Доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч СГЗ Т.БААСАНСҮРЭН

“Цагаан бороо” түүхэн баримтат уран сайхны роман /2021/, “Их говийн эзэн Бэхи хүү” баримтат кино /2022, хамтарсан/, “Аугаа эрин: Хөх илдний очис” түүхэн роман /2017/ бичиж, “Хувьгүй хаан Ариг бөх” түүх судалгааны ном /2017/, “Байтаг богдын нүргээн” баримтат тууж /2022/, “Шинж” /2019/, “Монголоо нэхэж буй Монгол” зэрэг танин мэдэхүйн олон бүтээл туурвисан МЗЭ-ийн болон МСНЭ-ийн уран бүтээлийн дээд шагналт Баасангийн Номинчимэдийн “Галт шувуу” роман /2023/ түүний амьдрал, уран бүтээлийн төдийгүй монголын роман бичлэгийн түүхэнд жинтэй байр суурь эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Уншигчид ам сайтай байгаа эл роман нь өөрийн дүр дүрслэлт өгүүлэмжээрээ олон хүнийг байлдан дагуулж байна. Эл романы утга агуулга, гүн ухааны ухаарал, ололт амжилтын талаар урьд нь би өөрийн санал бодлыг сэтгэгдэл хэлбэрээр илэрхийлж байсан. Зөвхөн романы зарим өвөрмөц содон дүрийн уран дүрслэл, утга агуулгын тайлалд хийсэн зарим нэг ажиглалт шинжилгээг уншигчидтайгаа хуваалцъя.

“Галт шувуу” романы гол баатар нь Монгол Улсын алс бөглүү хөдөө нутгийн нэгэн сумын долоодугаар ангийн сурагч Намхай, Эвлэлийн илгээлтээр сумын дунд сургуульд хөгжмийн багшаар хуваарилагдан ирж буй Цолмон нар юм. Роман нь оршил хэсэг ба “Сохор Бетхован”, “Би чамд хайртай, за юу!!! ...” хэмээх үндсэн хоёр бүлэгтэй. Үйл явдал нь 1989 оны тавдугаар сарын 11-ний өдрийн пүрэв гариг буюу хаврын сүүл сарын нялх ногоо хэнзэлсэн эгэл жирийн өдрөөс эхлээд мөн оны 6 дугаар сарын 7-ний өдрийн лхагва гаригийн гэгэлзсэн нэгэн өдөр хүртэлх хугацааны өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичигджээ.

Шилжилтийн насан дээрээ яваа сурагч Намхай ер бусын сониуч сэргэлэн, сонжооч ажигламтгай, хорвоо ертөнц, хүмүүний амьдралын учир утгыг ойлгож мэдрэхийг туйлаас хүсэмжлэн тэмүүлэгч. Нойронд сэргэг, номд соргог. Сумын номын сан дахь 1838 ном, сургуулийн номын сангийн 721 номыг нэгд нэгэнгүй нэгжээд уншчихсан нэгэн. Тэр урлаг, утга зохиол, түүх, гүн ухаанаас эхлээд байгалийн шинжлэх ухааныг ч ялгаагүй шимтэн сонирхоно. Түүний тархи толгойд түм буман “яагаад” хэмээх асуулт эргэлдэж хариу нэхэх агаад голлох хариултыг зөвхөн ном зохиолоос олж авч байна. Энэ дэлхийн урлаг, утга зохиолын сонгодгуудын дүр төрх сэтгэл зүрхэнд нь байнгын уяатай шаналгаж, ямар бүтээлийг яаж бүтээснийг нь Намхай олж мэдэж, ойлгож ухаарахыг шамдан шунамхайрна.

16 ч хүрээгүй байхдаа Намхай хүү Вальтер Скоттын “Айванго” хэмээх түүхэн романыг аль хэдийн уншчихсан, уг романы гол баатар Ребеккаг зүрхэндээ тээж, ахлах 8 “б” ангийн Тунгалагтай адилтган төсөөлж түүний “шөмбөгөр эрүү, хурц хянган уран хамар, шөмбөгөр уруул, цав цагаан царайн дээрх тод хар хөмсөг, гялтганасан хар нүд”-ийг зүүдэндээ үзэж “Энэ л царайны цаана ирээдүй нь гэрэлтэн байх шиг санагддаг байжээ /Б.Номинчимэд. Галт шувуу. УБ. 2023. 57 дахь тал/.

