕБС

-2004 он ЭМШУИС - Эрүүл ахуйч, тархвар судлаач

-2008 он ЭМШУИС - Нийгмийн эрүүл мэндийн магистр

-2013 он АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль - Нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны магистр

-2015 он: АШУҮИС - Анагаах ухааны доктор

Ажилласан байдал:

-2004-2005 он Байгалийн голомтод халдварт өвчин судлалын төв, Тархвар судлаач эмч

-2006-2008 он ЭМШУИС-ийн Арьс ширний үйлдвэрийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ төслийн судлаач

-2008-2016 он АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багш

-2016-2018 он АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэндийн институтийн захирал

-2018 оноос Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны УЗ-ийн дарга

-2018-2024 Хэлт энд Сэфти Солушинс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

-2024 оны 12 сараас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга

-Дэлхий нийтэд тулгамдаж байгаа олон асуудал байгаагийн нэг нь мэргэжлээс шалтгаалсан өвчин. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл осол гэмтэл өссөөр байгааг статистик мэдээллээс харж болно. Тухайлбал, 2022 онд 77, 2023 онд 68 байсан бол 2024 онд 87 болсон байна. Энэ талаар хийсэн судалгаа ч байдаг. Тэр судалгаанаас харахад манай улс мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутагт орж байна. Хэдийгээр дэлхийд эрсдэл өндөртэй улсын эгнээнд эрэмбэлэгдэж байгаа ч дотоод мэдээллээ харахаар өөр дүр зураг харагдана. Энэ бол дотооддоо бүртгэл мэдээлэл сул байгааг харуулж байгаа юм. Тиймээс бүртгэлийн системийг сайжруулах шаардлага үүсэж байна. Бид өнгөрсөн онд 809 тохиолдлыг бүртгэж авсан. Энэ нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлт. Нэг талаас бүртгэл сайжирч байгаа гэж болно. Нөгөө талаас нь харвал осол, гэмтэл өссөн гэхээс илүүтэй бүртгэлийн систем сайжирсаны үр дүн гэж харах хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, ажил мэргэжлээс шалтгаалсан осол өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэл болж байгааг хэлэх нь зүйтэй. Тэгэхээр энэ салбарт ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Учир нь Герман улсад 2023 онд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, осол гэмтлийн 145 мянган тохиолдлыг бүртгэсэн байдаг юм байна. Үүнээс 72 мянга нь оношлогдсон байдаг. Эндээс 4800 хүнд тэтгэвэр тогтоолгосон. Өөрөөр хэлбэл группт орсон гэсэн үг. Харин үлдсэн 67 мянган хүн мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон ч гэсэн хөдөлмөрийн чадвараа алдаагүй гэж болно. Бүр тодруулбал, тус улсын ХАБ-ын эрүүл ахуйн тогтолцоо нь ажиллаад 67 мянган хүний өвчнийг эрт илрүүлээд эрүүл мэндийг нь хамгаалж чадсан гэсэн үг. Гэтэл манай улсад бүх зүйл “дууссан” хойно арга хэмжээ авдаг. Тиймээс энэ тогтолцоог шинэчлэх шаардлагатай гээд байгаа юм. Бүртгэлийн систем нь сул, урьдчилан сэргийлэх туслалцаа байхгүй гэх мэт зайлшгүй анхаарал хандуулж өөрчлөх, шинэчлэх шаардлагатай олон асуудал бий.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХОХИРОЛ

 

-Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн эрсдэл олон сөрөг үр дагавартай гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөхгүйгээс ажилтан хэчнээн хэмжээний хохирол амсах вэ гэдгийг хүмүүс практик дээр гаргаад ирдэг. Тэгвэл энэ нь ажил олгогч болоод улсын эдийн засагт ч жин дарах хохирол учруулдаг гэдгийг бодох ёстой. Энэ талаар судалгаа, мэдээлэл байдаггүй учраас төдийлөн хүмүүс анзаардаггүй. Тухайлбал, 2019 онд салбарын яамнаас хийсэн судалгаагаар жилд 127.8 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчинтэй холбоотойгоор гарч байна аа гэсэн тооцоо байгаа.

