Х.МОНГОЛХАТАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Leaderships forum”булангийн зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Газарзүйн тэнхимийн багш докторант Ц.Цэндсүрэнг урьж, ярилцлаа.
Газарзүйн шинжлэх ухааны тухай бидний мэддэг уламжлалт ойлголт хэвээрээ байна уу
Блиц
Боловсрол:
-2004-2008 он: МУИС-ийн Газарзүй, Геологийн факультет, Газарзүйч, Бакалавр
-2014-2016 он: МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Газарзүйн тэнхим, Газарзүйн боловсролын магистр
-2020 оноос: Сөүлийн Их Сургуулийн Газарзүйн боловсролын тэнхимийн докторант
Ажилласан байдал:
-2014-2017 онд: ЕБС-ийн газарзүйн багш
-2017 оноос: МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Байгалийн ухааны салбар, Газарзүйн тэнхимд багш
Үүрэгт ажил:
-Газарзүйн олимпиадын дэд хорооны нарийн бичгийн дарга
-Өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Тиймээс байгаль хүмүүний хоорондох харилцааны талаарх бүхий л үзэгдэл, үйл явцын хувирал өөрчлөлтийг орон зай, цаг хугацаатай холбон авч үздэг газарзүйн шинжлэх ухаанд томоохон өөрчлөлт гарч байна. Тиймээс бүх нийтийн газарзүйн боловсролд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.
Иргэдийн дунд Газарзүйн шинжлэх ухааныг хэт явцуу утгаар ойлгох хандлагатай байна. Газарзүйч гэхээр юу хийдэг юм бэ, Газрын зураг зураад түүн дээрх мэдээллийг цээжлээд суудаг уу гэж асуудаг. Хаана, ямар газар байна гээд хайгаад суудаг гэсэн ойлголт түгээмэл. Газрын зураг дээр шинэ газар орныг тэмдэглэх, тайлбар бичиглэл хийдэг байсан сонгодог газарзүй хөгжлийн цаг үе газарзүйн ухааны хөгжлийн өнгөрсөн түүхэнд байсан.
1980-аад онд интернэт хөгжихтэй зэрэгцээд газар орныг тэмдэглэн бичих гэсэн утгатай газарзүйн шинжлэх ухааны мөхөл ирлээ гэж судлаачид шуугьж байсан. Интернэт, даяаршил, тээвэр харилцаа холбооны хөгжил дээд цэгтээ тулж, газарзүйн байрлал, хил хязгаарыг үгүйсгэлээ гэж дэлхийн судлаачид бичиж байв. Google байхад газарзүй үзэх хэрэггүй гэсэн үг Монголд ч гарч байлаа. Магадгүй бид газарзүйн шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлаагүй, таниулаагүйн гор байсан байх аа. Угтаа газарзүй бол байгаль, нийгмийн үзэгдэл юмсыг орон зай, цаг хугацааны үүднээс шинжилдэг ухаан юм.
Зөвхөн байгаль орчин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн зүй тогтлын тухай авч үзэхээс гадна байгаль, нийгмийн харилцан үйлчлэл, орон зай цаг хугацааны тухай мэдлэгээр баяжигдаж байдаг. Орчин үед мэдээллийн техник технологи хөгжсөнөөр Газарзүйн шинжлэх ухааны суурь онол дээр үндэслэсэн, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлал, холболтын газарзүй зэрэг цоо шинэ салбар ухаанууд бий болж байна. Гео-орон зайн технологиуд ашиглан орон зай, цаг хугацааны шинжилгээг төрөл бүрээр хийдэг болсон. Газарзүй хүний амьдрал, улс төр, эдийн засгийн системүүдийн шинжилгээний үндсэн үүргээ гүйцэтгэсэн хэвээр, нөөцийн газарзүй, эрсдэлийн газарзүй, хэрэглээний газарзүй гэх мэт салбарууд шинээр үүсэн хөгжиж байна. Ковидын үед монголчууд бидний шинээр сурсан кластерын тухай ойлголт бол эрүүл мэндийн газарзүй гэдэг салбар ухааны ухагдахуун байх жишээтэй. Эрдэс баялагт ойр байх, хүрэх боломжтой байх, уур амьсгалын нөхцөлөөс хамаарах, зах зээл бизнесийн орчинд хүрэх хүртэх гэх мэт бидний эргэн тойронд газарзүй байдаг.