Тэр Италийн романтик зохиолч Рафаэлло Жаваньолийн “Спартак”-ийг мэддэг, уг романд гардаг эрүүл тулаан гэж юу болохыг ойлгож мэдрэхийн тулд А.С.Пушкиний “Буудалцаан”, М.Ю.Лермонтовын “Манай үеийн баатар”-тай харьцуулж үзээд өөрийн ойлголт төсөөллийг тогтоочихсон, түүгээр ч зогсохгүй Германы аугаа их хөгжмийн зохиолч И.С.Бах, Л.Бетховен, Австрийн аугаа В.А.Моцарт, Оросын П.И.Чайковский, Рахманинов, Италийн Н.Паганиний хөгжмийн бүтээлүүдийн пянзны цуглуулгатай болчихсон, ахин дахин харьцуулан сонссоор бага багаар ойлгож баярлан бахардаж хэн нь хэн болохыг ойлгочихсон, өөрөө өөртөө “Үглээ Бах”, “Ёсорхуу Чайковский” гээд нэр хоч хүртэл өгчихсөн явсныг үеийнхнээс нь хэн ч мэдэхгүй. Америкийн өнгөт арьст алдарт хөгжимчин, дуучин Луй Амстрангийн пянзыг залуус өглөө үдэшгүй хангинуулахаас хэтрэхгүй байсан тэр он жилүүдэд, Австри-Германы хөгжмийн их зохиолч Иосиф Гайдны бүтээлүүдтэй Намхай өөрийнхөө хэмжээнд танилцчихсан, түүний Жи Можарыг сүрхий мэддэг, Герман, Франц, Австри Унгарын хөгжмийн их зохиолч Брамс, Бизе, Верди, Листийн бүтээлүүдийг сонирхдог болчихсон байв. Английн рок хамтлагийн Битлз The Beatles-ийн пянз энэ суманд ганцхан Намхайн гэрт л байдаг, өөр том, бага хэн ч мэддэггүй байсан аж. Тэр бас Италийн поп дуучин Sabrina Salerno, Gianna Nannini-ийн бүтээлүүдийг ч зах зухаас нь ойлгож мэддэг болчихсон байжээ.

Бүр бага ангид сурч байхаас Намхай уран зурагт дурлаж харандаа, будгаас салж чадахгүй болтлоо амтанд нь орж донтсон байна. ЗХУ-ын “Художник” өнгөт сэтгүүл, түүний өнгөт уран зургийн хавсралт “Иллюстрация”-ийг дугаар алгасалгүй шүүрдэн харж цуглуулга хийдэг, Орос-Зөвлөлтийн гайхамшигт зураачид Серов, Васнецов, Кипренскийн сэтгүүлд нийтлэгдсэн уран зургийн баялаг цуглуулган хайчилбартай, сэргэн мандалтын үеийн Италийн их зураач, урчуудыг тухайлбал аугаа Боттичелийн “Хавар” зургийг хачин ихээр дурлан ахин дахин үздэг байлаа. Орос-Зөвлөлтийн зураач Врубель, Голландын алдарт зураач Ренбрантыг шүтэн бишрэгч нь болж хувирчээ. Намхайг сургуулийн захирал Шийтэр, ангийн багш Ёндон нар нь “Чи Репиний уран зургийн академид суралцах ёстой хүний нэг” гэж ятгадаг, өөрөө ч тэрбээр тэгнэ хэмээн мөрөөдөн орос хэлийг бие даан оролдож эхэлжээ. Оросын их зураач, урлагийн онолч, уран зургийн абстракт урсгалын анхдагчдын нэг Василий Кандининскийг Намхай ойлгох гэж оролддог, Оросын реалист их зураач Левитан, далай тэнгисийн алдарт зургуудаараа алдаршсан Айвозовский болоод уран байгалийн уянгын дууч Шишкинийг хайрлан хүндэтгэгч, дуурайн шамдагч болж хувирсан байна. Намхай хөвгүүн өөрөө ч анзааралгүй нэг мэдэхэд аливаа үйл явдал, үзэгдэл юмсыг дуу авиагаар, дүр дүрслэлээр сэтгэн боддог, дүрслэн төсөөлдөг болчихжээ. Ийм хүүхэд тэр суманд, тэр сургуульд өөр ганц ширхэг ч байсангүй. Намхай харсан үзсэн бүхнээ биш харин цочсон цочирдсон, эмзэглэсэн ээнэгшсэн, эргэцүүлэл бясалгалд далласан, гайхаж гайхширсан бүхнээ цааснаа буулгаж өөрөө өөртэйгөө тэмцэлдэж тэрсэлдэх болсон байна. “Намхайн харандааны үзүүрээс дүнсгэр нууцлаг Тунгаа биш, ил тод инээд цалгисан Цолмонгийн дүр төрхүүд урган тодорч байлаа” гэж зохиогч бичжээ /номын 268 дахь тал/.