Энэ мөнгөн дүн цалингийн доод хэмжээ өсөх хэрээр нэмэгдэнэ. Тиймээс л улсын эдийн засагт эрсдэл болж байгаа хэрэг. Харин дараагийн нэг асуудал нь хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Гаднаас харахад хэвийн атлаа ажиллах бүхий л хугацаандаа тоосжилттой орчинд байсан хүн уушги тоосжих өвчтэй болсон байдаг бөгөөд Монгол хүний дундаж наслалтаас 9.5 жилээр богино насалдаг. Тэгэхээр эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ 10 орчим жилээр дундаж наслалт нь бага байгаа гээд яригдаад байгаагийн бас нэг том шалтгаан нь ажил мэргэжилтэй холбоотой эрсдэл. Энэ бүгдийг цаана эрүүл мэндийн салбар дээр ачаалал нэмэгдэж байна.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ БА ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ

 

-Хүний нөөц дутагдалтай байдаг. Тэр дундаа нарийн мэргэшсэн хүний нөөц маш ховор. Улсын хэмжээнд энэ төрлийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэхэд анхаарал хандуулах цаг болсон. Энэ салбарт  214 орчим хүн ажиллаж байгаагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн хөдөлмөрийн эрүүл ахуйч 159 өвчнийг чинь оношилдог. Яагаад ажилтнуудын үзлэг чанартай сайн хийгдэхгүй байна гэхээр энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар нь дутагдалтай байна шүү дээ. Тэгэхээр 300 мянган эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа хүнд 20 хүрэхгүй эмч ямар тусламж үзүүлэх вэ. Тэгэхээр төрийн бодлогын дэмжлэг энэ салбарт дутаж байгааг хэлэх нь зүйтэй байх.

Нэг хэсэг ХАБ-ын хувийн сургалтын төвүүд олноор бий болсон. Учир нь энэ салбарт мэргэжилтэн, хүний нөөц хангалтгүй учраас сургалтын төвөөр анхан шатны мэдээлэл, мэдлэг сонсгоод л гаргаж байна. Мэдээж энэ алхамыг буруутгах гэсэнгүй. Гэхдээ 4-5 жил сургаж бэлтгэдэг мэргэжлийг богино хугацааны сургалтаар бэлтгэж гаргана гэдэг өөрөө чанар, стандартаас эхлээд ур чадварын асуудал ч яригдана.

Тиймээс энэ салбарт бүх талын шинэчлэл хийх хэрэгтэй гээд дахин дахин хэлээд байгаа хэрэг. Бид энэ жил салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулж хуулиа шинэчилье. Ер нь бол эрх зүйн хувьд шинэчлэл хийж байж бид энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Үндэсний тогтолцоогоо урьдчилан сэргийлэлтэй, санхүүжилтээ хүний нөөцөө бэлтгэх энэ асуудлаа хууль эрх зүйн хүрээнд болбол шинэчлэхгүй болбол ерөөсөө болохгүй байгаад байгаа. Түүний дараа 2026 онд шинэчлэгдсэн хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд бий болсон механизмаараа ажиллана. Ингэснээр 2027-2028 он гэхэд тодорхой үр дүн, ахиц дэвшил гарна гэдэг хүлээлттэй байна.

 

“ГОЛОГДСОН” ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД

 

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд байдаг. Гэтэл ДЭМБ-аас “Монгол Улс хамгийн өндөр мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлтэй орон” гэж үзсэн. Энэ талаас нь харвал яах аргагүй эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа учраас бид бүртгэл, мэдээллийг сайжруулах, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх гээд зайлшгүй хийж хэвшүүлэх ажлууд бий.

Нөгөөтээгүүр хяналтын тогтолцоогоо өөрчлөх шаардлага мөн бий. Бид хуучин уламжлалт аргаар хяналт хийх боломжгүй болсон. Тэгэхээр нийгмийн даатгал татварын системтэй адилхан аж ахуйн нэгжүүдийг нь цахим системд бүртгээд хуулиар биелүүлэх ёстой эрсдэлээ үнэлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгээ хийх гэх мэтчилэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажлын тайлан мэдээгээ энэ систем рүүгээ оруулдаг болох ёстой.

