Б.ЖАВХЛАН

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүлмэндийн салбарт үүсээд буй гажуудлыг засаж, шинэчлэхийн төлөө "Хөдөлмөрийн үнэлэмж-Амьдралын баталгаа" тайван жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Мөн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нийт зургаан шаардлага хүргүүлж байгаа аж. 

Тус шаардлагад "Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хэрэгжээд гурван жилийн хугацаа өнгөрч байгаа. Гэвч гажуудал ихээр гарч, эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас авах ёстой санхүүжилтээ бүрэн авч чадахгүйн улмаас ажилтнуудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэргийг төлөх боломжгүй тул өр үүссэн.  Мөн эмнэлгүүд дээр эмийн өр ихээр хуримтлагдаж, цаашид үйл ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл үүсэхээр нөхцөл байдал бий болсон. Эмнэлгүүдийн санхүүжилт бүрэн хийгдэхгүйн улмаас тухайн байгууллагын хамтын гэрээ хэрэгжихгүй. Ажилтнуудын цалин хөлсийг заасан хугацаанд өгч чадахгүй байгаагаас тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. 

Иймд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг засах, шинэчлэн өөрчлөхөд өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо төр засагт хүргэж шийдвэрлүүлэхээр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй "Хөдөлмөрийн үнэлэмж-Амьдралын баталгаа" сэдэвт эв нэгдлийн жагсаал цуглаанд оролцогчид дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 

  1. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэх, 
  2. Төрөөс даадаг даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийг гурван болгон нэмэгдүүлэх, 
  3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулийн дагуу шинэчлэн тогтоох, 
  4. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгах, оновчтой болгож, эмч ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх,
  5. Эмнэлгийн мэргэжилтний ажлын үнэлгээг бодитой үнэлж, дүрэм журмыг шинэчлэх, 
  6. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын иж бүрэн ажлын хувцасыг улсын төсөвт нэмж тусган хэрэгжүүлэх. 

Дээрх шаардлагыг биелүүлэх талаар Засгийн газраас бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч шийдвэрлээгүй тохиолдолд холбогдох хуульд олгогдсон эрхийн дагуу хамтын маргаан үүсгэж, шат шатны тэмцэл хөдөлгөөн үүсгэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Шаардлагын хариуг 2024 оны аравдугаар сарын 15-ны дотор ирүүлнэ үү хэмээн дурджээ.