Уншиж мэдэж, ухаарч сэхээрэхийн хэрээр Намхайн бодол ухаан улам бялхан тэлэвч улам эмзэгхэн, улам хэврэгхэн болж байлаа. Энэ нь эргэн тойронтойгоо зөрчилдөж алхам тутамд аймшгийн ангал руу түлхэн унагах эрсдэлийг дагуулна. Аз болоход Намхайг заяа төөрөг нь ивээж түүнийг зүрх сэтгэлээрээ нэвт шувт ойлгож мэдэрч чадах, хазайхад нь түшиж халтирахад нь татаж босгох цорын ганц хүн гэв гэнэтхэн тэнгэрээс унах адил амьдралын зам дээр нь хөндөлсөн гарч ирж байна. Энэ бол дунд сургуулийн хөгжмийн багш Цолмон. Тэр хоёрыг үе мултрах дөхсөн есөн насны зөрүү зааглаж байвч эргэн тойрныг, өөрөөр хэлбэл эгэл болоод эгэл бус, ил хийгээд далд ертөнцийг харж үнэлж цэгнэх үзэл бодол, урлаг, утга зохиол, уран зураг, дуу хөгжмийг ойлгож мэдрэх ойлголт мэдрэмж нь холбож өдрөөс өдөрт ойртуулан нөхөрлүүлж байна. Оргилон бадарч хөгжин цэцэглэж эхэлсэн төрмөл авьяас, заяамал билэг нь гагнаж зүрх сэтгэлийн их баяр баясгаланг бялхуулж цалгиулж буцалгаж байна.

Намхай бэтгэн жижиг биедээ багтаж ядсан их хүч энерги тээж яваа өсөх ирээдүй үеийг бэлгэдсэн өөдрөг бадрангуй дүр. Монголчууд ийм хүнийг бие багатай ч бэлчээр томтой гэж ёжлон томьёолж хэлдэг. Тэр бол ихээ эрт, бүр наснаасаа түрүүлээд гэгээрчихсэн “хөгшин” жаал. Үүнд тэр өөрөө буруугүй бөгөөд хүн төрөлхтний сонгодгууд Намхайг ийм “эвгүй” хүн болгон хүмүүжүүлчихжээ. Энэ тухай романы зохиогч “Намхай өчүүхэн дорой, нялцгар, шийдэмгий бус, жижиг сажигхан зүйлээр амьдралыг үнэлдэг, үнэ цэнээ ахуйн хүрээний элдэв шалдав юмаар хэмждэг, тийм атлаа элдвийн юм эргэцүүлж боддоггүй хүмүүсийн тухай унших дургүй юм. Харин хүчирхэг зан чанартай, няцаагдашгүй гал халуун эрмэлзэлтэй, шаардлагатай үед хатуу ширүүн, бүр өөрийгөө ч зольж чадах хүмүүс таалагдана. Аймхай сул дорой атлаа эрэлхэг сүрхий дүр эсгэдэг, нэр төр ярьдаг, ухаантай царай гаргах ч угтаа усан тэнэг, бас болоогүй хов жив, элий дэмийг чалчдаг Грушницкийг өчүүхэн ч өрөвдөх юмгүй нам буудчихсан Печориныг тэр буруушаадаггүй.

Харин Печорины уйдамхай дурлалын явдлыг л сайтар ойлгохгүй байжээ. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хайрлаж, гэвч удалгүй хайр дурлал нь хөрөхөд, бүсгүйнхээ өмнө хайртай хүний худал дүр эсгэлгүй, ил шулуухан байдаг. Гэтэл тийн ил шулуухан байснаас үүдэн бүсгүйчүүд зовж шаналахад, өөрөө тэднээс ч илүү шаналдаг Печориныг зэмлэх ямар ч боломжгүй хэмээн тас өмөөрөх Максим Максимычтай санал нэг байв” /номын 265 дахь тал/ гэж тодотгосон байна.