Эндээс нь хяналтын байцаагч нар эрсдэлээр нь ангилж байгаад хэрэв байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бол цахим мэдэгдэл хүргүүлье. Хэрэв мэдэгдлийг биелүүлэхгүй бол очиж хяналт шалгалт хийе, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлье. Ингээд хуулийг хэрэгжүүлэхгүй бол дараагийн үе шатад орно гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн дэс дараатай ажиллах нь өргөн цар хүрээг хамарч хүнээс хамаарахгүйгээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр цахим шийдлээр олон асуудлыг шийдвэрлэх, бодит үр дүн гаргах боломж бүрдэнэ гэж харж байна. Мэдээж цахим систем дээр үндэслээд бид үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн статистик мэдээгээ бодитоор тогтмол гаргаад явчихна. Үүнийгээ түшиглээд судалгаа, шинжилгээ хийх боломжтой болж байгаа юм.

 

САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ БА МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

 

-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг долоон байгууллага байгаа. Мэдээж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв орно. Эдгээр байгууллагууд журам стандартын дагуу итгэмжлэгдсэн байхаас гадна мэргэжлийн боловсон хүчинтэй. Энэ байгууллагууд нийлээд жилдээ 500 орчим аж ахуйн нэгжид үнэлгээ хийж байгаа. Мэргэжлийн холбоод 10 орчим холбоо бий. Тэгэхээр салбарын шинэчлэлд мэргэжлийн холбоодын оролцоог хангах хэрэгтэй гэж хардаг. Мэргэжлийн холбоодын засаглал сайжраад ирвэл салбарын хүний нөөцөө бэхжүүлэхийн тулд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо чухал байгаа.

Манай төв хувийн хэвшлүүдийн хийж байгаа ажлыг яг адилхан өрсөлдөгч хэлбэрээр хийгээд байвал энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулагч олдохгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой ашиг олохын тулд ажилладаг шүү дээ. Тухайлбал төлбөрийн нөхцөл, үнэлгээ, ажилчдын эрүүл мэндийн үзлэг сургалт гээд бүгд тодорхой үнэлгээтэй байна. Тэгтэл манай төвөөс тэдгээр хувийн хэвшилтэйгээ “уралдаад” орлого олох гэхээс илүүтэй тэдгээр байгууллагуудын зардал мөнгө гаргаад хийж чадахгүй байгаа төвөгтэй, хэцүү зүйлийг нь төрийн байгууллагууд санхүүжилт гаргаад хийгээд явах нь төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хэлбэр гэж хардаг.

Тэгэхээр тухайн салбарт чөлөөт өрсөлдөөнийг хөгжүүлэх боломжтой. Ер нь бол ямар боломжууд байна гэхээр мэргэжлийн холбоодууд мэргэжилтнүүдээ сургах, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн гэдгийг баталгаажуулах ажлыг бид хийж болно. Мэдээж тогтсон үнэ тариф, хураамж гээд зах зээлийн зарчмаар хөдлөх асуудлыг нь мэргэжлийн холбоодууд хийг. Тэд нар тэрүүгээрээ өөрсдийгөө санхүүжээд тэр мэргэжлийн холбоодынх нь нийгэмлэгийнх нь чадавх нь бэхжээд ингээд салбараа аваад явах ийм одоо засаглал нь бүрдээд яваг гэж байгаа юм. Түүнчлэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл төслийн үнэлгээний компаниуд бол уурхай дээр очоод төлбөр мөнгөтэйгөөр үнэлгээг нь хийгээд мэргэжлийн шалтгаалах өвчний ийм эрсдэл байна шүү үүнийгээ ингэж бууруул гэх мэтээр зөвлөгөө, зөвлөмжөө өгөөд явах нь зүйтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 58 (7555)