Ч.ГАНТУЛГА

 

“Таны телевиз” уриатай ТВ9 телевиз нь үүсгэн байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн тамир болоод спортын олон төрлүүдийг үзэгчдэд сурталчлах, танин мэдүүлэх  бодлогыг баримталсаар ирсэн. Тэгвэл энэхүү чиг үүргийнхээ хүрээнд зарим спортын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ тухай тус телевизийн захирал Б.Баяртулга “Манай телевиз энэ хугацаанд спортын олон төрлүүдийг дэмжиж, хамтран ажилласаар ирлээ. Ялангуяа үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, тогтмол шууд дамжуулалт хийдэг нь үзэгчдээс үргэлж талархал хүлээдэг. Тэгвэл бид энэ удаад Монголын олимпын академи болон Спортын төв сургууль, Монголын биллиардын холбоо, Монголын гирийн спортын холбоо, Монголын күраш бөхийн холбоо, Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо гэсэн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээ мэдээллийг нь хүргэхээр болсондоо баяртай байна” гэсэн юм. Харин Монголын биллиардын холбооны  ерөнхийлөгч Д.Мэндсайхан “Монголчууд нэг үеэ бодвол биллиардын спортыг ойлгодог, дэмждэг болсон. Манай тамирчид ч олон улсад амжилт гаргаж байна. Бид олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Харин энэ удаад манай холбоо ТВ9 телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байна. Ингэснээр биллиардын спортыг Монголд хөгжүүлэх, сурталчлах, мэдээлэл түгээх таатай нөхцөл бүрдлээ” гэсэн юм. Монголын күраш бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганбат “Монгол улсад спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улс 2007 оноос хойш анх удаа буюу арванхоёрдугаар сард эх орондоо күраш бөхийн ДАШТ-нийг зохион байгуулахаар болсон. Энэхүү тэмцээн өргөн бүрэлдэхүүнтэй болно. Спорт гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Тиймээс эх дэлхий тэр чигээрээ дайн дажингүй, энх тайван байхад спортын тэмцээнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Яг энэ цаг үед ТВ9 телевизтэй хамтран ажиллахаар болсон нь күраш бөхийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг энэ спортод татахад чухал түлхэц болох болов уу” гэв. Тэгвэл Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар “Энэ цаг үед шинэ олимпын цикл эхэлж байна. Аливаа спортын амжилт гэдэг хүүхдийн спортоос угшилтай байдаг. Тиймээс хүүхдийн спортын төрлүүдийг сурталчлах, шинэ санал санаачилга гаргахад ТВ9 телевиз хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.Үүнээс гадна Монголын үндэсний олимпын академитай хамтран ажиллах болсноор олимпын соёл, хүмүүжлийн асуудлыг өсвөр үеийнхэнд ойлгуулж, ирээдүйн өв тэгш хүмүүжилтэй иргэдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна. ТВ9 телевизээр дамжуулан олимпын боловсролыг ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлэх болно гэдгээ хэлье” гэсэн юм. Харин гирйн спортын холбооны ерөнхийлөгч Г.Үүрцолмон “Манай холбооны зүгээс ТВ9 телевизтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэхүү спортоор суугаа буюу оюуны ажил хийдэг хүмүүс хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг. Тиймээс ТВ9 телевизийн уран бүтээлчид болоод ажилтнууд энэхүү спортыг дэмжиж, өөрсдийн ажлын байрандаа хичээллэх болсон нь бусад байгууллагуудад үлгэрлэсэн сайхан үйл явдал болно гэж бодож байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 193 (7437)