Эндээс Намхай хөвгүүн Ю.М.Лермонтовын “Манай үеийн баатар” романы гол баатар Грушницкий шиг сул дорой, тэнэг, дэмий чалчигчдыг өчүүхэн ч өрөвддөггүй, харин жигшдэг нь, Печорины хайр дурлалын мөн чанарыг ойлгож түүнийг өмөөрөгч, мөн романы өөр нэг гол дүр Максим Максимычтай ойролцоо санал бодолтой явдгийг шууд ойлгож болохоор байгаа юм.

Тэр А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, Т.Драйзерын “Женни Грихард”, Ж.Лондоны “Мартин Иден”, “Төмөр өсгий”, Э.Хемингуайн “Африкийн ногоон толгод”, “Наран дахиад л мандана”, Л.Толстойн “Анна Каренина” зэрэг зохиолыг хойш тавилгүй нэг амьсгаагаар уншиж дуусгаж байгаа тухай романд өгүүлж байна. Тухайлбал, “Сонины редакторуудтай Мартин Идений зодолддог хэсгээс өөрийгөө харах шиг болж багахан хөхрөв. Язгууртны хүрээллийн баяны ихэмсэг Роф бүсгүй, Иден хоёрын хайр дурлалын ээдрээтэй түүх сонирхолтой байлаа. Зэрэг зиндаа доогуур, боловсролгүй шалтгаанаар харилцаандаа тодорхой хязгаарлалт тавьж байсан Руф Иденийг алдар цуутай болох үед өөрчлөгдөнө. Руф түүнд хайртай ажээ. Нэгэн цагт Руфийн төлөө үхэхээс ч буцахгүй явсан Иденд харин энэ бүх зүйл утга учиргүй болчхов” /номын 268 дахь тал/ хэмээжээ.

Их уран зохиол, их найрал хөгжим, их уран зураг Намхайн оюун санааг танигдашгүй болтол нь хөгжүүлж түүний бодол санааг шинэ сэргэг үзэл санаагаар баяжуулан цэнэглэж мэдэгдэшгүй, давагдашгүй болгон өөрчилж байна. Намхайтай гэнэтийн санамсаргүй тохиолдлоор гудамжинд мөргөлдөж танилцсан хөгжмийн багш Цолмон түүнд

“-Намхай, чи заримдаа 15 настай гэхгүй аль хэдийн насанд хүрчихсэн, 30 ч юм уу, тийм настай, амьдрал мэддэг хашир, туршлагатай, хатуужсан эр хүн шиг санагддаг” /номын 303 дахь тал/ гэж хэлэхэд Намхай би арван зургаатай шүү дээ гэж залруулж байгаагаас нь түүний түргэхэн том хүн болох хүсэл мөрөөдөл илэрхий мэдрэгдэх агаад

“-Эх орны дайны үед Аркадый Гайдар арван зургаатайдаа хороо цэрэг командлаад явж байсан. Хороо цэрэг чинь хэдэн зуугаар тоологдоно. Тэгээд дандаа хатуу юм үзсэн хашир эрчүүд. Гэтэл би сумын төвд хэдэн хар юмтай зодоон хийхээс хэтрэхгүй л байна” /номын 303-304 дэх тал/ гэх хариултаас хэн бэ гэдэг нь бүр ч тодрон харагдана.

Иргэний дайн байлдаант он жилүүдийн хатуу ширүүн амьдралаас нэг их дутахгүй сонирхолтой алс холын Монголын бөглүү хөдөө орон нутгийн амьдрал тэмцэл, хатуу ширүүн байгаль цаг уур, нутаг нуга, жалга довын үзэл санаа, үхширмэл хүнд суртал, хотжил суурьшлын соёл боловсролоос алслагдмал хөндий хүйтэн хөлдүү байдал хийгээд номын далайд дур зоргоороо сэлж дэлхий дахины, бусад хөгжингүй улс орнуудын урлаг, утга зохиолын аугаа гайхамшгийг зүрх сэтгэлээрээ дурлаж мэдэрч шунамхайран тэмүүлж тэмцсэн Намхай хүүг үнэхээр наснаас нь хамаагүй эрт “хөгшрүүлжээ”.