Хөгжлийн бодлого төлөвлөлтөд газарзүйчдийн үүрэг, оролцоо зайлшгүй чухал
-Сүүлийн жилүүдэд манай засаг төрийн зүгээс Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт тэр дундаа бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тодорхой бодлого шийдвэрүүд гарч байгаа нь аливаа бодлого төлөвлөлтөд орон зай, цаг хугацааны хүчин зүйлсийг нарийвчлан авч үзэх, байгаль, газарзүйн болон орон зайн дүн шинжилгээ зайлшгүй чухал болохыг харуулж байна.
Өнөөдөр бид бүхний өмнө тулгарч буй хөгжлийн олон асуудлыг шийдэхэд газарзүйн ухааны онол аргазүй, газарзүйчдийн оролцоо ихээхэн чухал юм. Тухайлбал, Нийслэл хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлын нэг бол хотын ирээдүйн хөгжил, түүний төлөвлөлтийн асуудлууд болж байна.
Хот төлөвлөлт гэдэг хүн нийгмийн олон талыг хамарсан ихээхэн өргөн цогц ойлголт. Асуудлыг цогцоор нь авч үзсэн тохиолдолд шийдэх боломжтой болно. Газарзүйн шинжлэх ухаан бол байгалийн, нийгмийн үзэгдэл үйл явцыг цогцоор нь авч үздэг ганц ухаан юм. Тухайлбал, хот төлөвлөлтийн суурь өгөгдөл болох байгалийн нөхцөл, гадаргын хэлбэршлийг судалдаг инженер геоморфологи, хөрсний газарзүй зэрэг салбарууд физик газарзүйн ухаанд багтдаг бол, бүс нутгийн газарзүй, хүн амын газарзүй, тээврийн газарзүй, улс төрийн газарзүй зэрэг хүмүүний хүчин зүйлсийг орон зайн хүрээнд тодорхойлдог олон салбар ухаан хүмүүний газарзүй буюу нийгэм-эдийн засгийн газарзүйн салбарт харьяалагдана.
Иймээс хөгжлийн бодлого төлөвлөлтөд газарзүйчдийн үүрэг, оролцоо зайлшгүй чухал болсон. Сайн газарзүйчид орон зайн төлөвлөгч нарыг бэлтгэхийн тулд ерөнхий боловсролын сургуулийн бүх шатанд газарзүйн орчин үеийн мэдлэг, боловсрол хандлагыг олгоход онцгой анхаарах шаардлагатай байна.
Залуучууд трэнд болж байгаа мэргэжил рүү хошуураад суурь шинжлэх ухааныг үнэгүйдүүлэх боллоо
-1956 онд байгуулагдсан МУИС-ийн газарзүйн тэнхимийн газарзүйн хөтөлбөр нь мэргэжлийн газарзүйчдийг бэлтгэдэг суурь хөтөлбөр юм. Манай тэнхим газарзүйн хөтөлбөрөөс гадна газарзүйн суурьтай газарзүйн багш, байгаль орчны тандан судлал, аялал жуулчлал, газар зохион байгуулалт, хот ба бүс нутаг төлөвлөлт зэрэг хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг. Газарзүйн хөтөлбөрөөр төгсөөд судлаачаар ажиллахаас гадна газарзүйн хавсарга ухаануудад хөрвөн ажиллах боломж өндөр байдаг нь манай хөтөлбөрийн хамгийн том давуу тал юм. Ерөөсөө бакалавраа суурь шинжлэх ухааны хөтөлбөрөөр төгсөөд цаашаа төгсөлтийн дараах сургалтаар гүнзгийрч судлах нь зөв гэж би боддог.
МУИС-ийн газарзүйн хөтөлбөр элсэлтгүй болсон. Энэ жил таван оюутан элслээ. Элсэлтийн ерөнхий шалгалт газарзүйн хичээлээр өгөх сурагчдын тоо ч жил бүр буурч байна. Газарзүйн салбар хүний нөөцийн хомсдолд орох аюултай байна гэсэн үг.