“-За за би чиний хүүхэд байхад чинь дуртай. Чи ийм жоохон- гээд эрхий, долоовор хоёр хурууныхаа завсар жаахан зай гаргаж үзүүлээд -Ийм жаахан, тэгээд миний зүрхний ховдолд багтаад сууж байгаа гэж мэд, за. Чи минь тийм хурдан хашир егзөр хөгшин болчхож болохгүй шүү... Хонгор шар хүү минь. Зодоон хийхдээ хүртэл чи хүүхдээрээ. Хэдий харгис ч гэсэн яг хүүхдээрээ шүү” /номын 303-304 дэх тал/ гэж Цолмон багш түүнд зүгээр ч нэг хэлээгүй буй заа.

Намхайг эвдрээгүй, цэв цэвэрхэн ариухнаараа, бүр нялхаараа байгаа, тэгсэн атлаа миний хайрыг татаж зүрхний минь ховдолд багтаж чадсан гэж хэлж байна. Хонгор шар хүү минь чи зодоон хийхдээ хүртэл хүүхдээрээ гэж өхөөрдөөд араас нь “хэдий харгис” ч гэсэн гэж нэг тодотгол үг хаячхаж байна.

Сумын улаан булангийн эрхлэгч Хар Чуука хэмээгч Чулуунбаатар аймгийн төвийн зочид буудалд Цолмонг орон дээр нь дарж аваад “Чи хэд хэдэн эрийг өрөөндөө хонуулж өнжиж хоносон атлаа ахдаа ганц шөнийг яагаад зориулчхаж болдоггүй юм бэ” гээд хүчиндэхийг завдахад Цолмон гарыг нь язартал хазчихжээ. Санасандаа хүрч чадаагүйдээ ихэд хорссон Хар Чуука “Муу арын хаалганы луйварчин” гэж хэл амаар доромжилжээ. “Одоо ч бодохоос зүрх савлаж байна” гэж Цолмон Намхайд энэ тухай ярьж байна.

Үүнийг сонсоод Намхайн хөмсөг өөрийн эрхгүй нумарч нударга зангиджээ. Цэвдэг орчлон Цолмонгоор бас Намхайгаар тоглож муна мэт муйхар бүдүүлэг шаардлагаа эрээ цээргүй тулган хүлээлгэхийг оролдож буй нь энэ юм. Энэ бол хамгийн том доромжлол байлаа. Намхай гэртээ харих замдаа сумын Холбооны байшингаас гарч яваа Чулуунбаатарыг хараад тасхийн шүгэлдэж, түүнийг тоосон шинжгүй цааш алхахад нь

-Хүүш, Хар Чуука гэж гудамжаар нэг хашхирч байна.

“Урьд өмнө нь Чулуунбаатар ахаа гэдэг байсан хүүхэд гэнэт хочоор нь эрээ цээргүй дуудсанд Чулуунбаатар хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуун зогсоод хүлээв. Намхай шийдмэг алхаж очингуутаа үг ч хэлсэнгүй чихийг нь дайруулан алгадаж орхижээ. Чуука далжийн тонгойсноо чихээ даран өндийв. Зүүн гарын эрхий хурууных нь угаар марлаар дамбайтал боожээ.

-Яаж байгаа муу галзуу вэ чи. Юу болчхов оо?

-Дахиад Цолмонд гар хүрэх нь байтугай ямар нэг элий юм яривал хохь нь шүү...

-Нэг муу тэнэж ирсэн банзал цагаан гичийг өмөөрөөд, их юм болж дээ.

Энэ удаад Намхай гараа атгаад цохижээ. Чуука бултах гэж оролдсон ч амжсангүй. Намхайн гар илүү хурдтай, эрчтэй байлаа. Газар тулан өндийхөд нь дахин нэг хүчтэй нударсанд нүүрээрээ шороо шудран унаж, хамар амнаас нь цус садрав...

-Намхай миний дүү, одоо больё, больё

-Чи одоохон очиж түүнээс уучлал гуй. Өмнө нь сөхөрч байгаад уучлал гуй.

-За тэгье тэгье. Гэхдээ ах нь хоёр хүүхэдтэй хүн шүү дээ, яаж би тийшээ...

-Түүнээ мэдэж байсан юм бол чи яах гэж түүнийг буудалд оролдсон юм гээд Намхай хөмхийгөө зуун дахин гараа зангидаж тонгойв. Чулуунбаатар далдичиж

-За за ах нь одоохон очлоо...

-Хэрвээ очоогүй байх юм бол...

-Одоохон, ах нь одоохон гээд тэмтчин өндийв” /номын 298-300 дахь тал/ хэмээн зохиогч болж өнгөрсөн үйл явдлыг дүрслэн үзүүлжээ. Үүнийг нь сүүлд Цолмон зэмлэсхийж чи минь зодоон хийхдээ хүртэл хүүхдээрээ, хэдий харгис ч гэсэн хэмээн хэлсэн хэрэг юм.

Намхай Цолмонгоос Хар Чуука уучлал гуйсан уу гэж асуухад тэрбээр “Чиний тэр галзуу шар юм чинь хүн алах шахлаа. Чи хэлээрэй” л гэсэн гэж хариулаад “Ирж байгаа нь л уучлал гуйж байгаа хэрэг шүү дээ. Өөр яах юм бэ. Тэр хүнд чинь бас нэг эр хүний бардам зан, нэр төр гэж байх ёстой. Түүнийг заавал миний өмнө сөгдүүлж, уучлал гуйлгаж, битгий хэн ч биш болго. Тэр сайн, муу ч гэсэн ямар нэг хэмжээгээр байдаг эр хүнийх нь бардам занг, нэр хүндийг нь өөрт нь үлдээж хайрла, Хүлэг баатар минь. Чи яг рыцар шиг зан чанартай” /номын 304 дэх тал/ хэмээн хэлж байна.

Энэ үг өгүүлбэрээс Цолмон толинд тодрон харагдах шиг надад санагдсан. Тэр Хар Чуукад доромжлуулсан бүсгүй. Олонх охид хүүхнүүд бол Намхайн энэ үйлдэлд баярлаж талархана. Зэмлэхгүй. Мэдээж Цолмон хонгор шар хүүдээ талархалтай хандаж, өөрийг нь эр хүн шиг өмгөөлж хамгаалж чадах дундад зууны үеийн рыцартай зүйрлэн адилтгаж байгаа ч Хар Чуукаг эр хүнийх нь хувьд битгий доош хий, түүнд ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байгаа эр хүний бардам зан, нэр төрийг нь өөрт нь үлдээж хайрла, Хүлэг баатар минь гэж Намхайгаас гуйж байна.

Цолмон гэдэг бүсгүй хэн бэ, ямар хүн бэ, яагаад түүнд арван зургаахан настай Намхай хөвгүүн үхэн хатан тэмүүлэв гэдгийг Цолмонгийн энэ үг өгүүлбэрүүд хэлээд өгч байгаа юм. Тэнгэрээс унах адил өмнө нь гэв гэнэтхэн гарч ирсэн Цолмон бүсгүй нэг талаас ингэж Намхайн дүр төрхийг дэнлүү адил улам гэрэлтүүлэн тодруулж, нөгөө талаас өөрийнхөө дотоод ертөнцийг уншигчдын өмнө нээн харуулж байна.

Эр хүн бүрийг өөрийн бардам зан төрх, нэр төрөө гэсэн эрхэмсэг чанар, эрэлхэг үйлдэл заавал дагалддаг. Тэгэхийг эргэн тойрных нь ахуй амьдрал, зан заншил, үндэстэн ястан бүрийн түүхэн уламжлал ч шаардаж байдаг. Намхай ч түүнээс ангид байсангүй. Зодоон цохион, хүчирхийлэлд хүссэн ч, хүсээгүй ч өөрийн эрхгүй татагдан орохоос өөр аргагүй болдгоо Намхай “Хүмүүс намайг дээрэлхэхэд би маш их дургүй хүрдэг. Тэгж дээрэлхүүлчхээд, түүнийг хүлээн зөвшөөрчхөөд, бөхөс бөхөс гээд явж байна гэдэг чинь новш болж байна гэсэн үг шүү дээ. Би “би” биш болчихно. Новш болчхоод гөлөн гөлөн гээд газар шагайж явснаас хэмхэртлээ зодуулсан нь дээр байдаг. Шаналгаа багатай. Тийм болохоор л би чаддаг ч бай, чаддаггүй ч бай, эцсээ тултал, байдгаа шавхтал зодолддог. Цохиод унагасан ч би босож ирээд дахиад үздэг. Газарт унагаад дэвсэлж байсан ч би сэргэнгүүтээ дахиад л дайрдаг. Намайг нэг дийлнэ, хоёрдохоо ч дийлээд зодно, гурав дахь дээрээ бол тэд өөрсдөө айгаад эхэлдэг юм. Тийм болохоор л намайг мэдэх манай сумынхан надтай тулахаас зайлсхийдэг. Намайг бас нохой зээх шиг гэдэг. Нохой зээх хэзээ ч бууж өгдөггүй, бас ухарч зугтдаггүй. Өөрөөс нь гурав дахин том баавгайтай хүртэл тулдаг. Нохойноос томгүй түүнээс ямар ч араатан болгоомжилдог юм гэсэн” /номын 291-292 дахь тал/ хэмээн Цолмонд тайлбарлаж байна.