Засгийн газраас тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад газарзүйн мэргэжил орсон ба сургалтын төлбөрийн зээлээр суралцах боломжтой болсон. Манай залуучууд трэнд болж байгаа мэргэжил рүү хошуураад ард нь суурь шинжлэх ухааны мэргэжлүүдэд үнэгүй сурах боломжийг алдаж байна.
Бид газарзүйг сонирхож судлахгүй байгаа нь дунд сургуульд газарзүйн цагийг эрс бууруулсантай шууд холбоотой гэж үзэж байгаа. Сургалтын цөм хөтөлбөрт бага ангидаа сургуулийн байрлал, гэр рүүгээ явах замаас эхлээд Монгол Улсын байрлал, уртраг өргөрөг, дэлхийн тэнхлэгийн эргэлт, нарыг тойрох хөдөлгөөнөөс өдөр шөнө солигдох, улирал өөрчлөгдөх тухай үзэж байгаад зургаадугаар ангид Газарзүйн хичээл огт үзэхгүй тасардаг болсон. 7, 8, 9 дүгээр ангидаа долоо хоногт 40 минут үзэж байгаа. Ийм байхад эх оронч, Монголдоо хайртай, бахархалт монгол иргэн бэлтгэх боломжгүй байна. Газарзүйн ухааныг сонирхон судлах залуучууд гарч ирэхгүй болж байгаа нь харамсалтай.
Орон зайн сэтгэлгээ хөгжсөн, шинжлэх ухаанч хандлагатай иргэд Монголыг хөгжүүлнэ
-Дэлхий нийтээрээ газарзүйн хичээлээр газар орны нэр цээжлэхээ байсан. Газарзүйн хичээлийн зорилгыг байгаль, нийгмийн юмс үзэгдлийн орон зайн холбоо хамаарлыг тодорхойлж, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудад шинжлэх ухаанчаар хандаж, түүнийг шийдвэрлэхэд гар бие оролцдог, эх дэлхий, эх орноо хайрлан хамгаалах хандлагатай иргэн болж нийгэмд хөл тавихад бэлдэх гэж тодорхойлдог болсон. Манай улсын газарзүйн боловсролын чиг хандлага энэ үзэл санаатай хөл нийлүүлж яваа. Сурагчдад газар орны тухай ойлголт төрүүлэх (understanding), оршин байгаа газар орныхоо тухай ухамсарлах (awareness), тэдний эх дэлхийгээ хамгаалах, хадгалах сэтгэлийг бэхжүүлэх (save) нь газарзүйн хичээлийн гол цөм юм. Газарзүйн хичээлийн хамгийн чухал үр дүн бол орон зайн сэтгэлгээ хөгжсөн иргэн байх ёстой.
Орон зайн сэтгэлгээ гэж төсөөлөлдөө орон зайд харах, шүүн тунгаах чадварыг хэлдэг. Хүний орон зайн сэтгэлгээний үйлүүд бор тархины хэсэгт суурилсан байдаг тул шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар зэрэг хөгжиж байдаг гэсэн судалгаанууд бий. Орон зайг төлөвлөж, төсөөлж чаддаг хүний логик сэтгэлгээ, орон зайн ухамсар хөгжсөн байдаг. Энгийнээр хэлбэл, та дараах үйлдлийг төвөггүй гүйцэтгэдэг бол таны орон зайн сэтгэлгээ сайн хөгжсөн гэсэн үг. Гэртээ зочилж байгаа хүнд гэрээ төвөггүй олох хэмжээнд зааж өгөх, танихгүй газарт зүг чигээ олж явах, чиглэл олох, хүнд зам зааж өгөх, газар орны тухай мэдээллийг эргэн санах, байр байшингийн бүтэц, давхар, байрлалыг зураг харахгүйгээр эргэн санаж дамжуулах гэх мэт. Жишээ нь, хүний рентгэн зургийг унших, хотод явж байхдаа хөдөөг төсөөлөх, газрын зураг ашиглахгүй машин жолоодож явах, байшингийн план зургийг хараад ойлгох, тэр бүү хэл нүүрээ толинд харахгүй будах хүртэл хүний орон зайн баримжааг илэрхийлдэг.