Намхай хөвгүүн бол хүмүүсийн ихэнх нь нэг хоёр удаа л зодолдох, цохилцох төдий зоригтой. Эцсээ хүртэл, сэгээ хуваатлаа зодолдох зориг хүн бүрд байхгүй. Харин надад бол бий гэж өөрийгөө зоригжуулан хатуужуулж толгой өндөр явдаг хатуу самар юм.

Зодолдолгүйгээр ярилцаж болдоггүй юм уу гэсэн Цолмонгийн гайхширсан асуултад Намхай хөвгүүн “Болох нь байх ч даанч цөөхөн. Олонх нь ярилцах ойлголцох гэвэл шууд л айлаа гэж үзээд улам давардаг. Жинхэнэ зэрлэг байгалийн шударга хуулиар шийднэ дээ, тэгээд... энэ нь илүү амар байдаг” /номын 292 дахь тал/ хэмээн учирлана. “Таны тухай түүний төсөөллийг өөрчилж чадах юм бол гагцхүү эрс шулуун нударга л юм. Энэ бол тэдэнтэй ойлголцдог цорын ганц хэл нь. Би тэдний мэддэг, ярьдаг хэлээр нь л ярьсан” /номын 302 дахь тал/ гэж Намхай нэмж хэлнэ.

“Цолмон Намхайг удаан гэгч нь санаашрангуй харж суув.

-Нээрээ ийм орчинд бол чиний зөв юм байна. Хүн өөрийнхөө эрхэм чанараа хамгаалж үлдэхгүй бол жинхэнэ новш болно. Хүлээн зөвшөөрч, бууж өгөх нь чам шиг хүмүүст бол үхэл л гэсэн үг” /номын 292 дахь тал/ гэж зохиогч Цолмонгийн үгээр романаа цааш үргэлжлүүлжээ.

Цолмон хаана, ямар гээч орчинд хүрч ирснээ дөнгөж сая л гүйцэд мэдэрч Намхайн “харгислал“-ын уг сурвалж үндэс, мөн чанарыг ойлгож эхэлж байгаа нь энэ юм. Намхайн дүр төрх улам улам тодрон товойж, түүний ертөнцийг үзэх үзэл бодол, эргэн тойрны үзэгдэл юмсад хандах хандлага дэлгэгдэн нээгдэж байна. Энэ нь хатуу ширүүн харгис шинжийг агуулж байвч бултаж болохгүй бодит үнэн байлаа. Нийслэлд төрж өсөж улмаар бага балчир хүүхэд үеэсээ эхлэн оюутан ахуй залуу насаа Петерградын хөгжмийн консерваторт өнгөрүүлж Оросын болоод барууны урлагийн уур амьсгалаар тасралтгүй амьсгалж нэвт шувт “өвчилсөн” хийлчин Цолмонд мэдээж үүнийг гүйцэд ойлгож мэдэрнэ гэдэг нэг талаараа хүнд бэрх юм. Хэдий тийм ч тэрбээр бодит байдлыг ойлгож мэдэрч эхэлсэн нь дээрх үгнээс төдийгүй үйлдлээс нь мэдрэгдэнэ.

Цолмон бүсгүй Намхайг өөрийнхөөрөө, төрөлх эх хэл дээр нь уншиж цээжиндээ тогтоож хадгалсан “Арбатын хүүхдүүд” романы гол баатар Саша Панкротовын дүрээр харж хайрлан дотносож байна. “Та хоёрт ижил юм байна. Нэг тийм эрэмгий, ил цагаан, тэгээд ямар нэг юмыг ингэж тэгж аргалаад зохицохыг огт мэддэггүй, хачин шулуухан. Магадгүй, би чинийхээ энэ занд чинь татагдсан байх. Гэхдээ Саша шиг, чам шиг хүмүүст амьдрал их амаргүй хүнд ачаа үүрүүлдэг юм гэсэн. Тийм тавилантай юм гэнэ билээ. Яанаа, хэрвээ тийм бол...

Би чамайг тийм их ачаа үүрч, тэгж их зовоосой гэж огт хүсэхгүй байна. Чамайг ихэд зовж байхыг харвал надад маш хэцүү байна. Би тэсэхгүй байх. Тэгээд би шийтгэгдсэн хайртай хүнээ эрж хайсаар цөллөгт олж очоод гав гинжийг нь үнсэн сөгддөг декабристуудын сүйт бүсгүйчүүд шиг чам руу очих болно. Гэхдээ би үүнийг огт хүсэхгүй байна” /номын 304-305 дахь тал/ гэж тэр Намхайд хэлж байна.

Цолмон, Намхай хоёр бол аль аль нь хорьдугаар зууны сүүлч, хориннэгдүгээр зууны эхэн үеийн нийгмийн төлөөлөл болсон шинэ үеийнхний дүр төрх, төлөв байдлыг өөрсдөдөө шингээсэн баатрууд юм. Тэдний санаа бодол, хүсэл тэмүүлэл бүрэлдэж төлөвшихөд шинэ Монгол Улсын хөгжил дэвшил, шуудхан хэлэхэд сүүлийн нэгэн жарны дотор монголын нийгмийн оюун санааны амьдралд гарсан дэлбэрэлтэд өөрчлөлт шинэчлэл, бүр тодруулж нэрлэвэл дэлхийн хийгээд Орос-Зөвлөлтийн болоод Барууны сонгодог соёл урлагийн хүчит урсгал шууд нөлөөлсөн нь эндээс маш тод харагдаж байгаа юм. Б.Номинчимэдийн “Галт шувуу” роман бол Ц.Дамдинсүрэнгийн өнгөрсөн зууны гучаад онд туурвисан “Гологдсон хүүхэн” тууж, Б.Ринченгийн тавиад оны “Үүрийн туяа” роман, түүнчлэн жар далаад оны Д.Намдагийн “Цаг төрийн үймээн”, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Л.Түдэвийн “Нүүдэл, суудал” роман биш, тэдгээр зохиол бүтээлд дүрслэгддэг баатрууд бол бүр ч биш, их өөр, бүр цоо шинэхэн үеийнхний дүр дүрслэл юм шүү гэдгийг “Галт шувуу” роман барим тавим хэлээд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнөх зуунд Монголын утга зохиолд ер дүрслэгдэж байгаагүй цоо шинэ үеийнхэн, тэс өөр санаа бодол, хүсэл тэмүүлэл тээж яваа шинэ үеийн баатруудын тухай өгүүлэмж болно. Чухам үүнд Б.Номинчимэдийн шинэ романы нэг үнэ цэнэ оршино. Ямар ч л байсан Монголын нийгэмд харьцангуй цөөн тоотой байж мэдэх ч Намхай шиг, Цолмонтой адилхан баатрууд бодитойгоор оршин тогтнож, өсөн бойжиж, хийж бүтээж, хайрлаж дурлаж, хавчигдан хяхагдаж, онож алдаж яваа нь үнэн юм байна гэдгийг зохиогч олж хараад өөрийн шинэ бүтээлийнхээ гол баатрууд болгож товойлгон үзүүлж нэр төртэйгөөр нэрлэн дуудаж, зарлан тунхаглаж байгаагаараа уг зохиол чухал ач холбогдолтой гэж би бодож байна. “Галт шувуу” романы гол баатрууд бол бидний сайн мэддэг, хэвшиж дассан дорнын буюу монголын утга зохиол дахь уламжлалт хэв шинжит дүрүүдээс тэс өөр сэтгэлгээ, үйл хөдлөлтэй, барууны соёл урлаг, үнэт зүйлсийг илүүтэйгээр эрхэмлэж өөриймсөглөсөн хүмүүс юм. Ийм шинэ хүмүүс, шинэ дүрүүд зарим уншигчдад их хол хөндий, цэвдэг хүйтэн, хиймэл зохиомол мэт санагдаж болзошгүй. Гэвч яах ч аргагүй манай нийгэмд байж байгаа, манай хөрс шороонд нэгэнт нутагшиж идээшээд өсөж өндийн босож ирж байгаа бодит хүмүүс мөн болно. Гэхдээ тэдэнд үндэсний өв уламжлал, ахуй соёл огт байхгүй гэж хэлж болохгүй, өрнө хийгээд дорнын үнэт зүйлсийн аль л сайн сайхан бүхэн, тэгэхдээ барууны соёл сэтгэхүй, чөлөөт байдал илүү шингээстэй байгаа гэж ойлговол зүйтэй болов уу.

 

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)