Хүүхэд залуусын орон зайн сэтгэлгээг хөгжүүлэх нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик сэтгэлгээний суурьтай болох суурь болдог. Орчин үед STEM-ийн хандлага дэлгэрч байгаа цагт хүүхэд залуучуудын орон зайн сэтгэлгээг хөгжүүлэх, анхаарах шаардлагатай болоод байна. Бид энэ чадварыг нэлээд анхаарч, газарзүйн багш нартаа хичээл бүртээ орон зайн сэтгэлгээг хөгжүүлэх агуулга, дасгал даалгавар оруулахыг зөвлөж байгаа. Дашрамд хэлэхэд, эцэг эхчүүддээ газарзүйн хичээлийг шинээр харж хүүхдүүдээ чиглүүлээрэй, байгаль орчин ихээр өөрчлөгдөж байгаа цаг үед газарзүйн судлаачдын эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь гарцаагүй гэж захья.
Дунд ангийн газарзүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэхгүй бол ПИСА шалгалтад хойгуур жагсана
-ПИСА олон улсын сурлагын амжилтын шалгалтад Монгол Улс хамрагддаг болсон нь сайшаалтай. Манай улс 2022 оны шалгалтад дунджаас хойгуур буюу “тааруу” дүн авсан. Удахгүй 2025 онд Байгалийн шинжлэх ухаанд суурилсан шалгалт авна. Энд физик, хими, биологи, хүрээлэн буй орчин судлал, дэлхий судлал буюу монголчуудын хэлж заншсанаар байгалийн газарзүй зэрэг судлагдахуунаар шалгуулна. Байгалийн ухааны шалгалтын таван агуулгын хүрээний хоёр нь газарзүйн хичээлээр ордог. Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны нөлөө, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, дэлхийн мандлуудын харилцан үйлчлэл, усны нөөц, хэрэглээ, байгалийн нөөц, нөхцөл, дэлхийн геологийн түүх, орчлон ертөнцийн үүсэл гэх мэт газарзүйн хичээлээр үздэг агуулгууд багтаж байгаа. Шалгалтыг 15 настай 9, 10 дугаар ангийн хүүхдүүдээс авна. Бид дунд ангийн газарзүйн хичээлийн цагийг нэмэгдүүлэхгүй бол энэ шалгалтад хойгуур жагсах магадлал өндөр байна.
Газарзүйн салбарын хүний нөөцийн хомсдолоос сэргийлэхийн тулд бид Ерөнхий боловсролын сургуулийн Газарзүйн хичээлийн хөтөлбөрөө сайжруулах, төлөвлөгөөнд газарзүйн хичээлийн цагийг нэмэх хэрэгтэй. Энэ байдлаараа бид Монголынхоо тухай сайн мэдэхгүй залуу үе, бүлэг бий болоход гайхах зүйлгүй болсон. Хоёрдугаарт, элсэлтийн ерөнхий шалгалтын журам шинэчлэгдэн батлагдахад газарзүйн хичээлийг нийгмийн ухааны багц хичээл гэж тодорхойлсон байгаа. Энэ нь физик газарзүй, хүмүүний газарзүй гэсэн газарзүйн үндсэн хоёр салбарын талаарх мэргэжлийн газарзүйн дэлхий нийтийн газарзүйн боловсролын чиг хандлагатай тэр бүр нийцэхгүй байгааг анхаарах ёстой. Боловсролын салбар дотроо газарзүйн ухааны өвөрмөц онцлогийг ойлгодоггүй тал байдаг. Цаашдаа манай тэнхимийн зүгээс боловсролын салбарынханд, олон нийтэд газарзүйн шинжлэх ухааны орчин үеийн шинэ хандлагыг зөвөөр ойлгуулах шаардлагатай гэсэн үг. Мөн олон нийтийн дунд газарзүйн шинжлэх ухааны тухай ойлголтыг сайжруулах, сурталчлах ажил ихээхэн чухал байна. Улс нийтээрээ хүрээлэн буй орчны боловсролоо дээшлүүлэх, нэг хүн нэг гэхгүйгээр орчиндоо ээлтэй хандаж, хүрээлэн орчны өөрчлөлтөд дасан зохицож ажиллаж амьдарч сурах хэрэгтэй байна. Эцсийн дүндээ бидний орчин бол бидний өөрсдийн үнэлэмж юм гэдгийг ойлгож, хүн бүр өөрийн экологийн ул мөрөө харж, байгаль орчинтойгоо зүй зохистой харьцаж сурах шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)